Хайх зүйлээ бичнэ үү

10 мин

Humans of [Д]Улаанбаатар: Хотын хамгийн "дулаан" хүмүүсийн 5 төлөөлөл (№2)

Улаанбаатар хотын дулаан хүмүүсийн түүх.


Өвөл айсуй. Бага багаар хүйтэрсээр буй энэ өдрүүдэд айл болгоны гал голомтод халуун дулаан уур амьсгал улам нэмэгдсээр буй. Өвлийн улиралд бэлдэн дулаан бүхнээ ил гарган, түгээж буй энэ хотоос бид хүний сайхныг, хүсэл бодлын соргогийг Ub Passport-тай хамтран онцлон танилцуулж байгаа билээ. Та ингэхэд "UB Passport"-ийн тухай дуулаагүй юм биш биз? Зөвхөн паспорт эзэмшигч л сонгогдсон 60 хүртэлх газраар үйлчлүүлэхдээ онцгой 1+1 эрхүүдийг эдэлдэг. Бас мэдээж тэр нь хамгийн содон, гоё газрууд байгаа гэдгийг дуулгах нь зүйтэй. Энд орсон хүмүүс бүгд л [Д]Улаанбаатартай холбоотой юм шүү. Хээрийн кофе, Томүжин Академи, Vim Acid Bar, Fat Cat Jazz Club болон Smoky City гээд л. Ub Passport-ийн хамт олны зүгээс явуулж байгаа [Д]Улаанбаатар аянд нэгдэж, хотын дулаан газруудаар аялаарай.    

Гэрэл зургуудыг: Б.Долгорсүрэн /  Г.Булгантамир

Б.Зараа (23 настай)

Wild Coffee Brewers / Хээрийн кофег үүсгэн байгуулагч, бариста

-Хамгийн "дулаан" хүмүүсийн нэг та өөрийнхөө тухай ярьж өгөөч?

"Хээрийн кофе" арга хэмжээг зохион байгуулаад гурван жил гаруй болсон байна. Нэгэн өдрийг байгальд өнгөрүүлэнгээ амттай кофе ууж, дуу хөгжим сонсон, инээд хөөрөөр бялхах хүсэлтэй хүмүүс уг эвентийг зорин ирдэг. Байгальтай илүү ойр байх боломж олгодог учраас хүмүүс ямар ч стрессгүй, өөрсдийнхөөрөө байж чаддаг байх. Энэ эвентийг анх хийх болсон олон шалтгаан байдаг ч тэр дундаас хамгийн чухал нь маш олон гоё хүнтэй танилцаж, хүрээлэл бий болгох байсан. Арга хэмжээг зохион байгуулахаас өмнө би ойлголцдог нэг ч хүнгүй, найзгүй байсан гэж хэлж болно. Харин энэ эвентэд маш эерэг, өвөрмөц ертөнцтэй, содон хүмүүс ирдэг. "Хээрийн кофе"-ноос гоё хүн олж мэдэхдээ би их баярладаг шүү. Аяга кофе уугаад, гоё юм ярьж суух хүнтэй байна гэдэг сайхан. 

-Улаанбаатар хотын хамгийн сайхан зүйл нь юу вэ?

Хайртай хүнтэйгээ явж байхад хотын хаана ч гоё. Хотын дүр төрх, байр байдлаас илүүтэйгээр хүмүүс л хамгийн чухал гэж боддог. Гоё юм бүтээж байгаа гоё хүмүүс надад сайхан санагддаг. Тухайн цаг үеэсээ шалтгаалаад хотын зарим хэсгүүд өөрсдийн ид шидтэй болдог. Шинэ жилийн үеэр Төв талбай сайхан, цасан шуургатай хүйтэн өдөр бол гэрээсээ дулаан мэдрэмж авна. Хүйтэн өдөр найз нөхөд, ойр дотнын хүмүүстэйгээ халуун кофе уугаад сууж байхад ч бас дулаан мэдрэмж авна. Манай гэртэй ойрхон болохоор "Esperanto" орох дуртай байдаг. Хотыг сайхан болгодог зүйл бол гарцаагүй сайхан хүмүүс юм.

О.Анар-Од (21 настай)

Томүжин Академийн багш

-Хамгийн "дулаан" хүмүүсийн нэг та өөрийнхөө тухай ярьж өгөөч?

Маш залуугаараа, бараг жаахнаараа гэж хэлж болох насандаа боловсролын салбарт орж ажилласандаа баяртай байдаг. Ялангуяа хэн нэгний шаардлага, эсвэл олонхийг дагаж биш ѳѳрийн сонирхол, хүслээрээ ажиллаж эхэлсэндээ илүү их баярладаг. Тиймдээ ч намайг дулаан болгодог зүйл бол миний ажил. Би ажлаа “ажил” гэж харахаас илүүтэйгээр амьдрах зорилго, кайф, шалтгаануудын нэг гэж хардаг. Маш залуу хэрнээ хүчтэй хамт олноос бүрдсэн Томүжин Академийн хийж байгаа ажил надад маш их эрч хүч, урам ѳгдөг. Манай боловсролын систем олон жилийн турш шинэчлэгдэн ѳѳрчлѳгдѳѳгүй учраас дутмаг зүйлс маш их байдаг л даа. Гэхдээ бид зѳвхѳн асуудлууд цохож, бухимдаж, боловсролын салбар огт болохгүй байна гэж шаналж суух биш ѳѳрчлѳх гээд оролдоод, хичээж яваа хүмүүсийн нэг. Бидний ажлын үр дүнд зуу зуун сурагч АНУ-ын ѳнцѳг булан бүрт суралцаж байгаа. Харвардын сургуульд суралцаж байгаа суралцагчдаараа бас их бахархдаг. Бид сурагчдыг бэлтгэх явцдаа давхар математик, физик, хими гэх мэт хичээлүүдийг хамгийн хүртээлтэй, үр дүнтэй, амьдралд эргээд хэрэглэгдэх аргаар заах арга барилыг бүтээж байна. Нэмээд тѳсѳл хэрэгжүүлэх, дадлага ажил хийх гээд сурагчдын санаачлага, бодит амьдралд суурилсан чадварыг дээшлүүлэх хичээлүүд ч ордог. Сурагчдад зааварлаад, тэднийг чиглүүлээд ѳгѳхѳд л 16, 17 настай мѳртлѳѳ Богд ууланд 100 шувууны үүр суурилуулж, 300 гаруй бага насны хүүхдэд эмнэлгийн үзлэг хийх гээд томоохон тѳслүүд хэрэгжүүлж чаддаг. Сурагчдын эдгээр нээлт, ѳѳрчлѳлт, нѳлѳѳллийг харахад миний хувьд хамгийн том амжилт бас аз жаргал байдаг юм. Энэ газар буцалж байгаа энерги, урам зориг, нѳлѳѳлѳл 5, 10 жилийн дараа миний ч биш бүх хүний нүдэнд илт харагдахуйц болно гэдэгт итгэлтэй байгаа.

-Улаанбаатар хотын хамгийн сайхан зүйл нь юу вэ?

Төрсөн гэр. Ээж ааваасаа тусдаа амьдраад эхэлсэн чинь гэр минь хэчнээн дулаан гэдгийг илүү ихээр мэдэрсэн. Гэртээ очихоор яагаад ч юм сэтгэлд маш дотно, ѳег байдаг. Ээж аавынхаа гарын хоолыг идээд, буу халаад суух бол миний хувьд хамгийн сайхан. Хүн болгоны хувьд л гэр нь хамгийн дулаан байдаг байх. Би ч гэсэн ирээдүйд хүүхдүүддээ дулаахан мэдрэмж үлдээх гэрийг бүтээхийн тѳлѳѳ хичээдэг.

 Б.Дөлгөөн (28 настай)

"Fat Cat Jazz Club"-ийн хамтран үүсгэн байгуулагч / "Magnolian" нэрээр уран бүтээл туурвидаг

-Хамгийн "дулаан" хүмүүсийн нэг та өөрийнхөө тухай ярьж өгөөч?

Жазз клуб нээх санааг манай хамтран үүсгэн байгуулагч Г.Хонгор анх гаргасан. Манай хүн өөрөө жазз хөгжимчин. "Tuesday is Jazzday" гэж болдог байхад би дөрөвдүгээр сарын үед нэг удаа эвент дээр очсон чинь Хонгор надтай ярих юм байна гээд, "За юу ярих юм бэ" гэж асуутал их нухацтай өнгөөр "Дараа тухтай яръя" гэсэн юм. Дараа нь мань хүн жазз клуб нээмээр байна, хамтарцгаая гэдэг санаагаа хэлсэн. Надад санаа нь их таалагдсан болохоор шууд хамтарч хийхээр болсон. Тухайн үед бидэнд ойролцоогоор 30 мянган ам.доллар хэрэгтэй байлаа. Яаж мөнгө олох вэ гэдэг асуудал гарч ирсэн. Тэр үед надад 30 хүнээс мянган доллар зээлж байгаад байгуулъя гэдэг санаа гэнэт төрөөд, орой нь нойр хүрч өгдөггүй, шууд л пост бичиж орхисон. Гэтэл хүмүүс их эергээр хүлээн авч, сар гаруйн хугацаанд л санхүү мөнгөтэй холбоотой бүх асуудал жин тан болж, бид наймдугаар сарын 17-нд нээлтээ хийсэн дээ. Хонгор бид хоёр анх 4 сард уулзаж байсан шүү дээ. Бүх зүйл үнэхээр урамтай урагшилж, бидний мөрөөдөж байсан тэр газар нээгдсэнд маш их баярласан. Одоо хүмүүсийн зочлон очих дуртай газруудын нэг болсонд баяртай явдаг. Өвлийн улиралд "Fat Cat" маань ч үнэхээр дулаахан шүү.

-Улаанбаатар хотын хамгийн сайхан зүйл нь юу вэ?

Гадаадын хотуудтай харьцуулбал Улаанбаатар минь тийм ч царайлаг хот биш л дээ. Гэхдээ л надад өөрийн гэсэн онцлог, мөн чанартай юм шиг санагддаг. Цаанаа л нэг эвтэйхэн байдаг, яг л гэртээ байгаа юм шиг. Угаасаа л гэртээ байгаа л даа. Хүн хөлд нь хамгийн эвтэйхэн таардаг, шавхай болж, энд тэндээ урагдсан, хуучирсан гутлаа өмсөхөөр нээх сайхан байдаг даа? Улаанбаатар надад яг тэгж санагддаг. Хүйтэн байдаг болохоор их олон хүн өвөлд дургүй байдаг. Гэхдээ миний хувьд өвөл бол маш гоё улирал. Яг энэ улиралд тохирсон хөгжим сонсох нь надад хамгийн дулаан мэдрэмж төрүүлдэг. Ялангуяа "Fat Cat"-д сонсоход сайхан. Зул сарын ихэнх дуунууд угаасаа жазз байдгийг ч хэлэх үү. Бас бид мэдээж "Christmas Special" эвент хийх болно. 

Б.Тэмүлүн (23 настай)

"VIM ACID BAR"-ийн үүсгэн байгуулагчдын нэг / Монголд байдаг цөөн эмэгтэй бартендеруудын нэгэн төлөөлөл

-Хамгийн "дулаан" хүмүүсийн нэг та өөрийнхөө тухай ярьж өгөөч?

Саяхан аравдугаар сарын 12-нд бид "VIM ACID BAR"-ийн нэг жилийн ойгоо тэмдэглэсэн. Нээлтээсээ бараг жил хагасын өмнө гурвуулаа нийлээд ийм нэг газар ажиллуулъя гээд ярилцаж байсан. Яваандаа дөрвүүлээ нэгдээд, нээх газраа олоод үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм. Ямар нэг зүйлийг бүр эхнээс нь хийнэ гэдэг маш хүнд ажил юм билээ. Булан тохой бүрийн шороо тоосыг цэвэрлэхээс эхлээд бүх зүйлийг хамт хийлцсэн болохоор нэг бодлын яг л миний хүүхэд шиг байдаг. Яг өөрийн гараараа өсгөсөн хүүхэд шиг болохоор маш их хайртай. Муу ч, сайн ч жижигхэн зүйлээс ч үр шим нь амтагддаг болохоор үнэхээр гоё дулаахан. Энэ газартаа маш их хайртай.

-Улаанбаатар хотын хамгийн сайхан зүйл нь юу вэ?

Нар мандаж бас жаргаж байгаа үе надад хамгийн гоё санагддаг. Утаа, тоос шороог нь эс тооцвол маш гоё байгальтай улс шүү дээ. Энэ улсын хүн болгон л ямар нэг зүйлийн төлөө зүтгэж байгаа. Нар мандахад хүмүүсийн нэг өдрийн ажил амьдрал, бүх зүйл нь дагаад буцалж эхэлж байгаа гэдэг утгаараа надад их бэлгэдэлтэй санагддаг. Тийм болохоор нар мандах, жаргах үеүд үнэхээр амттай. Би жижигхэн зүйлсийг их анхаарч хардаг л даа. Зам түгжрээд хүн болгон бухимдалтай байхад хажуугаар нэг охин маш жаргалтай инээгээд явж байгааг анзаарахад гоё санагддаг. Тийм жижиг зүйлс л надад хамгийн дулаан санагддаг даа.

Э.Тэмүгэн (24 настай)

"Smoky City"-гийн менежер

-Хамгийн "дулаан" хүмүүсийн нэг та өөрийнхөө тухай ярьж өгөөч?

Миний амьдрал ер нь л хичээл номтой холбоотой өнгөрсөн дөө. Сонгосон мэргэжил минь ч улстөртэй салшгүй холбоотой. Ер нь эрдэм шинжилгээний ажил хийх сонирхолтой. Тиймдээ ч тэр чиглэлээрээ ажиллана гэсэн бодолтой байлаа. Би экстрим спорттой холбоотой, тэр тусмаа үйлчилгээний газар бол хэзээ ч ажиллахгүй гэсэн бодолтой байсан. Тэгтэл яагаад ч юм гэнэт нэг өдөр "Smoky City"-д ажиллаж эхэлсэн байдаг. Анх "Smoky"-г нээхэд манай Булгаа, бид хоёр маш ихээр догдолж бас сандарч билээ. "Хүмүүс ирэх болов уу? Ирээд яг юу гэх бол?" гэх мэт янз бүрийн л асуулт бид хоёрын толгойд эргэлдэж байсан. Олон өдөр нойргүй хонож, олон ч найзын хүч хөдөлмөр, хичээл зүтгэлийн тусламжтайгаар нээж байсан түүхтэй. Анхны үйлчлүүлэгчид орж ирэх тэр мөчид мэдэрсэн мэдрэмж үгээр хэлэхийн аргагүй гайхалтай байсан. Би анхны үйлчлүүлэгчдээ хэзээ ч мартахгүй байх аа. Учир нь тэр хүмүүсийн нүднээс их хүлээлт, догдлол, баяр хөөр илэрхий харагдаж байсан. Би ч өөрөө тэд нартай адилхан анхны үйлчлүүлэгчдийн нэг болчихсон мэт, бараг зэрэгцээд л гулгаад байлаа. Анхлан суралцагч гэхэд бас тун давгүй гулгачихсан шүү. Зөндөө унасан л даа.   Ер нь аливаа үйл ажиллагааг эхлүүлсний дараагаас бүх юм эхэлдэг юм байна лээ. Үйлчлүүлэгчид орж ирсэн цагаас эхлээд цаашид хэрхэн яаж хүмүүст аз жаргал, инээд хөөр, баяр баяслыг өгч ажиллах вэ гэдэг асуулт чухал болж хувирдаг. Бид нар аль болох халуун дулаан уур амьсгалыг бий болгохын төлөө чадах чинээгээрээ л ажилладаг. Ер нь Монголд үйлчилгээний газар гэхээрээ л үйлчлүүлэгч, үйлчлэгч гэсэн заагийг давж чадахгүй тийм харилцаа үүсчихсэн байдаг. Харин бид нар энэ хэв маягийг эвдэж, аль болох үйлчлүүлэгчийн найз шиг байхыг оролддог. Өөрсдөө бараг үйлчлүүлэгч юм шиг хажууд нь гулгаж, зааварчилж харилцсанаар манай үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж нэмэгддэг болов уу.

-Улаанбаатар хотын хамгийн сайхан зүйл юу вэ?

Уг нь Улаанбаатар хот маань түгжрэлгүй бол амьдрахад үнэхээр гоё хот шиг санагддаг. Миний хувьд хамгийн сайхан зүйл нь машингүй өдөр. Яагаад гэвэл ямар ч түгжрээ байхгүй, ямар нэг стресс байхгүй, хотын төвөөр аз жаргал, инээдээр дүүрэн хүүхэд, залуус, гэр бүлүүд яг л өөрсдийнхөөрөө байдаг.

Дулаан бүхэн энд

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
6 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
6 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
6 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
8 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
12 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
29
0
0
0
1
1

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Sukhbaatar 2019.10.17 64.119.18.138

Udur ireh tusam DULAAN l bolodo baina shu!

0 Хариулах


Yalguun 2019.10.17 64.119.18.138

Hotiin maani haa neg gazar bolgond iim goy zuil hiideg, iim shan energytei humuus ajillaj amidarch baina gej bodhoor endee bur bugmaar sanagdah ym :)

0 Хариулах