Их идсэний дараа хэрхэн хэвийн хэмнэлдээ орох вэ?
Хэд хоногийн өмнө миний бие нэгэн сонирхолтой нийтлэл олж уншсан юм. Ikon.mn сайтад нийтлэгдсэн эдийн засагч Г.Батзоригийн тооцооллоос харахад Цагаан сарын үеэр монголчууд 371 сая бууз бэлтгэж түүнийхээ 70 хувийг дөрөв хоногт иддэг гэжээ. Үүнийг дундажлаад үзвэл нэг хүн өдөрт 24 бууз идэж таарах нь.
Тэгвэл баяр ёслолын үеэр их идэж, бие организмдаа ачаалал өгсөн бол хэрхэн буцааж хэвийн хэмнэлд нь оруулах вэ? Мөн баярын дараа хооллолтоо зохицуулна гэж хойш тавихын оронд өнөөдрөөс ч эдгээр аргыг хэрэглэж болно гэдгийг сануулъя.
1. Нимбэгтэй уснаас эхэл
Зөвхөн бүсгүйчүүд турах зорилгоор нимбэг ус уудаг юм биш. Нимбэгтэй ус нь хоол боловсруулах системийг сайжруулж, дархлааг дэмжиж, бие махбодь дахь хүчил шүлтийн тэнцвэрт байдлыг хангах, хорт бодисыг биеэс гадагшлуулахад тусална.
2. Шингэн зүйл сайн уу
Хэт их чихэрлэг зүйл, согтууруулах ундаа, хүнд хоол хослуулан хэрэглэдэг баярын өдрүүдэд зарим хүн хоолоо шингээхийн тулд кофе уухыг илүүд үздэг. Гэвч хүнд хоол идсэний дараа кофе уувал бие шингэний дутагдалд орж, ядардаг. Иймээс ус уух нь хамгийн тохиромжтой юм. Айлд зочлохоор гарахдаа усны саваа дүүргэж аваад гарахад юу нь буруу гэж? Бүтэн өдрийн турш шингэний хэрэгцээгээ хангалттай нөхөх ёстой гэдгээ л мартаж болохгүй шүү. Түүнчлэн өглөө өлөн элгэн дээрээ 150-200 гр үзэмний шүүс ууж элгээ хамгаалахыг эмч нар зөвлөжээ.
3. Ходоодоо амраа
Таны ходоод махтай хоолыг боловсруулахын тулд 3-4 цаг тасралтгүй ажилладгийг мэдэх үү. Гэтэл эхний хоолоо бүрэн боловсруулж дуусаагүй байхад дараагийн буузаа идэхээр завдаж байгаа бол ходоодоо 24 цагийн ээлжинд гаргаснаас ялгаагүй юм. Тиймээс ходоодоо нэг өдөр ч болов амраа. Ногооны зутан шөл, смүүти зэргийг сонгож нэг өдөр хооллоорой. Ялангуяа ногоон өнгийн навчит ургамлаар хийсэн смүүти нь шингэц сайтайгаас гадна шим тэжээл өндөртэй байдаг. Хэрэв таны хоолны шингэц муу байвал хоол идсэнээс хойш 12 цагийн дараа дараагийн хоолоо идэх нь зүйтэй юм.
4. Дасгал хөдөлгөөн хий
Баярын өдрүүдэд хэн л фитнесс рүү явах билээ гэж бодож магадгүй. Таны явдаг фитнесс Цагаан сараар амарч байгаа бол сэтгэлээр унах хэрэггүй. Гэртээ 10-20 минутын дасгал, иог хийх эсвэл 10-15 минут алхаж болно. Хөдөлгөөнтэй байснаар хоол боловсруулах эрхтний системээс хорт бодисыг гадагшлуулж, эрч хүчтэй байхад тусална. Дасгал хийх боломжгүй тохиолдолд 10-20 минут дугхийх нь зүйтэй гэж мэргэжилтнүүд зөвлөжээ.
5. Саунд суу
Баярын өдрүүд дуусмагц саун, халуун ууранд суугаарай. Энэ мөн л хорт бодисыг гадагшлуулж, бодисын солилцооны эргэлтийг сайжруулж, тайвшруулдаг.
6. Харамсах хэрэггүй
Ходоод гэдсэндээ ачаалал учруулахаас гадна сэтгэлзүйгээр өөрийгөө давхар “дарамтлах” хэрэггүй. Нэгэнт хамаатан садан, ойр дотны хүмүүсээрээ зочилж, сэтгэл гарган бэлдсэн идээ ундаагаар дайлуулсан бол тэр бүрийн хойноос их идлээ гэж харамсаж, өөрийгөө яллах хэрэггүй. Харин хэвийн хэмнэлдээ орох дээрх аргуудаас тууштай хэрэгжүүлээрэй.
Зочин 2019.02.09 66.181.188.119
Saihan medeelel igsind bayarlalaa.Saihan shineleerei
0 0 Хариулах