Хайх зүйлээ бичнэ үү

9 мин

Харах өнцгийг тань бүхэлд нь өөрчлөх сургамжит 3 подкаст


Тогтмол подкаст сонсдог болсноос хойш хоёр зүйл надад ажиглагдсан юм. Нэгд, англи хэл дээр подкаст сонсоход анхаарал төвлөрөл илүү их шаарддаг. Тэгэх тэгэхдээ зохиол шиг үйл явдалтай, өрнөлтэй, өөрөөр хэлбэл story telling хэв маягийн подкастууд сонсож байхдаа би илүү их шимтэж, тэр хэрээр сайн төвлөрч буйгаа анзаарсан юм. Хоёрт, хүний сониуч зан хязгааргүй тул сонсож байгаа подкастуудаасаа байсхийгээд л уйдчихдаг. Иймд тодорхой хугацааны давтамжтайгаар подкастын сандаа шинэчлэл хийж, өөрийнхөө хэзээ ч сонирхохгүй, сонирхолгүй гэж бодож явсан подкастуудаа сонсоод үзээрэй. Уншихын хэрээр, сонсохын хэрээр аливаад хандах хандлага чинь өөрчлөгдөж, хувьсаж байдгийг мартаж болохгүй. 

Хэрхэн шинэ, сонирхолтой подкаст хайж олохоо мэдэхгүй байгаа бол дараах нийтлэлүүдийг уншаарай.

Шилдэг подкастуудыг 'ангуучлах' нь

Сонсдог подкастынхаа жагсаалтыг хэрхэн 'шинэчлэх' вэ?

Харин одоо өөрийнхөө эрэл хайгуулаас та бүхэнтэй хуваалцъя. 

Дээр хэлсэнчлэн би үе үе шинэ подкастын эрэлд гардаг. Ингэхдээ энд тэндээс подкасттай холбогдолтой мэдээ, нийтлэл олж уншина, найз нөхдийнхөө санал болгосон подкастуудыг туршина, тухайн подкастын талаар дэлгэрэнгүй мэдээлэл, сайн дугааруудыг шүүж үзнэ, хүмүүсийн санал, сэтгэгдлийг ч сонсоно. Эцэст нь, уг подкастаас надад таалагдаж магадгүй гэсэн 3-5 дугаарыг сонгож сонсдог. Хэрэв сонирхолтой байвал тогтмол сонсдог подкастынхаа жагсаалтад оруулна. Эс таалагдвал, дарсны амталгаа гэдэг шиг "подкастын амталгаа" явуулсан гэж бодоод л аяллаа үргэлжлүүлдэг дээ.  

Заримдаа өөрийн эрхгүй бусадтай хуваалцмаар, залуус маань үүнийг сонсоосой, мэдээсэй гэж бодогдмоор сургамжтай, сонирхолтой подкастуудтай таардаг юм. Тиймээс энэ удаа заримаас нь уншигчидтайгаа хуваалцъя гэж бодлоо. 

Залуучууд бидний амьдралын салшгүй хэсэг болсон сошиал медиа, түүний дотор өрнөж буй үйл явдал, ямар чухал болохыг, зарим талаар ямар аймшигтай үр дагаварт хүргэж болдгийг би эдгээр подкастуудыг сонсож байхдаа ойлгосон юм. Мөн онлайн шившиглэл, бэлгийн хүчирхийлэл нь олны анхаарлаас холуур чимээгүйхэн үргэлжилсээр, хохирогчийнхоо амьдралыг бүхэлд нь залгих хэмжээнд хүрдгийг ч мэдэж авсан билээ. 

(Хэдийгээр эдгээр подкастууд нь англи хэл дээр боловч бага насны хүүхэд сонсоход тохиромжгүй гэдгийг сануулъя)

1. Hidden Brain: You Can't Hit Unsend

NPR буюу Америкийн Үндэсний Олон Нийтийн Радиогоос эрхлэн гаргадаг Hidden Brain подкастыг мэдэхгүй хүн үгүй биз ээ. Яг үнэнийг хэлэхэд, энэ подкастын нэг ч дугаарыг алгасах боломжгүй, бүгд маш сонирхолтой. Харин нэлээд хэд хоногийн өмнө сонссон You Can't Hit Unsend нэртэй дугаар намайг хэдэн хором шоконд оруулсан юм. Хамгийн сүүлд зангирсан хоолойгоор тэдгээр хар дарсан өдрүүдийг дурсаж буй аавынх нь яриаг сонсоод хэлэх үг олдоогүй. 

Пост, лайк, сэтгэгдэл, шэйр, meme гээд чиний сошиалд үлдээж буй мөр бүхэн чинь эцэстээ төлөөс дагуулдаг.

20 настай Виллъям хэмээх залууг гайхалтай ирээдүй хүлээж байв. Хөгжмийн торгон авьяастай тэрбээр багаасаа хийл хөгжмөөр хичээллэж, ахлах сургуульд байхдаа орон нутгийнхаа симфони оркестрт тоглож эхлэв. Үүгээр зогсохгүй Виллъям математиктаа толгой цохидог, гольф маш сайн тоглодог. Хэдийгээр тэр чинээлэг гэр бүлээс гаралтай биш ч түүнд сайхан ирээдүйг бүтээх олон боломж, давуу тал байжээ. Тэр үүнийгээ ч ашиглаж Харвардад тэтгэлэгтэй суралцах эрхийг олж авав. Ингээд Виллъям сургуулийнхаа шинэ найзуудтайгаа дотносохоор хэд хэдэн фэйсбүүкийн групп чатад нэгдсэний нэг нь meme оруулж өөр хоорондоо уралддаг, түүнийгээ хошигнол болгож хөгжилддөг нууц групп чат байжээ. Энэ нь эхэндээ зугаатай байсан ч эцэстээ тоглоом нь шоглоом болж, Виллъям олж авсан бүх боломжоо, тэр бүү хэл ирээдүйгээ алдахад хүрсэн байна. Тэдгээр meme зургуудаас болж Виллъям Харвардаас хөөгдсөн, үүний дараа тэрбээр жилийн дотор Ivy league-ийн бүх сургуульд өргөдөл илгээсэн боловч аль нь ч аваагүй. Ямар төгсгөлд хүрснийг мэдэхийг хүсэж байвал подкастыг бүрэн эхээр нь сонсоорой. 

Товчхондоо, пост, лайк, сэтгэгдэл, шэйр, meme гээд чиний сошиалд үлдээж буй мөр бүхэн чинь эцэстээ төлөөс дагуулдаг гэдгийг Виллъямийн түүхээс харж болно. 

2. Believed: Америкийн гимнастикийн шигшээ багийн эмч Ларри Нассарын хүчирхийллийн хэргүүд

Мөн л NPR-аас эрхлэн гаргадаг подкастуудын нэг болох Believed. Би энэ подкастын бүтэн нэг улирлын 9 дугаарыг сонсож суухдаа багагүй хямарснаа нуух юун. Шулуухан хэлэх юм бол, энэ подкаст маш хар бараан сэдэв болох бэлгийн хүчирхийллийн асуудлыг хөндсөн. 

Дэлхий нийтийг доргиосон #MeToo хөдөлгөөнийг эхлүүлэгч, алдарт кино продюсер Харви Вайнштейний хүчирхийллийн золиос болсон эмэгтэйчүүдийн түүхийг сонсохдоо би эмзэглэж, хүчирхийлэгчийг шигшин зэвүүцэж байсан ч Believed подкастыг сонсоод төрсөн мэдрэмж, сэтгэгдэлтэй харьцуулах юм бол тэр юу ч биш байжээ. Подкастын дугаар бүрт Америкийн гимнастикийн шигшээ багийн нэрд гарсан эмч Ларри Нассарт олон жилийн турш хүчирхийлүүлж, бэлгийн халдлагад өртсөн 265 эмэгтэйн төлөөлөл өөрийн дуу хоолойгоор тэрхүү аймшигт түүхээ хуваалцсан байлаа. Хамгийн сэтгэл эмзэглэмээр нь, эдгээр хохирогчдын олонх нь насанд хүрээгүй байхдаа (зарим нь 6 настай байхаасаа) Нассарт хүчирхийлүүлж, бүр эмзэглэмээр нь, хэрэг 2017 онд олон нийтэд ил болох хүртэл хэн ч тэдэнд итгээгүй (эцэг эх, цагдаагийнхан хүртэл) явдал юм. 

Хохирогчдын нэг болох Кайли шүүх хурлын танхимд Нассарт хандаж "Охид үүрд жаахнаараа үлддэггүй юм. Тэд өсөн томорч, хүчирхэг эмэгтэй болоод чиний ертөнцийг үгүй хийхээр эргэж ирдэг юм" хэмээн хэлж байв.

Ларри Нассар олон жилийн турш өөрийн гаж дур хүслээ ур чадвартай, сайхан сэтгэлтэй, сайн эмч гэсэн хуурамч дүр төрхөөр баттай халхалжээ. Эцэст нь, тэрбээр шүүхээс 175 жилийн ял сонссон ч хэрэг энд хүрч илчлэгдэх хүртлээ 20 орчим жилийг туулсан байна. Хохирогчдын нэг болох Кайли шүүх хурлын танхимд Нассарт хандаж "Охид үүрд жаахнаараа үлддэггүй юм. Тэд өсөн томорч, хүчирхэг эмэгтэй болоод чиний ертөнцийг үгүй хийхээр эргэж ирдэг юм" хэмээн хэлж байв. 

Хүчирхийлэл бол нүдээ аниад өнгөрөх, надад хамаагүй гэж түлхэх асуудал ерөөсөө ч биш. Учир нь, таны хайртай дотны хүн, найз нөхөд, хамтран ажиллагсад, хамаатан, хөрш гээд хэн ч хүчирхийлэлд өртөж байж мэднэ. Гаднаа зөөлөн, сайхан дүр бүтээсэн этгээд үнэн хэрэгтээ аймшигт мангас ч байж болно. Believed подкастын гаргаж тавьсан Ларри Нассарын хэрэг чухамдаа үүний тод илрэл юм. 

3. Invisibilia: The Callout

Та хэзээ нэгэн цагт, хэн нэгнийг буруушаасан, доромжилсон, шоолсон, гутаасан, гадуурхсан өнгө аястай сэтгэгдэл бичиж байсан уу? Чин үнэнчээр, дахин нэг тунгаагаад үзээрэй. Магадгүй та олон жилийн өмнө томоогүй, өсвөр насны хүүхэд байхдаа, эсвэл хэдхэн хоногийн өмнө бичсэн ч байж мэднэ. Аль нь ч байлаа гэсэн, таны бичсэн сэтгэгдэл тэр хүний амьдралд ямар нөлөө үзүүлснийг, сэтгэлд нь ямар сэв суулгасныг, хэзээ нэгэн цагт та түүний оронд байж болох байсныг мэдэх үү?

Invisibilia подкастын "The Callout" нэртэй дугаар надад дээрх асуултуудыг өөрөөсөө асуухад хүргэсэн билээ. (Би NPR-ийн шүтэн бишрэгч гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй бололтой. Учир нь Invisibilia мөн л NPR-аас эрхлэн гаргадаг 20 гаруй подкастын нэг юм)

Хэрэв тэд хэн нэгнийг "хүчирхийлэгч" гэж харсан бол, итгэсэн бол шууд л онлайн орчинд "шүүн таслах ажиллагаа"-г явуулж эхэлдэг. Түүнийг нийгмийн амьдралаас бүрэн салгаж, ажилгүй, найз нөхөдгүй, карьергүй, ирээдүйгүй, ер нь хэн ч биш болгоно гэсэн үг. Үүнийг "Call-out" гэж нэрлэх аж.

Өнөө цагт бидний олонх нь, өөрөө ч мэдэлгүй цаазын ял гүйцэтгэгч, шүүгч болж хувираад байна. Компьютерийн цаанаас өөрийнхөө сайн танихгүй хэн нэгнийг дүгнэн бичиж, элдэвлэх нь ерөөс сургуульд байхдаа бөөнөөрөө нийлж ангийнхаа "азгүй" нэгнийг дээрэлхэж, гадуурхдаг байсантай адилхан. Гэвч үр дагавар нь түүнээс хэд дахин аймшигтай ажээ. Энэ дугаарт панк хөгжмийн урсгал сонирхогчдын бүлгэмд байсан Эмили хэмээх эмэгтэйд тохиолдсон явдлын тухай өгүүлнэ. Эдүгээ тэрбээр 30 орчим настай бөгөөд дөнгөж 20-той байхдаа болчимгүй үйлдлээсээ болж онлайн шившиглэлийн бай болж байжээ. 

Сошиал платформ хөгжсөнөөр Америкт шинэ төрлийн "бүлэглэл" бий болов. Хэрэв тэд хэн нэгнийг "хүчирхийлэгч" гэж харсан бол, итгэсэн бол шууд л онлайн орчинд "шүүн таслах ажиллагаа"-г явуулж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, уг этгээдийг нийгмийн амьдралаас бүрэн салгаж, ажилгүй, найз нөхөдгүй, карьергүй, ирээдүйгүй, ер нь хэн ч биш болгоно гэсэн үг. Үүнийг "Call-out" гэж нэрлэх аж. "Хүчирхийлэгч" хэмээн цоллуулсан хүнд өөрийгөө хамгаалах, нөхцөл байдлыг тайлбарлах, зөвөөр ойлгуулах ямар ч боломж олгодоггүйгээрээ жинхэнэ шүүхээс ялгаатай, бас илүү хэрцгий юм. 

Эмилигийн хамгийн сайн найз, хамтлагт тоглодог залуу нэгэн эмэгтэйд бэлгийн халдлага үйлдсэн хэмээн буруутгагджээ. Эмили өмнө нь яг тийм тохиолдлын хохирогч болж байсан ч ил гарган хэлж чадалгүй өнгөрсөн байжээ. Иймээс тэрбээр сайн найзынхаа биш, халдлагад өртсөн гэх эмэгтэйн талд зогсохоор шийдэн, фэйсбүүктээ пост оруулав. Уг явдлын дараа найз нь хамтлагаасаа хөөгдөж, ажлаасаа гарч, байраа ч алдаад өөр хот руу нүүсэн тухай олж сонсчээ.

Хэдийгээр Эмили өөрийнхөө буруу зүйл хийснийг мэдэж байсан ч энэ шившиглэл түүнд шударга бус санагджээ. Учир нь тэр бодлогогүй ахлах ангийн охин байхаа больсон, одоо огт өөр хүн болсон байв.

"Call-out" үүгээр дууссангүй, энэ удаа Эмилигийн ээлж ирлээ. Тэрбээр ахлах сургуульд байхдаа нэгэн охины нүцгэн зургийг онлайнд дэлгэсэн гэх хэрэгт орооцолдож байжээ. Харин үүнийг мэдэх Херберт гэх залуу Эмилигийн эл үйлдлийг онлайнд дэлгэж орхив. Ингэж Эмили яг найз шигээ хэн ч биш болж, сэтгэлийн гүн хямралд оржээ. Хэдийгээр Эмили өөрийнхөө буруу зүйл хийснийг мэдэж байсан ч энэ шившиглэл түүнд шударга бус санагджээ. Учир нь тэр бодлогогүй ахлах ангийн охин байхаа больсон, одоо огт өөр хүн болсон байв. Харин "шүүн таслах ажиллагаа" явуулж буй сошиал хэрэглэгчдэд энэ нь ямар ч падгүй байсан юм. 

Үүнтэй төстэй олон явдал Монголд ч бас гарч байсныг, одоо ч гарч буйг бид бэлхнээ харж байна. Харин хүмүүс өөрөө онлайн шившиглэлийн хохирогч болох хүртлээ тэдгээр хүмүүс ямар их сэтгэлийн дарамт, шарх, эмзэглэл тээж явдгийг ухаараагүй хэвээр, өнөөх л сөрөг сэтгэгдлүүдээ бичсээр байх аж. 

Төгсгөлд нь, би дээрх подкастуудын гол санааг цухас л дурдсан болно. Хэрэв та сэдвийн талаар илүү гүнзгий ойлголттой болохыг хүсэж байвал холбоос тус бүр дээр дарж подкастыг бүрэн эхээр нь сонсоорой. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2022.12.22
Сэтгэл зүйн эрүүл мэндийн талаарх 2022 оны шилдэг 9 подкаст
2
2022.09.26
Playlist: "Та яг одоо ямар дуу сонсож байна вэ" 70 дахь дугаарт гарсан 26 дуу
3
2022.09.22
#WomenWhoDare | Cocktail and Crime: Сонсогчдоо хооронд нь танилцуулж, комьюнити үүсгэхи...
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
0
1
0
0
1
4
0

Сэтгэгдэл бичих (5)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.11.08 202.126.88.210

link n bhgyui yu

0 Хариулах


Зочин 2019.11.07 36.12.84.101

mash heregtei medeeleluud bailaa. Bayarlalaa

0 Хариулах


Jamiyan Munguu 2019.10.10 202.179.24.24

Өгөөжтэй, цаг үеэ олсон чанартай мэдээлэл байна. Баярлалаа.

0 Хариулах


Maral 2019.10.05 202.21.108.134

Yg haij baisnaa olloo thank you ublife !

0 Хариулах


Уншигч 2019.10.05 64.119.16.221

Монголын сошиал сувгуудаар иймэрхүү зөв ёс зүйг сурталчилсан нийтлэлүүд ихээр нэвтрүүлэх шаардлага үнэхээр их болжээ гэж боддог. Өнөөдөр хэт бусдын хувийн амьдралд хөндлөнгөөс оролцдог, зөвхөн нэг өнцгөөс асуудлыг шүүх ухамсар нийгэмд хэт давамгайлж байгаа нь харамсалтай.

0 Хариулах