Хайх зүйлээ бичнэ үү

17 мин

С.Молор-Эрдэнэ: Монголчууд социализмаас өмнөх цаг хугацаа руугаа ухарчихлаа. Ийм л хямдхан, доожоогүй нийгэм, амьдрал руу шилжив

Бид түүнийг философич гэдгийг нь мартчихаад байдаг учраас лекцүүдэд нь эмзэглээд байдаг ч байж магадгүй.


Философич С.Молор-Эрдэнэтэй уулзаж ярилцлаа. Тэр бидний хүсэлтийг хүлээж авахдаа зөвхөн боловсролын сэдвээр ярихыг өөрөө санал болгосон юм. Түүний яриандаа ашигладаг зарим жишээ, үг хэллэг монголчуудын дургүйцлийг хүргэдэг боловч үзэл бодлынх нь мөн чанарт дөхвөл тийм ч балмад этгээд биш гэдгийг ойлгож болох мэт. Бид түүнийг философич гэдгийг нь мартчихаад байдаг учраас лекцүүдэд нь эмзэглээд байдаг ч байж магадгүй. Тэр хэнд ч таалагдах албагүйгээр философдох бүрэн эрхтэй шүү дээ. Харин түүний олсон учир шалтгаан, өгүүлэх тайлбараас юуг өлгөж авах, юуг нь хаяж гээх эрхэм уншигчийн оюуны хэрэг.

-Монголын боловсролын систем, монгол хүмүүсийн боловсролын түвшин гэсэн асуудлыг Та нэлээд хөнддөг. Боловсролын тухай Танаас гардаг санааг одоогийн нийгэмд төлөвшүүлнэ гэх юм бол системтэй, дэс дараатай өөрчлөлт шаардагдах байх. Санаа гаргаж байгаа хүнд бодож төлөвлөсөн зураглал бий болов уу. Энэ асуултаас ярилцлагаа эхлэх үү?

-Манайд ЗХУ-аар дамжаад Европын боловсролын систем шууд орж ирсэн. Хүн төрөлхтөн анх боловсрол гэдэг зүйлийг бүтээж бий болгохдоо шинжлэх ухааны мэдлэгээр баримжаалж ярьдаг, бусдыг хүндэтгэдэг, сахилга бат, дэг журамтай, биеэ зөв авч явдаг, хүнд дараа тээг болдоггүй, ерөнхийдөө нэг тийм ичгүүр сонжуур гээч зүйлтэй иргэн хүнийг л бий болгохыг хичээн зорьжээ. Энэ алсын хараан дээр тэр боловсролын салбар гэж бидний одоо яриад байгаа зүйл бий болсон. Боловсролын салбар гэх энэ зүйлийг манай Монгол орон социализмын үед шууд л зөөвөрлөж авчраад нутагшуулсан юм шүү дээ. Ингээд бидний монгол хэл хүртэл барууны боловсролыг дагаад маш их өөрчлөгдсөн байдаг. Шинэ монгол үгнүүд үүссэн. Үүнд кирилл үсэг их нөлөө үзүүлсэн л дээ. Өнөөдөр бид буцаад уйгаржин бичгээ Монгол Улсын албан ёсны бичиг үсэг болгон шилжүүлэх ямар ч боломжгүйгээр кириллд ууссан байна. Яагаад гэвэл одоогийн монгол хэл кириллээр асар гүн хөгжчихсөн. Хэрвээ хуучин монгол бичгээ эргүүлэн сэргээвэл бид яг л буцаад балар эртний үе рүүгээ очно гэсэн үг. Компьютерээ бичгийн машинаар сольж байгаатай ижил гэсэн үг л дээ. Чой.Лувсанжав гэдэг хүн 1990-ээд онд хуучин монгол бичиг рүү шилжүүлэх оролдлого хийсэн ч бүтэлгүйтсэн. Хэрвээ ийм нөхцөл рүү хүчлээд оруулсан бол энэ нь өөрөө гэмт хэрэг шиг хохирол дагуулах байсан. Монгол бичигт шилжих үйл явцын эхэн дээр залуу үе өөрөө монгол бичгээсээ зугтааж кирилл рүүгээ буцаад орсон шүү дээ. Ердөө саяхны гэж хэлж болох бидний түүх байгаа биз. 

Бид бас нэг хэсэг бие биедээ саад болдоггүй, нэг нь нөгөөгөө дэмжээд, тал талд эрвийж дэрвийхээрээ ажиллаж хөдөлмөрлөөд, сарынхаа цалингаар байр, хоол, хувцасныхаа үнийг төлчихдөг, хүүхдүүд нь цэцэрлэг, сургуульдаа явчихдаг ийм иргэдтэй нийгэм бүхий улс орон болно гэж нэлээд үзэж тарлаа. Ингэж зүтгэхдээ ойлгосон ч юм их байна, буруу ойлгосон нь их бий. Социализмын үед хүүхдүүдийг заавал онц сурах ёстой гэцгээдэг байсан. Одоо ардчиллын үед тэр нь даамжирч, давраад олимпиадуудад түрүүлсэн гээд медаль зүүсэн баахан хүүхдүүд алхаж байх жишээтэй. Зэ, энэ яах вэ гэхэд их сургуулийн ромбо зүүх гээд хөдөөгөөс хотод ирсэн залуучууд хөөрхий байна. Ээж аав нь манай удамд ромбо зүүсэн хүн үгүй гээд хэдэн хонио зарж хэдэн сая төгрөгөөр ромбо зүүлгээд, нөгөө хүүхэд нь их, дээд сургуулиас сурч мэдсэн ч зүйлгүй амьдрал руу хөл тавьж байна. Жил бүрийн тав, зургадугаар сард Сүхийн талбайд ромбо зүүгээд, дипломоо тэврээд байдгаараа гангарсан зуу зуун залуус баяр хөөрөө тэмдэглэдэг. Тэднийг уг нь шууд сэхээтний тоонд авах ёстой байтал манай их, дээд сургуулиудыг төгссөн хүн сэхээтний түвшинд боловсорч чадаагүй төгсөж байна шүү дээ. Яагаад гэвэл тэдэнд лекц уншсан профессоруудын дотор сэхээтэн биш улс цөөнгүй. Яаж ийж байгаад багш, яаж ийж байгаад профессор болчихсон нэгэн байх жишээтэй. Оюутан нь ч, багш нь ч хоёулаа боловсролгүй байхгүй юу. Ерөнхийдөө бол оюутны ширээнээс мэргэжлийн жаахан дөртэй л хүмүүс босож байгаа юм. Энэ бол яавч боловсрол биш.

-Та бол социализмын үеийн бүтээгдэхүүн. Ардчилсан гэгдэж байгаа энэ нийгмийг өнөөдөр социализмын үеийн бүтээгдэхүүнүүд чирээд явж байна. Системийн зөрүү, боловсролын тогтолцооны алдаа нь өнөөдрийн хямралт нийгмийн зөрчилт дүр төрх болж байна уу?

-Социализмын үеийн боловсролын системд алдаа байгаагүй. Бид нийтээрээ гаднаас орж ирсэн дэлхийн мэдлэг боловсролд суралцсан учраас, тэр нь бидний хувьд үнэнхүү дэвшилттэй цоо шинэ мэдлэг боловсрол байж чадсан учраас энд алдаа байгаагүй. Бидний алдаа юунд байсан бэ гэхээр, монголчууд Европын боловсролыг анх нутагшуулахдаа юунд суралцаж байгаагаа бүрэн сайн ойлгоогүйд л байсан. Социализмын үеийн сэхээтнүүд бол анхны сэхээтнүүд. Хүн төрөлхтний тэр их мэдлэгийг Монголд оруулж ирээд орчуулахдаа монгол хэлний үгийн сангийн баялгаас болоод зарим зүйлийг алдаатай буулгачихсан. Манай хэл чинь өөрөө шинжлэх ухааны өндөр түвшний хэл биш. Бидний уйгаржин бичиг, тэр үеийн хэл яриа маань хонь мал гэсэн үгнээсээ хэтрэхгүй утгатай байсан болохоос шинжлэх ухааны, философийн үг хэрэглэж байгаагүй. Тэгээд зарим үг буруу орчуулагдсан. Нөгөө талд анхны сэхээтнүүдийн олонх нь сүм хийдийн лам нар, шавь хүүхдүүд байж. Тиймээс тэд өөрсдийн үзэж мэдсэн агуулгад дүйцүүлж, амьдралын орчиндоо түгээмэл хэрэглэдэг үгсээр орчуулга хийж хэвшүүлсэн. Тэд шинэ мэдлэг боловсролын төлөө маш их хичээсэн. Аминдаа их хичээсэн ч ялангуяа нийгмийн салбарын үгсийг шашныхаа хэллэгээр орчуулсан байдаг. 

Ардчиллын үед ардчиллынхан дотор энэ бол дэлхийн боловсрол, дэлхийн шинжлэх ухаан шүү гэж хэлэх боловсролтой хүн байгаагүй.

-Таныхаар алдаа энд байсан гэж үзвэл тэр алдаа, гажигийг одоо яаж засах вэ?

-Ардчиллын үед социализмын үеийн боловсролын тогтолцоог социализм гээд ойлгочихсон явдал нь хамгийн том алдаа. Өмнөх нийгмийн үед нутагшуулсан боловсролын хөтөлбөрийг хүн төрөлхтний боловсрол, шинжлэх ухаан юм байна гэдгийг ойлгоогүй. Хүүхдэд математик, уран зохиол заагаад, яасан яадаргаатай юм, заавал хими, биологи, математик үзэх ёстой юм уу гэж харсан. Ардчиллын үед ардчиллынхан дотор энэ бол дэлхийн боловсрол, дэлхийн шинжлэх ухаан шүү гэж хэлэх боловсролтой хүн байгаагүй. Зүгээр л тээр тэнд наад социализмынхаас өөр гоё юм байна, нааш нь оруулж ир гэж уриалаад, монголчуудыг нийтээр нь хавцал руу унагаачихлаа. Өнөөдөр социализмын үеийнхээс илүү боловсролын хөтөлбөр, агуулга, системийг олсон гэдгээ тэд бас л нотолж чадсангүй, дэвшилттэй юу ч харуулж ч чадсангүй. 

Зүүн Европын хуучин хөгжилтэй байсан хэдэн улс социализмаа байгуулсан байж магадгүй. Нэлээд дөхүүлсэн байх. Бид социализм байгуулж чадаа ч үгүй. Эсгийнээсээ цухуйгаад шууд Марксын номыг уншаад социализм байгуулна ч гэж хаашаа харсан юм байх вэ. Ичгэвтэр юм болно. Уучлаарай, байгуулах чадвар ч бидэнд байхгүй, нөөц бололцоо ч байхгүй. Бид ардчиллыг ч байгуулж чадахгүй. Ардчилал гэж тийм амар байгуулчихдаг ч юм биш. Ер нь бол хүмүүсийн харилцааг л ардчилал гээд байгаа юм шүү дээ. Тодорхой хугацаа шаардана, эрх чөлөө хэрэгтэй. Засна, сайжруулна, үргэлж өөрөө өөрийгөө хөгжүүлнэ. Тийм ёс суртахуун нь монголчууд бидэнд алга. 

Социализмын замаар явж байгаад ардчилалтай тулсан. Хэдэн хүн гарч ирээд өөр гоё замаар явуулна гээд бүтэлгүйтлээ. Гэнэт саяхнаас бүгдээрээ ухаан ороод “Тэгээд бид яах ёстой юм бэ?” гэж асуухаар “Харин тийм ээ, одоо яах вэ?” гээд зогсож байна. Одоо тэгээд хэдэн балай юмнууд өнгөрсөн рүүгээ явж байна шүү дээ. Хүн чинь таньдаг танил руугаа л явдаг юм байна. Социализм зогсчихонгуут Зүүн Европын орнууд буцаад Европынхоо соёл руу явчихаж байгаа юм. Бидэнд бусдын туслалцаатай хийж бүтээсэн социализмаас өөр түүх байхгүй. Тиймээс сонголтгүй учраас буцаад гандан хийдээ эргэж, ууланд хадаг уяад л, маань уншина, шашны ном уншуулна, суух хүнийхээ хувь төөргийг асууж явна. Монгол хүн өвчин тусвал өөрийн муугаас, арчаагүйгээс өвдчихлөө гэхгүй ээ, хол. Яагаад өвдсөн бэ гэдгээ ламаас асууна. Гэх мэт бүүр социализмаас өмнөх цаг хугацаа руугаа ухарчихлаа. Бидэнд өөр явах газар байхгүй болчихож. Яагаад гэвэл ардчилал чулуу хөөлгөчихсөн юм чинь. 

-Германд сургууль төгсч, тэнд ажиллаж амьдарч байгаад ирсэн аятайхан төрхтэй философч С.Молор-Эрдэнэ гэдэг залууг анх нийгэм их эерэгээр угтаж байсныг санаж байна. Сүүлдээ Таны шулуухан шүүмжлэл урсгадаг нь, уур хилэнтэй, зөрчилтэй хүн шиг байдал тань сөрөг хандлагуудыг өөртөө дуудсан шүү дээ. Эсвэл Та өөрөө Монголын нийгэмд хандах хандлагаа өөрчилсөнд хэргийн учир байна уу. Ер нь энд нийгэмшихэд хүнд байсан уу?

-Надад нийгэмших шаардлага байхгүй. Уур хилэн ч байхгүй. Зүгээр, социализмд тэгж сайхан боловсрол олж, сурч мэдчихээд бид ингэж доошоо орох нь харамсалтай байсан. Та нар, бид ямар их зүйл мэдлээ. Яагаад тэрийгээ ашиглаж чадахгүй байна вэ гэдгийг сануулахыг хүссэн гомдол, харамслын дуу хоолой минь л тэр. 

“Хань” гэж социализмын үеийн кино байдаг даа. Архитекторч залуу Сувдаа гэж хүүхэнтэй гэрлээд, тэнд орчин үеийн ямар гоё амьдрал өрнөдөг билээ. Бараг 40 жилийн дараах өнөөдөр ч үзсэн тэр киноны ахуй төрхөөс орчин үе л үнэртдэг. Түүнээс бүр эртний “Улаанбаатарт байгаа миний аавд” кинонд ч хүртэл тийм байна. Социализм бол бүтээн байгуулалттай, нийгмээ, хүнээ төлөвшүүлэх сэтгэлзүйн бүтэн төлөвлөгөөтэйгөө байсан. Эмнэлэгтэй, сургуультай, байшин барилгатай, халаалттай. Иргэд нь орчин үеийн зүүн Европ руу хэдэн мянгаараа явж сурцгаасан. Тэр хүмүүс хаачив? Социализмын үед тэгж их боловсорсон, мундаг сургууль төгссөн сэхээтнүүд хаачсан юм бэ? Тийм ч учраас би “Ар Монголд орчин үе үгүйлэгдэнэ” номоо бичсэн. 

-Та бол филисофч хүн. Оюутан байхаасаа барууны нийгмийн тогтолцоо, шинж чанарыг судалсан байх. Ямар үедээ улс орон Монголын өнөөгийн нийгэм шиг ингэтлээ хямардаг юм бэ. Яавал эргээд сэхэл авдаг бол?

-Нийгэм ямар үедээ ийм болдог юм бэ гэж үү. Энэ бол ерөнхийдөө үнэт зүйлийн хямрал. Социализмын үед бүтээсэн бүтээн байгуулалт, нийгмийн төлөвшил зэргээ ардчиллын үед үл тоомсорлосных. Шууд хаясных. Би үүнийг ном болгон дээрээ л бичиж байна. Бид үнэт зүйлээ алдчихжээ. Үнэт зүйл хямралд орчихож. Бид үнэлэх ёсгүй юмаа үнэлээд, хүн төрөлхтөнийг, нийгмийг авардаг хамгийн үнэтэй зүйлээ устгаад хаячихаж. Сайн яваагаа, сайн явах нэгнээ нийлж байгаад муухай харагдуулж чадаж байна. Тэгээд мухар сүсэг, лам, босс, баян, нутгийн ах нар нь мундаг, үлгэр жишээ болчихсон явна. Урлагийн салбарт хамгийн авьяасгүй нь гавьяат цол хэргэм авчихаж байна. Хамгийн авьяас чадваргүй, ирээдүйгүй хүмүүст шагнал урамшууллаа өгчихөж байна. Тэгснээр үнэт зүйл, үлгэр жишээ болох хүмүүс нь байхгүй болчихож байна. Залуучууд одоо мууг хийгээд Төрийн соёрхол ч авч болно гэсэн хямдхан ойлголттой болж явна. Уг нь Төрийн соёрхолт авахад маш хэцүү. Үнэхээр гоц байж л авна. Одоо баригдсан арав, хорин давхар байшингуудаа хар. Иргэдээ чихээд, чихээд дээш нь гаргачихсан. Хотхон гээд байгаа юмнууд нь хонины хот шиг. Хажууд нь сургууль, цэцэрлэг ч алга. 

Яахав, жаахан гэгээ ороод, нээрэн бид яачихсан байна вэ, энэ бол хямрал юм байна аа гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа бол эхлээд тэр ойлголтдоо нэр өгөх ёстой л доо. Тэгээд энэ хямралыг яаж даван туулах вэ, яавал засч сайжруулах вэ, боломжтой юм байна уу гэх мэт асуулт жагсаагаад гарцуудаа зөв тодорхойлох ёстой байх. Эсвэл нийгмийг цогцоор нь өөрчлөх цоо шинэ зүйлийг эхлүүлэх ёстой байх. 

Харин философчийн хувьд ярина гэвэл дахиад л ёс суртахуун руугаа орно.

-Харин ч хэдхэн жилийн өмнөхтэй харьцуулахад одоо хүмүүс “Бид нуухаа авах гээд нүдээ сохолчихлоо” гэж ярьдаг болсон биш үү. Яг тодорхойлон үнэт зүйлээ алдчихсан байна гэж онож онцолж чадахгүй байгаа ч сайн жишиг, сайн зан чанараа гээсэн байгаагаа бид ойлгож эхэллээ. Одоо авах ёстой, хаях ёстой юмсыг жагсаагаад нийгмээ цэгцлэх тал руу ажиллавал ямар вэ. Философчийн хувьд Танд ч санал байгаа байх гэж бодож байна?

-Энэ өнцгөөр бодол санаа гаргана гэхээр би улс төрийн намын, төрийн хүн шиг болчих гээд байна. Харин философчийн хувьд ярина гэвэл дахиад л ёс суртахуун руугаа орно. Философчид бол шалтгааныг нь олдог хүмүүс. Яг ингэж байна гэдгээ олж хараад, тодорхойлоод, цаашид яах вэ гэдгийг л хэлнэ. Энэ тухай санаанууд миний номуудад бий. Нэг ярилцлага дээр зүгээр нэг чалчмааргүй байна. “Монголын гэрээ” нэртэй номон дээрээ би гол юмаа бичсэн байгаа. 

-Дахиад боловсролын тогтолцооны талаар асууя. Гурван сая хүн амтай улсад зуу, зуун их дээд сургууль байна. Төгсөгчдөд нь ажлын байр олдохгүй байна. Цөөхөн нь, гэхдээ голдуу танилтай нь төрийн байгууллага барааддаг. Үлдсэн нь диплом тэвэрсэн ажилгүйчүүд болдог. Энэ олон сургуулийг ер нь яавал дээр вэ?

-Манай багш нар бол гэмт хэрэгтнүүд. Тэд хүнд боловсрол өгч чадахгүй. Боловсрол өгч чадах түвшинд ч хүрээгүй. Их, дээд сургуулиудын багш, профессоруудын хэмжүүр нь мэдлэг байх ёстой. Түүнээс биш танил тал, мухар сүсэг биш. Манайд хамгийн нойл нь багш болж байна. Хамгийн муу нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн болж байна. Нийгмийн гологдлууд ингээд дээшээ гарчихлаа. Бүр боловсролын тухай ямар ч ойлголтгүй нь Боловсролын сайд болж байна шүү дээ. Бэлэн юм гаднаас авчраад наачихсан, тэгээд тэр юмныхаа үнэ цэнийг ойлгуулах арга хэмжээ ч явагдахгүй байна. Хуучин үед социализмын бүтээн байгуулалтыг, нийгмийнх нь аж амьдралыг, янз бүрийн үйлдвэрүүдийг хүүхдүүддээ танилцуулж, экскурс хийлгэдэг байсан. Үйлдвэр гэж ийм юм байдаг, эмнэлэг гэж ийм юм байдаг гэх мэт. Нийгэм ингэж бүрддэг, бүтээн байгуулалт ингэж явагддаг гэсэн соён гэгээрүүлдэг тогтолцоог нь Ардчилсан нам устгаад хаячихсан. Японы багш нар нэгдүгээр ангийн хүүхдүүдээ дагуулаад энэ байшин ийм түүхтэй, тийм учиртай гээд танилцуулаад явж байна. Эх орныхоо үнэ цэнийг иргэддээ бяцхан байхаас нь ойлгуулж байна шүү дээ. Манайд тийм юм байхгүй. Ээж аавууд нь орой машиныхаа ард хүүхдүүдээ чихэж аваад, түгжрэлээс зугтаагаад тал тал тийшээ амиа бодоод давхиж байна. Ийм л хямдхан, доожоогүй нийгэм, амьдрал руу шилжчихлээ. 

Өнөөдөр ерөнхийдөө их сургуулийн профессор, яамны сайд нар өөрийгөө юм сураагүй, нэг дипломтой болчихсон ч дэлхийн том оюуны бүтээл уншаагүй гэдгээ хүлээн зөвшөөрөөч ээ гэж хэлмээр байна. Би яамны сайд, би том профессор, би УИХ-ын гишүүн гэж өөрийгөө нэрлээд байгаа тэд нар юу ч уншаагүй, шинжлэх ухааны ямар ч мэдлэггүй гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй л байна. Тэд зөвхөн гэр бүлээрээ яавал нэг сайхан амьдрах тэрхэн бүх нөхцлөө л гүйцэлдүүлж байна. Тэдний нэг нь шуналаасаа болоод зүрх нь зогсчихоогүй байгаа даа гэж би зовниж байна. Монгол хүнд хөрөнгө зохихгүй гэж би хэлдэг. Монгол хүн баян болох ямар ч шаардлагагүй. 

Монгол хүн яах вэ дээ хөөрхий, юмыг яг дууриадаг жүжигчин чадвартай нь бас харагдаж байна.

-Шийдвэр гаргагч улстөрчид Ардын хувьсгалын өмнөх тархай дорой үеийн Монголын хаад, ноёдын бутралыг санагдуулам хагаралдаж байна гэж би өнөөдөрхөн нэг сэтгүүлч ахтайгаа ярилцаж байлаа. “Цаг төрийн үймээн” романы үйл явдлыг Д.Намдаг гуай өнөөдрөөс харж өнгөрсөнд өгүүлсэн мэт гэж. Гэсэн ч ард түмэн тэсвэр тэвчээртэй байж л байдаг. Ингэхэд монгол хүний тэсвэр тэвчээрийн тухай Таны бодлыг сонсоход сонин байх болов уу?

-Жаахан эрх мэдэл өгчихөөр монгол хүн ингээд эхэлдэг гэдгийг бид одоо УИХ-ын гишүүдээсээ үзэж, өөрсдийнхөө дүр төрх, шинж чанарыг бодитоор харж байна. Монгол хүн яах вэ дээ хөөрхий, юмыг яг дууриадаг жүжигчин чадвартай нь бас харагдаж байна. Энд чинь нэг амьтанлаг юм бас яваад байгаа юм. Амьд үлдэх чадвар гэж нэг юм байдаг. Амьд үлдэхийн тулд хурдан гарч зугтах, бултах хэрэгтэй, мэдрэмжтэй байх, худлаа мундаг царайлж байгаад хүнийг айлгах, янз бүрээр итгүүлж үнэмшүүлэх гэх мэт. Энэ дотор жүжиглэх чадвар бас багтдаг. Шувуу гэхэд л том болж харагдах гээд янз бүрийн дүрд орж жүжиглэдэг. Нүүдэлчид маш аюултай, амь өрссөн амьдралтай байсан. Амьд үлдэхийн тулд хурдан түргэн байх, гялс бултах, уул давж алга болох, өглөө гараад харахад нүүчих гэх мэт тийм зан чанар бидний бүр яс маханд шингэсэн байдаг. Японд атомын станц дэлбэрлээ гэхэд монголчууд аль хэдийнэ онгоцны буудал дээр чемоданаа аваад ирчихсэн байсан гэж байгаа юм. Ер нь бүх амьдрал, ажил нь хэзээд нүүхэд бэлэн цэгцтэй байж байдаг юм биш үү. Хаа ч явсан, ер нь эндээс явахад бэлэн гэсэн байдалтай. Шинэ байранд орсон ч гэсэн энэ байрнаас хэзээ нэг өдөр явна даа гэсэн бодолтой. Нэг газар суурьшиж, тогтож, тэсч байдаг тэвчээр бид нарт байхгүй. 

-Бас нэг асуудал хөндье. Сүүлийн үед хүүхдүүд боловсролдоо нэлээд анхаардаг болсон. Хэд хэдэн гадаад хэл эзэмшинэ гэдэг болж. Өсвөр насныхан, залуу үеийнхэн гадагшаа явж сурцгааж байна. Мөрөөдөл нь л энэ. Америк, Англи, сүүлийн үед Азийн орнуудыг ч их зорьдог болж? 

-Жишээ нь, Хятад бол сургалтын маш боловсронгуй, өндөр чанарын системтэй. Боловсролын системдээ хувьсгал хийж байна. Манай монголчууд эх оронч биш, Монголоо гэсэн сэтгэлгээ алга. Бид хэзээ ч эх оронтой байж үзээгүй. Тийм үндэстэн, үндэсний үзэл гэсэн ойлголт байхгүй. Залуучуудын сэтгэл нь хоосон явдаг. Тийм учраас сураад, эндээ ирж хийж бүтээнэ гэсэн бодол байдаггүй. Энд ирээд ч тэртэй тэргүй утгагүй. Төрийн албанд боолын л ажил хийнэ шүү дээ. Яамны ажил бол Шар хадны эмнэлэгтэй адилхан. Тэрнээс долоон дор байгаа. Дандаа солиотой амьтад байдаг. Юм ярьж болохгүй. Хүний яриа сонсож чадахгүй. Хүн рүү эгц харж чадахгүй. Яачихсан юм бэ гэмээр нөхөд сууж байгаа. 

-Хятадын боловсролын системээс тусгаад авчих юу байна?

-Хэцүү хэцүү. Ер нь бид бүр сууриасаа л эхлэх хэрэгтэй.  Хятад гэдэг чинь мянган жилийн түүхтэй ард түмэн. Бид чинь тэдэнтэй харьцуулахад түүхгүй ард түмэн. 2000 жилийн өмнө Хятадад тосгоны сургууль байсан. Тосгоны багш ханз үсгээ заагаад л... Бидэнд тийм юм байхгүй. Бидэнд тосгон гэсэн ойлголт байхгүй. Монгол хүнд алт мөнгө цуглуулаад, хөрөнгө мөнгөтэй харилцаж, хот байгуулж, гүүр байгуулсан түүх байхгүй. Ерөнхийдөө хот байгуулж яваагүй, хашааны ард хөөгдөж гарч ирээд, хашааных нь ард ирж зогсчихоод “Намайг оруулчихаач дээ, эхнэртээ дээл хийлгэх гэсэн юм аа, жаахан торго өгчих л дөө” гээд чулуу нүүлгэдэг ард түмэн байхгүй юу. Хятадын Цагаан хэрэм чинь тэр хашаа нь. Биднийг хөөж гаргаад л барьсан. Тэгээд хөөгдөөд гарсан хүмүүс хашааных нь гадна ирээд “Оруулчихаач дээ” гээд байж байсан хэрэг. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.03.22
1984. Хамбан хөшиггүй таашаах эрх чөлөө
2
2024.03.12
Будапештын тэмдэглэл
3
2024.02.19
Хөрөг | Наддаа чи минь нар байлаа
санал болгох
1
14 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
15 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
19 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
1
10
0
0
0
0
2

Сэтгэгдэл бичих (8)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

h 2019.06.03 59.153.113.94

Молор-Эрдэнэ бол агуу хүн. амьд бурхан. Ийм лалрын нийгэмд ийм агуу бурхан байна гэхээр монголчууд ганц найдвартай юм.

1 Хариулах


Зочин 2023.12.22 66.181.177.234

Mal malaa bishrev kkk

0 Хариулах


Зочин 2019.06.02 95.248.208.95

Монголчууд ийм хүнд ингэж хэлүүлэхээр байгаа нь үнэхээр арчаагүй хүмүүс, улс юм. Энэ хүн бол бурхангүй газрын бомбо галзуурна гэдгийг бодитоор нь харуулж байгаа жишээ. Дороо суурьтай дотроо бодолтой яв гэж уул нь эцэг өвгөд сургасан

5 Хариулах


Зочин 2019.07.17 64.119.20.135

Bombo uu lol chi ooroo bombo

1 Хариулах


Gadaadaas 2019.06.01 59.125.122.234

Ih tuushtai hun shvv. Ajiliin ondor amjilt

1 Хариулах


Germand tugsugch 2019.06.01 64.119.17.160

Germand sursan bidnii uyiinhen gej shudarga shuluun ugtei, uneniig ni heleed ad bolj yavdag humuus baih yum daa...Hudlaa helj , dolignoj, odoogiinhoor bugs dolooj chaddaggui bolohoor ch ter uu uls tur ene terd neeh olon hun baidaggui baih...

0 Хариулах


эги 2019.06.01 64.119.21.68

давгү ярилцлага болжээ

0 Хариулах


Зочин 2019.05.31 203.91.114.244

бид байгаа байдал, үнэнтэйгээ эвлэрмээр байна даа

0 Хариулах


Зочин 2019.05.31 202.21.109.52

Yнэн юм хэлдэг шYY

0 Хариулах


багш 2019.05.31 202.126.89.90

яагаад ингээд зоригтой,шударгаар хамгийн гол нь ухаалаг дүгнэлттэй хэлж ярьдаг хүн олон төрөхгүй ганц энэ хүн л муугаа дуудуулаад монголчууддаа хараалгаад үнэнийг нь нүүрэн дээр нь хэдэн зуу дахин хэлээд цөхөөд явдгийн бэ. Монголчуудын чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ ус ч хийсэн ч сэгсэрнэ.... Одоо нийтээрээ өөрсдийгөө ойлгож шүүмжлэх цаг нь болсон шүү .

0 Хариулах


Зочин 2019.06.02 43.242.243.228

Бид бүгдээрээ бэртэгчин аймхай хувиа бодогч болохоороо л тэр.

0 Хариулах