Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

“Оюутолгой” гэх сэтгэцийн эмгэг

Уучлаарай, энэ бол улс төр биш.


Хавар болохоор сэтгэцийн өвчин сэдэрдэг гэдэг шиг улс төрийн сонгууль дөхөхөөр сэргэн манддаг тодорхой хоёр сэдэв бидэнд бий. Эхнийх нь С.Зоригийг хөнөөсөн хэрэг, нөгөөх нь Оюутолгой. Яг одоо нийгэмд хэлэлцүүлэг болж буй сэдвүүд дотор эл хоёр сэдэв “улс төр” гэсэн ангилалд улстөрчдийн шууд оролцоотойгоор эрчээ авсан нь хэнд ч анзаарагдам байна. Үүний хоёр дахь сэдэв буюу Оюутолгой бол Монголд үйл ажиллагаа явуулж буй хийгээд монголчуудын амьдралд өгөөжөө бодитоор өгч буй хамгийн том бүтээн байгуулалт юм. 

Монголын ард түмний бүгдэд тэгш заяагдмал алт, зэсийн энэхүү орд, уурхайн үйлдвэрлэл улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлж чадаж буй эсэхэд биднийг төлөөлөн тус компанийн 34 хувийг эзэмшиж буй Засгийн газар төдийгүй бүх иргэн санаа тавих нь зүй ёсны хэрэг. Гэвч энэ нь мэргэжлийн, ажил хэрэгч байх ёстой яриа хэлэлцээний хэм хэмжээнээсээ хазайж, хувь улстөрчдийн сонгуулийн өмнөх амиа хоохойлсон дуусдаггүй тоглоом, попрох аятайхан алтан тайз болсоор арваад жил, улс төрийн дөрвөн сонгуулийн нүүр үзэв. Гэтэл хараат бус төрийн бус байгууллагаас 2018 онд олон нийтийн дунд явуулсан санал асуулгаар “Оюутолгойн ордоос ямар ашигт малтмал олборлодог вэ” гэсэн асуултад хэдийгээр олонх биш боловч анхаарал татахуйц хувь нь “нүүрс” гэж хариулсан байна. Зөв шүү дээ. Энгийн иргэдийн хувьд Оюутолгой, Тавантолгой хоёр ямар ялгаатай, аль нь алт, зэсийнх, аль нь нүүрснийх хийгээд чухам хэдий хэмжээний олборлолт явуулж буй гэхчлэн нарийн ширийн мэдээллийг нягтлан боловсруулах үүрэггүй. Яагаад гэвэл энэ бол цэвэр мэргэжлийнхний хийх ажил. Манай Засгийн газарт харин мэргэжлийн чанар байна уу гэдэгт л асуудал бий.

Анх “Айвенхоу майнз” компани 1996 онд Оюутолгойг нээхэд огтоос тоогоогүй Монголын улстөрчид тэднийг 2001 онд хүдрийн нөөц илрүүлэхэд нь л сонирхож эхэлсэн түүхтэй. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хүсэл сонирхолтой байгаагаа гадаадын хөрөнгө оруулагч Монгол Улсын Засгийн газарт анх 2004 онд илэрхийлж, үүнээс таван жилийн дараа 2009 онд гэрээг албан ёсоор байгуулах хүртэл улс төрийн тогтворгүй байдал, мэтгэлцээн үргэлжилсэн бөгөөд мөн ийм хугацаагаар уурхайн үйл ажиллагаа эхлэх хугацаа ч хойшилсон билээ. Оюутолгойн түүхийн бүхий л хугацаанд Монгол Улсын Засгийн газрууд, улс төрийн намууд, иргэний нийгмийн хөдөлгөөнүүд, уул уурхайн мэргэжлийн холбоод энэ гэрээний үр ашгаас хүртэх Монголын талын хувь хэмжээг өсгөн нэмэгдүүлэх байр суурийг илэрхийлсээр ирсэн. Одоогийн Засгийн газар Оюутолгой төслийг сайжруулахын тулд Монголын талын үр ашиг, цахилгаан станц, үйлдвэрлэл, зээл санхүүжилтийн хүү, санхүү татварын гэх мэт бүх асуудлыг шийдвэрлэхийг мөн л хүсэж байна. 

Сүүлийн арван жилийн турш Оюутолгой тойрсон улс төрийн мэтгэлцээн, сонгуулиас сонгуулийн хооронд бүү хэл, сонгуулиар эрх барих дөрвөн жилдээ ч нэг нам дотроо хэд хуваагдан эрх мэдэл булаалдан тогтворгүй байдал бий болгодог нь өөрөө манай улс төрийн “тогтвортой байдал”, нэрийн хуудас болсон билээ. Манай бүх Засгийн газар Оюутолгойтой хэлэлцээ хийсэн мөртлөө яагаад бүтэлгүй, амжилтгүй болсны ганц шалтгаан нь ердөө энэ. Оюутолгой Монголын талд ашиггүй байх үндсэн гол шалтгаан бол сэтгэц, мэдрэл хэвийн эсэх нь маш эргэлзээтэй Монголын улстөрчдөөс болж байна. Олон Засгийн газар солигдох бүрт бодлого ойлгомжгүй, чиглэл нь тогтворгүй байдлыг илэрхийлж байгаа учраас угийн хямсгар “Рио Тинто” манай улстөрчидтэй хэрхэн харилцах учраа олохгүй, хэлэлцээний ширээнд сууж ярьж тохирсны маргааш бас юу болохыг төсөөлөхөд хэцүү байх шиг. 

УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр Оюутолгойн хөрөнгө оруулалт Монголд оруулсан хөрөнгийнх нь томоохон хэсгийг эзэлдэг, “Рио Тинто”-гийн санхүүжүүлэгч Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэд ерөнхийлөгч Алейн Пилоутай уулзав. Гадаадын банкир манай спикерээс Оюутолгой төсөлд баримталж буй УИХ-ын бодлогын талаар асууж. УИХ-ын дарга Г.Занданшатар "Миний хувийн байр суурь бол Монгол Улсын Засгийн газар болон салбарын яамны байр суурийг зөв гэж үзэж байгаа” гэлээ. “Манай талаас “Рио Тинто”-д хоёр талдаа ашигтай шийдлүүдийг санал болгосон. Гэвч тэдний тал ямар нэгэн шийдвэрт хүрэлгүй 1.5 жил болж байна. Тэд ямар нэгэн шийдэл гаргаж, хариу өгвөл Монгол Улсын Засгийн газар аль аль талын ашиг сонирхлыг харгалзан, нээлттэй, эрх тэгш шийдвэрлэхэд бэлэн байгаа" гэж Г.Занданшатар учирлаж. Ноён Алейн Пилоу "Рио Тинто”-той зөвшилцөлд хүрч, яриа хэлэлцээ болох нь гарцаагүй” гэжээ.

Магадгүй ээ, манай Засгийн газар “Рио Тинто”-той хэлэлцэж болох л юм. Гэхдээ манай сайд нарын багт улстөрждөггүй, цэвэр мэргэжлийн, эрдэм мэдлэг нь улс төрөөс шалтгаалан өдөр өдрөөр өөрчлөгддөггүй, сонгуулиас болж зарчмаасаа ухардаггүй, Оюутолгойг улс төр биш гэдэг итгэл үнэмшилтэй тийм хүн байхгүй. Тиймээс сонгуулийн солиорол, “Оюутолгой” гэх сэтгэцийн эмгэгээс ангид, хариуцлагагүй байдлаа авлигаар арилждаггүй хүмүүст Оюутолгойнхоо хэлэлцээг даатгаж, үр ашгаа сайжруулахсан. Тогтворгүй, тавтиргүй байгаа нь л “тогтвортой” байдлыг нь илэрхийлдэг манай улс төрд энэ ч зөвхөн мөрөөдөл л юм. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.13
2030 он гэхэд авлигыг үл тэвчих соёл бэхжинэ гэж үзжээ
2
2024.03.12
"Ногоон автобусны" хэргийг шүүхэд шилжүүллээ
3
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
санал болгох
1
11 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
1
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.