Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Карьераа хөгжүүлэх 10 “зэрлэг” санаа


“Roar Africa” гэх аяллын компанийн үүсгэн байгуулагч Дебора Калмейер багаасаа онгон зэрлэг байгальд өссөн бөгөөд зэрлэг амьтдын дунд байснаар карьераа эхлүүлэх, бизнесээ цааш хөгжүүлэх олон сонирхолтой зүйлийг олж анзаарчээ. Бизнесийг амжилттай эрхлэх тухай түүний өгсөн 10 зөвлөгөөг санал болгож байна. Зэрлэг хэмээн нэрийдсэн учир нь тэрбээр онгон зэрлэг байгальд амьдарснаараа энэ бүх санааг олж авсан юм.

1. Зөн совин

Зэрлэг амьтад амьд үлдэхийн төлөө өөрсдийн янз бүрийн чадварыг хөгжүүлсэн байдаг гэхэд буруудахгүй. Үүний нэгт зөн совин багтах юм. Хүмүүст ч мөн энэ зөн совин байдаг бөгөөд хамгийн ойрын жишээ нь өөрийн цаг, эрч хүчийг хэзээ зарцуулж, хэзээ нь хуримтлуулахаа мэддэг байх юм. Бизнес бол өөрөө зэрлэг байгаль гэсэн үг. Та илүү удаан амьд явахын төлөө маш олон зүйлийг урьдчилан мэдэрдэг, түүнийгээ анзаардаг байх нь чухал. Хэзээ дайрч, хэзээ нь өөрийн хүч чадлаа нөөцлөхөө сайн мэдэрдэг байх хэрэгтэй.

2. Өлсгөлөн

Амжилттай байхыг зорьж яваа залуухан бизнес эрхлэгчдийн хувьд “өлсгөлөн” гэх зүйл хамгийн чухал. Яг л амьтан агнах гэж буй мэт тийм их төвлөрөл, дайчин чанар хэрэг болно. Заримдаа би өөрийн хүрэхийг зорьж буй цэгийг хараандаа авч, түүнд хүрэх бүх үйл явцыг дотроо төсөөлж, өөрийгөө бэлтгэдэг.

3. Тэвчээр

Намайг жаахан байхад аав нэг барын зулзага өргөж авсан юм. Би түүнийг өсөн томрох тусам зэрлэг араншин болоод амьтны шинж чанарыг нь анзаарч байсан. Түүнийг Кармел гэж нэрлэсэн бөгөөд ан хийх гэж байх үедээ салхи хэрхэн хувирч байгааг болон эргэн тойронд юу болж байгааг маш сайн анзаарч байгааг нь харсан юм. Хэрэв тэр яаран дайрвал амьтан бултаж чадна. Тэгээд тэр өөрийн төгс мөчийг алдах байлаа. Энэ бол бизнес эрхлэгч хүн бүрийн хувьд яг адилхан. Танд гайхалтай санаа байлаа ч бүрэн дүүрэн болоогүй байхад нь дайрвал бүх зүйл нуран унахад хүрч мэднэ. Та санаагаа маш сайн хадгалж, боловсруулж, төгс цаг үе ирэхийг хүлээхгүй бол яаран хийсэн зүйл алдаа эндэгдэл авчрах тохиолдол их.

4. Хүсэл тэмүүлэл

Би “Roar Africa” компанийг зэрлэг байгаль, амьтад, эх орноо хайрлах хайраар бүтээсэн. Би өөрийн харж өссөн, мэддэг, хайрладаг зүйлээ хийх боломжтой болсон нь хамгийн чухал. Хэрэв та өөрийн хийхийг хүсэж буй зүйлдээ үнэхээр хайртай, дуртай бол энэ бүхэн амжилтад хүрэх боломжтой. Түүнээс биш мөнгө олох болов уу яах бол гэсэн сэтгэлгээгээр аливааг хийх нь тэр болгон хүссэн үр дүнд хүргэдэггүй. Иймээс өөрийн хамгийн ихээр хүсэж буй зүйлд л цаг заваа зарцуулаарай.

5. Сонсох

Үргэлж ярьж, дуу чимээ гаргах нь бидэнд төрөлхөөс л байсан зүйл гэлтэй. Гэвч та үргэлж ярихаа болиод харин сонсож үзээрэй. Би эсрэг талынхны яриаг чагнах, бусдын үгийг сонсох нь ямар чухал зэвсэг вэ гэдгийг мөн л барнаас сурсан юм. Тэр газар хэвтээд маш анхааралтайгаар хөрсийг чагнадаг байсан. Тэгж л тэр хэзээ, юу хийх ёстойг мэддэг байсан юм. Би ч бас олон нийт юу ярьж байгааг, юу хүсэж байгааг сонссоноор хийх ёстой зүйлүүдээ ойлгож байсан.

6. Дасан зохицох чадвар

Та өмнө нь тухтай санагддаг байсан тэр бүх зүйлээс гарч сурах хэрэгтэй. Өөрийн аюулгүй хүрээнээс гарна гэсэн үг. Хэрэв нэг л газраа, нэг л зүйлээ хийгээд байвал шинэ зүйл эхлүүлэхэд хэцүү байх болно. Та шинэ ажилд орсон ч тэндээ хурдан зохицож, шинийг хийж, өөрөөрөө байж чаддаг байх хэрэгтэй. Дасан зохицож сурах нь зөвхөн орчин тойрон ч биш бас хүмүүстэй холбоотой. Та өөрийн дургүй төрлийн хүмүүстэй ч харилцаж эхлэх хэрэг гарна.

7. Хүлцэнгүй байдал

Бид өөр өөр байх эсэх нь хамаагүй нэг нэгнээ ойлгодог байх хэрэгтэй. Та хамтран ажиллаж буй хүмүүсээ танин мэдээгүй бол аливаа ажлыг хийж чадахгүй. Тэд аль үед илүү идэвхтэй, ямар зүйлдээ сул талтай, бас бусдаас илүү болохыг олж мэдээрэй. Таны хүсээгүй зан байдал гарч ирэх нь гарцаагүй учраас түүнийг хүлцэн өнгөрөх шаардлага олон гарч ирнэ.

8. Хурд

Цаг хугацаа давчуу болж ирэх үе ирнэ. Эсвэл хоцрох мөч ирнэ. Аль ч үед та хурдыг тааруулан ашигладаг байж сурах хэрэгтэй. Хэрэгтэй үедээ хаазаа тултал нь гишгэ. Харин зарим үед хурдаа хасаад эргэн тойрныг ажиглах цаг хугацааг өөртөө өг. Хурд гэдэг зөвхөн хамгийн хурдан байх ёстой гэсэн үг биш шүү дээ. Харин ч хэрэгтэй үед нь хурдалж бас хурдаа хасдаг байх ёстой.

9. Төрөлх чанар

Миний хувьд Африкийн онгон зэрлэг байгаль бол миний гэр. Тийм ч учраас би цусанд минь, сэтгэлд минь байгаа зүйлийг ашиглан бизнесээ хөгжүүлсэн. Эх орноо хайрлах хайр минь миний бизнесээ эндээ эхлүүлж, хөгжүүлэх замыг зассан. Та өөрийн соёлын онцлог шинжийг ашигла. Гаднынхны харж чадаагүй өвөрмөц зүйл таны амьдарч буй газар байж л байгаа.

10. Харилцаа холбоо

Африкт өссөн минь хүмүүс гэдэг байгальтайгаа бүрэн харилцаа холбоотой гэдгийг ухаарахад тусалсан юм. Гэхдээ харамсалтай нь маш олон хүн үүнийг мартаж орхисон байдаг. Байгаль, амьдарч буй улс, хүмүүсийг хайрлах, тэдэнд туслах гэсэн санаагаар хийж буй бүх бизнес гайхалтай амжилт авчирдаг. Та юу ч хийж байлаа гэсэн бусдад тус болох, ямар сайхан зүйл түгээх боломжтой гэдгийг түрүүлж анзаараарай. Хэн нэгэнд тус нэмэр болж, амьдралыг нь илүү амар, гэгээтэй болгож өгөх зүйлс таны бизнесийг бусдад таниулахад хамгийн их тус болно. Сайхан сэтгэл, эх орон, харилцаа холбоог хэзээ ч мартаж болохгүй.


"Гэрэг” сэтгүүл Олон улсын Эмэгтэйчүүдийн өдөрт зориулан "Эмэгтэйчүүдийг эдийн засгийн хувьд хүчирхэгжүүлэх нь" төслийн багтай хамтран бэлтгэсэн дугаараас хүргэж байна. Төслийн багтай холбоо барих бол:

FB: WEE Mongolia
E-mail: [email protected]

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Өнөөдөр дэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна
2
2 цагийн өмнө
Хаврын улиралд л ойлгох зовлонгууд: "Хавар хайр ирдэггүй, сайр л ирдэг"
3
17 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.