Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Халиа дошин үүсч, зарим айл усанд автаж байна

Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн хөрсний ус ихээр гарч байна.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалангаар ахлуулсан нийслэлийн Онцгой комиссын гишүүд өчигдөр Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн хөрсний ус ихээр гарч буй газруудад ажиллав. Нийтийн эзэмшлийн гудамж талбай устаж хөлдсөн, үерийн далан шуудуу дүүрч халиа дошин үүсч нөхцөл байдал хүндэрсэн байна.


Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны хоёр айлын хашаан дотроос булаг гарснаар нийтийн эзэмшлийн гудамж талбай, айл өрхийн хашаанд хөлдөлт үүссэн нөхцөл байдалтай байгаа юм. Мөн 5 дугаар хороо Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн хойд үерийн даланг дүүргэж халиа, дошин үүсгээд байгаа аж.

Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Д.Уламбаяр “Өнгөрсөн жил их хэмжээний бороо орсны улмаас хөрсний ус маш ихээр гарч ирж байна. Манай дүүргийн 5, 22 дугаар хорооны үерийн далан хөрсний усаар дүүрээд байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш ийм байдал үүссэн. УБЗАА-ны Инженерийн байгууламжийн хэлтсээс гурван хоногт нэг удаа даланг чөлөөлж, мөсийг ачиж, зайлуулах ажлыг хийж байгаа” хэмээн танилцуулав.

Тус дүүргийн 9, 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт урсдаг булгийн эхэнд айлууд зөвшөөрөлгүйгээр шороо асган буусан аж. Үүнээс үүдэн булгийн усны урсах голдирол алдагдаж зарим айл усанд автаж гамшгийн түвшинд хүрээд байгаа юм. Үүгээр барахгүй халиа дошин энэ жил ихээр нэмэгдэж Амгалан ДЦС-ын хашаанд тулж ирээд байгаа аж. Яаралтай арга хэмжээ авч, мөсийг цэвэрлэж, зөөж зайлуулахгүй бол станцын үйл ажиллагаа доголдох эрсдэлтэй гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байсан юм.

Баянзүрх дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Б.Отгонхүү “БЗД-ийн 9, 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт дамнасан олон булгийн устай газар байдаг. Энэ нь өвлийн улиралд тогтмол дошин үүсдэг. Өнгөрсөн жилийн үргэлжлэн орсон усархаг борооны улмаас хөрсний ус дээшилж, усны гарц их хэмжээтэй байна. Булгийн гарц дээр ШУА-ийн Цэвдэг судлалын салбараар судалгаа хийлгэсэн. Хөрсөн дээрээ нэг цагт 15 тонн ус гарч ирж байна гэдгийг хэлсэн. Энэ ус Амгалан ДЦС-ийн хойд талд их хэмжээгээр бөөгнөрч дошин үүссэн. Өнгөрсөн өдрүүдэд хүйтний эрч сулрахад энэ дошин задарч 12-ны шөнөөс эхлээд Амгалан ДЦС-ын хойноос хашаа руу нь орж эхлээд байна. Дүүргийн зүгээс хоёр эксковатор, дөрвөн хог тээврийн машинтай ажиллаж байна. Эхний ээлжинд мөсийг тогоолж, ундарч байгаа усыг тогоондоо хураагаад нам дор түвшинтэй газар луу шилжүүлж байна. Нэн даруй молдоктой хүнд тоног төхөөрөмж авч ирж том тогоо үүсгэж мөсийг зөөвөрлөхгүй бол станц руу ус орох нөхцөл үүсээд байна” хэмээлээ.

Нийслэлийн онцгой комиссын гишүүд Чингэлтэй дүүргийн 17, 18 дугаар хороонд ажилласан. Тус хороодод мөн булгийн ус газрын хөрснөөс нэвчин гарч нийтийн эзэмшлийн гудамж талбай, айл өрхийн хашаанд хөлдөлт үүссэн нөхцөл байдалтай байгаа юм.



Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн “Манай дүүргийн 7, 8, 12, 17, 18 зэрэг таван хорооны 27 цэгт булаг ундарсан байдалтай нөхцөл байдал хүндрээд байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 20-ноос хойш дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу 86 сая орчим төгрөгийн зардал гаргаж, дүүргийн онцгой комисс мөсийг цэвэрлэх, ачиж тээвэрлэх зэрэг үйл ажиллагаа явуулсан” гэв.

Чингэлтэй дүүргийн Үер, ус, хөлдөлт, ус цаг агаарын аюулт үзэгдлийн үед ажиллах шуурхай ажлын хэсэг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин голомтод ажиллаж байгаа аж. Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороонд мөн адил хөрсний ус нэвчин гарснаас болж айл өрхийн хашаа, гудамж талбайд дошин үүсч нөхцөл байдал хүндэрсэн байна.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Өнөөдөр нөхцөл байдал хүндэрсэн газруудад ажиллаж байна. Нөхцөл байдлын талаар нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар яаралтай оруулж, арга хэмжээ авахаар төлөвлөөд байна. Өнгөрсөн жилийн усархаг борооны улмаас хөрсний ус нэмэгдэж, урд нь байгаагүй газраас булаг гарч байна. Зарим газарт үерийн далан сувгийн ажил хийгдэх байсан ч зөвшөөрөлгүй айлууд бууж, газраа чөлөөлж өгөхгүй байгаагаас болоод үерийн далан сувгийн ажил зогсонги байдалтай байна. Иргэд ААН-үүд үерийн далан сувгийг хаах, дээр нь шороо асгаж буух зэргээр усны нэвтрэх чанар, урсгалыг хаан боогдуулснаас болоод усны шууд урсгал саатаж айл өрхүүдэд ихээхэн хэмжээний хохирол учруулж байна. Нийслэлийн зүгээс үерийн суваг шуудууг чөлөөлж, цэвэрлэнэ. Үүссэн мөсийг мөн зөөвөрлөж шар усны үерээс урьдчилан сэргийлж ажиллах болно. Цаашдаа үерийн далан суваг дээр буусан, хөрсний усны ундарга дээр байгаа айлуудыг нүүлгэхгүй бол энэ байдал жилийн жилд давтагдах болно” хэмээв.



Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн хэд хэдэн хороонд хөрсний ус дээшилсэнтэй холбоотойгоор халиа, дошин үүсээд байна. Ийм байдал үүсэхэд иргэд маш ихээр нөлөөлж байна. Байгалийн голдирол, ундарга дээр хууль бусаар буусан, үерийн далан шуудууг тэгшилж байшин барилга барьсан зэрэг асуудал байна. Үүнээс гадна өмнө нь гарч байгаагүй газраас булаг гарч, нөхцөл байдал хүндэрсэн асуудал байна. Нийслэлийн Онцгой комисс яаралтай арга хэмжээ авна” гэлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Уржигдар
ХААН Банк “Цалинтай дадлагын хөтөлбөр”-өө 6 дахь жилдээ зарлаж байна
2
Уржигдар
Ажлын гараагаа ногоон гэр бүлтэй хамт
3
Уржигдар
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
11 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
12 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
16 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
0