Хайх зүйлээ бичнэ үү

"Гэрэг Фэйшн" №9 дугаарт багтсан ярилцлагаас

Бид график, лого, вижуал дизайнеруудтай ярилцлаа. Тэдний дуу хоолой бүтээлээс нь харагддаг учраас  хэлж ярьж байгаа нь нийгэмд харьцангуй бүдэг сонсогддог биз. Тэд л бидний өдөр тутамд хэрэглэх эд юмсын сав баглаанаас аваад амьдралын бүхий л талбаруудад чимээгүйхэн өгүүлэгч, нөгөөтэйгүүр бидний үзэх харах юмсыг чиглүүлэгчид байдаг. Манай салбарынхны ажилд нийтлэг тохиолддог түвэгтэй явдал нь захиалагчтай ойлголцох явдал, цаашлаад бусдад зориулах, өөрсдийн үзэмжээр хандах гэх мэт асуудлын талаар бага ч болов хөндөхийг хичээлээ. Сонгосон гурван дизайнерын ярианаас олон улстай харьцуулбал ажил, ур чадварын тал дээр манайхан дутмаг буй нь харагдаж байна. Хэдий тийм ч бид нийгэмд өөрсдийн хүчтэй дуу хоолой болж, нийгмээ түүчээлж, улмаар монгол дизайны ялгамж чанар төлөвшихөд хувь нэмэр оруулах боломжтой гэсэн тэмүүлэлд хөтөлж буй нь нэн таатай санагдлаа. Ингээд дизайнер Ido-той ярилцсанаа хүргэе.

Дизайны гол зорилго, түүний мөн чанар нь юундаа байх учиртай юм вэ? 

Бусдад аз жаргал бүтээж өгөх, асуудал шийдэх, асуултанд хариулах зорилготой. 

Зураач хүн өөртөө зориулж өөрийнхөө сэтгэлийн дуудлагаар бүтээж, бүтээлээрээ асуулт асуудаг бол дизайнер хүн бүтээлээ бусдад зориулан асуултанд хариулах урлаг юм.  Хэрэглэгчийн ямар сегмент гэдгийг тодорхойлоод, тэр “бай”-гаа онох зорилготой гэж хэлж болно. Ингэхийн тулд тухайн сегментийнхээ хүсэл сонирхлыг бодож, асуудлыг нь шийдэж өгнө. Үүндээ агуулга, утга уялдааг анхааралтай тооцоолох хэрэг гардаг. Мэдээж соёл судлах хамгийн чухал. Тухайлбал хүмүүсийн тэргүүндээ залдаг зүйлийг бүсэлхийнээс доош байршуулах гэх мэт. Соёлын элементийг тухайн бүтээлд шингээж өгөх нь бүтээгч, эцсийн хэрэглэгч хоёрын дундах харилцааны хэл юм. Соёлтойгоо уялдсан дараагийн чухал зүйл нь агуулга, тэгээд хэлбэр байх учиртай гэж боддог. Жишээ нь шаальны загварт бид сүүлийн жилүүдэд хүний нүүр, монгол хувцас өмсгөлийн нэг хэсэг, авдарын хээ , дарьганга хийц маягийн хээнүүдээ ихээр хэвлэлээ. Одоо харин дараагийн үе рүүгээ орох болоод байна. Ахиад тоонотой загвар хийвэл хямдхан л харагдах байх. 

Аль болох сэтгэлийн хөдөлгөөнөө жолоодсон бүтээлүүд хиймээр санагддаг.

Соёл нь цаг үеийн болон цаг бус гэж байж болох юм. Ямар зүйл юуг бэлгэдэж байна вэ гэдэг нь хамаатай болно гэж ойлголоо. Дизайнер өөрийн бүтээлдээ хандах цензур гэж байдаг уу? Зарим тохиолдолд юмсыг хэтийдүүлж үзүүлэх шаардлагатай байж болох уу?

Монголчууд их бэлгэшээч ард түмэн. Бэлгэдлийг дизайнерууд бид ухаантайгаар олборловол ухаад дуусахгүй их зүйл байгаа. Монголдоо хийж байгаа болохоор энэ тойрогтоо ярья л даа. Ер нь хэтийдсэн зүйл дизайнд хоцрогдол үүсгэх гээд байдаг. Гэхдээ бид орчин үеийн нийгэмд амьдарч байгаа улс учраас дандаа хуучнаа ухаад байвал болохгүй шүү дээ. Гэлээ гэхдээ надад нэг амбиц байдаг нь нүүдэлчдийн соёлын улбаанаас үүсэлтэй монгол үнэр, чиг аястай урсгал хэв маягийг гаргах юмсан. Дизайнер найзуудтайгаа нийлээд хийж байгаа юмандаа трэндийг тусгаад явах юмуу, эсвэл өөрсдийн үзэл санаатай байх учиртай юу гээд их ярилцаж хайлт хийдэг. 

Монгол дизайнууд одоогоор манайд хэт нүсэрдүү, нөгөө бол болхи талдаа ажлуудыг бид өдөр тутамдаа хэрэглээд байгаа. Сайн дизайнууд цөөн гэх гээд байна л даа. Ийм ажлууд надад тухтай мэдрэмж төрүүлэхгүй байгаа учраас би гадныхаа юмыг эсвэл гараараа юм хийж хэрэглэх болдог. Үндэсний цэцгийн паттерн ч цөөн байна.

Манайд байгаа зарим брэндүүд мөнгө төлж худалдан авах чадвартай сегмент хэрэглэгчдийн таашаалд нь тааруулж хийж байгаа. Морь уядаг, том машин унадагуудад нь зориулах уу эсвэл Trap энэ тэр сонсдог залууст зориулах уу гээд өөр өөр шийдлүүд гарч ирнэ.  Дизайн хөгжихөд эдийн засгийн нөлөө, хүн амын тоо, худалдан авалтын тоо гэх мэт ч нөлөөлнө. Хот маягийн догь залуучууд юу худалдаж авах вэ? Эсвэл PlayTime-ийн үзэгчид ямар юм сонирхох вэ? Цаашлаад Z-Generation-д зориулсан бүтээгдэхүүнүүд өөр өөр. 

Манай хээ хуар баялаг гэж дизайнерууд, урлаачид ярих юм билээ. Үнэхээр энэ маань мөлжүүр сайтай дизайны хэрэглэгдэхүүн мөн үү?

Монгол агуулгыг бид Монгол гэж харах уу, эсвэл бүр өргөн утгаар нь нүүдэлчдийн соёл гэж харах уу гэдэг их ялгаатай.  Ойрын 200-300 жилийн соёлын элементүүд, өв уламжлал бол нийлээн нүсэр хүнд болоод бас өөр улсын соёлуудаас шингэчихсэн юм шиг санагддаг. Хүннүгийн үеийн дурсгалуудаас гэхэд л амьтны хэлбэр дүрслэлийг урлагийн түүхэнд оруулж ирснээр онцлог. Тэгхээр нүүдлийн соёлын хамгийн цэвэр охь хаана, хэдий цаг үед байна вэ гэдгийг судлан ойлгох хэрэгтэй байхаа. Орчин цагийн дэлхийн дизайны ертөнцөд шинэ харагдах хамгийн том “шипий” магадгүй 2000-аад жилийн өмнөх бидний түүх, соёлд байгаа.Нүүдэлчид өөрсдөө их минималист улс. 

Өнгийн талаас юу гэж бодож байна? Хааяа хөх өнгөөс татгалзмаар л санагдах юм.

Өнгө байгалиас эхтэй. Ер нь бидний амьдарч байгаа газар орон, солигдох дөрвөн улирлаас л өнгө үүсч байна. Говь, Хангай нутгийн өнгө ялгаатай... Ингээд бодохоор манайд олон өнгө баймаар. Яах вэ, цэнхэр өнгө бол тэнгэр шүтлэгтэй холбоотой. Жил болгоны өнгийг Pantone.com-аас нэрлэхэд тэр нь дандаа л байгалиас гаралтай байдаг. Дээрээс нь өнгө хэрэглээ, ахуй амьдралтай уялддаг. Уур амьсгал хахир, байнга нүүдэг бидэнд туйлын цагаан хувцас бол хэцүүхэн. Одоо ч гэсэн хотын бидний амьдралыг харвал өвөлдөө дандаа л хараар хувцасладаг. Ахуй орчин, нийгмийн сэтгэлзүйн  толь гэж бодож байна. Нийгэмийн сэтгэл зүйн асуудлуудыг өнгөөр шийдэх гэж оролдох ёстой хүмүүс нь дизайнерууд бид юм.

Тэгэхээр текстил дизайны хэрэглээний хөгжилд ч нөлөөлөх нь ээ? Ноолуур, эсгийгээс бусад бараг бүх материалаа бид импортоор авч байгаа. Гэхдээ хэдхэн жилийн өмнөхтэй харьцуулахад манайд овоо хэдэн принтийн машинууд бий болсон нь олзуурхууштай. Ингэхлээр ахиад хээний дизайнаа зэрэгцүүлж авч явах хэрэгтэй юм байна. 

Уул нь паттерн буюу хээний дизайныг маш олноор нь гаргаж, эрэл хайгуул хөгжүүлэлтүүд хийгдэж баймаар. Аль нь цаашаа явах нь аяндаа шигшигдээд ирнэ. Үүнийг хийхгүй байгаа нь үйлдвэрлэлээсээ хамаарч байна. 

Эхэнд таны дурдсанчлан дизайнерууд хүнд зориулж урлаж байгааг арилжааны шинжтэй гэж ойлгож болох уу? Тэгтэл та бас уран бүтээлч. Энэ тал дээр таныг яаж тэнцвэртэй ханддаг нь сонин байна? Өөрийн ажлаа та боллоо гэдгийг хэзээ мэддэг вэ?

Ажлууд маань бусдад хүлээн зөвшөөрөгдөхүйц агуулгатай байхын тулд өөрөө эхлээд уншиж судална. Тэр нь учир шалтгаантай, үндэслэлтэй байна. Эхлээд өөртөө таалагдаж байж бусдад хүрнэ. Ер нь эхний судалгааны үе, санаануудаа боловсруулахад их цаг ордог хэдий ч сонирхолтой санагддаг. Захиалагчийн долгион надад бас хамаатай. Хийсэн ажил минь надад таалагдахгүй болж эхлэх л хамгийн хэцүү. Өөрт таалагдаад, бусдад таалагдахгүй үед би өөртөө хадгалаад дуусдаг. Хүний хийж байгаа бүтээл бүхэн бүтэмжтэй байна гэж үгүй. Яг загас барихтай адил.

Таны захиалагчийн харж байгаа төсөөлөл, хараа таны хараа хоёр огтолцох тухай та ярьж байна. Бид нийтийн дүрслэх сэтгэлгээний чадавхийг сайжруулах хэрэгтэй юу? Үүнд дизайнерууд голлох үүрэгтэй ч байж мэднэ. Үүн дээр өөрсдөө нэгдсэн бодлоготой байх уу? Яавал дээр вэ?

Би өөртөө зориулаагүй захиалагчид зориулж байгаа учраас сайн ойлголцолд эхлээд хүрэх буюу дундах ханаа нураах хэрэгтэй. Эхлээд ядахдаа би 20-оод асуулт асуух замаар хүсэл сонирхлыг нь мэдэх. Эндээс би захиалагчдаа зориулах уу, эцсийн хэрэглэгчид үү, эсвэл хувь хүнд нь зориулах юмуу гэдгээ олж мэднэ. Энэ үеийг гүйцэтгээгүй харанхуй хийвэл хамгийн том хохирлыг би өөрөө л амсна. Хэрэглэгчийн гоозүй, дүрслэх урлагийн боловсролыг сургууль цэрэглэгийн шатнаас нь системтэйгээр олгоогүй учраас тэдний урлаг, дизайнд хандах хандлага нийтдээ төлөвшөөгүй гэж хэлж болно. Энд эцсийн хэрэглэгч гэдэг гол бай байгаа учраас түүнд зориулахын тулд захиалагч бид хоёр нэг баг болох ёстой юм. Үнэндээ бол захиалагч эсвэл төлөгч хүний хүсэл тэмүүлэлд автахгүй давж харах гэж хичээдэг. Алдсан ч хамаагүй ард байгаа асуудлыг нь шийдэх, зөв шийдвэр гаргах нь дизайны хамгийн ойлгомжгүй хэцүү хэсэг.

Ажлаа захиалагчийн хүссэнээс давуулан биелүүлэх нь уран бүтээлчдэд өөрт нь сайн гэж нэгэн график дизайнер ярихыг подкастаар сонссон. Бидэнд бол энэ нь ажлын үнэлгээ, төсөвтэй шууд холбогдоод ирдэг. Та үүнд хэрхэн ханддаг вэ?

Төслийн эхний өдөр л төсөв яригддаг.  Түүнээс цаашаа бүтээлээ л бодно. Ажлаа хийх явцад анхны төсөөллөөсөө давуулчихлаа гэдэг мэдрэмж орж ирдэг л дээ. Надад таашаалтай байна. Би өөрөө хийж байгаа ажлаасаа кайф авах ёстой, хоёрт хийснийхээ дараа бардам байх. 

Анхны санааг зарим нь чухал гэдэг. Уран бүтээлч хүнд ажлаа гүйцэтгэх явцад энэ нь хувирах тохиолдол байна. Хийсний маргааш харахад өөр харагдах нь ч бий. 

Анхны санааг олох амархан байдаг. Санааг гүйцэлдүүлэх л хамгийн хэцүү. Анхлаад сэтгэл хөдлөлөөр төрсөн олон санаануудыг хазаарлаж байгаад зөвийг нь сонгож, хэд хоногийн дараа харахаар түүхий санагддаг л даа. Гэхдээ л анхны санаа хамгийн хүчтэй нь гэж би итгэдэг. Яагаад гэвэл тэнд сүнс нь байдаг бөгөөд түүнийг ажлын төгсгөл дээрээ үргээчихгүй байх гэж хичээдэг. Хийж байгаа юмаа өглөө бүрэн сэрээгүй нойрмог үедээ утсан дээрээ хараад ямар байна вэ гэдгээ дүгнэдэг. 

Эцсийн гүйцэтгэлийн өмнө танд хэдэн хувилбар үлдэнэ. Үүнээсээ хайр найргүй хасна гэдэг миний бодлоор хэцүү юм. Хэрхэн жинхэнийгээ сонгодог вэ?

Хасалтын зарчмаар л явдаг. Өөрөө өөрлүүгээ дайрч, шүүмжлэлт өнцгөөр хандана даа. Сүүлийн үед ер нь явуургүй санаагаа хараад мэддэг болсон байна лээ. Гэхдээ юм хийх улам хэцүү санагдах болжээ. Шийдэл гаргахаасаа илүү шийдвэр гаргах дээр шаналдаг байх. 

Яагаад?

Ямар нэгэн төсөл бүтээлийн эхлэл бол хүүхэд мэт дэггүй санаануудын уралдаан болж байдаг. Явсаар төсөл бүтээл мань биежээд ухаан суугаад хэрсүү болоод ирхээр бүтээж байгаа надад их хүнд халгамаар болж ирдэг. Дизайн хийх чинь маш их халгамаар ажил. Уран зураач бол өөртөө таалагдаж байвал тэгээд жаргаад л сууна. Харин дизайн бол маш их тооцоолол, шийдвэр бас тэр дунд урлаг байгаа. Урлаг, Шинжлэх ухаан хоёрын дундуурт тэнцэтгэлтэй явах яасан ч амар юм биш. Хүмүүс чиний хувьд энэ амархан, тэгсгээд хийгээд өгчих гэвэл би ер нь зайгаа барих талыг эрхэмлэнэ. Дизайны ажлыг зарим хүмүүс том, жижиг ажил гэж хардаг. Харин хийж байгаа хүндээ том, жижиг ямар ч ялгаа байхгүй.
Угаасаа том ажил, жижиг ажил адилхан л хүнээс ур ухаан, цаг хугацаа шаардана.
Branding ажил харьцангуй хурдтай хийж болдог бол текстил, текстур, бүтээгдэхүүний дизайнд хугацаа их ордог.

Эдгээр төрлүүдээс тань өөрт хамгийн ойр нь аль вэ?

Ойрхон гэвэл брэндийн өвөр чанар, ялгамж төрх бүтээх талдаа илүү ойр. Дуртай гэвэл үйлдвэрлэлийн дизайныг үргэлж сонирхож байна. Харин сурталчилгаа, урамшуулал хийж явсан цаг хугацаагаа алдагдсан цаг хугацаа гэж гэж боддог. Цаашдаа текстил дизайнд илүү төвлөрөх санаа бий. Гэхдээ “Монгол хүн байна даа” гэдэг шиг дизайнер хүн байна даа өөрийнхөө зохиосон ширээ сандал дээр суумаар л байна. Мөрөөдөл бол их байнаа. Нэг сайхан гүүр, эсвэл цамхаг, саранд хүрдэг шат ч юмуу галзуу санаа хиймээр л байна. Хийх байхаа.

Та яагаад дизайнер болсон юм бэ?

Багадаа өөрийгөө гайгүй зурдаг гээд ойлгочихсон хүүхэд явж байгаад ДУДС-д Зураасан зургийн ангид орсон. Давхар плакат, постер хийдэг байсан. Багшийн школоос хамаараад европ зүгийн постерууд их таалагддаг байлаа. Төмөр бараар бол гайгүй хийж байсан ч тэр үед компьютер, фотошоп шиг гайхам сайхан зүйл байгаагүй. Тухайн үед соёлын солилцоогоор Кими гэдэг Япон багш сургуулиудаар явж хичээл заадаг байсан. Тэр хүн л анх программ гэж ийм юм байдаг гэж нүд нээж байсан. Дараа нь хувийн шугамаараа бас нэг Солонгос багшаар программууд заалгасан.  Харин одоо эргээд төмөр барын бүтээлүүдийг хараад татагдаад байдаг болсон байнлээ  
Алсдаа компьютер бид хоёрын амьдрал аль болох холдох байх. Дизайны бүтээл заримдаа нийгэмтэй зууралдсан, нийгэмийн олон талд асуудалд энергээ соруулж байгаа юм шиг сонин ажил. Дэлхийн дизайны хөгжил өөрөө хурдны галт тэргэн дотор явж байна. 

Таны ярьж буй зүйлсийг бид аль болох олноороо үргэлж хэлэлцэж ярьж байвал сайхан санагдаж байна. Бидэнд гадаадад байдаг шиг “Дизайны долоо хоног” зохион байгуулагдах шаагдлага байна гэж харж байна. “Бид монгол агуулга” ТББ ямар зорилготой вэ?

Бид монгол агуулга дахь залуучууд өөр өөрийн ажилтай боловч сэтгэлийн дуудлагаар нэгдэж захиалгын биш, цэвэр уран бүтээл хийж, уран бүтээлээрээ нэгдэх зорилготой юм. Бид нийлээд олон бүтээлүүд бас үзэсгэлэн сургалт зохион байгуулсан байна. Өнгөрсөн жил гэхэд ОХУ-д болдог “Typoмania” типографийн олон улсын наадамд бид маш олон бүтээлүүд зориулан хийж оролцоод, бичиг соёлын тухай ба орчин цагийн Монгол дизайнерууд юу хийж яаж хөгжиж байгаа тухай илтгэл тавиад ирсэн. Энэ шугамаараа Оросын дизайнеруудтай холбогдож тэднийг эх орондоо урьж, оюутнуудтай уулзуулсан.
 
Энэ мэт оролцооны ажлуудад манай БМА хүчтэй байдаг. 2018 онд манай “БМА” –хан зарим нь Ази, зарим нь Европ явж үзэсгэлэн, хурал чуулганд суугаад амжилттай л явж байна. Энэ уулзалт, үзсгэлэн хурал чуулганаас бид гадны уран бүтээлчидтэй танилцах, харилцаа холбоогоо сайжруулах их өгөөжтэй. Зарим нэгнээс нь мэйл ирж онлайнаар дизайны шүүгч хийх гэх мэт сонирхолтой хамтын ажиллагаанууд өрнөдөг.

Мөн Улаабаатар хотод “Би+д өөрөөсөө эхэлье” нэртэй хотжилтоос үүдэж байгаа асуудлуудыг дизайны хэлээр гаргаж үзүүлсэн зурагт хуудасны үзэсгэлэнг гаргасан.
Нэг талаараа дэлхийг дизайнерууд асуудалд оруулж бас дэлхийг дизайнерууд аварч болох юм гэж бодоцгоосон. Өнгөрсөн жил Хятадад болсон үйлдвэрлэлийн дизайны хурлын сэдэв ерөөсөө энэ байсан. Шилдэг дизайн гэдэг нь байгальд ээлтэй дизайныг хэлнэ гэх мэт... 


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
7
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.