Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Humans of UB: Оюутнууд хүсэл мөрөөдлийнхөө тухай хуваалцлаа


Хичээлийн шинэ жил эхлээд сарын хугацааг үджээ. Хичээл жигдэрч, завгүй хэмнэлдээ орсон оюутнуудаас оюутны амьдрал, сургууль болон Улаанбаатарын онцлог, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд хэрхэн хувь нэмрээ оруулах тухай асуулаа.

Э.Энххүслэн

Би Дотоод хэргийн их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн 4 дүгээр курсийн сонсогч Э.Энххүслэн байна. Манай сургууль том учраас анх оюутан болоод төөрч байсан. Дээд курсийн ах, эгч нар том санагдаад би хаана ороод ирчих вэ л гэж бодогдож байлаа. Анх хууль, эрхзүй үзээд учраа олохгүй “шоконд” орсон. Манай сургуулийнхан бүгд цагийг ягштал баримталдаг, амьдралынхаа хэвшил болгосон нь бахархалтай санагддаг. Бас хувцасаа цэвэрхэн өмсөж, биеэ гоё авч явдаг. Гутал нь тоос, шороонд дарагдсан нэг ч сонсогч байдаггүй. Хаана ч явсан, ямар ч хувцас өмссөн гутлаа цэмбийтэл арчдаг юм.

Манай улс залуу үеэ сайн дэмжиж, дээшээ гаргахгүй байгаа юм шиг санагддаг. Монголд хуулийн цоорхой маш их байдаг учраас түүнийг нь ашигласан гэмт хэрэг их гардаг юм билээ. Тийм болохоор хуулийн цоорхойг маш сайн судалж, ирээдүйд асуудлыг ил болгож шинэчилж өөрчилнө гэж боддог. Эх орноо хөгжүүлэхийн төлөө дүрэмт хувцасаа өмсөөд сураад л явж байна даа.

Г.Баянмөнх

ШУТИС-ийн Геологи уул уурхайн сургуулийн Уул уурхайн машин, тоног төхөөрөмжийн 4 дүгээр курсийн оюутан Г.Баянмөнх байна. Сургуульдаа 2016 онд орсон. Анх юугаар сурахаа сайн мэдэхгүй мэргэжил сонгоход хэцүү байсан л даа. Тэгээд тааралдсан нэг мэргэжлээрээ жил сурч байгаад өөрийнхөө хүссэн мэргэжлээ сонгоод суралцаж байна. Арван жилээ төгсөж, оюутан болоод хүмүүс их өөрчлөгддөг. Бие даасан байдал хэрэгтэй. Өөр хүрээлэлд орохоор хүмүүсийн нүд нээгдэж, аливаа зүйлийг арай өөр өнцгөөс харж эхэлдэг. Олон сайхан найзтай болоод сурах эрмэлзэл илүү сайн болдог шиг санагддаг шүү. Хамгийн гол нь өөрийнхөө хүссэн чиглэлээр сурах хэрэгтэй.

Манай улсын эдийн засаг уул уурхайдаа түшиглэдэг ч хүмүүс буруугаар ойлгож, газар дэлхийгээ ухлаа, байгаль орчноо сүйдлээ гэдэг. Бодит байдал дээр уул уурхайн салбар Монголын эдийн засгийн 80-аад хувийг эзэлж байгаа учраас зөвөөр ашиглавал бидэнд маш их хэрэгтэй. Гол нь хэрхэн, яаж ашиглах нь чухал байна. Тэгэхээр энэ тал дээр илүү сайн судалгаа шинжилгээ хийж өөрийнхөө хувь нэмрийг оруулна гэж боддог.

Н.Дэлгэрцэцэг


Сайн байцгаана уу. Би ХУИС-ийн Сэтгэл судлалын 3 дугаар курсийн оюутан Н.Дэлгэрцэцэг байна. Арван жилээ төгсөх үеэр Оросын “Гал тогоо”, “Элеон зочид буудал” цувралыг үзээд сэтгэл судлалын чиглэлээр сурахаар болсон. Би кино үзэх их дуртай. Оросын эдгээр кинонд сэтгэл судлаачийн дүрийг гоё өнцгөөс харуулсан болохоор сэтгэл судлалыг сонгосон. Энэ чиглэлээрээ сурсан чинь мэргэжилдээ улам их дуртай болсон. Ирээдүйд өөрийгөө сайн хөгжүүлж байгаад бүгдийг манлайлахгүй ч эргэн тойрныхоо хүмүүст сайнаар нөлөөлөхүйц хүн болохыг хичээнэ. Оюутан болоход бие даасан байдал чухал юм билээ. Бүх зүйл бэлэн байсан болохоор би өмнө тийм “сүртэй” байгаагүй л дээ. Харин оюутан болоход биеэ даасан, хариуцлагатай байдлыг шаардаж байсан. Тийм болохоор “comfort zone”-оосоо гарсан.

Би Эрдэнэтийнх. Оюутан болж Улаанбаатарт ирээд өвлийн улиралд дургүй болчихсон. Уг нь өвөлд дуртай байсан юм. Манай Эрдэнэт гоё. Зохион байгуулалт сайтай, их ойлгомжтой, хаашаа ч такси барьсан 1000 төгрөгөөр явдаг. Харин хотод аймаар үнэтэй. Бусад оюутнууддаа хандаж хэлэхэд өөрийнхөөрөө л амьдраарай. Зөв гэж бодсон замаараа явах хэрэгтэй байх. Учир нь чиний л амьдрал.

Д.Пүрэвдэмбэрэл

Би Дотоод хэргийн их сургуулийн эчнээ ангийн сонсогч. Цагдаагийн “+1” хөтөлбөрөөр сурдаг. Манайх Хөвсгөлд байдаг. Улаанбаатар хүн ам, нягтаршил ихтэй, машины дуу чимээ ч их. Орон нутагт дуу чимээ бага, намуухан сайхан байдаг. Манай нутаг төвийн тулгуур аймаг. Бас аялал жуулчлал маш сайн хөгжиж байна. Би хавар төгсөөд нутагтаа ажиллана гэж бодож байгаа. Их сургуульд анд нөхөдтэй болж, нэгнийхээ жаргал зовлонг хуваалцаж явах нь оюутан насны хамгийн сайхан зүйл. Цагдаагийн хүнд хэрнээ сайхан албанд орж байгаа болохоор ард иргэдийнхээ амгалан тайван байдлын төлөө зүтгэнэ л гэж боддог. Эр хүн гэдгээ мэдрэх сайхан алба. Иргэндээ тусалж, эерэг мэдрэмж авч байвал цагдаа бидний жаргал.

С.Мөнхзаяа

Би МУИС-ийн Физикийн багшийн ангийн 3 дугаар курсийн оюутан. Намайг С.Мөнхзаяа гэдэг.
Би Завхан аймгаас ирсэн. Анх оюутан болоод дасахгүй, хичээл ч хэцүү санагдаад гэрээ санаад уйлдаг л байлаа. Нэгдүгээр курст туршлагагүй болохоор дүн ч муу гарч байсан. Курс ахих тусам туршлагатай болоод орчиндоо ч дасаад гайгүй болсон. Улаанбаатарт ирэхээс өмнө их гоёор төсөөлдөг байсан ч бодит байдал дээр түгжрэл, утаанаас эхлээд стресс ихтэй санагдсан. Гэхдээ хот суурин газар болохоор бүх зүйл нь бэлэн, сонголт ихтэй л дээ. Хөдөө амгалан тайван. Зуны амралтаараа нутагтаа очихоор дуу чимээ байхгүй. Заримдаа яаж ийм нам гүм, уйтгартай газар амьдраад байсан юм бол гэж санагддаг. Багш бол үүрэг, хариуцлагатай мэргэжил. Мэдлэг боловсролтой, сайн багш болж хүүхдүүдээ чин сэтгэлээсээ сайн сурган хүмүүжүүлж эх орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулна гэж боддог доо.

 Г.Үлэмжжаргал

АШУИС-ийн 221 дүгээр хэсгийн 2 дугаар курсийн оюутан Г.Үлэмжжаргал байна. Анагаахын чиглэлээр сурах болсон минь урт түүхтэй. Би наймдугаар ангид байхдаа эгмээ хугалаад эмнэлэгт хэвтсэн. Тэр үеэс эмч нарыг биширсэн. Эмч нар өөрсдөө анагаахын мэдлэгтэй учраас амьдралаа зөв авч явж, өндөр хариуцлагатай ажилладаг нь надад таалагддаг. Би зохион бүтээгч болох мөрөөдөлтэй байсан ч наймдугаар ангиасаа эмч болохоор шийдсэн. Аравдугаар ангидаа анагаахын лицей сургуульд орж сураад энэ мэргэжилд улам их татагдсан. Мөн ШУТИС-ийн Коосэнд сурсан болохоор физик, механик инженерийн хичээлүүд, зохион бүтээх зүйлсэд дуртай. Лицейд сурч байхдаа мэдрэлийн эмч болохоор шийдсэн. Ер нь зохион бүтээгч, эмч хоёр олон юман дээр холбогддог.  Ялангуяа тархи судлалаар илүү сайн холбогддог.

Анагаахын сургуулийг хүүхдүүд Монголын Хогвартс гэж нэрлэдэг. Оюутнууд сурахын төлөө аливаа зүйлийг ухаж, судлах юм бол маш их оюуны баялаг байдгийг ойлгосон. Оюутнуудаас насанд хүрсэн хүмүүсийн чадвар шаардагддаг нь надад хэцүү санагдсан. Би айлын эрх хүүхдийн тоонд ордог болоод ч тэгж санагддаг байж магадгүй. Өөрийнхөө орчныг бүрдүүлж сурахад хэцүү байсан учраас нэгдүгээр курсээ нэлээн муу дүнтэй төгссөн. Багш нарынхаа хүчинд одоо арай гайгүй болж байгаа. Манай сургуулийн багш нар маш мундаг. Анатомийн тэнхимийн “Залуу анатомич клуб”-ийн Долгорсүрэн багшдаа маш их баярладаг шүү. Намайг хөлөө олоход хамгийн ихээр ойлгож, тусалж дэмжсэн багш гэдгийг дахин дахин хэлье.

Анагаахын оюутан болохоор цээжилж, сурах зүйл маш их. Би хичээлээ сайн хийхийн хажуугаар судалгаан дээр ажиллаж үзсэн. Тархины нээлтээр Нобелийн шагнал авахыг хүсдэг. Анагаах ухаан хэдийгээр хөгжиж байгаа ч эмчлэгдэшгүй өвчин ихсэж байгаа. Үүнийг бодоод үзэхээр карма буюу үйлийн үрийн нөлөө байдаг юм шиг санагддаг. Яагаад гэвэл хүний бодол эрүүл мэндийг тодорхойлдог далдын хүч гэдэгт итгэдэг. Тархи бол хүний бие махбодийг зохицуулдаг төв систем шүү дээ. Гэтэл тархи бодлынхоо хувьд бохирдолтой байвал бие дагаад өвдөнө. Өвчин болгонд эмгэг үүсгэх шалтгаан байдгийг анагаахын үүднээс анхнаас нь судлаад явж байгаа. Гэхдээ хүний анзаардаггүй, мэддэггүй далдын шалтгаан байдаг гэж боддог.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.01.06
Humans of UB / Аутизмд хийсэн аялал
2
2023.11.23
Humans of UB | Уур амьсгалын өөрчлөлтөд эергээр нөлөөлсөн монгол хүүхдүүдийн түүх
3
2023.06.27
Humans of UB | Паркаа бүтээгчид
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Erik 2019.10.05 202.21.107.102

Хажууд нь би үхчихгүйхэн шиг амьдрах юмсан гэж мөрөөджийн

0 Хариулах