Хайх зүйлээ бичнэ үү

10 мин

Найрагчийн мөрөөр: Энд үлдсэн дурсамжууд

Зохиолч Д.Нацагдоржийн мөрөөр туулсан 20 000 км зам | Цуврал IX | Улаанбаатар


Орчлон анх бүтэхдээ хаосаас бүрджээ. Оргүй хоосноос үүдэн гарсан орчлонгийн талаарх дорнын домгийг санах бүрдээ Улаанбаатарын амьдралын тухай боддог. Улаанбаатар хаос хот. Чиг баримжаа, үзэл баримтлал, нэг хэвд цутгах барьцгүй, өвөрмөц газар. Үнсэн дундаас гэрэлтэн улалзах өчүүхэн бага цогны хэлтэрхий шиг аз жаргал, инээд хөөр дээр бүрэг саарал уй гунигийн өнгийг нэмбэл сая Улаанбаатарын гэх өнгө төрх тодорч ирнэ. Уламжлалаа авч үлдэх гэсэн үндэсний үзэл, барууныг гүйцэх гэсэн их тэмүүлэл урцалдаж, оросуудын үлдээсэн ой дурсамжид амьдарч, хятадыг үзэн ядах хэр нь өдрөөс өдөрт өнгө төрхөөрөө адилсаж буй энэ хотыг ингэж тодорхойлохоос яалтай билээ.

Улаанбаатарын цаг хугацааг хэмжих хэцүү. Энд салан назгай байдал, үймээнч амьдрал зэрэгцэн оршдог. Зарим хэсэг нь Богд уул шигээ налайж алхайж, ууж идэж суух бол өөр нэг хэсэг Туул гол шигээ үргэлжид урсаж, хөдөлж, ярьж байдаг. Ийм л хотын гудамжийг туучин, зохиолчийн мөрийг мөшгисөн өдрүүдийн төгсгөлд энэ хотыг өмнө нь мэддэг байснаасаа бага ч болов ахиулан мэддэг болсон шиг санагдана.


1. Бүдэг жим

Аяллаас ирснээс хойш гурван сар өнгөрчээ. Ер нь миний амьдралаас бүхэл бүтэн гурван сар хаашаа ч юм алга болчихсон, эсвэл би хаа нэгтээ гээчихсэн юм шиг санагдана. Найман цуврал нийтлүүлээд “Өнөөдөр” сонины редакц руу утсаар ярьж дахиад хоёр нийтлэл бичих ёстой ч нэг долоо хоног хойшлуулж болох эсэхийг асууж, зөвшөөрөл авлаа. Ингээд салхи савир ч үгүй хотын нозооронги өдрүүдэд нэг мөрөндөө камер, нөгөө мөрөндөө тэмдэглэлийн дэвтэр, хэд гурван номоо мухар луу нь шидсэн том хар цүнхээ үүрээд Улаанбаатарын гудамжийг хэрэн хэсэх ажилдаа гарсан юм. Ажилтай өдөр оройн цагаар, амралтын өдөр бол өдрийн цагаар явах хуваарь гаргаж авлаа.  

Сансарын дэнжээс уруудаж, төв замаа дагаад баруун тийш тонгойвол Бөхийн өргөөний зүүн хойд уулзвар дээр ирнэ. Тэндээсээ зам гарч Бөхийн өргөөг урдуур нь нар зөв тойрч очвол “Хазара” гэсэн хаяг хадсан жижиг шар байшин бий. Үүдээр нь ороход энэтхэг хоолны үнэр, амтлагч кари сэнгэнэсэн энэ газрын буурин дээр “Төмрийн завод” байсныг хотын түүхийн талаар судалгаа хийдэг Г.Очбаяр“Төмрийн завод 1929-1930 оны үед одоогийн Бөхийн өргөөний урд тал, Баянзүрх захын зүүн талд байсан. “Хазара” рестораны тэр хавьцаа” гэж баталсан юм.

Одоо бол орон сууцны өндөр барилгууд голоор ганцхан машин багтаж явах зайтай чигжиж барьсан энэ газар герман мэргэжилтний гараар боссон Төмрийн заводын хоёр давхар байшин байрлаж байв. Энд л Германаас дуудагдаж ирсэн залуухан Нацагдорж орчуулагчаар ажиллаж байлаа. “Хөрөнгөтний газар майн нэгнийг үзэв”, “Харанхуй хад”, “Цагаан сар ба хар нулимс” зэрэг зохиолоо энэ л агаарт сэрийж цойлсон орон сууцны барилгуудад сүр дарагдан үзэгдэх жижигхэн байшингийн суурин дээр бичсэн байж ч болох л юм.

Очсон замаараа буцаж, Бөхийн өргөөний зүүн талаар тойрч гарвал уулзварын зүүн урд буланд Улаанбаатар хотын музейн жижиг ногоон байшин харагдана. Үүх түүхийг нь мэдэхгүй хүнд бол яах гэж өдийг хүртэл энд байгааг нь асуумаар энэ байшинг 1918 онд Цогт Бадамжав гэх худалдаачин буриад эр бариулжээ. Бариулсан эзэн нь 1937 онд хэлмэгдэн буудуулсан ч барьсан байшин нь цаг хугацааны буулгыг даван 101 жилийг туулан миний камерын шагайварт үзэгдэж байна. Шилэн байшингаар өнгө төрхөө цогцлоож буй Улаанбаатарт зай эзэлсэн хуучин байшин гэж харагдах болсон энэ газар тухайн цагтаа Хүрээний чамин сууцны тоонд багтдаг байжээ.

Буриад эр 1921 онд Ардын журамт цэргийг ялалт байгуулахад Сүхбаатар жанжинд нэг өрөөгөө найр тавьснаар намын төв хороо, Ардын Түр Засгийн Газар, Бүх цэргийн штаб энэ байшинд үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Тэр үед Цэргийн яамны оролцсон түшмэл, Сүхбаатар жанжны гарын түшмэл байсан Д.Нацагдорж энэ газраар орж гарч явсан нь хэнээс ч асуултгүй шахуу ойлгомжтой хэрэг.

Улаанбаатараас түүхэн дурсгалт газрыг хайна гэдэг тийм ч амар хялбар ажил биш. Талбайн баруун талын Ерөнхий сайд Жигжиджавын байшин дээр байр давхарлаж барьсан, 100 шахам жилийн түүхтэй Тагнуулын Ерөнхий газрын байшинг нураасан, 1930 онд баригдсан Төмрийн заводын ажилчдын байрыг буулгасан гээд түүх гэрчлэх бүхэн энэ хотоос алгуурхан арчигдаж байх шиг. 1926-1932 оны хооронд Улаанбаатар хотод баригдсан 12 барилга эхнээсээ хогийн цэг дээр хуучин барилгын хаягдал болон хэвтэж, оронд нь илүү том, шилэн барилгууд нар ойлгон гялалзсаар. Тэндээс хөдөлж гарцаар гараад Арслантай гүүрэн дээр очлоо. Яг энэ үед зуны дунд сарын нар зулай дээрээс төөнөж, агаарын хэм 28 градусыг зааж байлаа. Улаанбаатарыг огтлон урсаж ирээд Туул руу яаран яаран одох Сэлбийн гол туниа муутай мурилзан, зарим газраа тасарч ядан жирэлзэнэ. Сэлбийг өгсвөл сэрүүхэн байдаг үе зөвхөн дуунд л үлджээ.

 

2. Үггүй түүх

Арслантай гүүрээр Сэлбийг гатлаад баруун эргийг нь дагасан байрнууд руу явж орлоо. Олон жилийн өмнө нэрлэдэг байснаар Манж Амбаны хороо руу орж буй минь энэ. Г.Очбаярын хэлснээр “21 дүгээр сургуулийн суурин дээр Манж Амбан суудаг байсан. Гэтэл 1909 онд Манж амбан Сандо ирээд одоогийн Улаанбаатар зочид буудлын суурин дээр хоёр давхар байшин барьсан байдаг. Тэнд өөрөө суусангүй, сүүлд 1924 онд анхны үндсэн хуулийг батлахад тэр байшинд хуралдаж, Хүрээг Улаанбаатар хот гэж нэрлэсэн” юм.

Явсаар Худалдаа Үйлдвэрлэлийн дээд сургуулийн байрнуудын дундах бяцхан чөлөөнд гарч ирлээ. Оюутан голцуу олны хөлд дарагдсан энэ газар Д.Нацагдоржийн амьдралын хоёр ч үетэй холбогдоно. Судлаач Д.Дашдоржид Багшийн сургуулийн багш асан Батсүх энэ хавьцаа Нацагдоржийн эцэг Дашдоржийнх амьдарч байсан талаар хуучилжээ. Нэр усаараа ч мартагдсан бүдгэрч буй энэ л гудамжинд залуухан Нацагдорж явж байсан гэх дурсамж, таамаг зөвхөн судалгааны бүтээлд үлдэх нь. Хожим Д.Пагмадуламаас тусгаарлахдаа Сэлбийн гүүрний хойхно, аавынхаа хашаанаас зөвхөн хувцсаа аваад гарсан талаар зохиолчтой ойр дотно явсан Б.Гомбо дурссан байна. Дурангийн шагайвч, төсөөлөлд минь бүдэг бадагхан дүрслэгдэх Амбан хааны хорооноос урагш эргэж Боловсролын их сургуулийн А байр луу явлаа.

Улаанбаатар зочид буудлын урдах цэцэрлэгт зураг авахаар камераа гаргах зуураа 1930-аад оны Улаанбаатар ямар байсан талаар төсөөлөхөөр оролдлоо. Түүхэн зургаас харвал тэр үеийн Улаанбаатар шашны сүм хийд, түүнийг дагаж боссон нэг давхар мод, шавар байшингаас бүрдсэн хүрээ маягийн бүтцээ гээгээгүй хот байжээ. Камерын шагайварт үзэгдэх Боловсролын их сургуулийн А байр сурагчдыг Германаас буцаж ирсэн тэр жил баригдсан юм билээ. Зохиолчийг 1930-аад оны эхээр Багшийн сургуулийн багш нарын байранд Төмөрийн Нацагдоржтой хамт амьдарч байсан гэх мэдээ, сурагч Солийн “Оюутнууд ангидаа орцгоож багшийг хүлээх зуураа элдэв яриа өрнүүлэн шуугилдаж байтал орж ирлээ. Харвал дунд зэргийн нуруутай, цагаан царайтай, хүрэн өнгийн элгэн цамцан дээр хар өнгийн костюм өмсөж цайвар хөх өнгийн малгай бага зэрэг хажуулдуулан духдуулсан хүн байв” гэсэн дурсамж энэ байшинтай хамаатуулдаг юм. Хэрэв тэр хичээл зааж байсан бол, багш нарын байранд амьдарч байсан нь үнэн бол одоогийн Боловсролын их сургуулийн А байр гэх дөрвөн давхар шар байр, тэр үед сурагч оюутны байр байсан одоогийн “Зориг сан”-гийн байрны аль аль нь хамаарах учиртай.  

Их үдийн халуун төөнөж, байж суухын аргагүй болтол шарна. Ойролцоох хоолны газар орж хүйтэн ус авч уугаад камерт буусан зургуудаа эргүүлж үзлээ. Одоо Ленин клубийн байр луу явах ёстой. Д.Нацагдоржийг Нардомоор эргэлдэж, жүжиг ший үзэх дуртай, заримд нь оролцон тоглодог байсан таамаг мэдээг олон судлаач бичжээ. Зарим нь Нардомд Д.Пагмадуламтай анх танилцсан гэсэн ч бий. Харин 1929 онд түүнийг Германаас буцаж ирэхэд хуучин Нардом шатаж, шинэ байранд орсон нь одоогийн “Блью Скай” зочид буудлын баруун талын жижигхэн шар байшин. Энэ байшин тэр үедээ Хүрээний “Блью Скай” байсан ч юм билүү, хэн мэдлээ. Ямартай ч эцэслэх хүртлээ Улаанбаатарт 8 жил амьдарсан Нацагдорж энэ байшингаар орж гарч явсан нь гарцаагүй. Тэр үеийн соёл урлагийн гол үйл явдал болдог ганц газар байсан учраас энэ л байшингийн чулуун шатыг элээхэд түүний хувь ч орсон биз. Талбайн уулзвараар урагш гараад баруун тийш алхаж, Урчуудын Эвлэлийн харалдаа очиж зогслоо.  

 

3. Хашаан доторх дурсамж

Талбайгаас баруун урагш харвал өндөр барилгуудын дунд хоёр л тод өнгийн байшин бий. Зориг агсны хөшөөг сахиж байгаа юм шиг ганцаар сондгойрох ногоон байшин, тод ягаанаар будсан Улсын драмын теарт. Ногоон байшин нь 1920-оод оны үед баригдсан цөөхөн барилгын нэг. Байшингийн зургийг буулгаад театрын хойгуур Сөүлийн гудамжийг даган баруун тийш алхлаа. Хүрээнийнхний хэлдгээр бол би Усны гудамжийг чиглэн яваа нь энэ.

Удалгүй Оросын Элчин сайдын яамны урд ирлээ. Газарзүйч О.Сүхбаатар гуайн хэлснээр Шинжлэх Ухааны хүрээлэнгийн долоон модон байшин яг энэ газар байжээ. Д.Нацагдоржийн амьдралын хамгийн гэрэл гэгээт үеэ өнгөрүүлсэн энэ газар одоо Оросын газар нутагт хамаарах учраас орх эрх байсангүй. Замын эсрэг талаас тор татсан өндөр хашааны зургийг дарахаас хэтэрсэнгүй. Хэд хоногийн өмнө О.Сүхбаатар гуай “Хүрээлэнгийн байшин байсан газар Оросын Элчингийн газарт орчихсон байгаа. Би багадаа ангийнхаа хүүхдийнд очдог байсан. Бүр сүүлд 1960 хэдэн онд ч байсан. Намайг очдог байх үед цагаан байсан” гэж ярьсан юм. Герман явсан сурагчдаас хоёр ч хүнтэй уулзаж, бүр нэг дор ажиллаж үзсэн энэ хүнээс сонсох зүйл их байлаа. “Би Намнандорж гуайтай зургаан жил нэг өрөөнд суусан. Герман явсан улсаас Цэвэг Шолонов гуайтай хоёр жил орчим суусан” гэж ярив.

Германаас ирснийхээ дараа Төмрийн заводын орчуулагч, зохиолчдын байгууллагын ажил, мөрдлөг сэрдлэгийг туулж явсаар 1933 онд Шинжлэх ухааны хүрээлэнгийн орчуулагчийн ажилд томилогдож, өмнө нүд далдлан боссон өндөр хананы цаана байсан долоон дүнзэн байшингийн нэгэнд ирж суужээ. Сүүлд ажилчдын байранд тарчигхан амьдарч байсан гэдэг дурсамж ч бий. Магад хамгийн тогтвортой амьдарч, ажилласан газрын тоонд Оросын Элчин сайдын яам, Нэгдүгээр сургуулийн хашааг дамнасан энэ газар л орно.

Улсын драмын театрын хойгуур Нэгдүгээр сургуулийн урдуур гарсан гудамжийг Нацагдоржийн гудамж гэж нэгэн цагт нэрлэж байсан гэх мэдээллийг Г.Очбаярын яриа үгүйсгэсэн учир тэндээсээ өөр тийш явахаар бэлдлээ. Хэрэв энэ гудамжийг нэвт туулж Нацагдоржийн нэрэмжит номын санд хүрвэл Усны гудамжны урд үзүүрт хүрнэ гэсэн үг. Улаанбаатарт цөөн байсан том модон байшинтай, моторт худаг номын сангийн хавьцаа байсан талаар түүхийн баримтад бий. Нар буусан ч халуун дээрдсэнгүй. Хөлс гоожиж, наранд түлэгдсэн нүүрийг хорсгоно. Модон байшинтай худгаас илжиг ачаалан ус зөөж яваа хятадуудыг төсөөллөө. Одоо цэл хүйтэн ус уучихаад Нацагдоржийн гудамж руу явна даа ...

Найрагчийн мөрөөр: Алдагдсан цагийн эрэлд (Цуврал I) эндээс уншина уу!  

Найрагчийн мөрөөр: Сорви мэт түүхүүд (Цуврал II) эндээс уншина уу!

Найрагчийн мөрөөр: Хүмүүс хэмээх тэмдэг нэр (Цуврал III) эндээс уншина уу! 

Найрагчийн мөрөөр: Цагийн зөрүү (Цуврал IV) эндээс уншина уу! 

Найрагчийн мөрөөр: Цагийн зөрүү (Цуврал V) эндээс уншина уу! 

Найрагчийн мөрөөр: Манан дундах дурсамж (Цуврал VI) эндээс уншина уу!

Найрагчийн мөрөөр: Өнө мөнхийн доторх нэг өдөр (Цуврал VII) эндээс уншина уу! 

Найрагчийн мөрөөр: Цаг хугацаа мэндлэхээс өмнө (Цуврал VIII) эндээс уншина уу! 


 

холбоотой мэдээ
1
2019.07.02
Найрагчийн мөрөөр: Шувуу мэт гэгээн, ангид, хөөрхий улс
2
2019.06.11
Найрагчийн мөрөөр: Цаг хугацаа мэндлэхээс өмнө
3
2019.06.04
Найрагчийн мөрөөр: Өнө мөнхийн доторх нэг өдөр
санал болгох
1
22 цагийн өмнө
Сонсголонгийн хос гүүрийг ашиглалтад оруулж, замын хөдөлгөөнийг нээлээ
2
Өчигдөр
Өнө мөнхөд бэлэн үү?
3
Өчигдөр
Монголд зүйр цэцэн үг ашигласан "meme" трэнд болж буйг илтгэх 22 зураг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin 2019.06.25 124.158.126.6

Saihan bichjee. Bayar hurgey.

0 Хариулах