Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Ирэх таван жилд 150 мянган айлыг тохилог орон сууцтай болгоно


Засгийн газрын ээлжит хуралдаан болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.

Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамжийн талаар хэлэлцэв

Махны хангамжийг тогтвортой байлгахын тулд нөөцийн махыг 06 дугаар сарын 15-ныг хүртэл худалдах хуваарь гаргах, амралтын өдрүүдэд өргөтгөсөн худалдаа зохион байгуулж томоохон сүлжээ дэлгүүр, захуудаар худалдах, ингэхдээ иргэдийг чирэгдүүлэхгүй байхыг үүрэг болгов.  

  Дулааны аргаар мах боловсруулж, экспортлох үйлдвэрүүд итгэмжлэгдсэн мах боловсруулах, нядлах үйлдвэрээс махаа авсан, экспортод гаргах үеийн хорио цээр, мал эмнэлэг, ариун цэврийн шаардлага хангасан эсэхэд хяналт тавина.  

Цаашид нөөцийн мах бэлтгэхэд шаардагдах хөрөнгийг Улаанбаатар хот төсөвтөө суулгах, экспортын квот олгохдоо тухайн тоо хэмжээний 20 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний махыг дотооддоо худалддаг байх, махны нийлүүлэлт багасдаг 3-5 дугаар сард хэрэгцээг тогтвортой хангахад онцгой анхаарахыг холбогдох сайд, удирдах албан тушаалтнуудад үүрэг болгов.  

Гурил, төмс, хүнсний ногооны хангамж шинэ ургац хүртэл хугацаанд харьцангуй тогтвортой байхаар байна.

“Эрдэнэт үйлдвэр” компанид илэрсэн зарим зөрчлийг хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ

“Эрдэнэт үйлдвэр” компанийн 2016-2019 оны үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар 2.2 их наяд төгрөгийн 39 зөрчил илэрсэн байна. Энэ талаар сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл өгөв.

2016 онд компанийн бүтцийг өөрчилсөн нь Компанийн тухай хуулийг зөрчсөн гэж шалгалтын хэсэг үзсэн байна. Компанийн ерөнхий захирал нь нийгмийн асуудал,  Тэргүүн дэд захирал нь хүний нөөц, Хууль, эрх зүйн газрын дарга нь бүх үйл ажиллагааг хариуцдаг болсон нь компанийн хэвийн ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн гэж үзжээ.

Ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргаж байсан талаар сайд Ч.Хүрэлбаатар хэлэв. Тухайлбал, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн үйлдвэртэй гэрээ хийж, 103 тэрбум төгрөгийн урьдчилгаа олгосон байна. Хэдхэн аж ахуй нэгжтэй их хэмжээний үнийн дүнтэй гэрээ хийж урьдчилгаа олгосон, 1.2 тн зэсийн баяжмалыг “Монголиан коппер корпорейшн” компанид зарах, худалдах гэрээ байгуулж 55.8 сая ам.долларын гүйлгээ хийсэн. Ногдол ашиг шилжүүлэхдээ татвар төлөөгүй зөрчил илэрчээ.

Мөн 64 тэрбум төгрөгөөр байгуулсан эмнэлгээ хувийнкомпани руу шилжүүлсэн. Зэсийн баяжмалын сорьцыг хувийн компаниар тогтоолгодог, хоёр тэрбум гаруй төгрөгийн хандив, тусламж олгосон байна.

Түүнчлэн худалдан авалтын 2236 гэрээ байгуулснаас 1432-ыг нь шууд хийсэн, “Стандарт банкинд төлсөн 40 сая ам.долларыг буруутай этгээдээр төлүүлнэ зэргийг сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэлдээ дурдав.  Шалгалтын хэсэг мөн "Монголросцветмет" компанийг шалгаж 68 тэрбум төгрөгийн өр төлбөртэй байгааг тогтоожээ.  

Гаргасан зөрчлүүдийг нь арилгах үүрэг өгч, тодорхой зөрчлийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах нь зүйтэй гэж Засгийн газрын хуралдаанаас үзсэн байна.  

Ирэх таван жилд 150 мянган айлыг тохилог орон сууцтай болгоно

Манай улсын суурин хүн амын тоо 2023 онд 3 сая 463 мянга гаруй, өрхийн тоо 962 мянга гаруй болох тооцоо байдаг. Төв, суурин газарт 673 мянга гаруй өрх, эдгээрийн 70 орчим хувь нь инженерийн бүрэн хангамжтай орон сууцанд амьдрана гэж үзвэл дор хаяж 150 мянган орон сууц барих шаардлагатай.

Иймээс:

-  Амины 10 мянган орон сууцыг инженерийн хангамжтай холбох

-  Газрыг дахин төлөвлөж нийтийн зориулалттай 45 мянган орон сууц

-  Иргэн, хуулийн этгээдийн эзэмшлийн газар дээр 57 мянган орон сууц

-   Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцуудыг буулгаж нийтийн зориулалттай 3000 орон сууц

-  Дагуул, хаяа хот, тосгодыг хөгжүүлэх төслүүдийн хүрээнд нийтийн зориулалттай болон амины 16512 орон сууц

-  Түрээсийн 18488 орон сууц барихаар төлөвлөж байна.

“150 мянган айл-Орон сууц” үндэсний хөтөлбөрийг  хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хоёрдугаар улиралд багтаан баталж, хэрэгжилтийг нь хангаж ажиллахыг сайд Х.Баделханд даалгав.

  Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээ, шаардагдах хөрөнгийг жил бүрийн Үндсэн чиглэл, улс, орон нутгийн төсөвт тусгах, зээл, тусламжид хамруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийдвэрлэхээр боллоо.

  Хөтөлбөр нь иргэдийн худалдан авах чадварт нийцсэн, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан, инженерийн бүрэн хангамжтай орон сууц барих зорилготой юм. Ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төөвлөгөөний дагуу гэр хорооллыг иргэдийн оролцоотой дахин төлөвлөж, байгаль орчинд ээлтэй, инженерийн дэд бүтцэд холбогдсон тохилог гэр, амины болон нийтийн орон сууцны хороолол байгуулна.

  Мөн байгалийн нөөцийн хэмнэлттэй, хүлэмжийн хий ялгарал багатай, ногоон хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн орон сууцыг дэмжиж, төрийн халамж, дэмжлэг зайлшгүй шаардлагатай зорилтот бүлгийн иргэдийг орон сууцжуулах, нөхцлийг нь сайжруулахад онцгой анхаарахаар боллоо.

Хөтөлбөрийг 2019-2023 онд таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд санхүүжилтийн тогтвортой эх үүсвэр бүрдүүлж, орон сууцны даатгалын тогтолцоог боловсронгуй болгоно. Мөн татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг үе шаттай шийдвэрлэх, зээлийн урьдчилгаа төлбөрийг тэтгэврийн даатгалын нэрийн дансны хуримтлалаас төлөх, дулааны эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээг тарифын бодлогоор дэмжих зэргийг хөтөлбөрт тусгасан  байна.

2018 оны байдлаар улсын хэмжээнд 894 мянга 500 орчим өрх байгаа бөгөөд нийслэлд 240 мянга, орон нутагт 58 мянга 500 гаруй инженерийн бүрэн хангамжтай орон сууц бий гэсэн статистик тоо гарчээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.01
4 сарын 29-өөс эхлэн иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлана
2
2024.04.01
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг өнөөдрөөс 24 цагаар ажиллуулна
3
2024.03.27
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
12 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.