Хайх зүйлээ бичнэ үү

9 мин

Найрагчийн мөрөөр: Цагийн зөрүү

Зохиолч Д.Нацагдоржийн мөрөөр туулсан 20 000 км зам | Цуврал IV | Берлин


Онгоц цагийн бүсийг зүүнээс баруун тийш зүсэн нисэж явлаа. Гар утасны цаг долоо арвыг зааж байна. Бугуйн цагны тохируулга эвдэрсэн тул долоон өдрийн өмнө цүнхнийхээ булан руу шидэж орхисноо хөл доорх үүргэвчнээсээ ухаж гаргаад харвал хоёр цаг өнгөрч буй нь бодвол шөнийн хоёр цаг биз. Бид Улаанбаатарын амьдралаас долоон цагаар хоцорч яваа нь энэ. Ингээд долоон цаг хаачсан нь мэдэгдэхгүй бидний амьдралаас таг чиг алга болчихжээ. Амьдралаас минь хэр их цаг хугацаа хаачсан нь мэдэгдэхгүй алга болдог бол? Монголд хэдийнээ хоёрдугаар сарын 4 болчихсон, нам гүм хотын гудамжинд хаа нэгтээ мотоциклийн яндан шунгинах, алсад нохой боргох, согтуу хүний сөөнгөтөн бахирах нь дуулдсан шөнө болж буй.

 Онгоц алгуурхан доошилсоор удалгүй дугуй газартай шүргэн сэгсчих зуур түр зүүрмэглэсэн нойрноосоо сэрлээ. Онгоц алгуурхан өнхөрсөөр зогсоолдоо ирэх шиг боллоо. Нирхийсэн алга ташилтын чимээтэй давхцан онгоцны бүхээгт нислэгийн багийн дуу гарч, онгоц бүрэн зогсож, хаалга нээгдсэний дараа суудлаасаа босохыг орос, англи хэлээр зарлалаа. Санктаас цасан шуурган дунд хөөрсөн онгоц хоёр цаг орчим нисээд Берлинд шиврэх бороон дунд газардаж буй нь энэ. Өдөр цаг агаар харахад Монголд 20 орчим градус хүйтэн байсан. Угийн л жилийн энэ үед Улаанбаатарт тийм л байдагдаа гэхчлэн огт хэрэггүй зүйлс бодох зуураа суудлын бүсээ тайллаа.


Үйл явдлыг нэгд нэгэнгүй тоочих, эсвэл хамгийн чухлыг нь чухал биш зүйлсээр додомдон өгүүлэхийн хооронд том ялгаа бий. Өөрөөр хэлбэл, шалган нэвтрүүлэх дээр биднээс юу асуусан, Элчингийн хоёр жолооч тоссон, байр маань ямархуу санагдсан, хажуугийн мухлагт ороод өөдтэй идэх зүйл олоогүй зэрэг бол тийм ч чухал биш. Тэгснээс монгол зохиолчийн мөрөөр мөшгиж яваа гурван залуу шөнө дундын Берлин хотод, эндэхийн хамгийн алдартай зохиолчдын нэг Хермен Хессэгийн гудамжинд хоол хайж яваагаас эхэлсэн нь илүү дээр биз.  

Түүхийн хар бараан дурсамжийг дотооддоо агуулсан, унтарч цогшсон үнс нурам нь дөнгөж хөрж буй хотод энэ шөнө хичнээн зочин ирээ бол гэсэн огт хэрэггүй бодол толгойд орлоо. Галт тэргээр, машинаар, эсвэл хотын захад байх Шонифилд, Тегел гэсэн хоёр том нисэх буудлаар зугаацаж цэнгэхээр, амь зуухаар, аялахаар, ажиллахаар, эсвэл бидэн шиг аль эрт энд сурч байсан хэн нэгний үүх түүхийг хайх дэврүүн мөрөөдөл өвөрлөсөөр хичнээн хүн ирж буй бол? Эсвэл олоон жилийн өмнөх тавдугаар сарын 30-ны нозооронги шөнө Монголын 35 сурагч, багш нарынхаа хамт урт хормойтой монгол дээл намилзуулан гудамжаар алхаж явахад Берлин одоогийнхоосоо хэр зэрэг өөр байгаа бол гэсэн бодол зурсхийлээ.  Тэр үед Берлин нацизмын бараан түүхийг зүүдлээ ч үгүй, ердөө л саарал цутгамал байшингуудаар жигдэрсэн зүүний хотууд ямар байдаг вэ, тийм л хот байсан биз ээ. Намар нь Д.Нацагдорж нарын зургаан хүн зүүнээс ирэх шөнийн галт тэргээр ирэхэд  тэр үеийн шарх сорви багатай Берлин ямархан санагдсаныг Д.Нацагдоржоос асуумаар санагдана. Зохиолчийн долоон сар амьдарсан энэ хот бидэнд юу дэлгэхийг хэлж мэдэхгүй нь.

ЗурагТайлбар
1927 оны Берлин хот. Сурагчдыг ирэх үеэр хот иймэрхүү өнгө төрхтэй байжээ.
Ардыг Гэгээрүүлэх Яамны түшмэл Д.Чимид 1927 онд сурагчдыг эргэх үеэр | Берлин


Энэ мэтийн аар саархан бодлыг Германд амьдардаг хэдэн мянган туркийн нэгэн адил жижигхэн кебабны газар ажиллуулдаг турк эрийн хоолны үнэр сарниулж орхилоо. Том талхыг дөрөв хуваагаад дотор нь мах, ногоо хийж сүмсээр хачирласан энэ хоолыг анх туркууд германд авч иржээ.  Дундад Азиас олдсон археологийн олдвороор бол энэ хоолны түүхийг манай эриний өмнөх XVII зуунаас эхлэн ярих болно. Тэгэхээр бид хэдэн зуун мянганаар тоологдох түүхийг идэж байгаа хэрэг. Түүнээс гадна Германд идэж болох хамгийн хямд хоол. Ердөө 3.6 евро. Нэг хоёртын зоос, нэг нэгтийн зоос, тавин цент, арван цент тус бүр нэгийг шидэхэд л  ийм хоол идэж болно. Гэхдээ монгол мөнгөөр бол арван мянга даваад явчихна. Дундаж ресторанд дажгүй шөлтэй хоол идчих л мөнгө шүү дээ. Гол нь тэр орой бидэнд үнэхээр үүнээс өөр хоол олдоогүй тул нэг кибаб идээд байрандаа очлоо.

Турк эрийн кебабны газраас бидний авдаг байсан хоол 

Байр маань хагас подваль хэдий ч Берлин шиг үнэтэй хотод бол аз гийсэн хэрэг ээ. Гурван өрөөний хоёрт нь ор байх тул арай өргөн орон дээр нь Төгөлдөр бид хоёр тухалж, нөгөө өрөөнд Эба унтахаар болов. Талх, мах, хурц амтлагч гээд кибаб үнэхээр хүнд хоол, шөнөжин зүүдэллээ.

Зүүд: Яг оройны орсон кибабны газар яваад ортол Хермен Хессэ сууж байх юм. Германаар хэдэн хүнтэй ямар нэг зүйл ярилцангаа орж ирсэн бидний зүг толгой эргүүлж байна. Нөгөө л мэддэг бөөрөнхий нүдний шил, хавчиг толгойтой хижээл эр. Гэтэл гэнэтхэн орчин маань огт өөрөөр солигдож бид хажуугийнх нь Вьетнам шөлний газар суутал Нацагдорж ороод ирэх нь тэр. Тэр булангийн ширээнд суугаад юу ч дуугаралгүй цонхоор ширтээд л байлаа. Нэг мэдэхнээ би өөрөө Нацагдоржийн оронд суучихсан цонхоор ширтэж байх юм. Тэгсгээд зүүд сарниж, өөр утга учиргүй үйл явдал руу орчихжээ.

Маргааш нь үнэхээр бид Вьетнам шөлний газар орж хуурга авч идсэн бөгөөд цонхоор нь эсрэг гудамжны жижигхэн кино театр, машин, трамбай явж өнгөрөхөөс өөр юу ч харагддаггүйг анзаарсан билээ.

Өглөө нь гарч хоол идээд утасны дугаар авахаар хэдэн цаг гудамж хэрэн алхлаа. Явж явж нэг дугаар олсон нь заавал салбар дээр очиж бүртгүүлэх ёстой, дээр нь герман хүн байх шаардлагатай гэсэн тул яахаа мэдэхгүй эргэлзсээр гурван ч цаг өнгөрлөө. Цаг харвал нэг цагийг зааж байна. Тэгэхээр Монголд ид битүүрч байгаа хэрэг. Жилийн хамгийн элбэг дэлбэг өдөр үл таних хотын гудамжинд хоол унд муутай, утасны дугаараа ч олсон юмгүй яваа нь нэг бодлын хоржоонтой хэрэг шүү. Тэгээд яг өдийд өсөж төрсөн гэрт маань ямаршуухан янз байдалтай байгааг дүрслэн бодлоо. Аав маань гэрийнхээ хойморт сууж сан тавьж, ээж тогоондоо нутгирсан цай буцалгаж байгаа. Бүгд шинэ дээл хувцсаа сольчихсон, зурагтаар бөх зарлах дуу хадаж, гэрийн хаалгаар орж ирэх жавар хүртэл цаанаа уясуу л байгаа. Ер нь жинхэнэ цагаан сар малчны хотонд л болдог доо. Төв газар бол олны жишгийг даган худалдаж авсан ууцнаас бусдаар шинэ жил, төрсөн өдөр, эмэгтэйчүүдийн баяр гээд есөн шидийн баяраас нэг их ялгараад байх зүйлгүй л өнгөрдөг юм. “Байрандаа очиж учраа олъё. Интернэтэд холбогдвол болж магад”, “За, тэгье”.

Вьетнам хоолны газрын цонхоор зэргэлдээх жижигхэн кино театр харагдана

Маргааш өглөө нь биднийг сэрэхэд Монголд бүх зүйл болоод өнгөрсөн байлаа. Аав ээжтэй хамгийн сүүлд Москвад л холбоо барьсан. Лхагваагийн утсаар холбогдсон ч сүлжээ унаад өөдтэй ярьж чадаагүй. Хэлье гэсэн үгээ хэлээд тасалсан. Үг маань Сибирийн өтгөн тайгын дундуур цуурайлаад ч болов хүрнэ биз гэж бодсоных. Орон дээрээсээ харалдаах цонхны хөшигөн завсраар харвал хүмүүсийн хөл жирэлзэн өнгөрөх нь Элчингийнхэн цагаан сараа тэмдэглэх гээд хөлтэй байгаа бололтой. Утсаа асааж фэйсбүүкээ шалгалаа. Баярын мэндчилгээ... гунигтай мэдээ. Нэг их найрагч орчлонгоос мордож, өөр нэг нь хүндэт тэмдгээр шагнуулжээ. Баяр гуниг гээч алийг нь ч орхигдуулж болохгүй тэнцвэр дээр орчлон тогтож байдаг хойно. Найрагч гарцаагүй бор талынхаа элгийг цөмлөн нутагтаа шингэсэн биз ээ. Яруу найрагчид гэх сэтгэл зүрхээ бусдын алган дээр тавьж бөмбөчүүлэн, өөрсдийгөө тамладаг улс шиг санагддаг. Өнгөрч одсон бусдын араас харуусах үед хийх зүйл олддоггүй нь нөхцөл байдлыг бүр ч гунигтай болгочих нь бий. Гэлээ гээд маани мэгзмээр сэтгэлээ хуураад яалтай, үүний оронд гүүглээс “Реквием” шүлгийг нь гаргаад амандаа бувтнан уншлаа. Энэ л миний маани болог. Яруу найрагчид эх хэлний дайчид гэсэн үг бий. Үнэхээр тийм бол Д.Нацагдорж, Б.Лхагвасүрэн гэсэн хоёр дайчин тэргүүн эгнээнд, гал дөлөн дунд тулалдаж үндэсний яруу найргийн “тусгаар” байдлын төлөө амьдралаа зориулсан нь л гарцаагүй юм даа.

Удалгүй хаалга торхийх чимээ гарч элчингийн жолооч ах бидэнд золгуут эхэлж буйг дуулгалаа. Герман дахь монголчууд, монголыг судалдаг германчууд цугласан цагаан сар дээр “Хүрэн толгойн сүүдэр”-ийг дууллаа.

Хүрэн толгойн сүүдэр нь

Хөндийгөө дагаад хүүшлэнэ дээ

Хүний жаахан чамтайгаа

Сэтгэл юундаа даслаа даа... 

Миний хувьд дуу хөгжим гэдэг ухаан орохын л аавын дуулдаг хэдэн ардын дуу байлаа. Тэр дууны үг ая нь надтай цуг төрсөн мэт сэтгэлд үлджээ. Одоо цагаан сар гараад, удалгүй хөндийн зэрэглээ татаж, уулсын сүүдэр тодроод ирнэ. Энд харин хоёр сар дөнгөж гарч байхад намар орой юм уу, хаврын эхэн сар шиг өдөртөө нар төөнөж, бороо шивэрч байна.

Маргааш нь эртлэн босоод хотын төв орохоор хэрэгслээ бэлдлээ. Баримтууд дээрээс шүүрдэж, Герман танилын маань баталснаар бол монгол сурагчдын захиргааны байр Баруун Берлинд тэр хэвээрээ байгаа. Тэндээс нүүж, шилжин орсон байр нь ч бас бий. Ярилцаж тохирсны дагуу биднийг О.Оюунтуяа эгч ирж авлаа. Герман дахь Монголын соёлын элч түүнтэй бид хэдэн сарын өмнөөс холбоо тогтоон, Берлин дэх ажлын маань ихэнхийг нугалж яваа нь энэ. Бид ойр зуурын яриа дэлгэн, энэ тэрийг ярилцсаар Берлинийг хөндлөн туулан Баруун Берлиний зүг хурдалж явлаа. Цаг Берлинд өдрийн арванхоёрыг зааж байлаа...


Найрагчийн мөрөөр: Алдагдсан цагийн эрэлд (Цуврал I) эндээс уншина уу!  

Найрагчийн мөрөөр: Сорви мэт түүхүүд (Цуврал II) эндээс уншина уу!

Найрагчийн мөрөөр: Хүмүүс хэмээх тэмдэг нэр (Цуврал III) эндээс уншина уу! 


холбоотой мэдээ
1
2019.07.02
Найрагчийн мөрөөр: Шувуу мэт гэгээн, ангид, хөөрхий улс
2
2019.06.25
Найрагчийн мөрөөр: Энд үлдсэн дурсамжууд
3
2019.06.11
Найрагчийн мөрөөр: Цаг хугацаа мэндлэхээс өмнө
санал болгох
1
Уржигдар
Энэ 7 хоногийн ТРЭНД сэдвүүдийн тухай ХӨГЖИЛТЭЙ 8 пост, meme
2
Уржигдар
Хятад улс сошиал нөлөөлөгчдөө ингэж бэлдэж байна
3
Уржигдар
Хэт эелдэг, нөхөрсөг байхын 5 сул тал

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.