Хайх зүйлээ бичнэ үү

Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү чухал ойг тохиолдуулан бид Герман улсаас суугаа Элчин сайд ноён Штефан Дуппелтэй хамтын ажиллагаа болоод бусад сэдвээр яриа өрнүүллээ.

-Анх Монголд ирсэн сэтгэгдэл ямар байсан бэ?

-Эргээд дурсахад би Монголд ирж Элчин сайдын албыг хашаад 3 жил болсон байна. Монголд томилогдож ирэхийг өөрөө хүссэн юм. Ирсний дараа харахад миний Монголын талаар авч байсан төсөлөлүүд маань үнэн бодит байдалтай нийцэж байсан.

-Яагаад Монголд ирэхийг хүсэх болов. Монголд анх ирэх үед төрсөн сэтгэгдэл болоод тухайн үед авч байсан мэдээллүүдтэй юугаараа төстэй байсан бэ?

-Юуны түрүүнд манай хоёр улсын хоорондын харилцаа маш өргөн хүрээг хамарч байгаа. Зөвхөн улстөр, засгийн газрын түвшинд биш хувь хүмүүс, төрийн бус байгууллагууд хоорондын харилцаа хамтын ажиллагаа маш өргөн хөгжиж байгаа. Дээр нь өөр хаана ч, бүр ямар ч улс оронд байхгүйгээр буюу нийт хүн амын нэг хувь нь германаар ярьж, бас Германтай ямар нэгэн байдлаар холбоотой байна. Энэ сэтгэлд минь маш ихээр хоногшиж үлдсэн үйлдэл юм. Мөн одоо хамгийн сайхан дурсамж үлдээж байгаа зүйл нь юу вэ гэвэл Монголын нийгэм, ард түмэн маш элэгсэг, зочломтгой зантай. Өөр улс оронд чухам ямар байдгийг би сайн харьцуулж мэдэхгүй байна л даа. Мөн Герман улсаас томилогдож ирсэн элчин сайдтай маш нээлттэй харилцаатай, аливаа асуудлыг ярилцаж хэлэлцэхэд, ямар ч сэдэв, салбарыг хамарсан бай маш нээлттэй илэн далангүй ярилцдаг. Энэ бүхэн надад маш сайхан сэтгэгдэл үлдээж байгаа. Бүс нутагтаа бол цор ганцаараа гэх юм уу даа. Монгол надад дахин давтагдашгүй нээлттэй улс орон гэж мэдрэгддэг. БНХАУ-тай ч харьцуулахын аргагүй, ОХУ-тай ч харьцуулахын аргагүй. Мөн Төв Азийн бусад орнуудтай ч харьцуулах аргагүй сайхан нээлттэй, чөлөөтэй. 

-Анх үүрэгт ажлаа хүлээж авснаас хойш Монгол улсын яг аль салбар таны сонирхлыг хамгийн ихээр татаж, тэр хүрээнд олон ажлуудыг хийж байсан бэ?

-Хүмүүсийн дунд Элчин сайд өөрийнхөө ажлыг өөрөө сонгон авч чаддаг гэх буруу ойлголт байж болох юм. Ихэнх тохиолдолд тухайн гадаад орчин, улстөрийн шийдвэрүүд, улс төрийн өрнөлүүд элчин сайд ямар чиглэл дээр түлхүү анхаарч ажиллах вэ гэдгийг цаанаасаа тодорхойлоод өгдөг. Манай хоёр орны улстөрийн харилцаа маш нягт дотно харилцаатай гэж хэлж болно. ХБНГУ-ын Ерөнхийлөгч Монгол улсад айлчиллаа. Холбооны Канцлер Ангела Меркель Монгол улсад хоёр ч удаа айлчилсан. Мөн Гадаад хэргийн сайд айлчилж байснаас гадна өнгөрсөн онд Батлан хамгаалахын сайд Монгол улсад айлчилж ирсэн. Энэ бүгд манай хоёр орны хоорондын харилцаа ямар нээлттэй, дотно вэ гэдгийн илэрхийлэл гэж бодож байна. Манай хоёр орны хооронд эдийн засгийн харилцааны гэрээ хэлэлцээр гэж байдаг. Хэрвээ энэ гэрээний хэрэгжилтийг яг бодитоор харах юм бол аль аль талдаа бидэнд хийх ажил маш их байна. 

Эдийн засгийн харилцаагаа хөгжүүлж болох боломж бол бүрэн дүүрэн бий. Энэ харилцааг хөгжүүлэхийн төлөө миний бие Элчин сайдын хувьд мэдээж зүтгэх ёстой.

Тийм учраас хэдхэн долоо хоногийн өмнө би Хамбург, Штутгарт, Кёльн зэрэг хотуудад Германы хувийн хэвшлийнхэнийг Монгол улсад хөрөнгө оруулаасай гэж уриалж, хэд хэдэн арга хэмжээнд оролцсон. Магадгүй энэ үүргийг маань ХБНГУ-д суугаа Элчин сайд илүү сайн биелүүлэх байсан болов уу. Гэхдээ миний хувьд ХБНГУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын хувьд энэ үүргийг мөн хүлээх ёстой гэж үзээд аль болох эдгээр хотуудаас ААН-үүдийг Монгол руу татах гэж оролдож байгаа. Таны түрүүн асууж байсан яг аль чиглэл дээр харилцаагаа хөгжүүлэхийн төлөө би хүчин зүтгэсэн бэ, юунд илүү анхаарал тавьж байгаа вэ гэдэгтэй холбогдуулаад улстөрийн харилцаа, ЗГ-ын харилцаа хэрхэн сайн хөгжиж байгааг сая дурдлаа. Миний хувьд боловсрол, соёлын харилцаан дээр бид илүү чармайлт гарган тодорхой алхам урагшлах юмсан гэж хүссэн. Үүн дээр соёлын солилцоо мөн боловсролын солилцоог түлхүү өргөжүүлэхийг хүссэн. Энэхүү харилцаагаа хөгжүүлэн тэлэхийн төлөө зүтгэсэн гэж хэлж болно. Боловсролын салбарт харилцаа хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийн төлөө ажиллахын сацуу их дээд сургуулиудын хамтын харилцааг хөгжүүлэх чиглэл дээр ажиллаж байна. Тийм ч учраас ирэх саруудад соёлын, боловсролын салбарыг хамарсан хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа. Дээр нь та бүхэнд сонирхуулахад гэргий маань УДБЭТ-т найрал дуучидтай хамтран хэд хэдэн дуурьд тоглосон байгаа. Мөн миний гэргий Испани хэл дээр өөрийнхөө зохиолыг бичиж туурвидаг зохиолч хүн. Өсвөр насныханд зориулж бичиж байсан, Испанийн уран зохиолын сурах бичигт хүртэл орсон нэг зохиолыг монгол хэл дээр хөрвүүлж гаргасан байгаа. Элчин сайдаас гадна хувь хүнийхээ хувьд, мөн миний гэргий хоёр орны соёл боловсролын салбарт өөрийн өчүүхэн хувь нэмрийг оруулсан гэж хэлж болно.

-Манай сайтыг залуу хүмүүс их сонирхож уншдаг юм. Үүний дагуу асуухад та Монголын залуусыг дэлхийд ямар түвшинд явж байгаа гэж бодож байна вэ. Германд ч юм уу дэлхийн хаа нэг тийшээ очиж суралцахад, хөл нийлүүлэн алхахад хэр чадалтай байна?

-Монгол улс өөрөө уул уурхай, байгалийн ашигт малтмалаар баялаг орон. Гэхдээ Монголын хамгийн том баялаг нь залуучууд, өсвөр үеийнхэн. Залуустаа хөрөнгө оруулж, тэднийгээ хөгжүүлэхийн төлөө зүтгэх ёстой. Хүмүүс боловсролын салбарын тухай асуулт тавихдаа хамгийн түрүүнд сургуулийн орчныг хөгжүүлэхэд, оюутан залуусыг хөгжүүлэхэд мөнгө өгч чадах уу, хандив өгч, хөрөнгө оруулж чадах уу гэж асуудаг. Энэ нь бол маш буруу асуулт гэж бодож байна. 

Заавал их мөнгө шаардахгүйгээр оюутан сурагч, залуучуудад оюуны боловсрол олгож болно. Тэгээд ч ийм бололцоо Монголд бий гэж үзэж байгаа.

Оюуны томоохон хөрөнгө оруулалт хийсэн Германы төсөл бол Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль юм. Энэ сургуульд голцуу инженерийн чиглэлээр олон улсын чанартай диплом эзэмшсэн мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргаж байгаа. Монголын оюутнууд маань энэ сургуулийг төгсөөд гарах юм бол магадгүй гадаадын мэргэжилтнүүдээс хамааралгүйгээр инженерийн чиглэлээр улс орноо хөгжүүлэх бүрэн нөөц бололцоо бий болох юм. Тийм болохоор Монголын залуучууд, оюутнууд ээж ааваасаа мөнгө авч гадаад руу сургуульд сурахаар явах шаардлага байхгүй. Монгол улсдаа олон улсын чанартай мэргэжлийн өндөр боловсрол эзэмших боломж нь энэхүү сургуулиар бүрэн олгогдсон байгаа. Дээр нь миний хамгийн их зүтгэж ирсэн, хөгжүүлж чадсан төсөл гэх юм бол мэргэжлийн боловсрол олгох чиглэлээр техник мэргэжлийн сургалтын төвүүд дээр герман мэргэжилтэн, сургах багш нартайгаа дунд мэргэжил эзэмших боломж олгох төсөл байсан. Заавал хүн болгон диплом авах гээд бүгд их дээд сургуульд орох шаардлага байхгүй. Одоо бол мэргэжлийн 12 сургалтын төвүүдэд герман мэргэжилтнүүд яг Германы шаардлагад нийцэх чадвартай боловсон хүчин бэлтгэх чиглэлээр хамтарч ажиллаж байгаа. Мөн үүн дээр маш олон оюутнууд заавал дээд сургууль гэхгүй дунд мэргэжлийг сонгож байгаад баяртай байгаа. Зөвхөн нэг жишээ дурдахад Дархан хотын Политехникийн коллеж дээр бид анхны мехатроникийн ангийг нээсэн. Орчин үед үйлдвэр хөгжиж байгаа улс орнуудын дунд энэ мехатроникийн мэргэжлийг эзэмшсэн байх нь маш эрэлт хэрэгцээтэй болоод байгаа. Германы дунд мэргэжлийн ангиудад хамгийн их эрэлт хэрэгцээтэй, хамгийн их оюутан өрсөлдөж байгаа анги мехатроникийн анги байдаг. Дэлхийн түвшинд очсон мехатроникийн мэргэжилтнүүдийг бэлтгэх ангийг бид Дархан хотод нээсэн бөгөөд оюутнууд нь удахгүй төгсөх гэж байгаа. Харамсалтай нь ажиглаад байхад Монголын залуучуудын ихэнх нь их дээд сургуульд суралцаж диплом авахыг л хүсдэг. Гэтэл их дээд сургуульд ороод чанаргүй диплом авч, ажил олдохгүй, ажлын байр байхгүй, үгүй бол өөрийнхөө сурсан мэргэжлээр ажиллаж чадахгүйд хүрэх тохиолдол их байна. Харин дэлхийн түвшинд очсон чанартай дунд мэргэжил эзэмшсэн байх юм бол үйлдвэрүүд тэд нарыг бараг шүүрч авах нь холгүй ийм л хэмжээнд хүрсэн байгаа. Монгол улсад мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх нь маш чухал байгаа.

-Залуусын дутагдалтай байгаа зүйл нь танд юу гэж анзаарагдаж байна вэ?

-Миний хувьд бол залуус сошиал медиагаас илүү хамааралтай болоод байна уу даа, ихэнх хайран цагаа сошиал медиа руу нэвтрэн үр бүтээлгүй үрж байна уу гэж бодогдож байна. Ингэж их сошиал медиаг ашиглаж байгаа нь өөрсдийгөө хөгжүүлэх гэсэндээ юу эсвэл цаг нөхцөөхийн тулд орж байна уу гэдгийг бол хэлж мэдэхгүй юм. Сошиал медиагийн эсрэг хэлж байгаа юм биш шүү. Хамгийн гол нь өөрийнхөө төлөө цагийг үр бүтээлтэй ашиглах хэрэгтэй байна. Гэхдээ монгол залуучуудыг ажиглаад байхад өөрсдийн зорилгын төлөө маш сайн тэмцдэг юм болов уу гэж бодогдсон. Хүчин чармайлт гаргахдаа маш сайн, бас шаргуу хөдөлмөрлөдөг юм болов уу. Өөрсдийнхөө зорилгыг биелүүлж, улс эх орондоо, нийгэмдээ хэрэгтэй хүн болж чадна гэдэгт би итгэл төгс байгаа. Дээр нь миний хувьд сүүлд хамгийн их анхаарал татаж, ажиглагдаж байгаа нэг зүйл бий. Энэ зөвхөн залуустай холбоотой асуудал биш нийгмийн амьдралтай холбоотой. Тэр нь юу вэ гэвэл хүмүүс хувь хүнийхээ төлөө л зүтгэдэг болж, “би” хүн рүүгээ илүү чиглээд байгаа юм болов уу. Багаар ажиллаж, багаараа амжилтад хүрнэ гэсэн сайхан уламжлал нь алдагдаад байгаа юм уу гэсэн бодол сүүлийн үед төрж байна. Гэхдээ магадгүй буруу ажиглаж байж ч магадгүй. Та нар илүү сайн мэдэх байх. 

Хамгийн гол нь хувь хүн, “би” хүний амжилт бол хэзээ ч жинхэнэ амжилт байж чадахгүй.

Харин жинхэнэ амжилт гэдэг багийн, хамт олны амжилт байдаг. Үүнд түлхүү анхаарч, баг болж суралцаасай л гэж хүсэж байна.

-Та чөлөөт цагаараа ихэвчлэн юу хийж байна?

-Элчин сайдын хувьд чөлөөт цаг гэж байдаггүй. Ажлын бус цагаар ч гэсэн Элчин сайд албаа хашиж л байдаг. Та бүхэн харж байгаа байх, би ийм гоё шатартай болсон. Шатар тоглож толгойгоо амраадаг л даа. Орон нутгийн томилолтоор явж байхад маань надад энэ шатрыг бэлэглэсэн юм. Намайг шатар тоглодог гэдгийг мэдээд надад зориулан энэ шатрыг бэлэглэсэн байх. Мөн уран зохиол, хөгжим сонсох зэрэг нь миний өөрт олдсон чөлөөт цагаараа хийх дуртай зүйлс. Ер нь Монголын соёл урлагийг нэлээн сонирхдог. Одоо ирэх зургадугаар сарын 6-ны өдөр бид германы сонгодог хөгжмөөр гала тоглолт хийх гэж байгаа. Энэхүү гала тоглолтын хөтөлбөрийг миний бие гэргийнхээ хамтаар гаргасан байгаа. Гэргийнхээ хамт бүтэн хоёр цаг гаруй үргэлжлэх тоглолтын хөтөлбөр гаргасан. Ажлынхаа энэ өрөөнд улстөр, эдийн засгийн харилцааг хөгжүүлэхээр зүтгэдэг бол ажлын өрөөнөөс гараад соёл урлагийг хөгжүүлэхийн төлөө зүтгэж байна гэж хэлж болох байх аа.

-Бусдад сонсоод үзээрэй, уншаад үзээрэй гээд санал болгох дуу хөгжим, ном зохиол байгаа бол хуваалцаач?

-Юуны түрүүнд залуучуудыг эцэг эхийнхээ ч юм уу “Энэ хөгжмийг сонс, энэ номыг унш” гэсэн тэр зааврын дагуу явах хэрэггүй, өөрөө шийдвэр гаргаж, өөрийнхөө дуртай дууг сонс, өөрийнхөө дуртай номыг унш гэж зөвлөмөөр байна. Хоёрдугаарт; эрсдэлээс айхгүйгээр өөрийн сониуч зангаа цааш нь хөгжүүл. Заавал найз эсвэл хажууд байгаа хүнийхээ сонсож байгаа, уншиж байгаа зүйлийг сонирхох биш, чи өөрөө сониуч байх ёстой. Сониуч байснаар хүн урагшаа явдаг. Тиймээс энэ сониуч зангаа хөгжүүлж, өөрийнхөө сонирхлын дагуу явах хэрэгтэй. Унших номтой холбоотой гэх юм бол бид Германд сүүлийн үед хамгийн ихээр борлогдож байгаа шинэ, шинэлэг ном зохиол юм уу, үгүй бол алдартай зохиогчийн ном бүтээлийг монгол хэлнээ хөрвүүлэн хэвлэн нийтлэх төслүүдийг хэрэгжүүлсээр байгаа. Өнгөрсөн зууны Германы уран зохиолыг аваад үзэх юм бол Томас Манн болон Кафкаг уншсан байх ёстой. Заавал герман хэл дээр нь уншиж чаддаггүй юм гэхэд сайн орчуулагдсан, өөрийн мэдэх хэлнээ хөрвүүлсэн бүтээлүүдийг нь унших хэрэгтэй. Бид ойлгохгүй, мэдэхгүй зүйлээ уран зохиолоор дамжуулан ойлгож, өөрсдийн оюун ухааныг хөгжүүлж, мэдлэгээ арвижуулах боломжтой байдаг. Зөвхөн өдөр тутмын мэдээллээс гадна тэр босгыг давж цааш тэмүүлээд өөрийнхөө мэдлэгийг хөгжүүлэх хэрэгтэй. Ингэхийн тулд уран зохиолын бүтээлүүд байж болно. Эсвэл сайхан хөгжим сонсож, кино үзэх гэх мэтээр өөрсдийгөө хөгжүүлж болох юм.

-Олон нийтэд нээлттэй сонирхолтой үйл ажиллагаа цаашид хэр олон зохиогдох бол, тэр тухай мэдээллийг хүмүүс хаанаас олж авах боломжтой вэ?

-Энэ онд Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан бид маш олон үйл ажиллагааг өөр өөр түншүүдтэйгээ хамтран зохион байгуулж байгаа. Гёте институтийн төслийн хүрээнд Монгол Улсын Консерваторид анх удаа мэргэжлийн жазз хөгжмийн анги нээгдсэн. Энэ чиглэлээр оюутнууд тавдугаар сарын 15-ны өдөр Монгол Улсын Консерваторид жазз хөгжмийн тайлан тоглолт хийлээ. Мөн тавдугаар сарын 18-нд бид Монголын Урлагийн Зөвлөл болон Соёл Урлаг, Хэвлэл Мэдээллийн Менежмент Зөвлөгөө ТББ зэрэг байгууллагуудтай хамтран “Берлиний Агаарын Гүүрийн Түүхээс” хүүхдийн бүжгэн жүжгийг олон нийтэд нээлттэйгээр зохион байгуулах гэж байна. Зургадугаар сарын 6-нд түрүүн дурдсан Германы сонгодог хөгжмийн зохиолоос бүрдсэн гала тоглолтыг УДБЭТ-т зохион байгуулна. Сонгодог хөгжим сонсож байгаагүй хүн ч гэсэн ганц удаа тоглогдох энэхүү тоглолтыг сонирхвол маш сайхан сэтгэгдэлтэй үлдэх гэж бодож байна. Германы сонгодог хөгжмийн бүхий л чиглэлийг хамарсан уг урлагийн тоглолтыг маань германы зочин удирдаач монголын мэргэжил нэгт нөхдүүдийнхээ хамт удирдах болно. Мөн зургадугаар сарын 8-нд “Шидэт лимбэ” дуурийг Германы удирдаачаар тоглуулна. Аравдугаар сард “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадам болно. Энэхүү кино наадам дээр Германы уран сайхны болон баримтат кинонууд түлхүү гарах байгаа. Оны төгсгөлд бид мөн Германы аялагч, Монгол судлаач Херманн Констен гэх хүний аялал, адал явдалтай холбоотой арга хэмжээг зохион байгуулах гэж байгаа. Энэ хүн XX зууны эхээр Монгол улсаар аялан танай уудам нутгийг хөндлөн гулд туулсан адал явдал эрэлхийлэгч хүн байсан. Арваннэгдүгээр сард мөн Берлиний ханыг нураасны 30 жилийн ой болно. Үүнтэй холбогдуулан бид мөн арга хэмжээ зохион байгуулна. Зүүн Германаас Баруун Герман руу нэвтрэхийн тулд Монголоор дамжсан нэгэн аялагчийн замын тэмдэглэлээс бүрдсэн зохиолыг монгол хэлнээ хөрвүүлэн хэвлэлд өгөхөд бэлэн болсон байгаа. Берлиний ханыг давахын тулд 10 метрийн зай л байсан байх. Гэтэл тэр хүн 10 метрийн зайг даваад очиж чадахгүй тийм хэцүү нийгмийн тогтолцоотой улсад амьдарч байсан учраас 12 мянган километр тойрч зүүнээс баруун Германд очсон тэр үйл явдлын тухай аян замын тэмдэглэл байгаа юм. Энэ мэт олон арга хэмжээ болох бөгөөд тэр талаар бид Элчин сайдын яамны фэйсбүүк дээр мэдээллээ зарлана. Манай Элчин сайдын яамны фэйсбүүк рүү орвол ямар арга хэмжээ болох гэж байгаа тухай мэдээллүүдийг цаг алдалгүй мэдэж болох юм.

-Та хоёр улсын хамтын ажиллагааг цааш юу гэж харж байна вэ?

-Өнөөг хүртэл хөгжүүлж ирсэн улс төр, эдийн засаг, соёлын салбарын хамтын ажиллагаанууд маань цаашдаа ч гэсэн өргөжин тэлнэ. Манай хоёр орны хооронд харилцаа холбоо үүссэн явдал нь 100 гаруй жилийн түүхэн улбаатай. Тиймээс бид энэ харилцаагаа цааш хөгжүүлж явах хэрэгтэй. Залуучууд хооронд бас солилцоо илүү өргөжин тэлэх байх гэж бодож байна. 

Зөвхөн Монголын залуус Германд мэргэжил эзэмшихээр явах биш, Германы залуус ч гэсэн Монголд ирж зөвхөн Монгол оронд л байдаг давтагдашгүй олон сайхан туршлагуудыг газар дээр нь судлах юмсан гэж хүсэж байгаа.

Тиймд энэхүү залуус хоорондын солилцоо маань илүү хөгжин тэлэх байх гэж бодож байна. Манай хоёр орны хооронд газар зүйн хувьд бол хэдэн мянган километрийн зай байгаа боловч хувь хүмүүс хоорондоо бид илүү ойр дотно юм уу гэж боддог. Ялангуяа зүрх сэтгэлээрээ, байр байдлаараа бид бие биетэйгээ илүү төстэй юм болов уу гэж боддог. Тийм болохоор хувь хүмүүс хоорондын харилцаа түлхүү хөгжөөсэй, хувь хүмүүс маань бие биенээ илүү сайн ойлгон харилцаасай, бие биедээ илүү сайн итгээсэй гэж хүсэж байна.

-Ярилцлага өгсөн танд маш их баярлалаа.


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
0
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

DR FRANK AND DR RAJ 2023.05.27 102.89.23.232

Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Интернэтээс би нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 700,000 доллараар аврахын тулд нэг бөөрөө NA HEALTH CARE ([email protected]  ) компанид зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Хэрэв тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа бол одоо NA HEALTH CARE-тэй холбогдоорой, аз болоход тэрээр эмнэлэгтээ итгэхийн тулд бөөр үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон бөөрийг худалдаж авахад бэлэн байгаагаа хэлэв. Тиймээс бид хэлэлцээр хийж, өнөөдөр би олон жил ядуу зүдүү амьдарч байгаад маш их баяртай байгаа тул нэг бөөрөө 600,000 доллараар зарж, ямар ч сөрөг нөлөөгүй. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? бөөр бол NA HEALTH CARE-тэй имэйлээр холбогдоно уу: [email protected] Whatsapp дугаар: +19099134258

0 Хариулах


Иргэн 2019.05.18 122.201.22.190

Зүгээр л Монголчууд визээ төвөггүй авдаг болчихвол болох нь тэр. Өөр олон худлаа юмаар яах вэ

0 Хариулах


иргэн хүн 2019.05.18 66.181.189.243

Köln хотын монголоор Көльн гэж бичвэл хамгийн дөт гэж бодном.

0 Хариулах