Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Өнөөдрийн зурвас: Тэр хүн минийх

Өөдөөс ширтэж байдаг гүн харцтай, хав хар нялххан нүднүүд минийх юм.


Тэгэхэд ч зөрөн өнгөрч болох байсан, анх тааралдсанаасаа хойш арван жил зөрж өнгөрсөөр л явсан тэр... Арванхоёрдугаар сард лавсан орсон цаснаар хөмсгөн дээр нь өвлийн өвгөнийх шиг гурвалжин цас тогтчихсон байхад мэдэх ч үгүй, ил харагдаж байгаагаар нь хувцасныхаа цасыг л унагах гэж гөвж зогссон хачин гүн, хав хар нүдтэй хүнд хаалга тайлан өгсөн юм. Намайг зорьж ирээгүй тэр. Хэн хэнийхээ харцанд торж үлдээгүй тэр үеийн бидэн. Таалах гээд ч хоёр өөр замаар, хоёр өөр зорилгоор явж, хоёр өөр хүн боддог хоёр өөр зүрхтэй, хоёр өөр хүн. Гудамжаар зөрж л байдаг үй түмэн хүмүүсийн адил бид ч бас зөрсөөр л байж. Тиймээс ч таг мартсан.

Хаалга тайлахдаа хөмсөгнөөс нь болж нэг удаа харснаас хойш 10 жил найман сарын дараа дахиад л огтоос санамсаргүй нүүр тулсан билээ. Энэ удаа би биш, тэр хаалгаа нээсэн. Нөгөө хачин гүн, хав хар нүд цув ч үгүй, шүхэр ч үгүй намрын бороо шиг угтсан. Гэхдээ хаанаас ч юм харьж яваа хүн шиг. Хөндий гэхдээ хүйтэн биш тогтуун. Нэг их гунигтай, эсвэл жаргалтай ч юм шиг, сэхүүн ч юм шиг, сулхан ч юм шиг. Нэхэн санахад тэр үдэш цаснаар хаалга тайлахад цасаа гөвөөд орж ирсэн тэр. Ингэхэд нэр хэн билээ, юу билээ... Өөр амьдралаас харьж яваа хүнтэй олон жилийн дараа танилцлаа. Энэ зүйл хэрэв тэртээх цаснаар болсон бол илүү гоёмсог, орь халуун, зуурдын учрал болоод өнгөрсөн ч байж магад. Өтгөн хар хөмсгөн дээрээ цасгүй байхад нь анх удаа эмэгтэй хүний нүдээр харахад, хэрвээ би өөрөө эр хүн байсан бол яг иймэрхүү шагхийсэн залуу яваа гэх бодол яагаад ч юм, хаанаас ч юм надад хамгийн түрүүнд харван орж ирсэн. Бид бие биенээ мэдэхийг хүссэн. Хэн хэн нь өмнөхөөсөө өөр замаар алхдаг болж, өөр хүмүүсээс буцах замд тохиосон учрал байлаа. 

Зүрхэн дээрээ олон янзын бичлэгтэй, шархны сорвиудтай. Харин хэн хэнийх нь тархинд энэ зураасууд нийлэх, нийлэхгүйг тооцоолон бодох ухаалаг сампин байсангүй. Байлгахыг хүсээгүй гэвэл илүү үнэн биз дээ. Би лав юу ч бодоогүй. Тэр бас тэгсэн байх. Тэр бид хоёрын зүрхэн дээр бичигдсэн зураас болгон яв цав нийлэхээр өөр хоорондоо үгсэн тохирсон мэт нэг нэгээрээ нэгссэн он жилүүд өнгөрч байна. Нүд рүү минь хараад “Ямар сонин хүүхэн бэ” гэж тэр намайг яг анх удаа харж байгаа хүн шиг гайхан хэлдэг. Өөрт нь байдаггүй бор нүдтэй болохоор минь “Хонин бор нүдтэй” гэлээ дээ хэмээн үүнийг нь би өөртөө тайлж сонсдог. Ингэж гоё ойлгодог надгүйгээр яах байсныг нь бодохоос зүрх алдам. Харин тэр намайг аашнаасаа болоод өөртэй нь учраагүй он жилүүдийн тоогоор ганцаардах байсан гэх. Бид хоёул балрах байсан биз. Эсвэл өмнө нь хоёр өөр замаар, хоёр өөр зорилготой, хоёр өөр хүн боддог хоёр өөр зүрхтэй, хоёр өөр хүн байсан шигээ зөрсөөр л явна.

Үдэш оройд гэрэлтэй угтах цонхоо би харах дуртай. Өвлийн хүйтэнд, хаврын хавсаргатайд аашаа үл хувирган дулаа дүүгүүлж, танил үнэр ханхлуулан нээгддэг хаалгандаа ч хайртай. Гутлаа тайлж, цуваа өлгөн ороход өөдөөс дагуулан ширтэж байдаг гүн харцтай, хав хар нялххан нүднүүд минийх юм. Цас орохоор хамгийн түрүүнд тэдний минь хөмсөг, сормуусан дээр л буучихдаг. Учир нь тэр хүн минийх.   

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.03.18
Өнөөдрийн зурвас: Шинель
2
2024.01.10
Өнөөдрийн зурвас: Арван жилийн дараа уулзъя!
3
2023.07.04
Өнөөдрийн зурвас: Ээжид нь чамд өгөх юу ч байхгүй
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
18
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zaya 2019.05.02 64.119.27.48

tiim orchid ussun hun tursun urdee ch tegj l handana. Tiim humuusees anhnaasaa l zaigaa barih n zuv du.

0 Хариулах