Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Жилд 25 тэрбум доллар эргэлддэг иргэний харьяаллын бизнес


Хагас зуун жилийн өмнө давхар иргэншлийг хүлээн зөвшөөрдөг улс гарын арван хуруунд багтахаар цөөхөн байсан бол 2019 оны байдлаар дэлхийн 59 орон давхар иргэншилтэй байх эрхийг иргэддээ олгоод байна. Үүний зэрэгцээ дэлхийн улс орнуудын талаас илүү нь "хөрөнгө оруулалтаар" дамжуулж иргэний харьяалал олгодог болсон гэж Швейцарийн хуульч Кристиан Калин ярьжээ. Түүний үзэж буйгаар энэ төрлийн бизнест жилд ойролцоогоор 25 тэрбум доллар эргэлддэг гэнэ. 

"Henley & Partners" компанийн захиралаар ажилладаг Кристиан Калин "Ноён паспорт" хэмээх хоч нэрээр танигдсан бөгөөд зах зээлээ улам бүр тэлж буй иргэний харьяалал худалдах бизнесийн томоохон тоглогч юм. Тэрбээр бэл чинээтэй хүмүүс, тэдний гэр бүлд давхар иргэншил, удаан хугацаагаар оршин суух эрх олж өгдөг аж. 

"Иргэний харьяаллыг төрсөн газар, удам судартай холбож боддог нь "хоцрогдсон" ойлголт. Нөгөөтэйгүүр аль улсын иргэн болж төрөх нь тухайн хүний авьяас, ур чадвараас огтхон ч шалтгаалдаггүй, цэвэр азны асуудал. Энэ бол туйлын шударга бус зүйл. Яагаад хувь нэмрээ оруулж чадах, авьяаслаг хүмүүст иргэний харьяалал олгож болохгүй гэж" хэмээн тэрбээр ярив. 

Калины энэ байр суурийг дэмжих хүмүүс байхад, эсрэгэрээ паспортыг бараа болгох нь сайн зүйл биш гэж үздэг хүмүүс ч бий. Үүнтэй холбоотойгоор BBC Вануату хэмээх Номхон далайд орших арлын орны жишээг судалж үзжээ. Тус улс дөрвөн жилийн өмнөөс иргэний харъяаллын шинэ тогтолцоог нэвтрүүлсэн нь том өөрчлөлт авчирчээ. Эдүгээ гадаадын иргэнд иргэний харьяалал олгосноороо олж буй орлого нь Вануатугийн хамгийн том орлогын эх үүсвэр (30 орчим хувь) болж байна. 

Вануатугийн иргэн болсон хүмүүст ирдэг хамгийн том давуу тал бол Европоор визгүй зорчих эрх юм. Гэвч хүсэлт гаргагчдын олонх нь Вануатуд огт хөл тавьж байгаагүй хүмүүс бөгөөд гадаадад оффистой иргэний харьяалал зуучлалын компаниудад хандаж, оршин суух өргөдлөө өгдөг гэнэ. Жишээ нь, иргэний харьяалалтай холбоотой томоохон бизнес эрхлэгчид Хонконгод төвлөрөх нь элбэг. 

Хонконгод үйл ажиллагаа явуулдаг агент MJ "Үйлчлүүлэгчид маань Хятадыг аюулгүй газар гэж бодохоо больсон. Тэд үл хөдлөх хөрөнгө худалдаж авах, хувийн бизнесээ эхлүүлэх, банкны данс нээх боломжийг эрэлхийлж, эцэст нь Европын паспорттой болохоор шийддэг" хэмээв. Тэр Эх газраас ирж буй хятадуудад хоёр, бүр гурав дахь паспортоо олж авахад нь тусалдаг нэгэн билээ. Түүний ярьж буйгаар Вануату зэрэг жижиг арлын орны иргэн болоход ердөө 30 хоног л хангалттай гэнэ. Гэхдээ тус улс авлигад идэгдсэн гэдгээрээ зартай тул "Henley & Partners" зэрэг томоохон тоглогчид Вануатугийн зах зээлээс гарчээ. Харин хятадууд эл байдлыг үл харгалзан Вануатугийн иргэншил авахаар MJ зэрэг жижиг зуучлагчид руу хандах нь элбэг байдаг гэв. 


Улсуудын иргэний харьяалал ямар ханштай байдаг вэ? 

Антигуа, Барбуда зэрэг улс: 100,000 доллараас эхэлнэ
Сент Киттс, Невис: 150,000 доллараас эхэлнэ
Монтенегро: 274,000 доллараас эхэлнэ
Португал: 384,000 доллараас эхэлнэ
Испани: 550,000 доллараас эхэлнэ
Болгар: 560,000 доллараас эхэлнэ
Мальта: 1 сая доллараас эхэлнэ
АНУ: 500,000-1 сая доллар
Их Британи: 2.5 сая доллараас


Вануатугийн иргэний харьяаллыг бараа таваар мэт худалдаж буй нь уугуул иргэд туйлын шударга бус санагддаг байна. Энэ жижиг арлын орон 1980 онд тусгаар тогтнолоо олж, бие даасан улс болсноор иргэд нь паспорттай болж, сая нэг Вануатугийн иргэн гэж дуудуулах эрхтэй болжээ. Тэдний нэг бол Ни Вануату. "Надад 1980 он хүртэл паспорт байгаагүй. Би англи, францчууд өгсөн цаасан хуудсаар л хаана харьяалагдахаа тодорхойлж байв. Энэ бол доромжлол" гэж тэр ярина. 

Харин засгийн газраас томилогдсон иргэний харьяаллын төлөөлөгч Билл Бани "Энэ үйл ажиллагааг глобал түвшинд авч үзэх хэрэгтэй. Бусад улсууд иргэний харьяалалаа худалдах замаар орлого болж байна. Вануату байгалийн баялгаар хомс орон. Тиймээс иргэний харьяаллын шинэ тогтолцоо нь орлогын чухал эх үүсвэр" гэсэн юм. 

Эх сурвалж: BBC

холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Миллениалуудын 63 хувь нь аялахын тулд ажил хийдэг
2
3 өдрийн өмнө
9 жил гадаад ертөнцтэй огт холбогдолгүй амьдарсан гэр бүлийг олжээ
3
2019.10.16
Калифорни муж 8 цагаас өмнө хичээл орохыг хориглосон анхны муж боллоо
санал болгох
1
3 өдрийн өмнө
Миллениалуудын 63 хувь нь аялахын тулд ажил хийдэг
2
3 өдрийн өмнө
Судалгаа: Хүүхэд төрсөн эхний жилд хосууд 2500-аас дээш удаа маргалддаг
3
3 өдрийн өмнө
Кино үзээд 1000 долларын цалин авах боломжтой ажлын байр зарлагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.