Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Өнөөдрийн зурвас: Найз минь шүлэг бичсэн!

Яг л өөрийнх нь зан чанарыг төгс илэрхийлдэг зүйл бол түүний гутал.


Хүн бүхэнд найз бий. Та хоёрыг ямар нэг зүйл холбож, сэтгэл зүрх биестээ юугаар ч юм татагдаж байгаа л хэрэг. Хүнд ер нь найз минь юм аа гэж боддог нэг биш нэлээд олон хүн байдаг л даа. Гэхдээ би өнөөдөр тэднийхээ нэгийг зурвастаа өгүүлэхийг үнэхээр их хүсэж байна. Яагаад гэвэл тэр урьд шөнө шүлэг биччихэж! 

Найз маань шүлэг бичдэггүй юм. Тэр эдийн засаг, улс төрийн сэдвээр бичдэг сэтгүүлч. Сайн автор. Хажуугаар нь олон нийтийн гэх үү дээ, нэг тийм дуусдаггүй ажил давхар эрхэлдэг учраас өглөө гараад, оройтож харьдаг. Лав л намайг нүүрэндээ шөнийн тос түрхсэн хойно хааяахан “Харьж явна” гээд залгадаг юм. Халимаг үстэй, үсэндээ ч юм уу, хүзүүндээ ковбой алчуур зангиддаг түүнийг ямар ч гутал сонгосон яаж ийгээд оксфорд углачихсан явдагт нь хачин дуртай. Яг л өөрийнх нь зан чанарыг төгс илэрхийлдэг зүйл бол түүний гутал. Тиймээс утасны цаанаас ядарсан хоолойгоор ярихад нь ямар ч байсан өндөр өсгийт, бариу даашинзаас болж ингээгүй гэдэгт нь эргэлздэггүй ээ. Энгийн өдрүүдэд жийнсэн өмд ихэвчлэн өмсдөг найз маань саяхнаас маш этгээд лууван хэлбэрийн өмднүүдийг өнгө өнгөөр нь сольж өмсөөд эхэлсэн. Нэг тийм энэтхэг илбэчнийх шиг. Хэд хоногийн өмнө хурал дээр таарахад сонгодог загварын оксфорд гутал, илбэчний өмд, тэгээд ажил хэрэгч сайхан хүрэмтэй тэр маш өвөрмөц хэрнээ нүд булаам харагдсан. 

Хорин жилийн өмнө бид анх танилцаж байхдаа юугаа ч ярьдаг юм бүү мэд, шөнөжин нойргүй чалчиж хонодог байв. Ярьж байсан зүйлсээс ой тойнд торж үлдсэн ганц өгүүлбэр алга. Учиргүй инээлдсээр байгаад өглөөг угтсан нь нэг биш. Тийм аальгүй. Одоо бол нөхөр, хүүхэд, хоол унд, за мэдээж мэргэжил нэгтэй хойно үйл явдал ярина. Гэхдээ бидний яриа бүтэн долоо хоногт 30 минутаас үл хэтрэх. 

Өглөө босоод утсаа нээтэл түүнээс “Унтчихсан уу” гэсэн мессеж иржээ. “Чи бас л эрт унтчихаа биз дээ” гэж шоолох ч шиг. Энэ найз маань өнгөрсөн өвөл телевизээр “Цензургүй яриа” нэвтрүүлгийн нэгэн дуулиант зочны дугаарыг үзээгүй байсны төлөө намайгаа “Боловсролгүй ” гээд аваад хаяснаас нь хойш элдэв мессежинд нь эмзэгдүүхэндүү болсон гэмтэй, би. Найзууд чинь үргэлж инээлдээд л хачин сайхан байдаггүй шүү дээ. За тэр ч яах вэ, тийм явдал болсон. Урьд шөнийн мессежинд нь “Яав” гэсэн хариу бичтэл урдаас “Би шүлэг биччихлээ” гэдэг юм даа. Найз минь урьд шөнө шүлэг биччихэж. Маш сонин санагдав. “Чи чинь яахаараа шүлэг мүлэг...” ч гэсэнгүй. “Уншъя л даа” гэлээ. 

Тэр үнэхээр бичжээ. Би бээр яруу найраг, шүлэг мүлэгт нэг их дуртай хүн бас биш л дээ. Найзын минь шүлэг яг над шиг, яг түүн шиг минь, яг л биднийг холбосоор ирсэн нүдэнд үл үзэгдэж, гарт үл баригдах учир шалтгаан шиг уншигдав. Бахдах, хайрлах, хүндэтгэх, нандигнах мэдрэмж. Би гайхсан. Шүлэгт бас нас, хүйс, хот хөдөөгийн ялгаа байх гэж. Маш “Улаанбаатарын” шүлэг. Хөгжмөөр бол альтернатив рок ч гэмээр. Өөрийгөө хайх эрлийн эцсийн буудал дээрээс л гялалзаж болох тийм соньхон оч тэр шүлгээс над руу ноцон үсэрсэн. Чавхдаст хөгжмийн хэмнэлд нүдээ аньж, хоёр гараа дэлгээд, өлмий дээрээ эргэлдмээр. 

Хүүе ээ, ингэхэд хүн гэнэт цоорч болдог юм уу? Эсвэл ерөөс дөчин насанд амьдрал эхэлдэг нь үнэн байх. Ямар гоё! Найздаа шүлэг бичсэнд нь, тэр нь алмайрам яруухан, үнэн “зэвүүн” агаад тансаг мэдрэмжийн илэрхийлэл болсонд баяр хүргэе. Чи бол миний амьдралын илбэчин найз юм байна, оксфорд гуталт минь улам их таалагдаж байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.03.18
Өнөөдрийн зурвас: Шинель
2
2024.01.10
Өнөөдрийн зурвас: Арван жилийн дараа уулзъя!
3
2023.07.04
Өнөөдрийн зурвас: Ээжид нь чамд өгөх юу ч байхгүй
санал болгох
1
1 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
2
4 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
Өчигдөр
Playlist: Цасан шуурганаар сонсоход хамгийн тохиромжтой 11 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (4)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.06.23 112.72.11.104

Unshya.

0 Хариулах


Зочин 2019.06.23 112.72.11.104

Khongor bn.

0 Хариулах


Хулан 2019.06.03 202.126.88.161

Энхцэцэг эгчээ шүлгийн уншия аа

0 Хариулах


Энх-Амгалан 2019.06.02 66.181.161.124

Таны найзын шүлэг яруухан Таны хариу зурвас Бас л яруухан юөөөм

0 Хариулах


Зочин 2019.05.30 66.181.161.59

Шүлгийг нь уншъя аа Энхцэцэг эгчээ

0 Хариулах