Хайх зүйлээ бичнэ үү

11 мин

Найрагчийн мөрөөр: Цаг хугацаа мэндлэхээс өмнө

Зохиолч Д.Нацагдоржийн мөрөөр туулсан 20 000 км зам | Цуврал VIII | Парис-Истанбул-Улаанбаатар


Цас шуурсан замаар би алхаж явна.

Цаад үзүүр гэж байхгүй уртаас урт зам л даа…

Туркээс Улаанбаатар хүрэх онгоц алгуурхан хөөрөх зуур яруу найрагч Г.Аюурзанын “Зам” шүлгийн эхний хоёр мөр зурсхийн орж ирлээ. Эцэс үгүй гэж итгээд л бид өглөө бүр хэзээ мөдгүй хуучрах өнөөдөр лүү хөл тавьж, орой унтахдаа маргааш хэмээх, бас л хуучирах цаг хугацаанд итгэлээ уяж орхиод амардаг шүү дээ.

Тэмдэглэлийн дэвтрээ гаргаж өнгөрсөн хэдэн өдөрт болсон бүхнийг эргүүлж санахаар тонгойлоо. Берлинээс хоёрдугаар сарын 26-ны өдөр Энхбатыг Улаанбаатар луу нисэх онгоцонд суулгаж өгөөд Берлиний төв орж товлосон хүнтэйгээ уулзчихаад Бьёорн, Золоо хоёртой хамт хар захаар орж хоёр нүдний хуучин дуран худалдаж авлаа. Аавд хуучин ч хамаагүй, жинхэнэ Герман дуран нэгийг авах гэсэн зорилго минь ингэж биелэлээ. Маргааш нь Берлиний хил дээр хүнд өгөхөөр авсан хоёр шил дарсаа хураалгаж, ачааны мөнгөнд хэн хэн маань 100 евро нэмж төлснөөр бүтэлгүйтэл төгссөнгүй. Парист сурч байгаа, хэн хэний маань хуучин танил Цэцэнгийн байранд очиж цүнхээ тавьчихаад Парисын гудамж, Хэмингвэйн сууж зохиолоо бичдэг байсан кафе, дурсамжит гудамжуудыг үзээд орой нь онгоцны буудал руу хөдөллөө. Өглөө эрт нисэх учраас буудал дээрээ хоносон нь илүү аюулгүй гэж хаширсан хүний зангаар шийдсэн нь энэ. Гэлээ ч хэрэг нь гарсангүй. Ачаагаа өгөөд хүлээж хүлээж ордогийн даваан дээр дуу хураагчийн гар болох метр гаруйтай урт төмрийг дотор тээшинд авахгүй гэх нь тэр. Бүртгэлийн цаг дуусах тун дөхсөн, дээр нь Парисын нисэх онгоцны буудал манай “Чингис хаан” биш шүү дээ. Эргээд гүйлээ, дээшээ доошоо, баруун зүүн тийш, эцэст нь нэг юм төмрөө өгөөд дахиад дээшээ, хөлсөө цувуулсан хоёр хүн арай чүү амжиж очлоо. Ингээд яг шалганаар гарахын даваан дээр гадуур хүрэмний маань нэг товч унаж өнхөрөөд шалгах төхөөрөмжийн доогуур орчихов. Товч ч яамай л байна шүү...

Аялал гэхээсээ хийх ёстой, очих цагтай төлөвлөгөөт ажил маань Истанбулд ирснээр сая нэг төгсөж, уужуу амьсгал авахтай боллоо. Нислэгийн тасалбар захиалахад буудал гаргаж өгнө гэсэн нь талаар болж, төв орж буудал авахаас аргагүй болов. Онгоцны буудал дээр оюутан цагийн танил дүү Загараа тосож авсан тул Истанбулын галт тэргэнд суугаад гурвуул хотын төв рүү хөдөллөө. Хэрэв анзаарч сайн харвал хаа газрын нийтийн тээвэр өөр өөрийн онцлогтой. Германчууд нийтийн тээвэрт бие биеэсээ халгасан янзтай, чимээ имээгүй зорчих бол франчууд дуу шуутай, харин туркууд яг манайхан шиг хээ шаагүй явна. Гуйлга гуйсан хүүхдүүд, чанга чанга инээх арабууд олон. Ийн бид Босфорын хоолойн эрэг дагуух жижигхэн зочид буудалд тухаллаа. Цонхоор Босфорын хоолойн нэгэн цутгалан, масчид сүмүүд, тэртээд манан дундаас нааш хөвөх усан онгоцууд үзэгдэж, гудамжинд худалдаачны дуу, хаа нэгтээ зөөлөн эгшиглэх үндэсний хөгжмийн дуутай хослон ер бусын сонсогдоно. Өөрийн гэсэн өнгө төрх, дуу авиа, гуниглуун уур амьсгалтай энэ хотыг нүүдэлчдийн довтолгоон тулж ирээд зогссон хачин хэмээн Загараа ярина. Өрнө, дорныг холбосон худалдааны гол замд боссон, олон зууны түүхтэй энэ хот орчин цагийн Турк улс дэлхийн улс төрд тоглохдоо барьдаг гол хөзөр нь болчихоод байгаа тухай уншиж байлаа. Орой нь өрнийн тал руу усан онгоцоор очиж, тосон хуурсан махыг тарагтай зуурч идээд, турк цайгаар даруулж уучихаад эргэн ирж усанд ороод унтлаа. Өглөө нь Загараа ирж гурвуулаа буудлын арын цэцэрлэгт очив.

Хэрэв би шатахгүй бол

Хэрэв чи шатахгүй бол

Хэрэв бид шатахгүй бол

Хэн энэ харанхуйг гэрэлтүүлэх вэ?

гэсэн гал цогтой мөрүүдээрээ хувьсгал эхлүүлж, улс төрийн гэмт хэрэгтэн болсон Назим Хикмэт энэ цэцэрлэгийн модон дунд өөрийг нь барихаар отсон цагдаа нараас нуугдан, агч модны дээр гарч суугаад хайртай эхнэртээ шүлэг зориулж байсан тухай Загараа ярилаа. Цааш монголчуудын түүхийн үнэт дурсгал “Судрын чуулган”-ыг хадгалдаг сүм, бас  “Цэнхэр сүм”-ээр ороод номын дэлгүүр, зээлийн газраар тойроод байрандаа ирлээ. Хождож хөдөлсөн учраас нислэгийн бүртгэл хаахаас 30 минутийн өмнө нисэх дээр амжиж ирлээ. Гарах хаалга 72 учраас дахиад хөлийн хурдаа шалгах хэрэгтэй болов. Өмнө нь тулсан олон саад биднийг айдастай болгосныг сая л анзаарлаа. Хөлсөө гартал гүйсээр орох хаалган дээр ирээд амар тайван, алсыг ширтэн зогсоо монголчуудаа хараад сая нэг тайвшрав. Онгоц хөөрч 3000 метрийн өндөрт гарлаа. Хэмжиж баршгүй том хот хөлийн доор хуниран жижгэрч байна. Энхбат шууд буцах болсноор суудлын захиалга нь цуцлагдаж, бид хоёрын дунд 40 шүргэж яваа болов уу гэмээр эмэгтэй ирж суулаа.

(Аяллын турш уулзсан хүмүүсийн яриаг дахин сонсох нь арван цагийн урт нислэгт уйдахгүй байх нэг арга байлаа.)

Истанбул | 6000 метр | 13.00 цаг

Хажуугийн эмэгтэйн бие тааруу байгаа бололтой сандлаа түшин, зовуурьтай нүдээ аньжээ. Урт аяллын турш уулзсан хүмүүсийнхээ яриа хөөрөөг эргүүлэн саналаа. Гэхдээ бүгдийг нь багтааж боломгүй олон хүнтэй уулзжээ. Нева мөрний хойд эрэгт, яг Эрмитажийн музейн өмнөөс харж байрлах ногоон байшингийн гурван давхарын жижигхэн өрөөнд эргээд очъё. Тэнд Мариа Петрова хэмээх нүд дүүрэн эмэгтэй бий. Монголын уран зохиолыг насаараа судалж буй энэ эмэгтэйтэй намайг зохиолч Г.Аюурзана ах холбож өгсөн юм.

-Нацагдоржийг Ленинградын Цэрэг, улс төрийн академи төгссөн гэсэн баримт бий юу?

-Байхгүй. Тэр академи 1925 оны тавдугаар сарын 15-нд байгуулагдаад намар нь Нацагдорж эхнэртэйгээ манай хотод ирсэн. Тэгээд нэг жил сураад буцсан. Түүнийг төгссөн гэсэн ямар ч баримт байхгүй. Би баримтуудыг үзсэн. Харин Пагмадулам Дорно дахины амьд хэлний сургуулийн хүрээлэнд бэлтгэл ангид сурч байсан.

-Нацагдорж Санкт-Петербургэд хаана амьдарч байсан бэ?

-Судлаачид Гүнзэ-Чойнэй хийдэд гэдэг. Гэхдээ тэр үед Старая-Древеня хөдөө тосгон байсан. Тэндээс трамбайн зам ч тавигдаагүй байсан шүү дээ. Алхахад их хол газар. Тиймээс Эрмитажийн музейн ойролцоо, эсвэл сургуулийнхаа байранд суудаг байсан болов уу.


Хар тэнгис | 10,000 метр | 16.00 цаг

Берлиний зүүн хойд хэсэгт орших орон сууцны барилгын хоёр давхарт биднийг Ренете Бауве угтаж авлаа. Өмнө нь нийгмийн сүлжээнээс харснаар зүс мэдэх энэ эмэгтэйтэй сар гаруйн өмнө мэйлээр холбогдсон юм. Монголын уран зохиолыг орчуулдаг тэрбээр европын монгол судлалд цөөрч буй тулхтай судлаачийн нэг. Тэр яаж Монголын уран зохиолтой холбогдсон нь сонин.

-Яагаад монгол судлаач болсон бэ?

-1960 онд Хумьболдтын их сургууль дээр анхны монгол судлалын анги нээгдсэн. Ердөө л хоёр оюутан элсүүлж авна гэсэн. Надад их сонин сонсогдсон “Монгол судлал” гэдэг нь. Улс орныг нь мэдэхгүй хөдөөний гэнэн хүүхэд. Монголын тухай юу ч мэдэхгүй учраас сонирхож эхэлсэн. Тэгээд сонгоод ороод ирсэн чинь ангид маань Ута Шёне л байсан. Ингээд хоёрхон хүүхэд.

-Анх Д.Нацагдоржийн ямар зохиолыг орчуулсан бэ?

-Төгссөнийхөө дараа л уран зохиол сонирхож эхэлсэн. Энэ үед нэг хэвлэлийн газраас социалист орнуудын уран зохиолын түүвэр гаргах санал ирсэн. Тэр үед “Ламбугайн нулимс”, “Цагаан сар ба хар нулимс” өгүүллэгүүдийг орчуулсан юм. Гэхдээ номонд орохдоо орчуулагч нь өөр хүний нэрээр гарсан.

-Д.Нацагдоржийг Берлинд сурч байсан тухай та судалсан уу?

-Тэр Хумьболдтын их сургуулийн герман хэлний анхан шатны мэдлэг олгох сургуульд хоёр семистер сурсан. Гэхдээ төгссөн тухай гэрчилгээ тэнд байхгүй. Хэрэв төгссөн бол тэмдэглэл байх ёстой. Гэтэл байгаагүй. Тэгээд их сургуульд орох санаатай Лайпциг руу явсан. Гэтэл төгссөн сургуульгүй тийм хүнийг манайхан элсүүлэхгүй.


Гүрж | 12,000 метр | 18.00 цаг

Берлинээс явахынхаа урд өдөр Од хэмээх эмэгтэйтэй уулзсан юм. Лайпцигийн их сургуулийн Дорно дахин судлалын тэнхимийн эрээлсэн модон ширээн дээр Германд сурсан монгол сурагчдын талаар бичсэн бакалаврын ажил байхыг үзсэн билээ. Бичсэн хүн нь Өүлэндарь гэнэ. Лайпцигаас буцаж ирснийхээ дараа Бьёорн, Золоо хоёроор дамжуулан түүний эгч Одтой уулзсан нь энэ.

-Та өвөөгийнхөө талаар ярьж өгөөч

-Миний ухаан орохын л манайхан ном их уншдаг айл байлаа. Өвөө маань герман хэлээр ном уншина. Өвөөгөөрөө заалгаж бид багаасаа л орос, герман хэл мэддэг болсон. Анхны 35 сурагчийн нэг нь миний өвөө. Виккерсдорфод суралцаж байсан. Биеийн тамир, гүйлт зэрэгт их авьяастай байсан талаар тэмдэглэсэн байдаг.

-Хүүхдүүд монголд буцаж очоод хэлмэгдсэн гэдэг. Таны өвөөд тийм явдал тохиолдсон уу? 

-Өвөө маань “Цогт тайж” киноны хоёрдугаар найруулагчаар ажилласан. Гэхдээ нэрийг нь гаргаагүй байдаг. Хэлмэгдсэн, баруунд сурсан гэдгээс нь болоод байх. Сүүлд өвөөг Герман явах багийн бүрэлдэхүүнд орчуулагчаар ажил гээд явуулсан байдаг юм. Гэтэл Германы хил дөхөөд ирэхэд хамаг бие нь чичрээд байсан гэж ярьдаг. Тэгж л Германтай холбоотой бүхнээс хөндийрүүлж, байцааж байсан юм болов уу.


Узбекстан | 13,000 метр | 22.00 цаг

Түүний талаар мэдээлэл хайж гүүглээс шүүрдэхэд Лайпцигийн их сургуулийн сайт дээрээс танилцуулга нь гарч ирлээ. Гэтэл аль 1990 оны сүүлээр тэтгэвэртээ гарчихсан нь уулзана гэх итгэлийг минь бүрхэгдүүлж орхисон. Бид хоёрдугаар сарын сүүлчийн нарлаг сайхан өглөө Манфред Таубе, Эрика Таубе хоёрын гэрт очсон юм. Энэ талаар өмнөх нийтлэлд дурдсан тул шууд яриандаа оръё. 

-Д.Нацагдоржийн Германд байсан үеийг та сайн судалсан. Тэр энд сургуульд элсэж чадсан уу?

-Миний бодохоор энд албан ёсоор сургуульд элсэж чадаагүй. Учир нь сургууль төгссөн бичиг нь ирээгүй шүү дээ. Гэхдээ Лайпцигийн их сургуулийн профессор Эрих Хэнишийн дэргэд байхдаа найз Эрих Эбертийнх нь толгойлж байсан Сэтгүүлзүйн сургуульд тохиролцоогоор сурдаг байсан бололтой.

-Тэд Лайпцигт байхдаа хүүхэдтэй байсан талаар Фрийдрих Виллер хэлсэн гэдэг?

-Тийм ээ, биднийг уулзах үед нэлээд нас өндөр болсон, зарим зүйлээ санахгүй байсан. Фрийдрих Виллер тэр үед Нацагдоржтой ойр дотно байсан юм билээ. Сайхан монгол эхнэртэй, хоёр орчим насны бандгар охинтой байсан гэж хэлсэн.


Улаанбаатар | 9,000 метр | 04.00 цаг

Далайн түвшнээс дээш 10000 метрийн өндөрт, үүрийн дөрвөн цагт өнөөдрийн тэмдэглэлээ бичиж байна. 2019 оны хоёрдугаар сарын сүүлчийн өдөр эхлээд хэдийн дөрвөн цаг өнгөрчээ. Арван цагийн урт нислэгийн төгсгөлд зэрэгцэн суусан хүнтэйгээ чамгүй яриа дэлгэлээ.

“Насаа тоолоход ч аймаар” гээд тэр хэсэг чимээгүй боллоо. Сарын өмнө тэр зүүн нүднийх нь цаана, тархинд нь том хавдар байгаа тухай эмчээс сонсжээ. Тэр үед “Гурван хүүхэд минь нүдэнд харагдсан” гээд нүдийг нь нулимс бүрхэнэ. Азаар бүх зүйл сайнаар эргэж, өвчин зовлон, айдас хүйдсээ холын хотод орхиод хайртай бүхэндээ ирж буй нь энэ. Улаанбаатар дөхөх тусам цонх руу байн байн харж, яарч буй нь илт. “Одоо бүх зүйл сайн сайхан руу эргэсэн. Сэтгэл тэнүүн байгаарай”. Ингэж хэлээд ачаагаа авахаар бид салж одлоо. Хүний амьдрал гэдэг хаана огтлолцож, хаана зэрэгцэж, хаана салан одохыг үл мэдэх учралаар дүүрэн. Нэгэн гэр бүл баярын нулимстай уулзах нь, энэ өглөө.

Цаг хугацаа дахин шинээр мэндэлж, Улаанбаатарт үүр хаяарч байна. Эгэл саарал төрхөөрөө өөриймсөн угтах энэ хотын хаа нэгтээ зохиолчийн амьдарч, баярлаж, инээж, уйлж, дуулж явсан газрууд бий. Хийх ажил дэвтэрт минь бичээстэй.

Найрагчийн мөрөөр: Алдагдсан цагийн эрэлд (Цуврал I) эндээс уншина уу!  

Найрагчийн мөрөөр: Сорви мэт түүхүүд (Цуврал II) эндээс уншина уу!

Найрагчийн мөрөөр: Хүмүүс хэмээх тэмдэг нэр (Цуврал III) эндээс уншина уу! 

Найрагчийн мөрөөр: Цагийн зөрүү (Цуврал IV) эндээс уншина уу! 

Найрагчийн мөрөөр: Цагийн зөрүү (Цуврал V) эндээс уншина уу! 

Найрагчийн мөрөөр: Манан дундах дурсамж (Цуврал VI) эндээс уншина уу!

Найрагчийн мөрөөр: Өнө мөнхийн доторх нэг өдөр (Цуврал VII) эндээс уншина уу! 


холбоотой мэдээ
1
2019.07.02
Найрагчийн мөрөөр: Шувуу мэт гэгээн, ангид, хөөрхий улс
2
2019.06.25
Найрагчийн мөрөөр: Энд үлдсэн дурсамжууд
3
2019.06.04
Найрагчийн мөрөөр: Өнө мөнхийн доторх нэг өдөр
санал болгох
1
Уржигдар
Энэ 7 хоногийн ТРЭНД сэдвүүдийн тухай ХӨГЖИЛТЭЙ 8 пост, meme
2
Уржигдар
Хятад улс сошиал нөлөөлөгчдөө ингэж бэлдэж байна
3
Уржигдар
Хэт эелдэг, нөхөрсөг байхын 5 сул тал

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.