Хайх зүйлээ бичнэ үү

10 мин

Найрагчийн мөрөөр: Шувуу мэт гэгээн, ангид, хөөрхий улс

Зохиолч Д.Нацагдоржийн мөрөөр туулсан 20 000 км зам | Төгсгөл | Улаанбаатар II


Түүх мартагдан бүдгэрэх ч хаа нэгтээ ой дурсамжаа үлдээдэг. Тэр л ой дурсамжийн мөрийг даган Европын улсуудаар сар гаруйн хугацаанд бэдэрсэн "Найрагчийн мөрөөр" төслийн арван цуврал нийтлэл долоо хоног бүр "Өнөөдөр" сонин, UB.LIFE сайтаар дамжин уншигчдад  хүрлээ. 1926 онд Герман, Францад сурахаар одсон монгол сурагчид болон зохиолч Д.Нацагдоржийн амьдарч, сурч, аялж байсан газрууд, тэдний ээдрээт хувь заяаны талаар өгүүлэх энэхүү төсөл цаашид баримтат нэвтрүүлэг, баримтат кино, ном болж үргэлжилнэ.


Найрагчийн мөрөөр: Алдагдсан цагийн эрэлд (Цуврал I) эндээс уншина уу!  

Найрагчийн мөрөөр: Сорви мэт түүхүүд (Цуврал II) эндээс уншина уу!

Найрагчийн мөрөөр: Хүмүүс хэмээх тэмдэг нэр (Цуврал III) эндээс уншина уу! 

Найрагчийн мөрөөр: Цагийн зөрүү (Цуврал IV) эндээс уншина уу! 

Найрагчийн мөрөөр: Тэмдэгт газрууд (Цуврал V) эндээс уншина уу!

Найрагчийн мөрөөр: Манан дундах дурсамж (Цуврал VI) эндээс уншина уу!

Найрагчийн мөрөөр: Өнө мөнхийн доторх нэг өдөр (Цуврал VII) эндээс уншина уу! 

Найрагчийн мөрөөр: Цаг хугацаа мэндлэхээс өмнө (Цуврал VIII) эндээс уншина уу! 

Найрагчийн мөрөөр: Энд үлдсэн дурсамжууд (Цуврал IX) эндээс уншина уу! 


Гудамж

Юуны төлөө билээ. Бусдын асуудаг шиг олон жилийн өмнө нас эцэслэсэн нэгний ул мөрийг хайж, өөр нэгний сануулсан шиг энэ бүхэн хэнд хэрэгтэй сэн билээ. Усны гудамжийг өгсөөд Төмөрчний гудамж руу эргэх уулзварт ирэхэд ийм эргэлзээ тээнэгэлзэл дүүрч, зуны дунд сарын халуунтай хавсран хүнд дараас болж байлаа. Одоо бол энэ гудамжийг зүгээр л Их дэлгүүрийн зүүн гудамж, харин нөгөөг нь Урт цагаан гэхэд хүмүүс андахгүй.  

“Яагаад усны гудамж гэж нэрлэсэн юм бэ” гэж хажууд зогсоо хүнээс асуулаа. Л.Санжмятав гуай 80 жил энэ л хотын энхэл донхол гудамжаар нааш цааш явж, нэгэн насаа өнгөрүүлж буй хүн. Зурагчин учраас жирийн хүнээс хурц, гярхай нүдээр эргэн тойрноо хардаг байж таараа. Улаанбаатар хотын сүүлийн 70 жилийн түүх түүний ой дурсамж, бас гэрэл зургийн хальсанд нь бий. 

“Одоо тэр урдах Циркийн тэнд байсан худгаас морин тэрэгтэй хятадууд ус зөөгөөд энэ гудамжаар явдаг байсан” гээд гараа савчин урагш заав. Хүрээний айлуудад ус хүргэдэг хятад усчдын зөрөг байсан энэ гудамж машин хахсан нарийн зам болжээ. Хэд хоногийн өмнө судлаач Очбаяр “Нацагдоржийн гудамж гэдэг чинь хуучин Баруун Сэлбийн гудамжийг хэлж байгаа юм. Нэгдүгээр сургуулийн урдуурх гудамж бол Сөүлийн гудамж шүү. 1939 онд Улаанбаатарын гудамжны нэрийг баталгаажуулсан жагсаалт анх гарсан. Энд 114 гудамжийг нэрлэсэн байгаа. Тэр дунд лав Нацагдоржийн гудамж гэж байгаагүй” гэж хэлсэн билээ. Тэгэхээр Их дэлгүүрээс Тэнгис рүү хүрэх энэ нарийн гудамжийг хэзээ хойно Нацагдоржийнх болгон сольсон бололтой. Энэ удаа Санжмятав гуай бид хоёрын аялал арай өөр зорилгод чиглэж байлаа. 

Усны гудамжны төрх. Одоогийн Их дэлгүүрийн зүүн талаарх гудамж.

Бид Усны гудамжны үзүүрээс Барилгачдын талбай руу эргэлээ. Энэ хэсэг бол Улаанбаатар хотын түүхийн амь халуун үлдсэн багахан зайц. Зүүн талд нь орос худалдаачин Гудвинцовын 1905 онд худалдааны зориулалтаар бариулсан Өндөр хоршооны байр, түүний хойхно 1920-оод онд баригдсан шар байшин, залгаад 1930-аад онд баригдсан Төв аптекийн байр байна. Гэвч бид одоо эндэхийг Занабазарын музей, Барилгачдын талбай гэдгээр ерөнхийлөн мэднэ. 

Талбайн хойд талын Засгийн газрын 12 дугаар байрны буурин дээр Одон хорооны байшин байсныг гэрчлэх хүн цөөнгүй. Улаанбаатар хотын түүх судлаач Очбаярын хэлснээр “Одон хороог 1932 онд анх нэрлэжээ. Баруун хязгаарт гарсан зэвсэгт бослогыг дарахад оролцсон цэргүүдэд одон шагнаж, ийн нэрлэсэн” гэнэ. Харин Санжмятав гуай Одон хорооны байшин орчимд байсан шоронг хүүхэд байхдаа үзсэн нь их л тод үлдсэнийг надад ярилаа. 

“Би ээжтэйгээ л явж байсан. Хашааны завсраар харсан чинь нүцгэн шалдан, дээлтэй нь дээлээ толгой дээгүүрээ нөмөрсөн улс малын саравч шиг юмны дор явган сууж байсан. Тэгээд ээжээс энэ юу юм бэ гэсэн чинь шорон л гэж хэлсэн. Тэр нь одоогийн Анкарагийн гудамжны үзүүр” гэв. Хэрэв Германд сурсан монгол сурагчдын нэг “Герман” Гомбо гуайн “1932 онд Нацагдорж бид Одон хорооны тэндэх шоронд орсон” гэх дурсамжийг хөөвөл энэ орчим шоронд сууж байжээ. Тэр нь ердөө л шинэ жил тэмдэглэсэн ганцхан зургаас үүдсэн хэрэг байлаа. 

Нацагдоржийн амьдралын богинохон жаргалын гэрч болсон өөр нэг газар "Улаанбаатар" их дэлгүүрийн орчим бий. “Герман” Гомбо гуайн “Нина Тээхийн тэнд хоёр давхар байшинд суудаг байсан. Нина охиноо гаргахаас өмнөхөн Нацагдоржийнд ирсэн юм” гэсэн дурсамж дахь Тээхийн хоршоо одоогийн "Улаанбаатар" их дэлгүүрийн урд тал, хоёрдугаар төрөх хавьцаа байсныг Санжмятав гуай өөрийн авсан гэрэл зургаар баталж байна. Одоо бидний Вокзал”, “Товчоо” гэж нэрлэдэг орон нутгийн тээвэр явах цэгийг тэр үед “Тээх” гэдэг байжээ. Харин дараагийн очих газар гуниг гутралтай үеийнх нь дурсамжийг хадгалсан газар байлаа. 

Тээхийн хоршооны байшин. Энэ хавьд Нинатай ханилан амьдарч байсан гэх мэдээ бий. Гэрэл зургийг Л.Санжмятавын хувийн архиваас

Бид явсаар Хан-Уул дүүрэг дэх "Номин" их дэлгүүрийн гадаа ирж зогслоо. Дэлгүүрийн гаднаас баруун урагш явсан нарийн шороон зам бий. Тэр замаар тултал яваад очих газарт Сэтгэл мэдрэлийн эмнэлэг байрлаж байсныг хотын настай улс батална. Хэдий үед байгуулагдсаныг мэдэхгүй ч тэнд байсан нь гарцаагүй гэнэ. Энэ газрын тухай зохиолч Э.Оюун гуай “1937 оны хавар Нацагдоржийг “Шороотын Цэвээн” гэж алдаршсан жүжигчин Чимидийн Цэвээний хамт Дунд голын тэнд байсан Сэтгэл мэдрэлийн больницад хэвтэж байхад нь “Их авхай” жүжгийн зохиолыг авахаар очсон. Тэгэхэд Нацагдорж гуай “Дахиад шоронд орвол амьд гарч чадахгүй юм байна. Архи уугаад гэлдэрч явбал арай ч дахиад хийчихгүй болов уу” гэж ярьж байсан” гэжээ. Туйлдсан л хүнээс гарах үгийг хэлсэн зохиолч энэ гудамжинд юу бодон алхаж явсан бол... 

Төгсгөл 

Цувралынхаа төгсгөлийн нийтлэлийг бичихээр Улаанбаатарын гудамжуудыг туулж явахдаа “Үл таних зочин” гэсэн нимгэн цэнхэр номыг хөнгөнийг нь бодон цүнхэндээ хийсэн байлаа. Халуун өдөр амсхийх гэж гудамжны сандалд тухлахдаа гаргаж уншина. Өмнө нь олон удаа уншсан ч анзаарч хараагүй ийм хоёр мөрийг уншаад санаа алдчихаж билээ. Монгол хэлний “санаа алдах” гэдэг хэлц яасан гоё илэрхийлэл вэ! Санаагаа алдчихлаа. 

“... Шувуу мэт гэгээн, ангид, хөөрхий улс байдаг

Тийм хүмүүсийн үхэл нь нууцлаг, амтлаг байдаг”. 

Нээрээ л тийм хүмүүс байдаг. Өөрийгөө хэрхэн үрэгдэж буйг ч үл анзаарах ийм хүмүүс бий. Гэхдээ л тэд амь халуун амьдарсаар байдаг. 

Хан-Уул дүүргээс буцаж Занабазарын музейн замын эсрэг талд ирлээ. Тэнд хоёр давхар ягаан байшин бий. Ханан дээр нь Исүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн сүм гэж чулуун хавтан дээр бичжээ. 1930-аад онд боссон энэ барилгыг “Ард кино” театр гэж мэдэх хүний тоо цөөрч, сүүлд нүүж орсон байраар нь багцаалах болсон юм.  Энэ ягаан байшингийн урд талд Д.Нацагдоржийн амьдралынхаа сүүлчийн өдрүүдийг өнгөрүүлсэн “Спартак” нэртэй зочид буудал байсан нь цагийн уртад ул мөргүй болжээ. 

“Спартак бол анхны өнгөт арьст ажилтантай зочид буудал байсан гэдэг шүү. Одоо Христийн сүм ороод байгаа “Ард” кино театрын байрны урдхан байсан. Нас барсных нь дараа Т.Нацагдорж гуайг явуулж юмыг нь авахуулсан гэдэг. Хоёр ч чемодан бичиг цаас байсан гэдэг” гэж газарзүйч О.Сүхбаатар гуай хэллээ. Зохиолч тэр л буудлаас 1937 оны зуны нэг өдөр гарч яваад эргэж ирсэнгүй. Түүний эргэж ирэлгүй одсон газар хаа байсан юм бол? 

"Ард" кино театрын хуучин байр. Одоо Христийн сүм байгаа энэ байрны урдхан талд Д.Нацагдорж амьдралынхаа сүүлийн өдрүүдээ үдсэн "Спартак" зочид буудал байлаа. 

Судлаачдын  таамаг, хүмүүсийн цуу яриа цөөнгүй бий. Ихэнх нь Бөмбөгөр ногооны хашаа түшээд, наадмын өдөр өнгөрсөн гэдэгт нэгддэг. Хэрэв тийм бол одоогийн төв талбай, Засгийн газрын ордны хавьцаа тэр балчигт орчлонгоос хагацсан болно. Тэр үнэхээр л нууцлаг хийгээд “амтлаг” буцаж. Хожмын улс хий дэмий л таамаг дэвшүүлж, уран төсөөллөөр хөөцөлдөж байх зуур тэр шүлэг бүрийнхээ шад мөр, өгүүллэг бүрийнхээ үг хэллэг дунд амьдарч явна. 

Төгсгөлийн төгсгөл 

Үд дундын нар төөнөсөн өдөр Гандангийн хүр хүрч, тэндээсээ Хороолол орох замыг даган өгсөж явлаа. Орчлонт ертөнцийг хоосон хэмээх хүрдийг бясалгаж винайн ёсыг сахисан гэвш Лодон, уран тачаангуйн хурц илдийг боловсруулж, дуучийн эрдмийг судалсан хүүхэн Зи Бай-Хуа хоёрын уулзсан тэр л газар. Машин тэрэг өөд уруугүй сүлжилдэж, хүн холхисон Гандангийн наад хүрийг одоо “Ламбугайн нулимс” дээрх шигээр төсөөлөхөд бэрх. Гэхдээ модон хашаатай хуучин гудамж, хог новш хурсан гуу жалга, хаа сайгүй сарьж орхисон өтгөн шингэний үнэр зуны халуунд ханх тавих булан тохой, хашааны завсраар яргих ноход нь бараг л Лодон гэвшийн үед байна уу гэж бодогдмоор. Судлаач Очбаярын хэлэхээр Баруун дамнуурчин буюу Хятадын есөн гудамж гэж одоогийн "Гэсэр" сүмийн баруун талаас эхлэн Тасганы овооны зүүн талаар хойшоо сунаж тогтсон есөн гудамжийг хэлдэг байжээ. 

Баруун дамнуурчны гудамж. Хятад голцуу худалдаачдын наймаа эрхэлдэг байсан газар. Одоогийн "Гэсэр" сүмийн ойролцоо. Д.Нацагдоржийн "Ламбугайн нулимс" зохиолд гарна. 

Хятадууд бараагаа дамнуурган дээр зөөж авчран наймаалдаг байснаас Баруун дамнуурчин нэр үүссэн гэдэг. Д.Нацагдоржийн зохиолуудаас Хүрээний газрыг хамгийн тодорхой дүрсэлсэн зохиол нь “Ламбугайн нулимс”. Хэрэв бодит үйл явдалсан бол Лодон гэвш энэ л модон хашаануудын нэгэнд уйлж суусан байх. 

Хүрээс уруудаж явахдаа өнгөрсөн өдрүүдээ тооцож үзлээ. Аялалд гарснаас хойш таван сар өнгөрчээ. Арван цуврал нийтлэл ингээд шувтарч байна. Гэвч судалгаа үргэлжилж, хийхээр төлөвлөсөн зүйл мундахгүй. Төсөл маань “Монголын Урлагийн Зөвлөл”-өөс зохион байгуулдаг олон улсын медиа үзэсгэлэнд шалгарч, аяллын дуу авиа, зохиолчийн түүхийг илэрхийлсэн яриануудыг Бодьхүү бүтээл болгон дэглэлээ. Зохиолчийн хуучин эд хэрэглэлийг галерейд байршуулж, дуу авианы бүтээлтэй нийлүүлж  өнгөрсөн одоо хоёрыг дуу авиагаар холбох медиа бүтээл болгож үзүүллээ. Монголчуудын өрнөд рүү хийсэн оюун санааны нүүдлийн түүх, тэдний хэлмэгдсэн хувь тавилан, одоо бидний хийж буй аялал гаднын уран бүтээлчдийн сонирхлыг татсан юм шиг санагдсан. Үнэхээр энэ бол том нүүдлийн түүх байжээ. Дөчөөдхөн хүнийг Германд суралцуулахын төлөө амиа өргөсөн удирдагчид, хөл үймээний ард үлдсэн Монгол Улсыг орчин цагийн улс болгох үүрэг хүлээсэн жаахан хүүхдүүд, бусдын төмөр буулга дор зовсон монгол охид, хөвгүүд. 

Энэ л түүхийг хэдэнтээ, бүр хэдэн зуун удаа ч ярих ёстой. Тэрний эцэст л нэг асуулт ургана. “Бид Монголынхоо төлөө юу хийсэн бэ? Юу хийж чадах вэ?” 

Энэ асуулт харин уншсан хүн бүхэнд үлдэг. 

"Бөмбөгөр ногоон" театр. Д.Нацагдоржийн талаарх судалгаанд уг театрын хашаа түшээд нас барсан гэх мэдээлэл олон тохиолддог. 


холбоотой мэдээ
1
2019.06.25
Найрагчийн мөрөөр: Энд үлдсэн дурсамжууд
2
2019.06.11
Найрагчийн мөрөөр: Цаг хугацаа мэндлэхээс өмнө
3
2019.06.04
Найрагчийн мөрөөр: Өнө мөнхийн доторх нэг өдөр
санал болгох
1
14 цагийн өмнө
Алисагийн тэмдэглэл: Амьдралыг минь тэр чигт нь өөрчилсөн "1-11" үг
2
15 цагийн өмнө
Монгол, Хятадын дипломат харилцааны 70 жилийн ойн шуудангийн марк худалдаанд гарлаа
3
21 цагийн өмнө
Калифорни муж 8 цагаас өмнө хичээл орохыг хориглосон анхны муж боллоо

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
1
0
1
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

төртайван 2019.07.09 202.131.250.130

мундаг байна

0 Хариулах