Хайх зүйлээ бичнэ үү

13 мин

Найрагчийн мөрөөр: Өнө мөнхийн доторх нэг өдөр

Зохиолч Д.Нацагдоржийн мөрөөр туулсан 20 000 км зам | Цуврал VII | Лайпциг


Хоёрдугаар сарын 16. Дорнын тооллоор бол хаврын тэргүүн улаан барс сарын найман цагаан мэнгэтэй хөх бич өдөр Берлинээс өмнө зүг хөдөлсөн зөөврийн унаанд аяллын үүргэвч эгэлдрэглэсэн хоёр залуу эр суулаа. Унаан доторх гуч гаруй хүн өөр зуураа герман хэлээр чанга чанга ярилцахын дундуур өнөөх хоёр эр намжуухан дуугаар өөр нэг хэлээр ярилцаж байлаа. Бие бие рүүгээ толгойгоо хандуулан ямар нэг чухал зүйл хэлэлцэнэ. Тэднийг нэрийнх нь эхний үсгээр Т болон Б гэж нэрлэе. 

Т асуух нь: Нацагдорж Лайпцигт хэр удаан амьдарсан бэ?                                                                                  Б хариулсан нь: Берлинээс 1927 оны зун Лайпциг явсан бололтой байна. Тэгэхээр 1929 оны зунаар нутаг буцталаа бараг хоёр жил амьдарсан байна. 


Чингис хаанаас гурав дүү хот 

Берлинээс өмнө зүгт хөдөлсөн автобус хурдны замаар хоёр цаг давхиад Лайпциг хотын зах руу орлоо. Дэлхийн хоёрдугаар дайны хөлд хамгийн их нэрвэгдэж, гудамжнуудых нь урт үхдэл цогцсоор хэмжигдэж, байшин барилгууд нь эвлүүлдэг тоглоом шиг бут үсэрсэн энэ хотыг 1989 онд холбоотнуудын заншлаар Баатар хот хэмээн өргөмжилсөн нь үзэл суртлын золиосонд амиа өргөсөн дайчдын амийг хүрэл хөшөөгөөр цагаатгадагтай л адил явдал болжээ. 

Эхэндээ энэ газар модод шуугисан зэлүүд тал байв. Магад далдуу модод мөчир намиагаа дааж ядан бөхөлздөг байснаас тэр үү Славян хэлний “далдуу мод” гэсэн үгээр нэр оноожээ. Есүхэй баатар Тэмүжин Үгэ нарыг дайлаад ирэх үед Өүлэн үжин Ононы Дэлүүн болдогт амаржсанаас гурван жилийн дараа хотын статустай болсон гэхээр энэ хот Монголын их хаанаас гуравхан насаар дүү гэсэн үг. 

Автобусны зогсоол дээр Лаура жижигхэн хар нохойтойгоо биднийг тосож, буудаллах байранд маань хүргэлээ. Лаурагийн сургуулийн найз, солонгос ээж, герман аавын охин Нара бид хоёрыг гэртээ байлгахаар тохирч, байр сууц хөлслөх том ачааг минь хөнгөлж өгсөн нь энэ. Орчин цагийн ямар ч айлд байх интернэт, телевиз тэднийхээс олохгүй. Гэрээ авсаархан, минимал байдлаар тохижуулж, дэлхийгээр аялж явахдаа цуглуулсан эд зүйлээр чимэглэжээ. Хуучны том модон ширээн дээр нь компьютерээ дэлгэж суугаад булангийн жижиг ширээн дээрх радиогоор орой бүр хуучны дуунууд сонсдог минь эцэстээ уламжлал болсон байв. 

Очсоныхоо маргааш нь бид трамбайд сууж хотын урд зах руу хөдөллөө. Д.Нацагдоржийн Лайпцигт өнгөрүүлсэн цаг үеийн дурсамжид Коннивец хороо, Вийдебахын талбай гэсэн байршил олонтоо таардаг. Тухайн үед хотын захын тосгон шахуу байсан дүүрэг өнөөдөр бол төвөөс ялгаагүй хөгжжээ. Дал наян жилийн өмнөх дайны хор уршиг өдгөө бидний үйл хэрэгт ч саад хийж буй нь дайн дажин гэдэг ямар хорлонтой эд болохыг мэдрүүлнэ. Эндэхийн байшин савыг дайны үед нураачихсан учраас энэ гээд очих газар олдсонгүй. Жирийн ажилчдын хороолол байсан энэ дүүрэгт зохиолч маань “Алс газар сурахаар явагч”, “Майн нэгнийг хөрөнгөтний газар үзсэн нь” зохиолоо бичиж суув. Тэднийг Лайпцигт байх үед Германы хотуудаар Майны нэгний өдөр ажилчдын жагсаал болсныг баримтжуулсан гэрэл зургийг Улаанбаатарт байхад Лаура цахим хаягаар илгээсэн юм.  

Тэндээсээ бид Бозештрассе гудамж руу явлаа. Дарааллын хувьд бол Нацагдорж эхлээд Бозештрассе гудамжинд эхнэр Пагмадуламтайгаа байр түрээслэн амьдарч байгаад Конневиц руу нүүсэн юм. Д.Нацагдоржоос Улаанбаатар луу, бас Берлин дэх багш Ишдоржид илгээсэн захидлын төгсгөлд “Бозештрассе гудамж, 4 тоот, Бек” гэсэн хаяг тавьдаг байсны дагуу бид хотын төвийн хоол, кофены газар зэрэглэсэн хөл ихтэй гудамжинд ирэв. Дөрвөн давхар шар байшингийн гадаад үзэмжийг харвал нэлээд тансаг сууцны шинжтэй, хотын төвд байрлалтай юм. Лаура Бахманы хэлэхээр “Түрээсийн үнэ нь өндөр учраас нэг их удаагүй байх.” Байшингийн зүүн талд еврейчүүдийн дурсгалд зориулан босгосон хоосон сандлуудын хэлбэрт хөшөө байна. Самбар дээр энэхүү хороололд амьдарч байсан 10 000 еврей иргэнийг байрнаас нь хөөсөн талаар бичиж хаджээ. Сандлын дээгүүр, ердөө арваад метрийн цаана Монголын нэгэн зохиолчийн сууж байсан байр харагдана. Аль аль нь цаг хугацааны эрх, үзэл суртлын галд шатаж төгссөн нь харамсалтай. 

ЗурагТайлбар
Д.Нацагдорж, Д.Пагмадулам нарын Лайпцигт анх ирээд амьдарч байсан байр | 2019 он 
Д.Нацагдоржийн амьдарч байсан Коннивец дүүрэг | 2019 он
Эрих Хэнишийн амьдарч байсан сууц | 2019 он









Лайпцигийн их сургуулийн Дорно дахин судлалын сургуулийн гадна байдал | 2019 он

Гэрэл зургийг: М.Төгөлдөр 


Байрнаас баруун тийш алхаад Густав Махлер гудамж дахь Эрих Хэнишийн амьдарч байсан байшинг үзээд Лайпцигийн их сургууль руу эргэв. Дэлхийн хамгийн эртний их сургуулийн төв хэсгийг шинээр барьж, зарим хэсэг нь хуучны хийцээрээ үлджээ. Шинэ байр, хуучин байрны хооронд нарийхан гудамжаар тусгаарлагдана. Зүүн талын шинэ байрны буурин дээр байсан хуучин барилгад Лайпцигийн их сургуулийн Сэтгүүлзүйн сургууль байрлаж байсан бол баруун талын байранд Дорно дахин судлалын сургууль байрлаж байв. Д.Нацагдорж Берлинээс яах гэж ирсэн, хаана сурч байсан, хэрхэн сурсан зэрэг баримтгүй хоосон таамаг хоёр өдрийн дараа Лайпцигийн өмнөд дүүрэгт Эрика Таубе гуайтай уулзах үед тодроод ирсэн юм. 


Уулын тосгон дахь ул мөр 

Өглөө найман цагийн галт тэргэнд амжиж суусан бид Лайпцигаас зүүн өмнийг чиглэн давхиж явлаа. Хүн багатай энэ галт тэрэг Германы өмнөд хэсгийн Тюрингин мужийн Салфельд хотыг зорьж яваа нь энэ. Улаан дээвэрт байшин, моддын дунд суурьшсан хот тосгод, гол ус л ээлжлэн жирэлзэнэ. Хоёр цаг хэртэй яваад Виккерсдорф хотын өртөөнд буулаа. Гучин минут хэртэй автобус хүлээж зогсоод хотыг нэвт туулан баруун урагшаа давхиж, уулын ам руу өгсөөд эзгүй ой дунд буух нь тэр. Лаурагаас одоо яах тухай асуувал “Одоо бид алхаж хүрнэ” гэх нь тэр. Моддын завсраар дээшээ тэнгэрээс өөр зүйл үл харагдах уулын хавчиг замаар хоёр монгол, нэг герман хүн мөстөж хайрстсан цас точигнуулан өгсөж явлаа. Хоёрдугаар сарын хэсэг бусаг үүлтэй тэнгэр энэ байтугайг үзлээ гэсэн шиг үл ажиран мэлтийнэ. 92 жилийн өмнөх рүү эргэж харвал энэ замаар Монголын 10 сурагч багштайгаа хавчиг замыг өгсөн Виккерсдорфыг зорьж явлаа. Бас Д.Нацагдорж монголоос ирээд шууд энд ирж монгол сурагчдад герман хэл зааж байсан Даллер багшаар хичээл заалгасан талаар судлаачид дурдсан байдаг. Сурагчид яг л ийм хоёрдугаар сарын жихүүн хэр нь үд дундаа нар ээсэн өдрөөр энд ирснийг захидлууд батална. 

“Өчүүхэн шавь бид нар бүгдээр энэ сургуульд ирээд тантай гар барилцан салснаас хойш уул сургуулийн байдал шавь нар бүгдтэй хэвийн мэт уул сургуулийн заадаг зүйлийг үзсээр сууж амой. Бид зарим өдөрт дөрөв ба нэг хоёрын хэр сургууль хийдэг болой” гэсэн захидлыг Берлин дэх Ишдорж багшдаа хоёрдугаар сарын 10-ны өдөр илгээсэн байна. 

Виккерсдорфын сургуульд сурч байсан монгол сурагчид сургуулийн хамт олны хамт | 1928 он (Ч.Болдын хувийн архивын зураг) 

Бид явсаар тосгоны дундуур туучин сургуулийн байранд орлоо. Одоо бол саажилт, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сувиллын сургууль болсон энэ байр 240 хүнтэй бяцхан тосгоны зүрх нь юм. Удалгүй сургуулийн захирал өндөр нуруулаг, буржгар үстэй Удо Волф хэмээх герман эр ирж, монгол сурагчдын түүхийн талаар сонсож дуулснаа ярьж өглөө. Сурагчдын байрлаж байсан байр, тэр үеийн хичээлийн анги танхимыг засварлан арай өөрөөр тохижуулжээ. Удалгүй тэр өөр хэн нэгэнтэй утсаар ярьж, Лаурагийн хэлэхээр Виккерсдорфийн сургуулийн түүхийг бичиж хэвлүүлсэн махлаг, биерхүү эр суудлын хар тэрэгтэйгээ үүдэнд ирж зогслоо. Монгол сурагчдыг ирэх үед сургууль биеийн тамир, хөгжмийн хөтөлбөрөөрөө алдартай, гаднын сурагчдыг хүлээн авдаг газар байсан талаар яриа хөөрөө болж, өдрийн цайгаа ууж, бичлэг, зургаа аваад Салфелд руу эргэлээ. 

Виккерсдорфоос ирснийхээ маргааш бид Лайпцигийн “Хэвлэлийн музей” үзэхээр очсон юм. Аялал зугаалгаас илүүтэй өнөөх л ул мөр, баримт баримжаагаа хайж яваа нь тэр. Дөрвөн давхар музейн байр нүсэр хэвлэгч машин, хэв дардас гаргагч, үсгийн фонтны тугалган цутгамал, барлах дардас гээд хэвлэлтэй холбоотой бүхнээр дүүрэн. Ажилчид нь музейн гэхээсээ машин засварын ажилчид шиг дүрэмт хувцас өмссөн харимаг насны улс байна. Учир нь гурваас дөрвөн машины дунд нэг мэргэжилтэн ажиллаж, машины бүрэн бүтэн байдлыг хариуцна. Арваннаймдугаар зууны үед бүтээсэн, бараг л дэлхийн анхных гэмээр хэвлэгч машин нүдэн дээр тачигнатал ажиллаад юм хэвлэхийг харах нь барагтай байшин барилга үзсэнээс сонин явдал байлаа. Лаурагийн хэлснээр эндэхийн нэг машин дээр монголын газрын зургийг хэвлэсэн гэнэ. Удалгүй тэр машиныг олсон ч монгол бичгийн фонт хайгаад олсонгүй. Өмнөх нийтлэлд дурдагдсан газрын зургийг хэвлэхэд ашигласан монгол бичгийн хэв хаачсаныг мэдэхгүй. 

ЗурагТайлбар
Лайпциг хот дахь "Хэвлэлийн музей"-ын үсгийн хэв дардасны тасаг | 2019
Монголын газрын зургийг хэвлэсэн машиныг ажлуулж үзэхээр бэлтгэж буй нь | 2019 


Орой байрандаа ирвэл Энхбатаас зурвас иржээ. Даатгалын компаниас нааштай хариу ирээгүй учраас монголд хүнээр хөөцөлдүүлж байгаа тухай бичиж. Гадаадад төлөөлж буй компани нь зөвшөөрсөн ч Монголын талаас түвэг удаж буйд ундууцах, гомдох ч шиг мэдрэмж төрнө. Эрүүл мэндийн даатгал хийлгэж буй хүмүүс анхнаасаа даатгалын компаниас бүх боломжит нөхцлийг асууж лавлах хэрэгтэй юм билээ. Радиогоо нээгээд хоолоо бэлдэхээр галт тогоо руу орлоо. Урт аялалд өөрсдөө хийсэн хоол иднэ гэдэг баяр жаргал билээ. 


Зугтаж одсон Алтан Эльза

Лайпцигаас буцдагийн урд өдөр цаг агаар тогтуун, сайхан өдөр боллоо. Монголд хаврын эхэн сар гарчихсан гэдгийг сануулах шиг аялалд гарснаас хойш анх удаа гадуур хувцсаа тайлах хэрэг гарав. Энэ өдрийн үйл явдлыг дэс дараалалд оруулахын тулд аялалд гарахаас сарын өмнөх цаг хугацаа руу эргэж харъя. 

Визний хариу гаралгүй удаж байгаа ч орос, герман дахь хүмүүстэй харилцсан хэвээрээ, өглөө босоод хамгийн түрүүнд мэйлээ нээж, шинэ сураг мэдээ ирж үү гэдгийг шалгадаг байлаа. Нэгдүгээр сарын эхээр нэг өглөө утсаа шалгавал хэд хоногийн өмнө мэйл бичсэн Эрика Таубегаас хариу иржээ. “Сайн байна уу? Би Эрика Таубегийн нөхөр Манфред Таубе байна. Эхнэр маань альцхеймертай болоод удаж буй. Таныг ирэхэд уулзах эсэхээ мэдэхгүй байна” гэжээ. Урамгүй сураг сонссондоо сэтгэл дундуур боссон би заавал уулзах, ядахдаа царайг нь ч болов харчих болов уу гэсний үндсэн дээр заавал уулзах хэрэгтэй байгаагаа учирлалаа. Германд суралцсан сурагчид, зохиолч Д.Нацагдоржийн мөрөөр хамгийн сайн явсан судлаачтай уулзаж чадахгүй нь гэсэн бодол намайг шаналгаж орхилоо. Сар орчмын дараа биднийг Орост явах үеэр Манфред Таубе гуай хариу ирүүллээ. Тэр нь “Ер нь бие нь тааруу уулзах боломжгүй” гэсэн утгатай байв. 

Гэтэл биднийг Лайпцигт очсоноос хоёр өдрийн хойно Лаурагаас Эрика Таубе гуай уулзахыг зөвшөөрсөн талаар мэдээ ирлээ. Ингээд бид хотын зах руу Таубе гуайн гэрт очихоор болов. Лайпцигийн урд захад шувууд жиргэсэн ой моддын дундах гэрт нь очлоо. Биднийг мод бутаар дүүрэн цэцэрлэгийнхээ үүдэн дээр тоссон Манфред Таубе гуай 90 гарч яваа, харин Эрика Таубе гуай 80 гарч яваа гэнэ. Монголоос хүмүүс ирсэн гээд хүү Жэкоб Таубе нь түр ирээд байлаа. Гэрийнх нь хана номоор дүүрэн энэ хоёр хүний амьдрал дорно дахин, тэр дундаа монголтой холбогджээ. Манфред Таубе бол Эрих Хэнишийн анх герман хэлнээ орчуулсан “Монголын Нууц Товчоо”-г засан сайжруулж орчуулсан хүн. Харин Эрика Таубе Германд сурсан монгол сурагчдын талаар хамгийн ул суурьтай судалж, гурван ч өгүүлэл нийтлүүлсэн юм. 

ЗурагТайлбар

Судлаач Манфред Таубе, Эрика Таубе, хүү Жекоб Таубе, монгол судлаач Лаура Бахман, төслийн багийнхны хамт | 2019 


Эрика Таубе гуайн гэр дэх ховор зураг. Тэрбээр энэ хүнийг зохиолч Ч.Галсангийн ээж хэмээн тайлбарласан юм. 
Лайпцигийн их сургууль дээр Д.Нацагдоржийн талаарх лекцийг Лаура Бахман хэлэлцүүллээ | 2019

Биеийн байдлаас болоод ч тэр үү, урьдын юм аа санах гэж цонхоор гадагш холыг ширтэнэ. Түүнийхээр Д.Нацагдорж Лайпцигийн их сургуулийн профессор Эрих Хэнишийн үйл хэрэгт тусалж байжээ. Эрих Хэнишд Д.Нацагдоржийг хажуудаа авахыг санал болгосон хүн нь монгол сурагчдыг хариуцан туслалцаж байсан Сергей Вольф. Эрика Таубе гуайн хэлэхээр “1927 оны хавар, зунаар Хэниш “Монгол ардын үлгэр бичгийн болон аман ярианы хэлээр” сэдэвтэй лекц уншсан нь тохиолдлын хэрэг биш, Нацагдорж ирсэнтэй холбоотой.” Тэр хотын архив, их сургуулийн архив, ер нь байх боломжтой бүх газраар хайгаад Д.Нацагдоржийн сурч байсан тухай баримт олоогүй гэнэ. Тиймээс ч Зүүн Азийн семинарын захирал Эрих Хэниш хажуудаа ирсэн монгол залууг багын найз Эрих Эбертийн толгойлдог Сэтгүүлзүйн сургуульд сонсогчийн хувиар суулгасан гэх таамагт хүрчээ. Д.Нацагдорж Германаас ирснийхээ дараа өгсөн байцаалтдаа Германд сонин, сэтгүүлийн мэргэжил эзэмшсэн гэж мэдүүлсэн нь ийн таамаглахад хүргэнэ. 

Лайпцигийн долоон хоног ажлаас ажлын хооронд шурхийн одлоо. Лайпцигаас Берлинд буугаад шууд Бьорн, Золоо хоёр луу утасдаж, “Алтан Эльза”-гийн хөшөө рүү явав. Уг нь Бундестагийн ордны өмнө, яг л Сүхбаатарын хөшөө шиг сэрийж асан хөшөө дайнаас “зугтан” урагшаа 1.5 километр нүүжээ. Энэ хөшөөний өмнө монголоос очсон өсвөр насны хүүхдүүд нэг нэгээрээ зогсож даруулсан хөөрхөн зураг Ч.Болд судлаачийн бичсэн “Алс газар сурахаар одогсод” номд бий. Ийн өдөржин холхисон хоёр хүн эцэж ядарснаа гайхан шөнө дөлөөр байрандаа ирлээ. 

Гурав хоноод Берлинээс хөдөлнө. Ачаа ихтэй, хөл гарыг нь хөндөж болохгүй гэсэн учраас Энхбатыг шууд нислэгээр буцааж, Төгөлдөр бид хоёр Франц руу нисэхээр ярьж тохирлоо. Тэр хүртэл дутуу ажлуудаа амжуулна. Маргааш бас л нэг ажил ургах нь дамжиггүй. 

Найрагчийн мөрөөр: Алдагдсан цагийн эрэлд (Цуврал I) эндээс уншина уу!  

Найрагчийн мөрөөр: Сорви мэт түүхүүд (Цуврал II) эндээс уншина уу!

Найрагчийн мөрөөр: Хүмүүс хэмээх тэмдэг нэр (Цуврал III) эндээс уншина уу! 

Найрагчийн мөрөөр: Цагийн зөрүү (Цуврал IV) эндээс уншина уу! 

Найрагчийн мөрөөр: Цагийн зөрүү (Цуврал V) эндээс уншина уу! 

Найрагчийн мөрөөр: Манан дундах дурсамж (Цуврал VI) эндээс уншина уу!

 


холбоотой мэдээ
1
2019.07.02
Найрагчийн мөрөөр: Шувуу мэт гэгээн, ангид, хөөрхий улс
2
2019.06.25
Найрагчийн мөрөөр: Энд үлдсэн дурсамжууд
3
2019.06.11
Найрагчийн мөрөөр: Цаг хугацаа мэндлэхээс өмнө
санал болгох
1
Уржигдар
Энэ 7 хоногийн ТРЭНД сэдвүүдийн тухай ХӨГЖИЛТЭЙ 8 пост, meme
2
Уржигдар
Хятад улс сошиал нөлөөлөгчдөө ингэж бэлдэж байна
3
Уржигдар
Хэт эелдэг, нөхөрсөг байхын 5 сул тал

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.