Хайх зүйлээ бичнэ үү

9 мин

Найрагчийн мөрөөр: Манан дундахь дурсамж

Зохиолч Д.Нацагдоржийн мөрөөр туулсан 20 000 км зам | Цуврал VI | Берлин (III)



“Эрхлэгч Ишдорж танаа мэдүүлэх учир. Эдүгээ өчүүхэн хүмүүсийн биеэс угаас яданг сулын дээр их хот газар үргэлж суухуйд улмаар тэнхээ алдрах зэргээр сайнгүй болж буй. Сувилан засваас зохих учир энэ зуны сургуулийн чөлөөнд ирэх найман сарын нэгнээс есөн сарын шинийн эхэд хүртэл нэгэн улирал сайтай газар очиж амран сууж биеийг засахыг хүсэхийн тул зөвшөөрөл ба замын зардал зэргийг тусламж олгохыг гуйсугай. Үүний тул сурагч Нацагдорж, Пагма нар мэдүүлэв” 

1927 оны долоодугаар сарын 12 


ДУРСАМЖИЙН ДАВХЦАЛ 

Танихгүй газар оронд очих бүрд алмайран гайхах, танихсан гэх адгуу бодол эмээх, эрээлэх, гэрэвшихтэй холилдон өөр нэгэн шинэ мэдрэмж төрүүлдэг ажээ. Берлинд ирснээс хойш 10 гаруй хоносны дараа л энэ мэдрэмжээс зугуухан салж байлаа. Цонхны цаана жирэлзэн өнгөрөх байшин барилга, хүмүүсийн ярилцах дуу, зааланд буудал зарлах чимээ, бүүдгэр саарал тэнгэр бүгд хэлэлцсэн юм шиг зохицоод, энэ хотын ихэмсэг, хүйтэн хэр нь хэрэв хүсвэл бүхнээ дэлгэхэд бэлэн төрхийг цогцлооно. Бусад өдрийн нэгэн адил өглөө босож хоол хош эргүүлээд, Панков орж галт тэргэнд суугаад, хотыг зүүнээс баруунш нэвт туулан, Ванзе нуурыг чиглэн давхиж явлаа. 

Буудал болгонд зогсох ч яаран зүтгэлэх галт тэрэг биднийг удалгүй Ванзе нуурын эрэгт авчирлаа. Хорин хормын дараа Берлиний баруун өмнөд захын Ванзе нэрт хоёр нуурын эрэг дагуу Балтын тэнгисийн элсийг авчирч асгаад, уртаашаа 1275 метр, өргөөшөө 80 метр урт наран шарлагын газрыг байгуулсны нэгээхэн хэсэгт тэртээд цайран дайвалзах хөлөг онгоцыг ширтэн зогсож байв. Бороо ганц нэг дуслан, манан хөллөж нуурын эргийг будантуулна. Д.Нацагдорж нарыг эх орон руугаа буцдаг жил Мартин Вагнер гэх архитектурч энэ эрэгт сүүдэрт асар босгосон нь одоо соёлын өвийн дурсгал болон үлджээ. Салхитай, сэрүүхэн өдөр тул алаг нугас, хар галууд усаа захлан гунганалдаж, эрэгт аргамжаатай хөлөг онгоцууд салхинд үл мэдэг дайвалзан зогсоно. Энд ирэх шалтгаан эхэндээ Нацагдорж, Герман дахь сурагчдын аж ахуйг хариуцаж байсан “шилэн” хэмээх Гомбожав нарын усны эрэг дээр авахуулсан бололтой, дотуур хувцастай ганцхан зураг байлаа. Ном хэвлэлд “Д.Нацагдорж Ванзе нуурын эрэгт” гэсэн тайлбартай байдгаас очих газрынхаа жагсаалтад оруулсан юм. Гэхдээ Улаанбаатараас хөдлөхийнхөө өмнөхөн Д.Нацагдоржийн 1927 онд Герман дотор аялсан тайлан тооцооны бичгийг Улсын төв архивт үзсэн юм. Тэнд бичихдээ “Наймдугаар сарын 5-наас хойш Ванзе хэмээх нуурын эрэг газар нэгэн долоо хоног хэртээ өдөр бүр очиж, уул усаар явж байсан бөгөөд үүнд очиж, ирэх замд хүн бүр 1,20 марк...” гэсэн нь биднийг нааш хөтлөх хангалттай шалтаг болов. Монгол сурагчдын захиргаанд европ дотор хэд хэдэн улсад зугаалах санал хүргүүлсэн ч мөнгө төгрөгийг шийдэж өгөөгүй тул Берлиний ойролцоох амралтын газраар зугаалсан тухай дээрх захианд бий. Сурагчдын өөр зуураа, эсвэл монгол руу илгээж байсан захидал дунд мөнгөний холбогдолтой хэсэг олон бий. Хожим монголдоо ирсний дараа Нацагдоржийг хэт үрэлгэн зан гаргасан хэрэгт буруутгаж байжээ. Ганцхан ширхэг еврогийн зоос гурван мянган төгрөгтэй тэнцэх үнийн зөрүү бидний хувьд ч чамгүй асуудал болж байлаа. 

Нацагдорж, Пагмадулам нарын аялсан үе нь Берлинээс Лайпцигт очиж сурахаар дунд сургууль төгссөн бичиг монголоос хүлээж байсан 1927 оны найм, есдүгээр сар бололтой. Гэхдээ тэд ганц энэ удаа ч биш, хэд хэдэн удаа Ванзед ирсэн бололтой. Берлинд монгол сурагчдын эмчээр ажиллаж байсан Рэгзэнгийн дурссанаар “1928 оны зун Нацагдорж, Пагма бид далайд жижигхэн мотортой завиар зугаалж явлаа. Гэтэл Нацагдорж завинаас үсэрч усанд сэлж гарлаа. Тэгэхэд л би Нацагдоржийг сайн усчин гэж мэдэж билээ” гэжээ. Тэдний ийн зугаалж явсан, инээж хөхөрч явсан дүр төрх энэ л усан долгис дунд нэгэн хээ үүсгэн ууссан биз ээ. 

ЗурагТайлбар
 Д.Нацагдорж, сурагчдын аж ахуйг хариуцан ажиллаж байсан "Шилэн" хэмээх Гомбожав нар Ванзе нуурын эрэгт | 1928 он
Төслийн баг Ванзе нуурын эрэгт 2019 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр очсоноо тэмдэглэн уг зургийг авахуулжээ.


Шейлдхорн хүрэх автобус хоёр цагийн зайтай явах тул зургаа авч дуусаад автобусны буудал руу эргэлээ. Энхбат Берлиний төв рүү Элчин сайдын яамныхантай Лайпциг явах ажлын талаар уулзахаар,  Төгөлдөр бид хоёр Лауратай Шелдхорн орохоор салж явлаа. Хоёр давхар автобусны дээд талын хамгийн урд эгнээнд сууж моддын дундуур Шелдхорны зүг хөдөлж, саяхан мухлагаас авсан хачиртай халуун талхаа хазлаа.

 Гуч орчим минут давхиад ойн дундахь амралтын газрын дэргэд ирэв. Ишдоржид илгээсэн тайланд бичсэнээр энэ үзэсгэлэнт амралтын газар Нацагдорж нар 12 хонож, наран болон усан шарлага хийсэн байна. Бидний зорьсон амралтын газрын хашаа цоожтой, өвөл тул хэн ч байсангүй. Зураг авахын тулд орох хашааг давж орохоос аргагүй болов. Хашаанд гурван байшин, зүүн талд нь нуурын эрэг тулж, нуур луу түрэн орсон зогсоцтой, холд усан онгоц яваа нь үзэгдэх үнэхээр сайхан газар. Лаурагийн хэлснээр энэ байшин 1800 оны сүүлээр баригдсан учир Д.Нацагдоржийг ирэхэд энэ л хэвээрээ байсан хэрэг. Бид амралтын газар зураг бичлэгээ аваад ой дундуур дээш мацан Жакзогийн дурсгалыг үзээд буулаа. Өдөр богинохон тул нар юу юугүй баруу руу тонгойж, бидний буцах цаг ч боллоо. Оройн таван цагаас Лаураа Лайпциг руу буцах ёстой. 

Бид буцаж Берлиний төв орох галт тэргэнд суулаа. Төв зогсоолоос Лаураг Лайпциг руу үдээд, үдэш оройхон ядарч цөхсөн хоёр хүн байрандаа эргэж ирэв. Гадаа бороо шивэрч, ногооны үнэр ханх татсан тогтуун үдэш. Сүлжээ байхгүй тул Энхбаттай өдрөөс хойш холбоо барьсангүй. Нүүр гараа угааж, хувцсаа солиод интернэтэд холбогдвол “Би Шарите эмнэлэгт байна. Хөл, гараа хугалсан” гэх товчхон зурвас иржээ. Бидний хэн хэн нь энэ бүхэн тоглоом байх гэж хоромхон зуур бодож амжсан байв. 

ЗурагТайлбар
Төслийн баг Ванзе нуурын эрэгт 2019 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр очсоноо тэмдэглэн уг зургийг авахуулжээ.
Шейлдхорн дахь амралтын газар төслийн багийнхан зураг авч буй нь | 2019 он


ЦЭГ БИШ, ТАСЛАЛ

Гэхдээ хүн ийм зүйлээр тоглодоггүй шүү дээ...  Бид шууд Элчингийн зөвлөх Баттөмөр ах руу ярьж Консулын ажилтантай холбоо барилаа. Элчингээс унаа гаргаж өгсөн тул Консулын газрын дарга Мөнхжаргалын хамт эмнэлэг рүү хөдөллөө. Яарч сандарсан үед орон зай хэчнээн тэлж томордгийг ийм тохиолтой учирсан хүн л ойлгоно. ...Ашгүй Шарите эмнэлэгт ирэв. Подстамерын ойролцоо зам хөндлөн гарах гэж яваад нойтон трамны зам дээр халтирч зүүн хөлийнхөө туялзуур ясыг цуулж, баруун гарынхаа чигчий хурууны үеийг мулталсан байв. Гар хөл нь битүү шохойтой ч өөдөөс инээж угтсан нь жаахан ч гэсэн уужрах сөхөө өглөө. Консул Мөнхжаргал эмчтэй нь уулзаад эндээ хагалгаа хийлгэх шаардлагатай гэсэн хариутай гарч ирсэн ч хагалгааны төлбөр 20 000 евро гэнэ. Үнэн хэрэгтээ тэр үед бидний халаасанд 200 евро ч байсангүй. Ярилцаад хоёр зүйл дээр санал нэгдлээ. Нэгт, аяллын даатгалаа ямар ч байсан бүтээгээд эндээ хагалгаанд орох хоёрт, ажлаа хойш тавилгүй хэвийн үргэлжлүүлэхээр болов. Маргааш нь төслийн маань Герман дахь төлөөлөл Оюунтуяа эгч Энхбатыг хотын зах руу, монгол эмч ажилладаг эмнэлэгт шилжүүлж, арай хямд хагалгаанд оруулахаар болж, Төгөлдөр бид хоёр уулзахаар цаг товлосон хүн рүүгээ явлаа. 

Энэ гэнэтийн явдал бидний аяллыг ээдрээтүүлсэн ч зорилго маань улам тодорч, харин ч өөдрөг байх итгэлийг өгсөн шиг санагддаг. Элчингийнхэн, Оюунтуяа эгч, Фронау дахь Доминикус эмнэлгийн эмч Эрдэм, Берлин дэх найзуудынхаа ачаар саадыг бид давсан. Гэхдээ бусдын газар өвдөнө гэдэг хэнд ч өөдтэй байхгүй. Аялалд гарахынхаа өмнө тээршээн байж визний нөхцөлийн дагуу арга буюу хийлгэсэн эрүүл мэндийн даатгал маань эцсийн цэгт биднийг аварсан юм. 


ЦООХОР ТЭМДЭГЛЭЛ

Монгол сурагчид Берлинд очсоныхоо дараа байр түрээслэн суусан Форнау дахь Доминикус эмнэлэгт Энхбат хэвтэж, дөрөв хоногийн дараа хагалгаанд орохоор болов. Даатгалын компани руугаа холбогдож, хөөцөлдөөд бүтэх янзтай боллоо. Тэр эрүүл гараа ашиглан удаан ч гэсэн зурвас бичиж, бидэнд нөхцөл байдлыг мэдээлнэ. Эмнэлгийн үйлчилгээ сайн учир хагалгаа хүртэл амьсгаа авахтайгаа болов. 

Берлинд өнгөрүүлсэн 20 гаруй хоногийн хугацаанд би 30 гаруй удаа гадуур хооллож, 40 гаруй удаа галт тэргээр зорчиж, нэг удаа шөнийн цэнгээний газар орж, хоёр удаа барааны дэлгүүр, гурван удаа номын дэлгүүр, хоёр удаа номын сан оржээ. Фашизмын айдас, хүйтэн дайны ул мөрийг өөртөө нуусан энэ хотын хүйтэн ихэмсэг төрх үдэш оройн цагаар зөөлөрнө. Өдөртөө бол завгүй, ажил хэрэгч, ихэмсэг энэ хот үдэш орой болмогц залуусаар дүүрэн, зугаа цэнгэлийн хот болон хувирна. Үнэхээр ч булан тохой бүрдээ хиппи газраар дүүрэн энэ хот өдөр нь саарал, уйтгарт нөмрөг дор унтаж байдаг юм санж уу. Берлин дэх найз Бьёрн, Золоо хоёр бидэнд хотыг танилцуулан хэд хэдэн газраар оруулсны дотор жижигхэн шөнийн клуб орно. Хөл гишгэх зайгүй залуус шавсан энэ газар миний амьдралдаа босгыг нь давж үзсэн гурав дахь клуб болсон билээ. Есөн шидийн улс хөлхөх энэ газрын хамгийн таатай зүйл нь чи хэнтэй ч яриа өрнүүлж, хэнд ч хэрэггүй зүйлс чалчиж болдогт оршино. 

Манан дундах Берлин. Нулимст нүдээр орчлонг харах шиг... (Зураг: М.Төгөлдөр) 

Уужим чөлөөтэй гудамж, хот доторх том том цэцэрлэгт хүрээлэн, олон жилийн түүхтэй замын сүлжээ гээд энэ хот хүнийг гайхшируулах зүйл олонтой. Тэр дундаас байрны маань ойролцоох Вьетнам хоолны газрын тогоочийн чин сэтгэлийн инээмсэглэл, Турк кебабны газрын үнэр, түчигнэн өнгөрөх трамбайн чимээ, гудамжинд дуулах гитартай залуу, Александр талбай дээрх эртний цагийн эргэх дүрс л хамгийн тод үлджээ. 

Гурван өдрийн дараа манай төслийн баг Нацагдоржийн Германд байхдаа хамгийн их цаг хугацааг өнгөрүүлсэн хот Лайпцигийг зорьсон юм. 

Найрагчийн мөрөөр: Алдагдсан цагийн эрэлд (Цуврал I) эндээс уншина уу!  

Найрагчийн мөрөөр: Сорви мэт түүхүүд (Цуврал II) эндээс уншина уу!

Найрагчийн мөрөөр: Хүмүүс хэмээх тэмдэг нэр (Цуврал III) эндээс уншина уу! 

Найрагчийн мөрөөр: Цагийн зөрүү (Цуврал IV) эндээс уншина уу! 

Найрагчийн мөрөөр: Цагийн зөрүү (Цуврал V) эндээс уншина уу! 



холбоотой мэдээ
1
2019.07.02
Найрагчийн мөрөөр: Шувуу мэт гэгээн, ангид, хөөрхий улс
2
2019.06.25
Найрагчийн мөрөөр: Энд үлдсэн дурсамжууд
3
2019.06.11
Найрагчийн мөрөөр: Цаг хугацаа мэндлэхээс өмнө
санал болгох
1
8 цагийн өмнө
ДАШТ: Өнөөдөр барилдсан манай бөхчүүдийн гурав нь тэмцээнээ өндөрлүүллээ
2
8 цагийн өмнө
Алисагийн тэмдэглэл: "Үнэг ажиллагаа"-д очиж, монгол үлгэрүүдийг дахин "анх удаа" мэт с...
3
9 цагийн өмнө
Э.Сумьяа ялагдал хүлээлээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.05.28 202.21.96.74

/өмнөх/нийтлэлийн өгүүлэмжтэй зохицох дуу, эртний болон эдүгээгийн байдлыг харуулсан зургууд янзтай. Үгийн алдааг л сайн хянаарай. нийтдээ ийм алдаанууд байна шүү. амьдралаа даа, нуурийн, нөхцлийн, мэдээллэнэ. Амьдарлаа даа, Нуурын, Нөхцөлийн, Мэдээлнэ болгоод засчвал ч боллоо, боллоо.

0 Хариулах