Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Өнөөдрийн зурвас: Миний аялал

Чемоданаа чирэн нааш цааш хөлхөх хүмүүсийг ажиглан удаан гэгч чимээгүй суух дуртай.


Аялал бол амьдрал гэсэн үг байдаг. Үгүй л дээ, аялал бол амьдрал биш, зүгээр л адреналин ялгаруулдаг маш гоё зүйл. Миний хувьд аялал үргэлж төсөөлөл байдаг. Явахаар төлөвлөх, очих газрынхаа талаар унших нь аяллын хамгийн гоё хэсэг. Эндээс миний аялал эхэлдэг учраас суугаа газраасаа ховхроогүй байхдаа л аль хэдийн тэнгис далайгаар тэнэж чадна. Мөнх цаст уулс, түргэн урсгалт голууд, арал, ширэнгэ, халуун рашаан гээд байгаль дэлхий юутай ханашгүй үзэсгэлэн гоо.  

Цүнхэндээ хамгийн хэрэгтэй гэж үзсэн зүйлсээ баглаад гэрээс гарах агшины сэтгэл хөдлөл тийз, паспорт зэрэг хамгийн чухал зүйлсийг ч мартуулж чадах шидтэйд хязгааргүй дуртай. Зөвхөн энэ өчүүхэн мөчийн догдлолыг мэдрэхийн төлөө халаасаа хоосолж чадах хөөрүү хүмүүсийг хүндэтгэхэд би лав бэлэн. 

Хэд хоногоор гэрээс гарч аялах боломжийг би дуртайяа ашигладаг. Ерөөс өмнө нь огт очиж үзээгүй газар нутагт хөл тавих дургүй хэн байх билээ. Харь орноос олж ирсэн ямар нэг зүйлээ өлгөхийг нь өлгөж, тавихыг нь тавьж, наахыг нь наасаар манай гэрийн хана дэлхийн 20 гаруй хотын дурсгал тээсэн эд зүйлээр гоёж амжжээ. “Аймаар” аялагчдын дэргэд багахан тоо байж болох ч газар үзэж, галуу шувууны мах зооглох далим ямагт олгож байдаг сэтгүүлчийн ажилдаа үргэлж олзуурхдаг билээ. Ихэнх томилолт завгүй хөтөлбөрт шахагдан онгоц-хурал-хэвлэлийн мэдээ-буудал-онгоц гэсэн маршруттай байдаг юм. Гэсэн ч хүний газарт гүний нутагт очсоноо мэдрэх харь хахь, хачин сонин зүйлсийг юухнаас нь ч мэдэрч болох хойно.

Онгоц хүлээнгээ нисэх буудлын танхимд чемоданаа чирэн нааш цааш хөлхөх хүмүүсийг би ажиглан удаан гэгч чимээгүй суух дуртай. Анх удаа харж байгаа, дахиад хэзээ ч тааралдахгүй тийм хүмүүсийн хэн болохыг өөртөө таавар болгоод гашилж суух дуртайгаасаа би жаахан ичдэг ч энэ нь миний хувьд гайхалтай аялал болж чаддаг учраас одоо хэн нэгэнд хэлэх цаг болжээ. Гэхдээ би дүрэмт, эсвэл бэлтгэлийн, жийнсэн хувцастай хүмүүст дургүй. Тогтоод харчих зүйлгүй, яг л над шиг ажлаа хийж яваа мэт санагддаг учраас анхаарал татдаггүй юм. Хэдийгээр хүн болгон давтагдашгүй хэдий ч хүний олон дотор урлагийн бүтээл шиг, киноны гол дүр мэт дотоод сэтгэлдээ тээж яваа олон зөрчлөө бусдад ямар ч түвэг удахгүйгээр буй байгаагаараа тулган хүлээлгэж чадах ном зохиол мэт гадаад төрхүүд байдаг шүү дээ. Надад өвөрмөц хэв маягтай, хуучны хийцтэй бэлзэг ч юм уу, бугуйвчтай хүмүүс таалагддаг. 

Буурал үстэй, өндөр оройтой сийрсэн малгайн дороосоо гоёмсог хамар цухуйлгасан, эмэгтэй нь язгууртан маягийн ихэмсэг донжтой, цайвар тааран хувцастай европ хос миний өөдөөс харсан сандал дээр сууж байв. Би тэдний үрчгэр гарт адилхан гялалзах бөгжийг хараад л дөнгөж хуримлаад бал сараа хийж яваагаар төсөөлчихсөн. Гэрлэснийхээ 40 жилийн ойг аль хэдийн тэмдэглэчихсэн улс ч байж магад, гэхдээ тэдний харилцаа, харц, үйлдэл надад яг л насаараа хайсан аз жаргалаа эцэст нь одоо л олчихоод үүнийхээ төлөө бие биедээ хязгааргүй ихээр талархаж буй шиг л бодогдсон. Тиймээс би тэднийг аяллаас хариад насан эцэс болтлоо яг тэр үед миний өмнө хөтлөлцөөд инээлдэн байгаа чигтээ амар амгалан амьдран суухаар төсөөлсөн. Тэгэхэд би ганц бие байсан болохоор яг тэр хоёр шиг амьдрахыг мөрөөдөж билээ.  

Токиогоос буцаж байсан юм. “Нарита” буудлын үүдэнд манайхан тамхилахаар хэсэг саатахад нэг халамцуу орос ч юм уу, эсвэл украин бүсгүйг япон залуу үдэж байхыг харж билээ. Дурлацгаасан, тэр нь хэн хэнд нь яг адилхан хав халуунаараа байгаа нь илт. Охин нэлээд задгай хөнгөмсөг хувцасласан, цахилгаан нь эвдэрчихсэнийг боож баглан тогтоосон гар тээшээс нь харахад л яавч чинээлэг хүн биш. Харин залуу огт өөр. “Гинза”-гийн дээгүүр зиндааны бизнес хүрээллээс энд ирсэн нь түүний цаг, цүнх, гутлаас ойлгомжтой. Тэр хоёрыг ямар ирээдүй хүлээж байгааг төсөөлшгүй. Бүсгүйг дэргэдээ байлгая л гэвэл тэр япон үүнийг хийж чадах биз. Харин орос эмэгтэй хэдий ядуу ч япон хүний гэрт сууж, нөхрөө ирэхийг насаараа хүлээж тэвчих болов уу. Эсвэл хувь тавилан тэднийг хөнхөр цэнхэр нүдтэй, хүрэн хар үстэй хүүхдүүдээ хөтлөөд, зуны амралтаар нь энэ буудлаас ээжийнх нь төрөлх тосгон руу нисдэг аялалд нэгтгэсэн ч байж болох юм. 

Аяллын бас нэг сайхан нь гэрээ санах, харих гэж яарах. Зориулж авсан зүйлсээ эздэд нь тараан цүнхээ хоосолчихоод дараагийн аялал хүртэл хураана. Хорвоо ертөнцтэй танилцаж буй үрсээ дагуулаад тэнгис далай тийш нисэх өдрийг тэсэн ядан хүлээж байна, тэдний минь нүд хэрхэн гялалзахыг төсөөлж байна. Бяцхан хайгуулчдынхаа тийм нэг баяр жаргалыг харахын төлөө халаасаа хоослоход бэлэн. 

Хамгийн их уншилттай
1
2024.02.23
Шибатаяма ояката: Хакүхог дэвжээ удирдах чадваргүй гэж үзсэн
2
3 өдрийн өмнө
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
3
2024.02.25
Бүсгүйчүүдэд үзэн ядагддаг 9 төрлийн залуу
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Өнөөдрийн зурвас: Шинель
2
2024.01.10
Өнөөдрийн зурвас: Арван жилийн дараа уулзъя!
3
2023.07.04
Өнөөдрийн зурвас: Ээжид нь чамд өгөх юу ч байхгүй
санал болгох
1
3 цагийн өмнө
Монгол эмэгтэйн бичлэгүүд "TikTok" дээр од болж, хэдэн сая хандалт авч байна
2
6 цагийн өмнө
Орд болгоны хэзээ ч тэвчиж үл чадах сэтгэл өвтгөм үйлдлүүд
3
7 цагийн өмнө
Нохойтой харьцах нь хүнийг тайвшруулж, төвлөрөхөд тусалдаг болохыг тогтоожээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
21
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

гялгар хар 2019.06.18 202.131.235.234

Үнэн янзтай, донжтой бичлэг болжээ. Бичлэгээс чи өөрөө л харагдаад байна

0 Хариулах