Хайх зүйлээ бичнэ үү

Одоогоос 10 гаруй жилийн өмнө Hi-Fi радио 98.9 гэж байв. Тус ФМ-ийнхэн амьд хөгжимд дурлагч залууст зориулж хоёр долоо хоногт нэг удаа “Инди Парти” зохион байгуулдаг байлаа. Тэр үеийн 20 настнууд одоо аав ээж болоод үзэгдэхээ байж дээ. Тэр партинд ирсэн залуус хүзүүгээ булгартал, хөлсөө гартал бүжиглэнэ дээ. Уранхай халтар Converse кэт, бариу өмд энэ үед жинхэнэ мода байв. Шинэ кэт аваад албаар шороонд өнхрүүлж халтар болгоно. Цэвэрхэн кэттэй ирсэн нэгнийхээ хөл дээр гишгэж заваартуулна. Эрчүүдэд нь бариу өмд олдож өгөхгүй ээ. Сүүлд хүмүүсийн ярианаас сонсохнээ эмэгтэй хүний өмд өмсчихөөд тууж явдаг байсан байгаа юм. Энэ үеийнхэн уншиж байвал ёстой сад тавина гэдэг шиг л бөөн бөөн дурсамжууд бороо мэт асгарч байгаа даа.   

Энэ үеийн залуусын төлөөлөл болж байсан хуучин "ФМ 98.9"-ийн хөтлөгч, "Hi-Fi records"-ийн CD борлуулагч, "Playtime Festival"-ийн хөтлөгч, телевизийн хөтлөгч, одоо аль альнаас нь түр зодог тайлаад байгаа Одко буюу Ж.Одбаяртай 11 жил тасралтгүй хийж байгаа “Joy Division Tribute Night”-ийнх нь талаар болон тус хамтлагтай хэрхэн холбоо сүлбээ тогтоож байсан тухай ярилцъя. Дуу хууранд донтож, өдий олон жил мятрашгүй чин үнэнийг барин уг эвентийг зохион байгуулж, "Joy Division" хамтлагийг ил, далд нууцхан сонсдог байсан тархай бутархай залуусыг цуглуулж чадсан 11 жилийн туршлагаас үүдэн энэ бяцхан ярилцлагыг хийхээр зорьсон юм шүү.

-“Joy Division” хамтлагийг дурсах өдрийг 11 жил тасралтгүй хийж чадсанд баяр хүргэе!
 
-Баярлалаа, яг ийм тохиолдолд анх удаа баяр хүргэсэн хүн нь чи боллоо.   

-Миний хувьд “Joy Division” хамтлагийн зарим дуунд дуртай. Зарим гэдэг нь амьд хөгжим сонсдог хүн бүрийн мэддэг ХИТ дуунууд гэсэн үг. Ер нь Одко анх яаж яваад энэ хамтлагт дуртай болчихов гэдгээс яриагаа эхлүүлье.  

-За тэгье! Xөгжимд дуртай залууст зориулж ФМ 98.9-өөс “Инди Парти” зохион байгуулж өгдөг байлаа. Бүр өгдөг байсан шүү дээ. Энд нэг л зорилготой залуус цуглаж, гоё хөгжим сонсож, альтернатив, инди хөгжмийн аянд савдаг байлаа. Сэтгүүлч, зураач, зурагчин, оюутан, зохиолч, албан газарт ямар нэгэн ажилтай бодь хүн, цагдаа, эмч гээд бүх төрлийн мэргэжилтэй хүмүүс ирж цагийг зугаатай өнгөрүүлдэг байсан. Тухайн үед 98.9-ийн хөтлөгчөөр ажиллаж байсан Roxe, ИТ болон Энхмөнхийн сэтийг түлхүү сонсож бүжиглэнэ. Бас Эмарийн хип хоп, old school дуунууд байна. Миний хувьд гэвэл DJ Хатнаа болон Учкагийн сэтэнд илүү дуртай байсан.  Бөөн эрч хүч шүү дээ. Дараа нь ФМ-ийн хөтлөгч Учкагаас чиний явуулаад байдаг нөгөө “БҮЖИГЛЭ БҮЖИГЛЭ” гээд байдаг дуу ямар хамтлагийн дуу вэ гэх мэтээр асууж байгаад л дуунуудыг мэдэж авч байлаа.

-“Бүжиглэ, бүжиглэ” гэдэг дуу нь ямар нэртэй байсан бэ?

-“Transmission” гэдэг нэртэй дуу. “Dance dance” гэдэг үгийг л цээжилсэн байсан юм.

-Тэр үед “Hi-Fi Records”-д ажиллаж байсан байх аа?

-Тийм ээ. Хөгжмийн дэлгүүрт ажиллаж байсан хэргээ гаргаад "Joy Division" хамтлагийн CD, DVD-тэй болоод авсан. Бас "Лемонс" хамтлагийн гишүүн нүдний шилтэй ах “Чи Joy Division хамтлагт дуртай биз дээ? Үүнийг үзээч” гээд “Control” гэдэг нэртэй киног нь өглөө. Дараа нь надад бэлэглэсэн бэлгээ хэн нэгэнд үзүүлье гэж буцааж авчихаад одоо болтол өгөөгүй л байгаа. Би хүлээсээр л.

-Энэ ярилцлагаар үг дайж байна гэж ойлгож болох уу?

-Харин ээ, одоо ч нохойн замаар орсон байлгүй.   

-Хэзээ анх “Joy Division Tribute Night”-ийг зохион байгуулж байсан бэ?

-Бидний хэдэн нөхөд 2008 онд анх “Занаду”-д цуглаж буу халж байлаа. Тэр үед манай нэг найз “Одко чи бүжиглэх дуртай юм чинь ‘Joy Division’ хамтлагаар трибьют хийгээч. Удахгүй Иан Куртисыг эргэн дурсах өдөр болно” гэдэг юм байна. Анх удаа гэхэд хөөрхөн хэдэн зурагт хуудас хэвлүүлж, муу “Занаду”-гаа гоёод, нэлээд олуулаа хамтарч хийлээ. Дараа нь олон газартай хамтарч байсан ч яг анхны эвент маань л хэзээ ч мартагдахааргүй болж билээ.

-Сэт хөгжмөөс гадна хамтлагууд ирж дуулдаг байсан санагдана.

-Тэгэлгүй яахав. Хөгжмөөр холбогдсон олон найз бий. Анхны трибьютыг дэмжиж Моханик, Green Wood, White Shadow гэсэн “зэвүүн” хамтлагууд ая дууны эгшгэн цэнхэр хадгаар мялаасан байдаг юм. Моханикийн Даваа “Joy Division”-ы дууг коверлосон нь үнэхээр тасархай байсан, ээ бурхан минь.   

-Эхний эвент дээрээ ийм лаг хамтлагуудыг цуглуулж чадсан болохоор ирсэн залуус сэтгэл хангалуун байсан нь лавтай. Дараа дараагийн эвентийг чамаас бүр нэхдэг болоо биз.

-Өө тэгсэн. Манайханд таалагдсан юм шиг байна лээ. Ер нь “Joy Division” шиг андерграунд хамтлагийн эвент, дурсах өдрийг олон залуус нууцхан хүлээгээд сууж байдаг нь нотлогдсон. Аая, би “нотлогдсон” гээд аймaар үг хэлчихлээ.   Эвентээ ойр ойрхон хийгээч гэж олон хүмүүс хэлсэн ч анхны зорилгоосоо зөрөөд байсан болохоор жилдээ нэг л удаа буюу жил болгоны тавдугаар сарын 18-нд хийхээр шийдэж байсан.

-Эвентэд тань ойролцоогоор хэр их хүн ирдэг байсан бэ? Ашигтай ажиллаж байв уу?

-Өө тоймгүй шүү дээ, пиг дүүрнэ. За за худлаа даа. Ямар Ука, Болд хоёрын тоглолт байгаа биш дээ, “Joy Division” шүү дээ. Гэхдээ төсөөлснөөс их хүн ирдэг шүү. Монголд амьдардаг гаднынхан их ирнэ. Бүр яг цагтаа ирчихсэн сууж байдаг. Манайхан цаг нарыг анзаардаггүйг чи мэднэ дээ. Гэхдээ одоо бараг л цагтаа ирээд байгаа шүү.

-Нэг асуултад хариулахгүй өнгөрчихлөө.

-Цэргийн нууц задруулах гээд байх юм аа, чи. Ашигтай гэхээсээ илүү өрөнд орох нь их. Угаасаа ашиг олох гэж байгаа хүн ийм юм хийгээд суухгүй л байх. Түүний оронд гудамжинд тамхи ширхэглээд зарж зогссон нь хавь илүү ашигтай байх шүү. Гэхдээ хэдэн шар айргийн мөнгөтэй болно оо болно.

-Энэ олон жил “Joy Division Tribute Night”-ийг хийхэд яг юу нөлөөлсөн бэ? Хэн чамайг хатгачихав. Ганц хоёр жил хийгээд хаявал хаяна шүү дээ.

-Нөлөөлж хатгасан зүйл байхгүй дээ. Нэг л мэдэхэд 11 жил болчихсон байна. Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрчээ. Би ингэж боддог юм. Монголын сонсогчид 70,80-аад оны New Wave хөгжмийг алгасаж сонсоод байдаг юм шиг санагддаг. Шууд л “Beatles”, “Pink Floyd”-оор эхэлнэ. Тэгснээ 90-ээд оны “Nirvana”, “Radiohead” сонсож хэвшсэн юм шиг. Миний зорилго бол энэ үед хийж бүтээж байсан рок, тэр дундаа New Wave чиглэлийн уран бүтээлчдийг Монголын сонсогчдод түлхүү мэдрүүлэхээр эвент арга хэмжээ, телевизийн хөгжмийн нэвтрүүлэг бэлтгэн хүргэх байсан. Энэ бүх зүйлс намайг хөтөлсөөр “Joy Division” хамтлагийн трибюьтыг хийх сэдэл өгсөн юм шиг байгаа юм. Ердөө л энэ. Би “Joy Division” хамтлагийг хайрлаж сонсдог. Миний халаасанд үргэлж надтай цуг явж байдаг. Нээрэн чи яасан их юм асуучихав даа. Зүгээр л ганц хоёр асуулт асуугаад ярилцъя гэсэн биз дээ?   

-Санаа зоволтгүй ээ, одоо хэдхэн асуулт үлдлээ. Тэгэхээр энэ жилийн трибьют хэзээ, хаана, хэдэн цагт болох вэ. Сонин содон зүйл юу байна?

-Тавдугаар сарын 18-нд Тэнгис кино театрын урд байрлах “Room 500” гэж гоё газар хүрээд ирээрэй. Хүн гайхмаар сүртэй гэнэтийн бэлэг байхгүй ээ. Харин цагтаа ирсэн хүмүүсийг баярлуулах хэдэн бэлэг байгаа. Ерөнхийдөө 18:00 цагаас эхэлнэ. “Joy Division” хамтлагийн баримтат киног Монгол дуу оруулалттайгаар үзэхийг хүсвэл 18:00 цаг гэхэд ирчихсэн байвал зүгээр. Тэгээд хөтөлбөр ар араасаа үргэлжлэх болно.

-Хамтлаг ирнэ биз дээ?

-Гол маркетингийн юмаа мартчихсан тууж явна. Мэдээж ирнэ. Харин ямар ямар хамтлаг ирэхийг нэр устай нь хэлэх боломжгүй байгаа. Жигдрэх юмандаа байгаа байх аа.   Бас уг эвент дээр дан ганц “Joy Division” гэлтгүй 70,80-аад оны New Wave урсгалын хөгжим явна. Бүжиглүүлдэг гоё гоё дуунууд гэсэн үг. 2018 онд хэтэрхий олон юм ярьсан гэж нэг найз даа шүүмжлүүлсэн. Энэ жил би ёстой юу ч ярихгүй дээ.

-Ярилцсанд баярлалаа. Хэдхэн асуулт асууна гэсэн мөртлөө зөндөө зүйл яриулчихлаа. Байнга цагаа хараад байгаа болохоор чинь ингээд өндөрлөе дөө.

-Харин тийм ээ. Хүүхдээ цэцэрлэгээс авах цаг нь болчихсон байна. Чамд ч гэсэн баярлалаа. 18-нд ирэхээ битгий мартаарай. Шар айргаар дайлна аа.

-Баярлалаа, тэгээрэй. Баяртай!  



Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
7
56
1
4
1
13
2

Сэтгэгдэл бичих (4)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.05.17 202.21.108.239

margaash xaana bolox we??

0 Хариулах


Зочин 2019.05.17 103.10.21.72

Тэнгис кино театрын урд байрлах “Room 500”

0 Хариулах


Зочин 2019.05.15 202.179.30.6

Энэ нөгөө С1-ийн хөтлөгч байна шд. Desant-руу надруу diss хийгээч гэх гэж байгаад, намайг хийгээч гэдэг хахаха

0 Хариулах


bembi 2019.05.15 119.196.52.141

HiFi 989'iinhuu hutlugchdiig buur sanachlaa radiogoosoo salahgui Hugjimiiin medeeleleeer turul janraar n angilaad l saihan saihn tuuh medeelel avdag hugjmuu sonsdog blaaa. Odkoogn hugjmiin nevtruulgg bs sanjiin Joy Division tribute night'd n amjilt boginohon ch gsn dursamj sedreesen yariltslaga hiisen Anhzaya'd mun bayarlalaa

0 Хариулах


ono 2019.05.15 103.87.255.90

70 80 aad onii goy2 duunuud zunduu bii. Gehdee hen yugaa sonsoh n chamd hurteeltei yu uuriihuu uzliig tulgaad naagaad bhin zlna uu bayrlaa gess

12 Хариулах


Зочин 2019.05.15 192.82.66.25

Ooroo zailna uu bayarlalaa

1 Хариулах