Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Humans of Ulaanbaatar: Шинэ оны босгон дээр та юу бодож байна вэ?

Шинэ оны босгон дээр тэд хүссэн бол?


Хэдхэн цагийн дараа бидний амьдралд өөр өөр амжилт бүтээл, дурсамж, түүхийг авчрах он тооллын шинэ хуудас эргэх гэж байна. Сэтгэл догдлуулсан энэ торгон мөчтэй зэрэгцэн бид Ublife сайтын уншигчдаасаа юу бодож буйг нь асуулаа. Тэд улирч буй оноо хэрхэн дүгнэж, ирэх ондоо юу төлөвлөж байгаа бол? 

П.Анужин

Оны заагт их хөөрдөг, баярладаг нас минь өндөрлөсөн бололтой. Шинэ жил гэлтгүй бүхий л баяр миний хувьд даруу. Гэхдээ, баяр бүгдийн учир утгыг бодож, түүнд дүйцэх хүндэтгэлийг үйлддэг. Хэрэв, цаг хугацааны хэмжүүр байдаггүйсэн бол, он цаг тоологдож, эхэлж бас улирдаггүйсэн бол амьдралын үнэ цэн их өөр байх байсан. Урагшлах тусмаа хорогддог амьдралын хугацааг хэрхэн ашиглах вэ гэдгийг л маш их боддог. Монгол хүний дундаж наслалтыг 70 орчим гэж үзвэл, долоо хоногтой зүйрлэж болох. 30 настан лхагва гариг дээр, дөчин настнууд пүрэв дээр байна гээд бодоод үзээрэй! 

Мугуйд, бүтээлгүй, үргүй, хий үрж байгаа он цагийн үнэлэмж арай багцаатай бодогдох байх. Баяр наадмаар л ганган хээнцэр, хоолтой, будагтай байхыг хичээхээсээ илүү өдөр тутмын үнэт цагаа утга төгөлдөр, баясалтай, багтаамжтай өнгөрүүлэхийг зорьдог. Хичээл зүтгэлийн үргэлжлэл, бодлын хэлхээ, цаг хугацааны гүүр болсон 31-ний өдөр надад энгийн боловч цасан гоёлтой, хүйтний шандастай, гацуурын гэрэлтэй, 00 цагийг инээмсэглэн, найр тавьж угтдаг өвөрмөц өдөр.

Вон Вон-Мён

2019 онд би 10-аад улсаар аялсан байна. Өмнө жилүүдэд энэ тоо 30, 40-д хүрэх тохиолдлууд ч байсан. Гэвч энэ жил Монгол Улсад эргэн ирсэн минь хамгийн сайхан байлаа. 2018 онд би “Motion Mongolia” контемпорари бүжгийн фестивалийн хүрээнд ирэхдээ хүмүүстэй танилцаж, бүжиглэх боломж олдсон. Үргэлж Монгол руу аялахыг, цаг мөч тутамд шинэ зүйл сурч, бусадтай хуваалцахыг хүсдэг байсан.  

Канадын Бил Колмэн Дэнс бүжгийн компаниас бүжгийн тоглолтоор гадаад явах уу гэх санал ирэхэд нь “Хаашаа” гэж асуутал “Монгол” гэж хариулсан юм. Би тэр нэрийг хараад л өөр юунд ч эргэлзэхгүйгээр кэйбордоо тачигнуулан “Тэгье” гэж байлаа. Эргэж ирсэн нь надад яг л байх ёстой газраа ирсэн мэт санагдаж байна. Би дийлэнх солонгосчууд шиг хүн биш л дээ. Миний хандлага, гадаад төрх байдал, үзэл бодол хүртэл тэс өөр. Аав минь Хойд Солонгосын иргэн, нэр минь хүртэл “Пак хэн хэн...” гэдэг шиг тийм түгээмэл солонгос нэр биш байгааг анзаарсан уу? Олон улсаар аялж явсан ч Монголд ирэхэд төрдөг дулаан мэдрэмж цаанаа л өөр.

Хүмүүс надаас “Ирэх жилийн төлөвлөгөө чинь юу вэ”, “Юу хүсэж байна” гэж асуудаг л даа. Гэхдээ миний хувьд, би өнөөдрөөрөө амьдрагч. Маргааш гэхэд бид үхэж ч мэднэ шүү дээ. Тиймээс би урт төлөвлөгөө гаргадаггүй. Тэр чинь зүгээр л цаас. Харин амьдрал бол “одоо.” Би ирээдүйд биш одоо цагт амьдрагч учир юу болохыг харж л байя. Завгүй, маш их үр бүтээлтэй өнгөрүүлсэн энэ жилүүд шиг тийм л жил байна байх. 

Г.Энэрэл

Энэ жил олон хамтлаг, дуучид шинээр төрж, шинэ жилийн дуучдын бүрэлдэхүүнд тэдгээр шинэ уран бүтээлчид нэмэгдсэнд баяртай байна. 2019 он урлагийнхны хувьд өндөр түвшинд хүрсэн жил боллоо гэж хувьдаа бодож байна. Манай үеийнхэнд "Диско" гэдэг үг ‘мангар хөдөөний’ үг байтал шинэ үеийнхэнд энэ үг их сайхан сонсогдож, дискон дээр доргиж явсан өмнөх үеийнхний сэтгэлийн мяндсыг уянгалуулж өгөв. Ахмад үеийнхэн залуучуудын юу дуулаад байгааг ойлгохгүй юм хэмээж, арга хэмжээ, найр наадамдаа өөрсдийн үеийн уран бүтээлчдийг урьдаг байсан бол энэ жил 8 настнаас 80 настан бүгд л дискодож, дуулж хуурдацгаалаа.

Монголчууд ер нь дуутай хууртай ард түмэн шүү дээ. Энэ зун би тагтан дээрээ салхилж зогсохдоо дээд айлын найрлаж буйг чагнаж хэсэг саатсан юм. Гоцлон дуулж буй залуугийн хоолой ямар уянгалаг, тансаг, эгэлгүй сонсогдсон гэж санана. Түүний дуулж байсан дууг би амьдралдаа анх удаа сонсож байгаа нь тэр. Дахиж сонсохгүй эсвэл сонссон ч танихгүй байж мэднэ. Ямартай ч олж сонссондоо азтай. Танихгүй тэр хүний дуу онгорхой салхивчаар задгай сансар луу эгшиглэж байлаа. Тэгэхэд би монгол хүн гэдгээрээ ихэд бахархсан.

Дэлхийн хаана ч цэнхэр тэнгэр бий, гэхдээ дэлхий дээр зөвхөн монголчууд ийм уянгалаг байж чаддаг гэж боддог шүү. Тойрог гэртээ галаа асаагаад, тооноороо огторгуйтай холбогдож, толгой сүүл холбонхон, торгон мөчүүдийг эмжинхэн, толгойтой бүхний сэтгэлийг бялхаадаг нь зөвхөн Монгол бус уу. Та бүхэн минь дуутай хууртай сайхан баярлаарай.

Н.Болортуяа 

Өнгөрсөн жил нөхөртэйгээ хамт талбай дээр шинэ оноо угтаж байлаа. Удалгүй бие давхар болсноо мэдсэн. Тийм болохоор шинэ жил манай гэр бүлийн хувьд утга учиртай, нандин баяр. Бас гэр бүлд шинэ хүн нэмэгдэхэд амьдралын зорилгоос эхлээд өдөр тутамдаа хийдэг зүйлс хүртэл тэс өөр болдгийг энэ жил ухаарсан. Хүү бид хоёр өглөөнөөс оройг хүртэл тун завгүй өнгөрөөдөг. Гэхдээ ганц хооллож ундлах, асарч тойглохоос гадна хүүдээ хийж өгөхийг хүссэн зүйл маш их бий. Магадгүй үүнийг өвөө эмээ нь ч биш, аав нь ч биш, ганцхан эх хүн л ойлгож, мэдэрдэг юм шиг байна. Ээж болох чинь хэчнээн адал явдалтай юм бэ гэж бодож сууна (инээв). Ирэх онд хүүгээ эрүүл саруул байлгаж, хамгийн сайнаараа хүмүүжүүлэх юмсан гэж бодож байна даа. 

С.Цогтбаяр

Энэ жил Монголд пянзны соёл эргэж ирж, "The Colors", дуучин Отгоо тэргүүтэй 10-аад хамтлаг дуучин, хөгжмийн зохиолчид уран бүтээлээ пянзаар гаргасан нь онцгой содон сайхан үйл явдал байлаа. Ирэх жил хэд дахин илүү олон пянз шинээр гараасай гэж хүсэж мөрөөдөж бас гар бие оролцон зүтгэж явна.
Монголын оюун санаа хийморь сүлд сэргэж байгаа нь мэдрэгдэж, баяр бахдалаар дүүрэн байна даа.

Антон

Би яг одоо хүмүүст шинэ жилийн хөөр баяр төрүүлж, хүмүүсийн сэтгэлд баярын уур амьсгал оруулах юмсан гэж бодон өвлийн өвгөний хувцас өмсөж, өөрийн чадах хэмжээнд бэлэг тарааж явна. (Май энэ мандарин аваарай!)

Өнгөрсөн жил бэртэл аваад, түүнээс хойш спортоор хичээллэдэг болсон юм л даа. Спортоор хичээллэж эхэлснээс хойш өөртөө зорилго тавьж, муу зуршлуудтайгаа тэмцэж сурсан шүү. Өмнө нь найз нөхөдтэйгээ архи дарс ууж, наргиж явдаг байсан бол одоо түүнийгээ больсон. 2019 он миний хувьд өөрийгөө сорьсон, илүү зорилготой байхыг хичээсэн жил боллоо. Яг одоо би аз жаргалтай байна. 

Харин ирэх онд янз бүрийн ажил эхлүүлж, туршиж, хэзээ нэгэн цагт өөрийн гэсэн бизнестэй болохын төлөө хөдөлмөрлөх болно. Амжилттай ажиллах зорилгоо маань биелэх болтугай. Бас Эрхүү хотын цастай гудамнаас танай сайтаар дамжуулаад бүх монголчуудад баяр хөөр илгээе. С Новым Годом всему Монгольскому народу!

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
3 өдрийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
2024.04.22
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
15 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
5
0
0
0
0
2

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.