Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

Иллюстрэйшн: Хонконгийн түүхэнд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн 25 түүхэн үе


Хонконг дахь эсэргүүцлийн жагсаал гурав дахь сарынхаа нүүрийг үзэх гэж байна. Хонконгчууд эхэндээ гэмт хэрэгтнийг эх газрын Хятадад шилжүүлэх хуулийг батлахыг эсэргүүцэж байсан бол одоо ардчилал, бие даасан засаглалаа хамгаалахын төлөөх тэмцэл болж хувираад байна. Гэвч энэ тэмцэл нь хонконгчуудын хувьд анхных биш юм. 

National Geographic сэтгүүл Хонконгийн түүхэнд шийдвэрлэх нөлөө үзүүлсэн 25 түүхэн үеийг иллюстрашн зургаар илэрхийлснийг орчуулан хүргэж байна. 

Иллюстрашн зургийг: Адолфо Арранз


1800 ОНООС ӨМНӨ

Хонконг Хятадын захиргаанд байсан бөгөөд загасчид голдуу аж төрдөг арал байв. Тухайн үед Их Британийн худалдаачид Энэтхэгээс цай, торго, шаазан бүтээгдэхүүнийг хууль бусаар хил давуулан арилжих болсон нь худалдааны ширүүн маргаан өрнөх шалтгаан болжээ. Үүнээс гадна хар тамхинд донтох нь Хятадын хувьд ноцтой асуудал болж хувирсан байна. 1839 он гэхэд Хятад дахь хар тамхичдын тоо 10 сая, хар тамхинд донтсон хүмүүсийн тоо 2 саяд хүрчээ. 

1839-1842 ОНЫ ЕСДҮГЭЭР САР 

Хятад улс хулгайгаар оруулж ирсэн хар тамхийг устгах, тээвэрлэгчдийг шийтгэх замаар Их Британийн хар тамхины худалдааг зогсоохоор хичээж эхлэв. Үүний хариуд Их Британи Хятадын эрэг рүү тэнгисийн цэргийн флотоо илгээснээр Хар тамхины анхдугаар дайн эхэлсэн түүхтэй. Уг дайны уршгаар Их Британийн 520 иргэн амиа алдсан бол Хятад улс 20 мянган хүнээ алджээ. 

1842 ОНЫ НЭГДҮГЭЭР САР 

Их Британи болон Хятадын эрх баригчид Нанжин хотод энхийн гэрээ байгуулснаар Хонконг арал Их Британийн мэдэлд бүрмөсөн шилжив. Энэ нь хоёр улсын хооронд байгуулсан "эрх тэгш бус" гурван хэлцлийн эхнийх нь байжээ. Дараагийн 56 жилд Хятад улс Хонконгийн бүс нутаг орчмын гурван гол газрыг захирах эрхээ Их Британид алдсан юм. 

1856-1860 ОН 

Хар тамхины хоёрдугаар дайнд Их Британи, Хятадаас гадна Францын эзэнт улс татагдан оров. Франц, Английн цэрэг 1860 оны есдүгээр сард Бээжин хотын ойролцоо манж-монголын морин цэргийг бут ниргэж, эзэн хааны зуны ордонг эзлэн дээрэмдэв. Эцэст нь хятадууд Ковлоны хойг болон Стоункаттерс арлыг Их Британийн талд шилжүүлснээр уг дайн өндөрлөсөн байна. Дайны улмаас 30 мянга орчим хятад цэрэг амиа алдаж, шархадсан бол Франц, Английн талаас 2900 хүн амь үрэгджээ. 

1898 ОН 

Их Британи шинэ нутаг дэвсгэрийг 99 жилийн турш түрээслэх эрхийг олж авав. Үүнтэй зэрэгцэн эх газрын Хятадаас Хонконг руу цагаачлан ирэх хүмүүсийн тоо асар хурдтайгаар нэмэгдсэн байна. Хонконгод олон улсын худалдаа, барууны хэв маяг бүхий сургууль үүд хаалгаа, банк, санхүүгийн үйл ажиллагаа цэцэглэж эхэлсэн бөгөөд яваандаа Хонконг бол бүс нутгийнхаа худалдааны төв болжээ.

1937 ОН 

Хятад - Японы дайн эхэлсний дараа Японы цэргийн хүчин аралд ойртон ирж, Хонконгийн бүс нутагт бөмбөг хаяжээ. Гэвч Хонконг Их Британийн колони гэсэн статустай байсан бол дайны уршгаас хамгаалагдаж чадсан байна. 

1941-1945 ОН

Японы цэргийн хүчин арлыг эзлэн авав. Хонконг Японы мэдэлд орсон жилүүдэд арлын хүн ам 1.6 саяас 600 мянга болтлоо буурчээ. 

1946 ОН

Их Британи аралд дахин хяналтаа сэргээв.

1949 ОН

Эх газарт Мао Зедунаар удирдсан коммунистууд ялж байв. Иргэний дайны уршгаар хэд зуун мянган иргэн Хонконг руу дүрвэхэд хүрчээ. Сар бүр 100 мянга гаруй хүн аралд ирж, шинээр суурьшиж эхэлсэн ба үүнийг дагаж газар газрын хэл, зан заншил, соёл Хонконгод бүрэлдэн бий болжээ. 1945 онд Хонконг арал 600 мянган хүн амтай байсан бол 1956 онд 2.5 сая болтлоо өсчээ. 

1950 ОН 

Үйлдвэржилт, хүн амын амьдралын түвшин нэмэгдэхийн хэрээр Хонконгийн эдийн засаг сэргэж байв. Гэвч орлогын тэгш бус байдал, хөдөлмөрийн нөхцөл тааруу байдлаас болж үймээн самуун гарах нь нэмэгдэх хандлагатай болов. 

1960 ОН 

Хонконгод бослого тэмцэл, үймээн самуун үргэлжлэхийн зэрэгцээ ган гачиг, хар салхи зэрэг байгалийн гамшигт ойр ойрхон нэрвэгдэв. Үүний үр дүнд Засгийн газар нийгмийн томоохон шинэчлэл хийж, албан тушаалтнуудын дунд буй авлигыг таслан зогсоох, боловсрол олж авах боломжийг нэмэгдүүлэх зэрэг томоохон ажлуудыг хийжээ. 

1970 ОН 

Хонконг олон улсын санхүүгийн төв, "Азийн бар" хэмээгдэх болов. Энэ үед Хятадыг олон улсад нээх, шинэчлэх бодлого баримталдаг Дэн Сяопин Мао Зэдуны орыг залгав. Их Британийн түрээсийн хугацаа дуусахтай зэрэгцэн тэд Хятадын удирдагч Дэн Сяопинд хандаж гэрээгээ сунгах хүсэлт тавьжээ. Дэн Сяопин нэг талаар Хонконгийг Хятадын талд нэгтгэх бодлогыг баримталж байсан ч нөгөө талаар хотын "тусгай статус"-ыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байв. 

1984 ОН

Их Британийн ерөнхий сайд Маргарет Тэтчер, БНХАУ-ын Ерөнхий сайд Жао Зиян нар Хамтарсан тунхагт гарын үсэг зурав. Ийнхүү 1997 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Хонконг Хятадын мэдэлд шилжжээ. Хятад-Британийн хамтарсан тунхаг болон Хонконгийн Үндсэн хуулинд зааснаар шилжүүлснээс хойш 50 жилийн дараа буюу доод тал нь 2047 он хүртэл Хонконг нь автономит байдлаа хадгалж үлдэх ёстой гэжээ. Мөн "Нэг улс, хоёр систем" бодлогын дагуу, Хятадын Засгийн газар нь Хонконгийн аюулгүй байдал, гадаад бодлогыг хариуцах бол хуулийн систем, цагдаагийн хүчин, мөнгөн тэмдэгт, гаалийн бодлого, цагаачлалын бодлого, олон улсын байгууллага, үйл явдалд илгээх төлөөлөгчдөө Хонконг өөрөө зохицуулна гэжээ.

1989 ОН

Тяньаньмэний талбайд болсон их хядлагыг буруушааж 1 сая орчим хонконг иргэн эсэргүүцлийн жагсаал өрнүүлэв. 

1992 ОН

Хонконгийн амбан захирагч Крис Паттен (Их Британийн талын сүүлчийн захирагч) Хятадтай зөвлөлдөхгүйгээр 1994 оны орон нутгийн сонгууль, 1995 оны парламентийн сонгуульд ардчилсан шинэчлэл хийж буйгаа мэдэгджээ. Энэ нь Бээжингийн эрх баригчдыг ихээхэн хилэгнүүлсэн байна. Хонконг ардчилал, шинэчлэлийн эхлэлийг тавьсан ч Бээжин хотыг буцааж авмагцаа эдгээр шинэчлэлийг цуцлахаар төлөвлөж байв. 

1997 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 1

150 жилийн турш Их Британийн колони байсан Хонконг албан ёсоор Хятадын мэдэлд эргэн шилжив. Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийг захируулахаар Шанхайгаас гаралтай бизнесмен Тун Чэ-Хваг томилжээ. 

1998 ОНЫ ТАВДУГААР САР

Хонконгод анхны сонгууль явагдаж, сонгогчдын 65 хувь нь ардчиллыг дэмжигч нэр дэвшигчид саналаа өгчээ. Гэвч Хятадын эрх баригчид сонгуулийн шинэ бүтэц бий болгосны улмаас ардчиллыг дэмжигч нэр дэвшигчид хууль тогтоох байгууллагад олонхи болж чадсангүй. 

2003 ОНЫ ХАВАР 

SARS вирусын халдвар Хятад, Хонконгод тархав. Вирусын халдвар авахаас айсан иргэд олон нийтийн газраар явахаас ч айх болж, дорвитой алхам хийхгүй байгаа Засгийн газраа шүүмжилж байв. Дэлхий нийтийн хэмжээнд 8096 хүн тус вирусаар халдварлаж, 774 хүн амь насаа алдсан билээ. 

2003 ОНЫ ДОЛООДУГААР САР 

Хонконгийн Тулгуур хуулийн 23-р зүйлд улсаа хагалан бутаргасан, улсын нууц олзворлосон гэх мэт олон хэргийг нэмж оруулах санаачилга гарсан боловч хагас сая хонконг иргэн эсэргүүцэн жагссанаар тус заалт гишүүдийн дэмжлэг авч чадалгүй буцжээ. Олон улс үүнийг Хятадын тал Хонконгийн эрх чөлөөг хязгаарлах хүсэлтэй байгаагийн нотолгоо хэмээн шүүмжилж байв. 

2004 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САР 

Хонконгийн сонгуулийн тухай хуульд ямарваа нэг өөрчлөлт оруулахдаа Хятадын талаас заавал зөвшөөрөл авсан байх ёстой гэх шаардлагыг Бээжин тавьжээ. Хятадын Засгийн газарт итгэл алдарсан хонконгчууд 2004 оны долоодугаар сард ардчиллыг шаардсан жагсаалыг зохион байгуулжээ. 

2006 ОНЫ ДОЛООДУГААР САР

Сонгогдох, үг хэлэх эрх чөлөө, ардчилсан засаглалыг шаардсан олон зуун мянган иргэн дахин жагсав. 

2014 ОНЫ НАЙМДУГААР САР

Хятадын хууль тогтоох байгууллага Хонконгод нээлттэй сонгууль явуулахыг журамласан ба эх газрын Хятадад хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс л улс төрийн томоохон албан тушаалд нэр дэвших боломжтой хэмээн тусгажээ. Үүний улмаас “Шүхэртэй хувьсгал” хэмээх томоохон тэмцэл өрнөжээ. Бээжин уг эсэргүүцлийг дарахын тулд тэмцлийг удирдсан оюутнуудыг шоронд хорих хүртэл арга хэмжээ авч байв. 

2019 ОНЫ ХОЁРООС ГУРАВДУГААР САР 

Хонконгийн Засгийн газар гэмт хэрэгт холбогдсон иргэдийг Хятадад шилжүүлж шүүлгэх хуулийн төслийг олон нийтэд танилцуулав. Иргэд үүнийг Хонконгийн тусгаар тогтнолд заналхийлсэн үйлдэл, Хятадыг шүүмжлэгчдийн "амыг барих" гэсэн оролдлого хэмээн шүүмжилж эхлэв. 

2019 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 12 

Иргэдийн эсэргүүцлээс үүдэн хотын захирагч Кэрри Лам тус хуулийн төслийн хэлэлцүүлгийг буцаан татаж, жагсагчдын эсрэг хүч хэрэглэсэндээ уучлал гуйсан юм. Харин хонконгчууд эл үйлдлийг хангалтгүй хэмээн үзэж дахин жагссан бөгөөд хоёр дахь эсэргүүцлийн жагсаалд хоёр сая орчим хүн оролцсон байна. Цагдаагийн газар жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч, бороохой ашигласны улмаас 80 хүн эмнэлэгт хүргэгджээ.

2019 ОНЫ НАЙМДУГААР САР

Хонконг дахь нөхцөл байдал хурцдаж байна. Тэмцэгчид Хонконгийн олон улсын онгоцны буудлыг эзэлж, хэдэн өдөр суулт зарласан юм. Үүний улмаас орон нутгийн болон улсын бүх нислэг цуцлагдахад хүрчээ. Хамгийн сүүлд (8 сарын 24,25) болсон жагсаалын үеэр жагсагчид болон цагдаа нарын хооронд ширүүн мөргөлдөөн гарсан байна. Өнгөрсөн хугацаанд цагдаа нар тэмцэгчдийн эсрэг нулимс асгаруулагч хий, резинэн сум ашиглаж байсан бол амралтын өдрүүдэд болсон жагсаалын үеэр анх удаа галт зэвсэг, усан буу хэрэглэхэд хүрчээ. 

Эх сурвалж: National Geographic

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
22 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
23 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
23 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
санал болгох
1
22 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
0
2
0
1
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.