Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Редакц хаана байна

Авторууд бүтээл биш сэтгүүлчдэд өгөх цалингийн араас хөөцөлдөн толгой гудайж явахад соошлоос ялгарах сэтгүүлзүйн хөгжлийн тухай ярих нь утгагүй болж байна.


Хэвлэл мэдээллийн байгууллага болгонд өөрийн гэсэн редакц байдаг. Өрөө, тасалгаа гэсэн утгаар ч хэрэглэгддэг л юм. Гэхдээ “редакц” гэдэг үгийг шидэт болгодог, халуу оргиулдаг хамгийн чухал, хамгийн том агуулга нь тэнд ажилладаг сэтгүүлчид, хэн боловч дагаж мөрдөх дэг сургууль, талархан өвлөх соёл, туурвин бүтээх урам зориг билээ. 

Цахим хэрэглээ бий болсноор мэдээлэл түгээх арга зам шуурхай, уншигчдад хүртээмжтэй болсон гэхчлэн эерэг тал байдаг боловч харамсалтай нь Монголын хэвлэл мэдээллийн салбарт үе үеийн сэтгүүлчдийг өсгөн өндийлгөж байсан томоохон редакциуд соошл урсгалын хаялгад эрхгүй тарамдаж, мэдээллийн чансаа, сэтгүүлчдийн ур чадвар, уран бүтээлч чанар танагджээ. Миний бие өдөр тутмын “Өнөөдөр” сонины галын дэргэд 20 шахам жил гараа ээн, ахмад, дунд залуу гэсэн гурван үеийн сэтгүүлчдийн хэлхээсэнд өсөж торнисон учраас сонины редакциас олж авсан дэг сургуулиа, урам зоригоо “орчин цагийн” хэмээх энэ ойлгомжгүй хаос сэтгүүлзүйгээс үгүйлэн хүсэмжилдэг сэтгүүлчдийн нэг юм. Чансаатайхан автор болж ч чадалгүй төрөлх редакциасаа гарч одсон би өнөө хэр сониндоо ажиллаж байгаа найзууддаа, дүү нартаа гуйвшгүй бодол, сэтгэлийнх нь төлөө юуны өмнө талархах ёстой.

“Монголд редакц байна уу” гэж асуумаар санагдах үе бишгүй. Хаалгаар нь ороход түм түчигнэж, бум бужигнаж байдаг редакциуд хаачив? Тэнд тоогдох, торж үлдэнэ гэдэг амьдралд тохиолдох том үйл явдлуудын эхлэл байв. Тус бүртээ 4-5 хүн ажилладаг 6-8 хэлтэстэй сэтгүүлчдийн том багийг редакцид тооцон хүлээн зөвшөөрдөг байлаа шүү дээ. Технологиуд нэвтэрч, сэтгүүлч бүрийн ширээн дээр компьютер тавигдан хөдөлмөр хөнгөвчлөгдсөн хойно ч яг л аварга том мэдээллийн машин шиг нүсэр бүтэц, нарийн зохион байгуулалтаар ажиллана. Сэтгүүлчид бичдэг сэдвээрээ мэргэшин эрэл хайгуулд умбаж, жилээс жилд туршлага нь зузаарсаар өөрийнхөө задарсан салбарынхаа тайлбар толь нь болж яваа найз нараа харахад тийм редакцид багтдагаараа бахархаад ханахгүй ажилладагсан. Тал тал тийш мэдээ, сурвалжлагад яваад ирсэн сэтгүүлчдийн ажил оройн 17 цагийн үест цаасан дээр буун дардас барьсан бид нааш цааш гүйлдэхэд редакц дотор мөргөлдөх шахам “эмх замбараагүй” үүсдэг байсан. Яг энэ үед гаднаас редакцдаа орж ирэхэд ямар гээчийн сэтгэл алдам гоё гээ. Би энэ буцалж байгаа уур амьсгалын салшгүй хэсэг нь гэж өөрийгөө бодоход шалавхан дунд нь ороод “сэлж” алдмаар. Их олуулаа ажилладаг байсан учраас олон сэтгүүлчийн хөдөлмөр, бүтээл шингэсэн оломгүй далай шиг хүчтэй сонин гаргадаг байж. Өчигдөр өрөх гэж бужигналдаж байхад өнөөдрийн ийм эмх цэгцтэй, учир тоймтой сонин гарахыг төсөөлөх ч юм биш. Бүх нүүр зураг хөрөг, үг үсэгтэйгээ мэдээллүүдээ ангилан базсан хачин гоё сонин гэдэг бол редакцын долоо хоногийн болон санаа, сэдвийн ерөнхий төлөвлөгөө, өглөөний шуурхай хурлаас бий болсон зураглал сэтгүүлчдийн хөдөлмөр, ураар үүрэгжин өнгө төрхөө олсон нь тэр.  

Редакциудад ёстой л чимэг болсон маршал гэдэг шиг эрхлэгч нар ажиллана. Тэд бол “аймаар” хүмүүс. Өөрсдөө бичнэ. “Өнөөдөр” сонины орлогч эрхлэгч агсан Л.Болормаа гэхэд л өмнө нь нарийн түвэгтэй мэт үзэгддэг байсан эдийн засгийн сэдвийг жирийн уншигчдын хэрэглээнд яг л зөөхийтэй талх шиг ямар халуун дотноор оруулан ирж шинэ сэтгүүлзүйд өөрийн гэсэн домог бүтээлээ? Тэр сэтгүүлчийнхээ хувьд, авторынхаа хувьд гайхамшгийг бүтээнэ. Тэгж байж сэтгүүлчдэдээ шүтэгдэнэ. Сэтгүүлзүйн жинхэнэ лидерүүд өдөр тутмын сонины эрхлэгч нар байж. Хэнээс юу шаардахаа андахгүй. Заавал хийлгэнэ. Морь юм бол шандсыг нь тасартал “мөлжинө”. Харамгүй ч тусална. “Өнөөдөр” сониныг үүсгэн байгуулагч алдарт Ц.Балдорж агсан өглөөний шуурхайг өөрөө удирдаж, сэтгүүлчидтэйгээ өглөө бүр уулздаг, ярилцдаг, тэднийхээ хэвлүүлсэн мэдээ, сурвалжлага, нийтлэл бүрийг үнэлж дүгнэдэг, шүүмжилдэг, магтдаг, хамтдаа инээлддэг, дараагийн дугаарт, ирэх долоо хоногт араас нь хөөх сэдвүүд дээр санаа оноогоо хэлдэг, хэн, юу хийхийг хуваарилдаг, “Манай сэтгүүлч айж болохгүй” гэдэг байсан гээд бод доо. Бал эрхлэгч өөрөө гайхалтай сэтгүүлч, өвөрмөц харизматай автор байсан нь “Өнөөдөр” сонины редакц хүчтэй байх хамгийн эхний шалтгаан байв. Тийм хүнээр магтуулах, эсвэл тэнэг мангараараа дуудуулах чинь сэтгүүлч хүний эго-г хосгүй зэвүүнээр зүлгээд хаячихдаг юм билээ. Сэтгүүлч хүнд урам шиг сайхан ташуур үгүй дээ. 

Редакц 3-4 том автортай. Авторуудынхаа нэрсээр өдөр тутмын сонинууд уралддаг, сэтгүүлчид ахмадуудаасаа, мөн тэр авторуудын гал дүрэлзтэл бичсэн нийтлэлүүдээс суралцдаг тийм нэгэн шижигнэсэн үе саяхных л даа. Хүлээн зөвшөөрөгдсөн авторууд одоо нэг редакцид олноороо ажиллах нь бүү хэл, бичихээ ч бараг больчихож. Хамгийн сүүлд ярилцлагын хатан хаан Б.Ганчимэг ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгтэй ярилцаж, аналитик тоймч Г.Отгонбаяр “Дунд хуруу” нийтлэлээ бичихэд уншигчид тэдний бүтээлээр ангаж цангаснаа ойлгосон байх гэж баярлан бодсон нь ганцхан би биш болов уу. Миний бие телевизийн сэтгүүлч биш учраас тэр салбарын “акулууд”-ын талаар энд огтоос хөндөөгүй билээ. Авторууд цөөрчихсөндөө ч биш, зэвэрч хоцрогдсондоо ч биш зүгээр л хуучныг нь тогтоон барих, нэг дор хэдээр нь ажиллуулах, дундчуудын чадварыг ургуулах, шинэ хүмүүсийг төрүүлэх редакцгүй болчихсонд л хамаг учир байна. Б.Ганчимэг, Г.Отгонбаяр хоёр ердөө хэдхэн жилийн өмнө “Үндэсний шуудан” сонины нэг редакцид ажилладаг байсан гээд зүгээр л төсөөлөөд бод доо. Гал маналзана биз дээ. 

Сэтгүүлзүйн дэг сургууль, урам зоригийг тээгч голомт болж байсан томоохон редакциудаас “Би чадна”-чууд өрх тусгаарлах үйл явцад хүлээн зөвшөөрөгдсөн авторууд ч автсан. Монголд бүртгэлтэй мэдээллийн 300 орчим сайтад авторуудын зарим нь дарга, үлдсэн нь тоймч хийн хязгааргүй цахим орон зайд уусах нь тэр. Автор гэдэг бол хувь сэтгүүлч биш, редакцын тэр нүргэлсэн дуу чимээ, оволзсон их хөдөлгөөн, мэргэжлийн хамт олны халуу дүүгсэн өрсөлдөөн дундаас өөрийгөө нээн илрүүлж, мандал дээгүүр хөвөн гарч ирдэг үзэгдэл юм байна гэж би боддог болсон. Автор ч ялгаагүй хувь сэтгүүлч тул түүнд урам зориг өгч онгод хийморийг нь бадраах, эс бөгөөс ташуурдан залах редакц, хөндөн гаргаж ирсэн сэдвээр үргэлжлүүлэн бичиж нийтлэх багийн хамтын ажиллагаа үгүй бол түүнийг автор юм байна гэж хүлээн зөвшөөрөхөд дутагдалтай харагдана. Редакц, автор хоёр ихэр юм байна. Автор байгаа редакциас дахиад заавал авторууд төрдөг. Тиймээс нэг үл биелэх мөрөөдөлтэй болчихоод байгаа л даа. Юу гэвэл, жижигхэн редакциуд зах зээлийн зарчмаар устаж үгүй болох “харгислалыг” хүлээх бус, харин нэгдэж, аварга том мэдээллийн машинууд бий болоосой гэж. Нэг редакц гэхэд л багаар бодоход 100 хүнтэй. Жинхэнэ редакцын зарчмаар ажилладаг, хэнээс ч коппиддоггүй, нийтлэл, бүтээл, контентууд нь соошлоос ялгарч чадсан, рекламаа ч залгидаг. Яагаад “үгүй” гэж. Сэтгүүлзүйн хөгжил, сэтгүүлчийн дэвшлийг том редакциас л хүлээж болох байхад бид яагаад одоогийн тархай бутархай хэдэн зуун сайттайгаа зууралдаад байгаа билээ. Авторууд сэтгүүлзүйн бүтээл биш сэтгүүлчдэд өгөх цалингийн араас хөөцөлдөн толгой гудайж явахад соошлоос ялгарах сэтгүүлзүйн хөгжлийн тухай ярих нь утгагүй болж байна. 

Өдгөө 3 хүнтэй “хэлтэс” ч мэдээллийн хэрэгслийн тоонд орчихсон тууж яваа нь Монголын сэтгүүлзүйн бодит төрх. Тэр гурав гурвуулхнаа редакц болж чадахгүй, тэр гурвын дундаас автор төрөх ямар ч боломжгүй. Нэг яамнаас, хоёр компаниас олж авсан хэдхэн төгрөгийн гэрээгээр өнөө маргаашийг аргацаасан амжиргаа шийдэж болох ч сэтгүүлзүй хийхгүй.Үнэн нь л энэ юм. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.22
1984. Хамбан хөшиггүй таашаах эрх чөлөө
3
2024.03.12
Будапештын тэмдэглэл
санал болгох
1
17 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.