Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Өнөөдрийн зурвас: Зуны зураг


Өглөө сэрэхэд шөнөжин орсон борооны чийг онгорхой салхивчаар угтаж, алс холын ойн захад хэдэн өдрийн өмнөх наранд болсон гүзээлзгэний тийш урин даллаж байна. Түүх савгүй гарсан хүн нарны майлгайгаа улайтал дүүргэж ирээд “Энийг хар даа” гэж хэн нэгнийг баян хангайн хишгээр хөөрцөглөн дайлж байгаа даа.  

Хөдөөх аглаг, ус мөрөн, элгэн садан, хөнгөн хувцастай хөхиүн өдрүүд хүүхдүүдээ санахад зун бидэнд хүрээд ирдэг юм болов уу. Нэг инээхээрээ зогсож чаддаггүй “элэг муутай” шооч хэрнээ яаж сэлдгээ харуулах гээд ус руу гүйгээд ороход ээжтэй минь адилхан уулга алддаг хүмүүс амьдран суугаа нутаг надад бий. Сэлэнгийн хөвөөнөө орших тэр аглагийг би ээжтэйгээ адил санадаг аа. Хэдэн ч зун ээжтэйгээ хамт очсон ээж шиг минь дэлгэр зун цаг юм дээ. Тэнд удахгүй наадам болно оо. 

Сумын наадам маргааш болох өдөр яагаад тийм хөхиүн уянгатай байдаг юм бол. Маргааш наадамд болно гэхээс л тэнд барилдах, морио уралдаах улсыг дагаж яараад л. Айлын хүүхнүүд үс зүсээ гоодож, гэрийн ажлынхаа зайгаар борлосон арьсандаа тараг түрхэж зэхээд л. Тэднийг ингээд унахаар өмсөхөөр авчирсан дээл хувцсаа голж чамламаар ч оргих шиг болохыг яана. Хотын чихэр харуулдан үүдээр эргэлдэж явсан жаахнууд маргааш наадам болох алдад эгээ том харцуул аятай хэрсүү нь дэндсэн яриа хөөрөө, алхаа гишгээтэй болж хувирахыг харсан бол тэд чинь унаач хүүхдүүд байх нь. Уяа сойлго асуухад ах нараа дуурайн хоолойгоо ихэд түвшин болгож ирээд л ёс ёмбогор хариулж эгдүү хүргэх вий. Гийнгоолоод эхлэхээрээ л яах аргагүй балчир дуун хадааж, нялх юм даа гэх эвийлэл төрүүлээд одно.

Наадмаар найм төгссөн найз нараа дагаж халамцдаг хүргэн ах хүн болгонд л байх. Хотоос дүү нар ирчихээд байхад ногоороод алга болчихдог хаашаа янзын амьтан бэ гэх эгчийн дуу хадмагц нэг сэвхийтэл өндийгөөд авсан байхад уу, хүргэн ахын гараас тансаг ресторанд хүртэмгүй хачин сайхан юмнууд ширээнээ ургана. Цоохор гүзээнд битүү чанасан шөл, элэг сэмжний шорлог морлог, юу ч гэх вэ дээ, маяг шүү дээ. “Агаан дүү нар ид” гэж хошуу дэвсээд л. Ахдаа бэлдсэн ганзагалаагаа задлахад эгч маань манайд оюутан болохоор ирж байсан охин төрхөөрөө хацраа хонхойлгочихоод л “За, миний өвгөн эхлээд наад  хоол ундаа...” хэмээн аль хэдийн уур нь гарчихсан зөөлөн дуугарна.

Энэ гэрийн тавилга сэлт шинэчлэгдэж, ээж аав хоёртойгоо хоймрынх нь орон дээр унтахаар хэвтэхэд хананд өлгөөтэй байдаг ятга, шанз хоёр сумын клубын зэмсэг болсон билээ. Өглөө сэрэхэд шинэхэн өрөм хийсэн байдаг улбар цэцгэн хээтэй орос цагаан савны оронд өөр тавагтай зөөхий бий. Аав, ээжийн минь идэр залуухан төрхтэй хамт тэртээд үлдсэн зуны дурсамжууд нагацын гэрт амилдаг билээ.       

Ажилдаа ирэх Нарны замын туршид ойг ухаалгаар амьдруулагч ялзмагууд, нов ногоон чийглэг хөвд, малгайгаа гилжгийдүү тавьсан хүүхдүүд шиг инээдтэй царайтай хэдэн догь мөөг, торомсог өвс ороолдож могойнх шиг хэв гарган унасан гишүү, өндөр моддын үзүүрээс ирэх салхины чимээ, зөгийн дүнгэнээн, хөл эрвэгнүүлэн гүйлдэх ажилсаг шоргоолжнууд толгойноос салдаггүй ээ. Бас тэр гүзээлзгэнээс амжиж түүхгүй бол шүүсээ асгаад хатах нь байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.18
Өнөөдрийн зурвас: Шинель
2
2024.01.10
Өнөөдрийн зурвас: Арван жилийн дараа уулзъя!
3
2023.07.04
Өнөөдрийн зурвас: Ээжид нь чамд өгөх юу ч байхгүй
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.