Хайх зүйлээ бичнэ үү

12 мин

Найрагчийн мөрөөр: Хүмүүс хэмээх тэмдэг нэр

Зохиолч Д.Нацагдоржийн мөрөөр туулсан 20 000 км зам | Цуврал III


Хүмүүсийн тухай бичнэ гэдэг хэзээд түвэгтэй байдаг. Хэдэн арван жилээр тоологдох хүний амьдрал, бүтээсэн би-г нь санах бодох зүйлгүй сараачихгүй ч гэлээ хоромхон зуурын үгээр өнгөлөөд бусдын өмнө дэлгэчихнэ гэдэг бүдүүлэг, хуумгай хэрэг ээ. Тиймээс ч хүний тухай бичих болохоор эргэлзээ тээнэгэлзэлд хүлүүлдэг минь хэвээрээ. Хэрэв амьдралыг тэр чигт нь нэг бүтэн өгүүлбэр гэж үзвэл хүмүүс тэмдэг нэр л байх сан. Амьдралыг тодотгож, цагаатгаж, харлуулж, өнгөлж, өр нимгэн эсвэл хахир хатуу болгодог шинж тэмдэг бүрийг тодотгох тэмдэг нэр. Хэрэв би тэмдэг нэрийг буруу газар, зөрүүлээд тавьчихвал өгүүлбэр хэрхэн утгагүйтэх билээ.


Бусдын бодол дундуур тэнэж яваа өөрийгөө

Буцааж цуглуулах гэж л 

Би амьдарч яваа…

Өөрийн шүлгээс

I

Гэрээсээ гарснаас хойших ес дэх хоног. Өнөөдөр 2019 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр. Өглөө нь Санктийг сонжихоор гарсан бид хий дүүрэн хоржигнох гэдсэндээ дийлдэн байрандаа эргэж ирээд хэдэн өдөр ярьсан цуйвангаа хийж идлээ. Орос гурил бол жинхэнэ цуйван хийж баймаар эд, даанч мах нь цуйван байтугайд гологдохоор амт муутай, ус гоожсон ягаан цулцан байх ажээ. Тус тусын орон дээр тухалж, хэсэг амраад Санкт-Петербургийн их сургуулийн багш Мариа Петроватай уулзахаар Дворцоваяын талбай руу гарлаа. Оройн сэрүү унаж, нимгэн хувцасны цаанаас зүүгээр шивэх шиг жаварлана. Улаанбаатараас хөдлөхөөсөө өмнө угаалгаж, дэвтрийнхээ завсар хийсэн залуу цагийнх нь зургаар баримжаалан Петроваг танилаа. Бид талбайг хөндлөн туулан баруун тийш зам гараад Д.Нацагдоржийн суралцаж байсан Толмачёвын академийн хуучин байрны үүдэнд очив.
Цаана харагдах байшин бол Д.Нацагдоржийн сурч байсан сургууль. Энэ цэцэрлэгт дээрх зургийг авахуулсан бололтой. 

Хэрэв та хэзээ нэг өдөр Санкт-Петербургт очиж гэмээнэ Эрмитажийг олоод Дворцаваяын талбайд очоорой. Хотын нохой нь хүртэл андахгүй энэ газрыг олоход хэцүү биш. Дээр нь хот тэр чигтээ түүхэн үзмэр учраас өөрчлөгдөж шинэчлэгдсэн зүйл нэгээхэн ч үгүй. Д.Нацагдорж зохиолчийн амьдарч байх үеийн байтугай Петр хаанаар цаг хугацаа нь хэмжигдэх байшин барилга эргэн тойронд чинь эрвийж сэрвийн байгаа. Талбайгаас баруун зүгт зам гараад цэцэрлэгт хүрээлэн бий. Хэрэв миний толгой эргэчихээгүй бол баруун зүгт. Цэцэрлэгт хүрээлэнг танихад ядах юмгүй. Урдаа хомтой тэмээ хэвтүүлсэн Пржевальский энэ цэцэрлэгт хүрэл хөшөө болон үлджээ. Монгол тахийг нээсэн эрдэмтнийг олоод тэндээсээ чанх урагш харвал Улаанбаатарын хуучин таван давхруудтай эгээ ижил хийцтэй дөрвөн давхар шар байр хөндөлдөн байгаа. 

Сургууль нь 1934 онд Москва руу нүүснээс хойш энд хувийн пүүс, зоогийн газар, кофены газрууд гял цал самбар хананд нь асаан тухалжээ. Баруун жигүүр нь орон сууц тул хаалгаар ороод үзээрэй. Зохиолчийн алхаж явсан шат, орц хонгил танд сонин бол шүү дээ. Хэрэв байдаг л дасал болсон хуучин байрны хонгил гэж үзвэл шууд цэцэрлэг рүү оч. Шинэс голдуухан модтой том цэцэрлэгт Нацагдорж, Пагмадулам хоёр мод түшиж, хүн бүхний мэдэх зургаа авахуулсан гэж Петрова урд орой нь энүүгээр өнгөрөхдөө хуучилсан юм.

 “Яагаад та ингэж хэлэв. Би Монголд түүхч залуугаас өөр газар гэж сонссондоо” гэхэд тэр зургийн баруун доод булан дахь төмөр хашлаганы хэсгийг заагаад “Энэ байж байгаа биз” гэлээ. Үнэхээр ч зурган дээр яг одоо байгаагийнх шиг төмөр хашлага бүдэгхэн харагдана. Сургуульд нь хамгийн ойр цэцэрлэг энэ учраас байх боломжтой л юм. Бид зураг авахуулсан модыг олохоор гурван цаг шахуу цэцэрлэгээр холхилоо. Өнөөх мод энд биднийг хараад шоолонгуй ёрдойж эсвэл үндсээрээ булга үсрээд хаа нэгтээ хөрс шороо болсон ч байж мэднэ. Байж болох бүхий л байршлыг зурагт буулгаад шууд Эрмитаж руу явлаа. 50 метр хэртэй урт дараалал үүсчихэж. Лхагважавынхэлэхээр бид азтай байгаа нь энэ. Хүн ихтэй өдөр бол дараалал нь булан тойроод алга болдог гэнэ.

Музей рүү орох хоёр гол шалтгаан байлаа. Нэг нь, Д.Нацагдоржийн 1934 онд бичсэн “Туурганы зургийг үзвэл” шүлгийн санаа энд төрсөн байж болох таамаг бий. Учир нь, тэр Германаас ирснийхээ дараа уг шүлгээ эргэн дурсаж бичсэн гэдэг. Хоёрт нь, Чингисийн чулууны  бичиг, Ноён уулын олдвор зэргийг багтаасан Монголын хэсгийг үзэх гэсэн зорилго тавиад дотогш орлоо. Зөвхөн жуулчид ч биш оюутнууд, сурагчид түүхийн хичээлээ энд ирж үргэлжлүүлдэг бололтой. Танхимууд нь хэт том учраас дороо хөл цуцчихна. Зохиолч шүлгийн санаагаа авсан байж мэдэх Итали орныг дүрсэлсэн гурав дөрвөн ч зургийг үзлээ. Харин Монголынхоо хэсгийг үзэхсэн гэх хүсэл маань урам муутай төгсөв. Музейн баруун хойд булан дахь харанхуй хүүшилсэн өрөөнд үзмэрүүд нунж дорой байршжээ. Чингисийн чулуу гэрэл муутай буланд сүүдэртэж харагдах бол хойхно талд нь том хоргон дотор Ноён уулын булшнаас олдсон хивс бий. Бусад нь бурхад, шашны эд өлөг голцуухан. Залгаад байх хятад, япон, солонгосын үзмэрийн сүр бараанд дарагдаад ч тэр үү сэтгэл дундуурхан гарлаа. 


... Хувь тавиландаан би дасаагүй. 

Хуучин юм, шинэ амьдралаас би уйдаагүй

Б.Одгэрэл

II

Аяллын туршид өдөр тутам алгасалгүй хийдэг хэдхэн үйлдэл байлаа. Хоол, шар айраг, гэр лүүгээ видео дуудлага хийх зэргийг энд тооцохгүй. Харин галт тэрэг, трамбай, метро, автобус, онгоц хаа ч өмнөөс харж, эсвэл зэргэлдээ сууж явсан хамтрагчдынхаа талаар өдөрт ядаж нэг удаа бодох нь эхний хэвшил. Энхбаттай би бараг таван жилийн өмнө танилцсан. Танилцсан тэр шөнөө мухрын жижиг клубт үүр цайтал суугаад дөрвөн цагт тэндээсээ гарч, дөрвүүлээ Их дэлгүүрийн урд талын сандал дээр гэгээ ортол сууж билээ. Тэрнээс хойш би хотын гудамжинд гэгээ ортол гулиалж үзсэнгүй. Тэр сандал дээр суусан дөрвөн залуугийн нэгнийх нь тухай гунигтай дурсамж биднийг үл мэдэх сэжмээр холбочихсон байж ч мэдэх юм даа. Тэгшээ, Шувуу, Эба тэгээд би. Тэгэхэд авахуулсан зургаа явахаасаа өмнө хайгаад олоогүй. Харин Төгөлдөр бид хоёр аялалд гарахаас сарын өмнө л нүүр нүүрээ харж танилцсан. Багын маань нэг найзыг эрхгүй сануулсан тул нэг мэдэхэд эртний танилууд шиг болсон байлаа. Бие давхар эхнэрээ орхиод хамт аялалд гарч, эцсийн мөч хүртэл явааг нь бодохоор талархаж, уруу татсандаа санаа зовнино.

Төслийн баг Эрмитажийн өмнө | 2019

 Хоёр дахь нь орой бүр дэвтрээ гаргаж өдрийн болсон зүйлээ нэгд нэгэнгүй тоочиж бичих. Дараа нь “Алс газар сурахаар одогсод” зэрэг авч гарсан хэдэн номоо эргүүлж, өдрийн авсан зураг, бичлэгээ үзнэ. Хавтасныхаа дотор талд Ч.Болд гээд дурсгалын үг бичсэн “Алс газар сурахаар одогсод” номыг замдаа хэд ч уншив даа. Хэдэн жилийн өмнө “Гоодаль” сэтгүүлд жүжигчин Чимэд-Осор гуайн тухай нийтлэл бичсэнийхээ дараа Болд гэж хүүгийнх нь тухай олны ярианаас сонссон юм даг. Аавынх нь талаар баахан хэрэгтэй хэрэггүйг бичсэндээ санаа зовсон уу танилцаж амжаагүй байтал өнөөх хүн “Гэрэг” дээр булантай болоодохлоо. Бие биенийхээ бичсэнийг уншсаар нэг л мэдэхэд танил болжээ. Танилцъя гэж танилцаагүй, хувь тавилан өөрөө өмнө минь гаргаад ирсэн ийм л хүмүүс амьдралд минь урт удаан байдаг юм шиг санагддаг. Тэгээд энэ намар таван жил бодсон санаагаа хамгийн түрүүнд түүнд л дуулгасан юм. Намрын хуйсагнуур хүйтэн өдөр, “Урлаг” нэртэй цайны газрын ширээнд ганц ганц аяга сүүтэй цай тавьж, хэзээд бүтэхгүй ч байж мэдэх санаагаа хэллээ. Тэр анхааралтай сонссоноо “Би хэзээд чиний талд” гэж хэлсэн үг нь намайг урт замд хөтөлж яваа нь энэ. Замд гарахын урд өдөр бид хотын нэг уушийн газарт ганц ганц шил шар айраг мулталж, юу үзэх, хаана очих тухайгаа ярилцсан. Гэр бүлийнхнээс бусдаар бол тэр бас л хөдлөхөөсөө өмнө уулзсан хамгийн сүүлчийн хүн.

Гуравт нь, орой бүр унтахаар хэвтэх үедээ зохиолчийн амьдралын талаар эргэцүүлдэг байлаа. Энэ бодол маань Герман руу явсан сурагчдын амьдрал, эцэстээ миний амьдралын тухай бодол болсоор нэг мэдэх нь ээ зүүд нойртой холилдон замхарч арилна.


Сэтгэл гэдэг эрхтэн элэг шиг үрэвсэж

Сэтгэл гэдэг эрхтэн толгой шиг өвдөж

Сэтгэл гэдэг эрхтэн ходоод шиг цоорч

Сэтгэл гэдэг эрхтэн зүрх шиг зогсдог...

Б.Галсансүх

III

“Цаг хугацаа шархыг улам тод болгодог”. Улаанбаатарт утас дуугарсан тухай өмнөх нийтлэлдээ дурдсаныг санаж байгаа байх, тэр хэсгээсээ үргэлжлүүлье. Бадма Намжил Очировын зээ хүү З.Занданпүрэвийн яриаг сонсож суухдаа би тэмдэглэлийн дэвтэртээ ингэж бичжээ. Эмээгийнх нь ярианаас амилан бяцхан ой тойнд нь бүдэг бадагхан үлдсэн өвөөгийнхөө дүрийг тэр хэзээ хойно 1990 оны эхээр дахин олж харахаар адгажээ. Орос руу хамаатан садантайгаа холбогдож, баримт сэлт шүүрдэж, Архивын газраас лавлагаа гаргуулахаар очсоноо “Тагнуулын Ерөнхий газрын номын сан руу орохоор хонгилоор алхаж явтал улс төрийн хэлмэгдэгсдийн самбар дээр “Лхүмбийн хэрэг” төвийн бүсийн толгойлогч гээд миний өвөөгийн нэрийг бичсэн байлаа. Би ийм зүйл байна чинээ санаагүй тул гайхах шиг болсон” гэж дурслаа. Ингэх тусам өөрийнх нь дотор бүдэгхэн зурсан өнөөх л сорви тодрон тодорсоор гүн шарх болон хувилж байлаа. Уншихад хэтрүүлэл ихтэй мэт санагдаж болох ч цэл залуухан насаа улс төрийн золионд өргөсөн олон монгол хүний гунигт хувь тавиланд энэ хэдэн үг дэндүү хөнгөдөх биз. 

Бадма Намжил Очиров гэх хүний амьдралыг зээ хүүгийнх нь ярианаас ургуулан төсөөлж, өөрийнхөө бодолд бүтээх гэж зүдэж суухдаа би энэ улс орны туулаад гарсан түүхийн нэгээхэн шарх сорвийг дахин сөхөж, сэдрээж буйгаа анзаарч байлаа. Сэгчүүлж, тарамдуулсан бидний улс орны хувьд энэ сорви төдий л биз.

Бадма Очиров, Б.Ринчен нар | 1924 он

100 гаруй жилийн өмнө Буриадын бөглүү гацаанаас Хүрээнд ирсэн хоёр хүү жинчин даган Төвдийн орноо ном үзэхээр оджээ. Нэгийг нь Агваан Доржиев, нөгөөг нь Бадма Очиров гэнэ. Агваан Доржиев удалгүй номоороо Жагарын оронд гайхагдаж лхарамбын дамжаа дүүргэн XIII Далай ламын багш болж, хамт явсан нөхөр Бадма Очиров нь гавжийн дамжаа дүүргэн 10 гаруй жил ном үзлээ. Тэд буцаж ирснийхээ дараахан Оросын нутгийн гүнд буддын сүм барих ажлыг хөөцөлдөж, II Николай хааныг ятгаснаар Үнэн алдартны шашин голчлох Орос нутгийн гүнд Нева мөрний эрэгт Гүнзэчойнэй хийд боссон түүхтэй. Тариачдын бослого, Сталины шашингүйн бодлогын үед сүмийг “Монгол-Төвдийн төлөөлөгчийн газар” нэрээр авч үлдээд Монголын зарим удирдагчидтай тохиролцож монгол сурагчдыг Орос, Герман, Францад явуулах ажлыг Оросын талаас гардан гүйцэтгэсэн хүмүүс нь мөн л Агваан Доржиев, Бадма Очиров, Даш Сампилон гэх буриад хөвгүүд байлаа. Тэр дундаа сурагчдыг угтах, бичиг баримтыг хөөцөлдөх, явуулах ажлыг нугалсан хүн нь тэр үеийн Ленинград хотын Дорно дахины Амьд хэлний сургуулийн багш Бадма Очиров байсныг энэ цагт хадгалагдан үлдсэн хоёр ч гэрэл зураг гэрчилнэ. Монголчуудыг эрдэм боловсролтой, улс шиг улс болгох гэсэн тэдний санаа “Пан монголизм” гэсэн буруутгал болон хувирч амь насыг нь авч оджээ.

Үүгээр зогсолгүй 1929 онд Улаанбаатарт уламжлалт эмийн тасаг нээхээр ирэхдээ дагуулж ирсэн залуухан гэргийг нь уулзъя хэмээн хуурч гаргаад, нөмгөн дээлтэй барьж явахад гэртээ ганцаараа үлдсэн ой гарантай охиных нь хүү миний өмнө сууж байна. Оюун санааны хувьд Монголоо орчин цагийн тусгаар улс болгох гэсэн Цэвээн Жамсранов, Эрдэнэбатхан, Амар, Даш Сампилон, Бадма Очиров, Дамбадорж, Гэндэн нарын түүх ч яг ийм гунигтай, харуусалтайгаар төгссөн. Тэдний амьны үнээр Монголын анхны сэхээтнүүд өрнө дахинд суралцаж, тэдний амьны үнээр монгол орчин цагийн улс болон өндийж, тэдний амьны үнэ биднийг холын замд гаргасан нь энэ. Тэд бол түүхийн нэгээхэн хэсгийг тодотгож, хурцалсан хүчирхэг тэмдэг нэрүүд байжээ.

Баяртай Петр!

Гурав дахь өдөр үдийн өмнө Невагийн их гудманд сууж тухтайхан хоол идэж, зураг авах газар хайсаар цасан дунд удаан алхлаа. Цас ёстой л малгайлан бууж, яах ийхийн зуургүй хоёр мөр, толгой дээр цасан хүн барьж орхино. Удаан алхсаны эцэст ашгүй “Мандала” гэх монголжуу нэртэй ресторан таарч санаа амрав. Эсрэг зүгт цонхоор өчигдрийн очсон их сургууль, зохиолчийн гэргий Нина Чистяковагийн амьдарч байсан дүүрэг, жаахан охин Ананда Ширигийнх нь гүйж явсан гудамж харагдана. Цас улам лавссаар. Харандаагаар зурсан мэт бүдэг дүр зураг л нүдэнд бөртөлзөнө. Бид нэг нэг шар айраг, албаар хараас нь хэмээн захиалав. “Черный  пиво” ... Ринчен гуайн дурдсанаар Д.Нацагдорж нарын хэдэн оюутан энэ гудамжинд, Невагийн эрэг дээр ирж хар пиво уудаг байсан гэдэг. Улаанбаатараас гарахаасаа өмнө “Яг л тэр гудамжинд нь очиж шар айраг уух юм шүү” гэсэн бодлоо гүйцээж буй нь энэ. 

Өвлийн Петр, Нева мөрний эрэг

Петрийн гурав хоног ядах юмгүй өнгөрлөө. Цүнх саваа цэгцэлж янзлаад, Лхагваагаар үдүүлж онгоцны буудал руу хөдлөв. Хилийн шалгалт дээр зургийн тоног хэрэгслүүд биднийг үргэлж хэрэгт хийнэ. Дуу хураагчийн урт төмөр гар, цүнхтэй камерын гар луу, даавуун ууттай камерын хөл рүү шалган нэвтрүүлэхийн ажилчид сэжигтэй харснаа гаргаж шалгуулахыг шаардана. Оросын нислэгийн урт удаан шалгалтыг давсан гурав дотогш орвол цасан шуурганаас болоод нислэг хойшилж, цаг хэртэй хүлээсний эцэст Санкт-Петербургийн бүрхэг тэнгэрийг зүсэн Германы зүг онгоц хөөрлөө. Цасан дунд Санкт-Петербург өмнө яаж түүхийн хүнд үеүдийг туулж ирсэн тэр л хэнэггүй төрхөөрөө дүнсийж хоцорлоо. 

Баяртай, дахиад ирнээ Петр ..,


Найрагчийн мөрөөр: Алдагдсан цагийн эрэлд (Цуврал I) эндээс уншина уу!  

Найрагчийн мөрөөр: Сорви мэт түүхүүд (Цуврал II) эндээс уншина уу!

холбоотой мэдээ
1
2019.07.02
Найрагчийн мөрөөр: Шувуу мэт гэгээн, ангид, хөөрхий улс
2
2019.06.25
Найрагчийн мөрөөр: Энд үлдсэн дурсамжууд
3
2019.06.11
Найрагчийн мөрөөр: Цаг хугацаа мэндлэхээс өмнө
санал болгох
1
Уржигдар
Энэ 7 хоногийн ТРЭНД сэдвүүдийн тухай ХӨГЖИЛТЭЙ 8 пост, meme
2
Уржигдар
Хятад улс сошиал нөлөөлөгчдөө ингэж бэлдэж байна
3
Уржигдар
Хэт эелдэг, нөхөрсөг байхын 5 сул тал

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.05.08 202.21.114.26

Маш гоё мэдрэмж төрлөө, баярлалаа! Бас яг энэ Питер дэх аялал чинь хэн нэгний хүслийн цуурайнаас төрсөн юм шүү...

0 Хариулах


Зочин 2019.05.08 192.82.66.25

Цуурайлсан бүх хүмүүстээ баярлаж байгаа. "Найрагчийн мөрийнхөн" :)

0 Хариулах