Хайх зүйлээ бичнэ үү

13 мин

Найрагчийн мөрөөр: Тэмдэгт газрууд

Зохиолч Д.Нацагдоржийн мөрөөр туулсан 20 000 км зам | Цуврал V | Берлин


“Амьдралын тухай хүн бүр, янз янзаар тайлбарлах нь бий. Эцэстээ бидний тайлж ядсан тэр амьдрал гээч нь бид өөрсдөө л юм гэдгийг ухаарахын цагт орчлонгоос буцдаг бололтой. Тэрнээс бидэнд бэлдчихсэн амьдралын загвар хаа нэгтээ хүлээж байгаад би хувьдаа итгэдэггүй. Хүн сонгож алхсан замаараа урт удаан аялалд гарахдаа нуруун дахь хүнд ачаагаа сэлгэн буудаллаж, бага багахан хором мөчүүдээ зүүж томсоор, тэрхүү жижиг өөдөс нийлж нэгэн цул амьдрал үүсдэг биз ээ. Дараа нь бид тэр хүний эвлүүлсэн амьдралыг багахан хугацаанд эргэн харахдаа “тааруухан амьдралаа даа”, “сайхан амьдарч дээ” гэх хуурмаг үгсээр хулдах ч энэ үгс хэзээд хөнгөддөг жамтай. Гол нь хүн чөлөө завгүй амьдралын хүрдэнд эргэлдэхдээ амьдралаа цул болон биежиж буйг ч анзаарах сөхөөгүй явдаг шүү дээ”

2019 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр | 00.30 цаг | Берлин | Тэмдэглэлээс


Польш | Одерын эрэг 

Сурагчдын явсан замаар, бүр тэгэхдээ явсан унаагаар нь явах юм шүү гэж ярилцаж хөдөлсөн аялалын маань зарим хэсэг Москва хүрэх үед бүтэхгүй нь тодорхой боллоо. Өвлийн жавар буугаагүй, хүйтэн ид дундаа байгаа учраас усан зам хаалттай, ирэх гуравдугаар сараас нааш нээхгүй гэсэн таагүй хариу сонссон бид Москвад буусан оройгоо Санктаас Берлин нисэх тасалбар хайж эхлэв. Нэгэнтээ усан замаар явахгүй юм бол галт тэрэг, автобус гэж цаг алдахын оронд ниссэн нь шулуун гэж ярилцсаны эцэст гурвуулаа зэрэг хайн байж арайчүү хямд тасалбар оллоо. Берлинд нисэж ирсэнээс хойших тав дахь хоног дээр Польш орох хоёр давхар галт тэрэгний дээд давхрын суудалд тухлаад Берлиний захын тансаг хувийн сууц, хэр тааруухан модон байшингууд, хуш, нарс шигүү зэрэглэсэн цэцэрлэг, нов ногоон толгодыг ажин зүүн хойдыг чиглэн давхиж явлаа. 

Галт тэргэнд голцуу настай германчууд, гэр бүлээрээ яваа тосгоны бололтой улс, ачаа бараа ихтэй явна. Цаг хэртэй яваад галт тэрэг сэлгэх тул хэн нэг нь унтахгүй байж даалгавар гүйцэтгэх ёстой. Удалгүй нөгөө хоёр маань толгой дохигонуулж эхэлсэн тул миний унтах ч өнгөрөв бололтой. Берлиний захад зогссон галт тэрэг шулуун замдаа орж, удалгүй сэлгэх өртөөнд ирлээ. Сэлгэсэн галт тэргэнд голцуу польшууд, ганц нэг жуулчин бололтой хүмүүс харагдана. Хэл яриа нь ч орос маягийн төрхтэй болж, галт тэрэг маань ганцхан давхар байдаг л нэг суудлын тэрэг болсон нь Польшийн нутаг руу ойртож буйг илтгэнэ. Хуучин тосгон, хаа нэгтээ хаягдсан байшин сав, эвдэрч сүйдсэн газар орон, дайны ул мөр болов уу гэмээр “шарх” сорив цонхоор үзэгдэнэ. Дахин цаг давхиад Польшийн өрнөд Померн мужийн нийслэл Штетин хэмээх боомт хот руу орлоо. Галт тэрэгний буудлын урдуур Одер мөрөн урсан байна. Бид бодох санах зүйлгүй шуудхан Одерын эргийг даган Балтийн тэнгис рүү урсан цутгах чигийг даган алхлаа. Юу биднийг Берлиний төв зогсоолд гурван цаг хүлээж, галт тэргэнд хоёр цаг суулган энд авчирсныг одоо хэлье. 

Монголоос гарсан сурагчид, зохиолч Д.Нацагдоржийн аль аль нь тухайн үед Германы Ваймарын улсын харьяа, чөлөөт Прүссийн хот байсан Штетин хотын усан зогсоолд Балтийн тэнгисээр гурав хоног аялан иржээ. Энэ талаар сурагчдыг ахалж явсан сайд Эрдэнэбатхан “...Энэ өнгөрсөн Май сарын 27-ны орой есөн цагт Ленинградаас Германы галт онгоцонд хүүхдүүдийн хамт сууж Балтийн далайгаар бүгд 3 хоног, 4 өдөр явах завсар улс гэрийн буян ихийн тул, тус сургуулийн хүүхэд нийтээр айж цочихын зүйлийг өчүүхэн төдий ч үзэлгүй далайн салхи нам дөлгөөн, давалгаа ихээр тохиолдсонгүйгээр замдаа сайн явж мөн сарын 3-ны оройн долоон цагт Германы Штетин хэмээх хот хүрсэн...” гэж тэмдэглэсэн бий. Бид Одер мөрний эх рүү, Балтийн тэнгис тийш алсран уусах цутгалангийн зүг алхаж явлаа. Сурагчид галт тэрэгний зогсоолоос дээш хоёр гурван километрийн зайд байх хуучин зогсоолд бууж галт тэрэгний зогсоол руу алхаж ирсэн бололтой. Тухайн үед Балтийн тэнгисээр хөвж ирсэн онгоцууд Одер мөрний дунд цутгаланд ирж жолоогоо татдаг байсан юм билээ. Удалгүй мөрний эрэгт уяатай том том хөлгүүд харагдаж эхэллээ. Сурагчдыг усан онгоцноос буух үед Герман дахь Монголын төлөөлөгч Даши Сампилоны гуйлгаар тосохоор очсон Сергей Вольф монгол дээл, бүр малгайтай монгол хүүхдүүдийг харсан улс гайхан алмайрч байсныг дурссан байдаг бол харин биднийг гудамжаар яваа улс жирийн л ази аялагч гэж харж буй нь илт. Мөрний хөвөө сахин зогсох загасчид, гудамжаар зөрөх залуусын нүдэнд адал явдал, газар орон үзэхээр яваа гурван ази л харагдаа биз. Европ хувцас өмсөж, цүнх үүрч, камераа хүзүүндээ зүүсэн бидэнд хүн гайхшруулчих юу ч үгүй. Алхсаар хэд хэдэн онгоц өнгөрч, хуучин зогсоолын харалдаа ирлээ. Энд л сар гаруйн адал сонирхолтой аяллыг туулсан монгол сурагчид буусан билээ. 

ЗурагТайлбар

Сурагчдын ирсэн усан зам | 2019 он


“Найрагчийн мөрөөр” баг Польшийн Штетин хот, Одер мөрний эрэгт | 2019 он




Одер мөрөн дөлгөөхөн урсана, урсгалыг нь ширтэн хэсэг зогслоо. Энэ урсгалд бидний адил тольдож зогссон хөвгүүд охид одоо үгүй, бүхнийг сарниулан урсгагч энэ усыг хүртэл цаг хугацаа шавхаж одно. Сольтогтохын Дамдиндорж гэх найрагчийн нэг шүлэгт, 

“Гүүрэн дээр би зогслоо

Гүн их усны харуусал байлаа

Гүүрэн доогуур он цаг урслаа

Гүймэгхэн долгионд нь урсчихгүй

Бүдэгхэн зураг минь залуухан байлаа” гэдэг шиг л залуухан дүр зургаа урсгалд хөвүүлж үлдээлээ. 

Зураг, дүрсээ авч нэлээд саатаад буцаж зогсоол руу алхлаа. Буусныхаа дараахан орой буцах галт тэрэгний тасалбар авчихсан тул яаравчлах ёстой. Сурагчдыг энд ирэх үед Штетин Банхоф байгаад одоо бол “Штетин Гловни” гэх болсон европын төмөр замын сүлжээнд холбогдсон ганц буудал. Алхсаар галт тэрэгнийхээ зогсоолд очих үедээ тасалбар дээр хаанаас, ямар галт тэрэг явахыг тодорхой бичээгүйг анзаарав. Германаас тасалбар авахад англи тайлбартай хоёр хуудас цаас хамт өгсөн бол энд сурталчилгааны хуудас шиг зүйл өгөөд зөнд нь орхичихдог бололтой. Бид ч сандарч эхэллээ, дээш доош шатаар гүйж, хэдэнтээ буруу явсны эцэст засвартай гээд төв хаалгыг хааж, араар тойрч гарч байгааг сая мэдэв. Бид байтугай, нутгийн хүн ч төөрч будлих хэцүү зам юм. Ийн цуцталаа гүйсэн улс шөнийн галт тэргэнд сууж амжаад, сая нэг тайвшран суудалдаа тухлан нүдээ анилаа. 

Зуугаад жилийн өмнө энэ замаар, бас л шөнийн галт тэргэн дотор Берлин гэх сураг төдий мэдэх хотыг чиглэн явж байсан хүүхдүүдийн талаар бодлоо. Польшид оройн долоон цагт ирсэн сурагчид шөнө дундлан Берлинд ирээд зочид буудалд хэд хоносон сурагтай.  Зорчигчид голцуу германчууд, чимээ шуугиан их тул унтах арга ч алга. Суудлаа сэлгэж, настай герман эмэгтэйн хажууд суугаад тэмдэглэлээ хөтлөлөө. 

“Д.Нацагдоржийн найраглалдаа Галлван хэмээн бичсэн тэр буудлаас сууж харанхуйг цуулан Берлинийг зорьж явна. Хол газрын сайн сайхныг харах бүрийдээ эх орноо л бодно. Улс байхын зовлон, жаргал эгэл иргэний дотор ямарваа нэг хэмжээгээр оршин байвал тэр нь тусгаар тогтнолын баталгаа болдог байж мэднэ. Их зохиолч, хүүхдүүд тэр үед юу бодож явсан бол оо...”


Берлин, Форнау | Шинэ гэр 

Тэр өдрөөс хоёр хоногийн дараа бид Берлиний зүүн хойд захыг чиглэн галт тэргэнд сууж явлаа. Энэ удаа бидэнтэй Лайпцегийн их сургуулийн оюутан Лаура яваа. Сарын өмнөөс мэйлээр харилцан, судалгааны ажилд маань тусалсан тэрбээр бакалаврын ажлаа Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” жүжгээр хамгаалсан гэнэ. Одоо бодоход бид аяллын турш 200 орчим цагийг галт тэргэнд өнгөрүүлжээ. Тэр хугацаанд бодсон бодол, ярьсан зүйлс, хийсэн үйлдлээ жагсаавал их л урт цуваа гарна. Берлинд галт тэргэнд суух бүрдээ тасалбар худалдаж авна гэдэг түвэгтэй тул заримдаа туулайчлах, хааяа автомат машин ажиллахгүй үе таарах нь ч  бий. Харин энэ удаа аз таарсангүй. Хорин хэд хоноход ганцхан таарсан тасалбар шалгагч урдаас ирж явлаа. Хэд хоногийн өмнө долоон хоногийн тасалбар худалдаж авцгаасан нь л мунгүй, тэгээгүйсэн бол 80 еврогоор торгуулаад хөөгдөж буухгүй юу гэлцсээр явтал галт тэрэг Форнау дүүрэгт зогслоо. Галт тэрэгнээс буугаад Лаура нэг герман хүнтэй утсаар ярих нь бодвол хатагтай Дигишай бололтой. Удалгүй машин унасан дал гаруй насны эмэгтэй бидний урд ирж зогсов. 

Бидний зорьж ирсэн ажил сурагчид хэд хоног буудалд амьдарсныхаа дараа Берлиний төвөөс зүүн хойш 20 гаруй километрийн зайд нарсан ойн дундах Форнау хэмээх тосгонд дөрвөн давхар амины сууц түрээслэн сууж, хоол унд, ахуйн хэрэгцээнд сар бүр 4000 марк төлдөг байсан гэх баримтыг нягтлах. Тэр үед байшингийнхаа өмнө авахуулсан хэд хэдэн гэрэл зураг бий. Одоо тосгон гэхээргүй болтол хөгжсөн энэ газрыг нарс, хушан ой бүрхэж, модны үнэр хамар цоргиж, шувууд жиргэнэ. Бид сүлжин давхисаар одоо хоёр давхар болж өөрчлөгдсөн байшингийн өмнө зогслоо. Хатагтай Дигишай машинаа байрлуулаад байшингийн түүхийг бидэнд ярилаа. Тэр бол монголын сурагчдад байшин түрээслэж, Эрдэнэбатхантай гэрээ байгуулсан Ричардын охин. Өөрсдөө ч мэдэхгүй монголчуудтай холбогдсон энэ эмэгтэй дахиад л гурван монголд “байцаагдаж” зогсоо нь энэ. Замыг хашин ургасан нарс, хушан ойд хүүхдүүд гүйлдэж, гудамж талбайгаар нь дуу чимээтэй явдаг байсан даа гэх бодол зурс зурс төрнө. 

ЗурагТайлбар

Монголоос очсон сурагчид Форнау тосгон дахь байшингийн гадаа | 1926 он


Төслийн багийнхан байшингийн эзэн Ричардын охин хатагтай Дигишайн хамт байшингийн өмнө | 2019 он




Тэндээс хөдөлж холгүйхэн байх буддын сүмд очлоо. Тэр хавьдаа хамгийн өндөр уулнаа баригдсан энэ сүм бясалгал хиймээр нам гүм, сэлүүн газар санж. Шриланкаас гаралтай үе дамжсан хуврагуудын авч яваа уг сүм сурагчдыг энд ирэхээс ч өмнө байгуулагджээ. Тэндэхийн хамба монгол сурагчид энд ирдэг байсан тухай бүдэг бадаг мэдээ дуулгалаа. Зүүн өмнөд Азид дэлгэрсэн их хөлгөний сургаал бүхий энэ газар нутгаасаа хол яваа сурагчдад танил дотно санагдсан байж болох. Харамсалтай нь сүмтэй холбоотой баримт хаана ч, хэн ч бичиж үлдээсэнгүй. Бид сүмээс хатагтай Дигишайг үдээд, Берлиний төв орохоор галт тэргэнд суулаа. Замдаа Төгөлдөр, Энхбат хоёр байр луугаа эргэхээр болж, Лаура бид хоёр Берлиний ном санд захиалсан материалаа үзэхээр цааш явлаа. 


Подстам | Баримтууд

Берлиний төв номын сан гэх сүрдэм том байгууламжид хөл тавих ганц шалтгаан байлаа. Д.Нацагдоржтой холбоотой ганц ч атугай баримт олохсон гэх бодол. Лаурагийн урьдчилан захиалснаар Д.Нацагдоржийг хажуудаа авч, сургаж байсан Эрих Хэнишийн өв болох хоёр ч хайрцаг материалыг үзэх аз тохиов. Гар бичмэлүүдээ тэмдэглэснийг харахад хятад, монгол, төвд хэлэнд нэвтэрсэн нэгэн байжээ. Монголын Нууц Товчоог орчуулахдаа хийж бэлтгэсэн герман-монгол толь бичиг нь хүртэл энэ дунд харагдана. Харамсалтай нь бидэнд Нацагдоржтой холбоотой зүйл олдсонгүй. Алтангэрэл судрыг төвд хэлнээс, Монгол Нууц Товчоог монгол хэлнээс, монгол төвдийн нутгаар явсан тэмдэглэл нь байх ч зохиолчтой холбоотой баримт олдсонгүй. Оройхон номын сангаас гарч зүүн тийш жаахан алхаад Подстамд байх газарзүйн зургийн салбарт очиж Монголын газрын зургийн эхийг үзэхээр захиалснаа одоо зорьж яваа нь энэ. 

ЗурагТайлбар

Берлиний төв номын санд төслийн багийнхан Лайпцегийн их сургуулийн оюутан Лаура Бахманы хамт | 2019 он


Подстам дахь газарзүйн архивт Монголын анхны газрын зураг, атласыг үзэж буй нь | 2019 он




Өчигдрийн очсон номын сангийн том танхимд орж Лаура германаар хэдэн зүйл асуугаад сайн мэдээ дуулгалаа. Удалгүй нэлээд том хэмжээтэй нугалбар цаас барьсан номын санч орж ирэв. Энэ бол 1927 онд Берлинд хэвлүүлсэн монголын анхны бүрэн хэмжээний газрын зураг, атлас хоёр. Тэрхүү атласт сурагчдыг тэргүүлж явсан Базарын Ишдорж багшийн захидал, газрын зургийг хэрхэн хийсэн талаарх Альберт Херманн гэх хүний тайлбар хавсаргаатай байв. Газрын зургийн талаар Ишдорж багшид Подстамд суралцаж байсан сурагч Наваан-Юндэнгээс илгээсэн захидалд бий. 

“Толилуулах нь, өчүүхэн Наваан-Юндэн би үүний урд дэлхийн байдлын зураг хэвлүүлэхийн тухайд монгол үсгээр бичихийг хамт элбэлцэж уг хэргийг төгсүүлэхэд ойртуулсан бөгөөд эдүгээ тэрхүү хэрэг төдий л сайн бус гүйцэлдсэн хэмээвээс үнэхээр гүйцэтгэх, бүтээхийг оролдон чармайн зүтгэсний буюу…” 

Өмнөх ширээн дээр хэлбэр хэмжээ нь одоогийн бидний мэдэхээс өөр газрын зургийг ширтэж суулаа. Улс орон маань ямар байсныг батлах энэ зураг түүхийн баримт төдийхөн болж үлдсэн нь сэтгэл гонсойлгоно. 


Вайтц гудамж | 11 дүгээр байшингийн түүх 


Өмнөх нийтлэлд Берлиний гудамжаар сурагчдын захиргааны байр луу давхиж явсан тухай дурдсан. Яг тэр хэсгээсээ үргэлжлүүлье. Бид давхисаар баруун Берлиний нэгэн гудамжинд ирж зогслоо. Вайтц гудамжны 11 дүгээр байшин өмнө харагдана. Өрнө, дорныг заах луужингийн зүү шиг ташуу байрласан таван давхар шар байшингийн үзүүр дэх ойрд будаг хүрээгүй болов уу гэмээр саарал байрны хананд 11 гэсэн тоо бий. Гудамж нь эл хуль, хавчиг. Аялалд гарахаас сарын өмнө уншсанаар бол энд монгол сурагчдын захиргааны байр байрлаж байв. Д.Намдаг гуайн дурсамждаа бичсэнээр “Магнай тэнэгэр, зүс царай тунгалаг, Дээд уруул, эрүү хоёртоо тачирхан хар сахалтай. Архи тамхинаас гадуур, ажил хэрэгт нямбай” Б.Ишдорж багш энэ л байранд сууж, сурагчид орж гаран бужигнадаг байжээ. 

ЗурагТайлбар

Монгол сурагчдыг хариуцаж явсан багш Базарын Ишдорж, гэргий Цэрэндулам, хүү Санчир нарын хамт | 1927 он (Ч.Болдын хувийн архиваас) 


Монгол сурагчдын захиргаа байрлаж байсан Вайтц гудамжны 11 дүгээр байшин. Б.Ишдорж нар энд ажиллаж байжээ. 




Одоо энэ байранд аутизмтай хүүхдийн сувиллын газар, компаниуд байрлана. Хүн хүлээж байгаад дотогш орвол хуучин модон хаалга, хавчиг шаттай, дотроо жижигхэн цэцэрлэгтэй газар юм. Захиргаа хожим эндээс нүүж  Вюртемберг гудамжны 31 дүгээр байшинд суух болжээ. Энэ бол Берлиний хамгийн баян дүүргийн нэг. Үнэтэй дэлгүүр, хээнцэр оршин суугчид гээд Берлинийг гял цал харагдуулах бүхэн энд цугласан юм шиг санагдана. Энэ хоёр байшин Монголын анхны сэхээтнүүд, тэдний эмгэнэлт хувь заяа, улс бий болсон түүхтэй хүртэл холбогдож буйг үл мэдэх улс биднийг хачирхан харсаар хажуугаар өнгөрнө. Хүн бүр л утга учрын торон сүлжээг нэхэж явдаг шүү дээ.

Найрагчийн мөрөөр: Алдагдсан цагийн эрэлд (Цуврал I) эндээс уншина уу!  

Найрагчийн мөрөөр: Сорви мэт түүхүүд (Цуврал II)эндээс уншина уу!

Найрагчийн мөрөөр: Хүмүүс хэмээх тэмдэг нэр (Цуврал III) эндээс уншина уу! 

Найрагчийн мөрөөр: Цагийн зөрүү (Цуврал IV) эндээс уншина уу! 


холбоотой мэдээ
1
2019.07.02
Найрагчийн мөрөөр: Шувуу мэт гэгээн, ангид, хөөрхий улс
2
2019.06.25
Найрагчийн мөрөөр: Энд үлдсэн дурсамжууд
3
2019.06.11
Найрагчийн мөрөөр: Цаг хугацаа мэндлэхээс өмнө
санал болгох
1
3 өдрийн өмнө
Өргөдлийн байнгын хорооноос нээлттэй хаалганы өдрийг зохион байгууллаа
2
3 өдрийн өмнө
"The Hu" хамтлаг шинэхэн уран бүтээлээ нийтэд цацлаа
3
3 өдрийн өмнө
iPhone, Samsung зэрэг ухаалаг утас хэвийн хэмжээнээс их цацраг туяа ялгаруулж байгааг т...

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.