Хайх зүйлээ бичнэ үү

Тэрээр Итали болон Чех улсад зохиогдсон олон улсын төгөлдөр хуурчдын тэмцээнд I болон III байрт орсон юм.

Монгол Улсын Консерваторийн (МУК) 8-р ангийн сурагч Х.Хүслэнтэй ярилцлаа. Тэр 2018 оны Монгол Улсын ОНЦЛОХ ХҮҮХЭД болсон бөгөөд Итали болон Чех улсад зохиогдсон олон улсын төгөлдөр хуурчдын тэмцээнд I болон III байрт орсон юм. Түүний амжилт хийгээд үзэл бодлынх нь талаар ярилцлаа.

-Оны онцлох хүүхэд болсонд баяр хүргэе. Өнгөрсөн жилийг үнэхээр ололт, амжилт ихтэй өнгөрүүлсэн байна шүү дээ. Оны өмнөхөн Чех улсыг зорин өсвөрийн төгөлдөр хуурчдын уралдаанд оролцоод III байранд орсон тухай сонссон. Бусад орны хүүхдүүдийн чадвар, чансаа хэр байсан бэ?

-Чех улсын Усти над Лабем хотод болсон “Virtuosi per musica di pianoforte” тэмцээнд оролцсон. 20 гаруй улсаас 60 гаруй өсвөрийн төгөлдөр хуурч оролцсон. Тэмцээний 3-р төрөлд оролцоод III байрт орсондоо баяртай байна. Орон орноос ирсэн шилдгийн шилдэг өсвөрийн төгөлдөр хуурчдын А зэрэглэлийн тэмцээн юм.  Хөгжмийн төрлөөсөө хамгийн өндөр чансааны тэмцээн гэж ойлгож болно. Мэдээж шилдгүүд цугларсан учраас өрсөлдөөн их байсан. 

-Өмнө нь энэ тэмцээнд Монголоос хүүхдүүд оролцож байсан ч хараахан шагналт байр эзэлж байгаагүй гэсэн. Шагналт байрт орсон анхны монгол өсвөрийн төгөлдөр хуурч болсон байна, тийм үү? 

-Миний оролцож байсан хамгийн том тэмцээнүүдийн нэг. Сонгодог урлаг Монгол улсад үнэхээр хөгжиж байгаа гэдгийг өөрөөрөө дамжуулж бусад улс оронд таниулах боломж шүү дээ. Анх удаа оролцоод Монголынхоо нэрийг гаргасандаа баяртай байгаа. Хөдөлмөрийнхөө үр шимийг талаар болгоогүйдээ баярлаж байна. Шүүгчид энэ хүүхэд хаанаас ирсэн юм бэ гэж их асуусан. Тэд Чингис хааны тухай мэдэхээс биш, биднийг сонгодог урлаг тэр тусмаа төгөлдөр хуураар хичээллэдэг гэсэн ойлголт бага байсан. Энэ нь бид дэлхийд хараахан танигдаж чадаагүй байгааг хэлж байгаа юм. Монгол гэсэн нэрийг бага ч атугаа танигдах үүд хаалгыг сурагч бид нээж өгч байгаад сайхан байна. Монголчууд сонгодог урлагийг ойлгодог, хайрладаг юм шүү гэдгийг таниулах нь бидний зорилго. 

-Гэхдээ дэлхийн томоохон тэмцээн уралдаанд оролцоод бид нар ч гэсэн дутахгүй юм байна гэдгийг мэдэж авсан гэж “Чөлөөт эмэгтэйчүүд” нэвтрүүлэгт орж байхдаа хэлсэн байсан. Үнэхээр дэлхийн хэмжээнд авьяас чадвараа хөгжүүлж, Монголынхоо нэрийг гаргаж яваад олон хүмүүс баяртай байгаа байх? 

-Тийм ээ. Гэр бүл, багш нар, сургуулийн хамт олноос эхлээд олон хүмүүс баяртай байгаа. Олон улсын хүүхдүүдийн тоглох арга барилтай танилцах нь надад их туршлага болж байгаа. Яг мэргэжлийн түвшний өсвөрийн төгөлдөр хуурчид ямар чансаатай байгаа ерөнхий ойлголттой болсон. Анх очихдоо бид түвшин арай доогуур байж магадгүй гэж бодсон. Мэдээж шилдгийн шилдгүүд л цугларч байгаа шүү дээ. Гэхдээ бид чадвараараа ер дутахгүй гэдгийг ойлгосон. Тэр тусмаа энэ салбарт. Мэдээж надаас илүү гэж хүлээн зөвшөөрөхүйц чадварлаг тоглолттой хүүхдүүд байсан. 

-Мэдээж хэрэг мундаг хүүхдүүдтэй өрсөлдөж, амжилт үзүүлсэн ч гэсэн алдаатай зүйл байсан байх. Гаднын шүүгчдээс чамд ямар шүүмжлэл ирсэн бэ?

-Сметанагийн хөгжмийн зохиолыг тоглож оролцсон. Чехийн хөгжмийн зохиолч. Намайг зохиолоо тийм ч сайн ойлгож тоглохгүй байна гэсэн. Техник, ур чадварын хувьд дутах зүйл алга гэдгийг ч дурдсан. Гэхдээ бидэнд дутагдалтай тал бий. Бах, Шопен зэрэг суут хүмүүсийн бүтээлийг ойлгох арай болоогүй байгаа. Мэдээж бид чинь сонгодог урлагийн өлгий нутаг болсон Итали, Германд өссөн хүүхдүүд биш шүү дээ. Гадаад хүүхдүүдийг монгол зохиолчийн аялгууг монгол хэв маягаар тогло гэвэл тэд ч гэсэн арай ондоогоор гаргана. Харь улсын зохиолчийн зохиосон шал өөр соёлд нэвтэрч байгаа гэсэн үг юм. Тиймээс хангалттай илэрхийлж чадаагүй байх.

-Сонгодог урлаг хөгжөөд хэдэн зууныг дамнасан тийм хөгжилтэй орны хүүхдүүдтэй тийм ч олон жилийн нүүр үзээгүй байгаа Монголын хүүхдүүд тэднээс дутахгүй өрсөлдөж байна гэдэг харин ч бахархмаар зүйл юм байна шүү дээ?

-Тэгэлгүй яахав. Харин ч бид оройхон гараад ширүүхэн дайрч байгаа. Сонгодог урлаг хожуу нэвтэрсэн ч маш хурдацтай хөгжиж байгаа гэж бодож байна. Европт аль хэдийн энэ соёл төлөвшчихсөн байх үед бид энэ талаар ямар ч ойлголтгүй байсан шүү дээ. МУК бол сонгодог хөгжмийг Монголд оруулж ирсэн анхны сургууль. Бүхэл бүтэн Монгол улсын хэмжээнд хүүхдүүдийг сонгодог соёлд сургадаг учраас сургуульдаа маш их баярладаг. 

-Үүнээс гадна Итали улсад болсон “Ibla grand prize 2018” төгөлдөр хуурчийн тэмцээнд оролцсон. Энэ тэмцээний онцлог, гаргасан амжилтынхаа тухай уншигчдад сонирхуулна уу?

-Итали улсын Ибла хотруу өнгөрсөн зун явсан. Бага насны хүүхдээс 30 хүртэлх насныхан нэг ангилалд өрсөлддөг. Насны хязгааргүй гэдгээрээ онцлог. Миний хувьд гоцлол болон хоршил гэх хоёр төрлөөр оролцож, төрөл тус бүртээ 1-р байр эзэлсэн. Хоршил буюу ансамблийн төрлөөр Артур Ахмадиев гэх орос хүүхэдтэй хамтран тоглосон. 

-Ганцаараа болон хоршиж тоглохын ялгаа юу вэ?

-Ганцаараа тоглоход зөвхөн өөрийгөө сонсоход болно. Харин хоршил төгөлдөр хуур тоглоход мэдрэмж илүүтэй шаарддаг. Нөгөө хүнээ мэдэрч тоглох хэрэг гардаг. Хоёр хүн тоглож байгаа ч, нэг хүн шиг тоглох ёстой гэсэн үг. Тиймээс илүү өндөр мэдрэмж шаардана. 

-Төгөлдөр хуураар маш багаасаа хичээллэсэн шүү дээ. Хөгжимтэй салшгүй холбоотой болоход хэн нөлөөлсөн бэ?

-Ээж минь байгаагүй бол би төгөлдөр хуур сурч эхлэхгүй байсан. Миний хамгийн дуртай, хийж чадах мэргэжлийг зөв таньж, олж өгсөн хүн. Би 5 настайгаасаа эхэлж төгөлдөр хуураар хичээллэсэн. Найман жил тасралтгүй суралцаж байна. Төгөлдөр хуур бол сурч дуусдаггүй мэргэжил. Над шиг багаасаа эхлээд 60 нас хүртлээ тоглосон хүнийг сая нэг юм төгөлдөр хуурч гэж нэрлэж болно. Үнэхээр их тэвчээр, цаг хугацаа, хөдөлмөр, сэтгэл шаардсан мэргэжил. Би өөрийгөө их азтай гэж боддог. ЕБС-ийн хүүхдүүд дан ерөнхий эрдмээ үзээд төгсөнө шүү дээ. Харин манай сургуулийн хүүхдүүд 12 жилээ төгсөхийн хажуугаар давхар мэргэжилтэй болоод төгсдөг. Энэ нь нэг бодлын цаг хугацаа хэмнэж байгаа хэрэг боловч нөгөө талаар бага насны хүүхдэд ачаалалтай байдаг. 

-Танай сургууль их шахуу хуваарьтай байдаг гэж сонссон. Чиний хувьд хөгжмөө хэдэн цаг давтдаг вэ? 

-Бид нар шалгалтаас шалгалтын хооронд байдаг. Шалгалт бүр дээр 4-5 шинэ программ буюу зохиол сурна. Богинохон цаг хугацаанд дэлхийн суут хөгжимчдийн уран бүтээлийг тоглож сурна гэдэг тийм ч амаргүй. Нэг шалгалт дуусаад л дараагийн шалгалтад бэлддэг. Хэсэгтээ шалгалтгүй тайван байх нь гэсэн ойлголт огт байхгүй. Нэг цаг ч болтугай илүү давтах гэж хичээнэ. Төгөлдөр хуур гээд ерөнхий эрдмээ орхигдуулж болохгүй шүү дээ. Хичээлдээ ч давхар анхаарна. Бэлтгэлийн хувьд өдөр болгоны хийх ажлаасаа хамаарч янз бүр. Олон цагаар удаан давтахаасаа илүү 2 эсвэл 3 цагаар хувааж давтах нь үр дүнтэй байдаг. Тасралтгүй 6 цаг сууна гэдэг бие чилэхээс эхлээд хүнд. Өдөрт хамгийн багадаа 3 цаг, дээд тал нь 8-9 цаг хүртэл бэлтгэл хийдэг. 

-Шалгалтаас шалгалтын хооронд байдаг энэ байдал чамайг 5 настай байхаас л эхэлсэн үү? 

-Анх багштайгаа танилцаад л шалгалт өгсөн. Ирээдүйд төгөлдөр хуурч болж чадах уу, мэдрэмжтэй хүүхэд мөн үү гэдгийг анх уулзахдаа л шалгасан гэсэн үг. Үүний дараа маш олон шалгалт өгч байж Хөгжим бүжгийн коллежид тэнцдэг. 1000 гаруй хүүхдүүдээс шалгараад, нэг ангид 20-30 хүүхэд үлдэнэ. Хамгийн мэдрэмжтэй, ирээдүйтэй хүүхдүүд ордог. Тэр олон хүүхдүүдээс шалгарч үлдсэндээ үнэхээр баяртай байдаг. Тогтмол авдаг сургуулийн шалгалтаас гадна мэргэжлийн багш дээр хичээлээ орох өдөр бүр шалгалт байдаг. Дараагийн хичээл дээр энэ хэсгийг засаарай эсвэл шинэ зохиолоо бүрэн цээжлээд ир гэх мэт олон зүйл даалгадаг. 

-Мэргэжлийн хичээл чинь долоо хоногт хэдэн удаа ордог вэ?

-Мэргэжлийн хичээл долоо хоногт хоёр удаа нэг цагаар ордог. Хүмүүст бага сонсогдож магадгүй. Манай сургуульд дөнгөж хүүхдээ өгч буй зарим эцэг эхчүүд багш дээрээ ямар бага цаг ордог юм бэ гэж ярихыг сонсож байсан. Гэхдээ огт багаддаггүй. Харин ч яг стандарт хэмжээ гэж боддог. Манай багш нар биднийг маш сайн дэмждэг. Биднийг багаас нь мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэж байгаа. Багш гэдэг хүн бид нарыг зөвхөн зөв зам руу чиглүүлж өгөх үүрэгтэй хүмүүс. Өдөр болгон бидний хажууд суугаад, байнга давтуулах ёстой хүн биш. Харин бид багшийнхаа чиглүүлж өгсөн зам руу тууштай тэмүүлж явах ёстой. Мэдээж тэгэх эсэх нь тухайн хувь хүний ухамсартай холбогдох байх. Миний хувьд би гурван талын дэмжлэгтэйгээр өдий зэрэгтэй яваа. Нэгдүгээрт багш минь надад зүг чиг зааж өгөх луужин болдог. Намайг үргэлж дэмжиж, тусалдаг гэр бүл маань бас нэг тал. Тэд бол миний түшиг тулгуур. Мэдээж хэрэг би өөрөө хичээгээгүй, дур сонирхолгүй байсан бол багш, эцэг эх минь хэчнээн дэмжсэн ч үр дүнгүй шүү дээ. 

-Төгөлдөр хуур тоглож байхдаа юу мэдэрдэг вэ?

-Би яг үнэндээ хөгжим тоглож байхдаа энэ аяыг хүмүүст хүргэх юм сан гэж тийм ч их бодоод байдаггүй л дээ. Уг нь хөгжимчин хүний гол зорилго бол тухайн аяыг хүмүүст хүргэх байдаг. Гэсэн ч миний хувьд арай өөр. Би огт боддоггүй зүйлээ тийм байх ёстой гээд худлаа хэлж чадахгүй байна. Би хөгжим тоглож байхдаа таашаал авахыг л илүүд үздэг. Энэ л миний хувьд хамгийн утга учиртай зүйл. Би дөнгөж л сонгодог зохиол, аялгуу гэдэг зүйлийг ойлгож эхэлж байгаа. Энэ бол маш агуу, том ертөнц. Анги дээшлэх тусам илүү сайн ойлгож, улам бүр дурлаж байна. Яг зохиолчийн амьдарч байсан ертөнцөд очсон мэт мэдрэмж авах нь өөрөөр хэлбэл таашаал юм. Жишээ нь би вальс тоглолоо гэж бодоход том ордонд бүжиглэж байгаа мэт мэдрэмж төрнө. Энэ бол төгөлдөр хуур тоглож байх үед авдаг хамгийн гоё мэдрэмж. Мэдээж өөрөө таашаал авч чадахгүй байж хүмүүст таашаал өгнө гэдэг хэцүү шүү дээ.  

-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ. Зураг зурах дуртай гэж сонссон. Зургийн холбогдолтой тэмцээн уралдаанд оролцдог уу. Зураг зурахын ач холбогдлыг юу гэж ойлгодог вэ?

-Би багаасаа зураг зурах дуртай байсан. Өөрийнхөө төсөөлж буй бодол санааг цаасан дээр буулган хүмүүст хүргэж байгаа хэлбэр шүү дээ. Саяхан Сумо бөхийн холбооны 25 жилийн ойг тохиолдуулан зохиосон хүүхдийн гар зургийн уралдаанд 1-р байранд орж, Япон улсын Дисней ланд руу аялах эрхээр шагнагдсан. Миний хувьд гараа зүгшрүүлэх, аливаа зүйлийн эв дүйтэй болохын тулд зураг зурдаг. Түүнчлэн чөлөөт цагаараа би бүжиглэх дуртай. Бүжиглэх бол хичээл хийх, төгөлдөр хуур тоглох, зураг зурахаас ондоо. Би багаасаа хөгжимд дуртай байсан. Хөгжмийн хэмнэлийг мэдэрч бүжиглэх нь эрч хүч өгдөг. Мэдээж хэрэг лаг бүжиглэдэггүй. Хөгжим тоглохтой харьцуулбал инээдэмтэй байж магадгүй. Гэхдээ хүн өөрөө өөртөө л таалагдах хэрэгтэй шүү дээ. Бүжиглэж байхдаа би өөрийгөө чөлөөтэй байгаагаар мэдэрдэг. 

-Төгөлдөр хуураа давтахын хажуугаар хичээлээ орхидоггүй гэж хэлсэн шүү дээ. 8 жил дараалан онц дүнтэй суралцаж байгаа юм байна лээ. Олон улсын математикын “Кенгуру” олимпиадад 1-р байранд орсон гэсэн. Тэр тухайгаа ярьж өгнө үү?

-Хүмүүс МУК-ийн сурагч гэхээр ерөнхий эрдмээрээ бусад хүүхдүүдээс хоцрогдсон гэж боддог. Хөгжим бүжигт хүүхдээ өгвөл ерөнхий эрдэм нь хоцорчихно шүү дээ гэж хэлж байгаа хүмүүсийн яриаг ч сонсож байсан. Сонин шүү. Гэхдээ яг үнэндээ тийм биш. Манай хөгжим бүжгийн багш нар үнэхээр сэтгэлтэй. Гэхдээ багш сайн байлаа гээд хүүхэд өөрөө хичээхгүй бол ямар ч нэмэргүй. Би дээр хэлсэн. Багш бол чиглүүлэгч. Миний хувьд олон улсын математикийн “Кенгуру” олимпиадад оролцоод 1 алт, 2 хүрэл медаль авч байсан. Энэ жилийн олимпиад удахгүй болох гэж байгаа. Амжилттай оролцох гээд бэлдэж байна даа. 

-Чи дөнгөж 13 настай шүү дээ. Энэ олон зүйлийг зэрэг амжуулахад цаг хугацаа чинь хүрдэг гэж үү?

-Цагаа зөв хувиарлаж чадвал хүндрэлгүй. Гэхдээ бага ангийн сурагч байхад хэт ачаалалтай байдлаас болж уйлах үе байсан шүү (инээв). Тогломоор санагдах үе байна шүү дээ. Төгөлдөр хуур тоглохийг хүмүүс их амархнаар бодоод байдаг. Энэ зүгээр нэг хуруугаараа товчин дээр дарж байгаа энгийн зүйл биш. Өндөр мэдрэмж, ур чадвар дээр нэмээд маш их хэмжээний хөдөлмөр шаарддаг урлаг. Хүн оролдож үзэхээсээ нааш мэдэхгүй шүү дээ. Өөрөө хийж үзээгүй байж амархан гэж ярих нь маш буруу.

-Чи бусадтай л адил хүүхэд. Тоглож, үсэрч гүйсэн үе ховор сонсогдож байна. Хэцүү шантрах үе хэр их байсан бэ?

-Жаахан байхад өдөр болгон л хөгжмөө давтаад, хичээлээ хийхээр өөр хүүхдүүд одоо юу хийж байгаа бол гэж боддог байсан. Би энэ мэргэжлийг эзэмшиж чадахгүй юм байна гэж бодох үе ч байсан. Тэр үед үнэхээр шантарна. Би үнэхээр завгүй байдаг. Төгөлдөр хуур, ерөнхий эрдэм, байнгын шалгалт, тоглолт, уралдаан тэмцээн гээд үнэхээр яах вэ гэмээр хэцүү үе их. Өдөржингөө хөгжмөө давтаж, хичээл хийхээр тоглох цаг ч гардаггүй. Намайг гэртээ хөгжмөө давтаж байхад хүүхдүүд байрны гадаа бөмбөг өшиглөөд, үсэрч хариагаад тоглож байдаг. Гэтэл би хэзээ ч байрныхаа гадаа гарч тоглож үзээгүй. Байрны найз ч гэж байхгүй. Бага байсан учраас гадаа тоглож байгаа хүүхдүүдийг хараад тоглох юм сан гэх бодол орж ирнэ. Яагаад гэвэл би бусадтай л адил хүүхэд. Хүмүүс намайг зурагтаар гарах, тэмцээн уралдаандаа амжилттай оролцох бүрд мундаг юм аа гээд л магтдаг. Гэхдээ маш их бэлтгэл, шаргуу хөдөлмөр шаардаж байж ийм үр дүнд хүрч байгаа шүү дээ. Төгөлдөр хуурт хараахан дурлаагүй үе байсан. Багадаа энэ мэргэжлийн үнэ цэнийг ойлгоогүй байсан. Одоо бол энэ мэргэжлийг бага ч болтугай ойлгож, хүндэлж байна. Хэрвээ энэ мэргэжлийг сонгоогүй бол найзуудтайгаа тоглох, чөлөөт цаг их гарах байсан даа гэсэн бодол орж ирж байсан. Гэхдээ тэр болгоныг давж бэлтгэлээ тууштай хийсний үр дүнд мэргэжлийнхээ үнэ цэнийг илүү ойлгосон гэж бодож байна. 

-Би бага байхдаа хөгжмөө тэгж их ойлгож тоглодоггүй, үнэ цэнийг нь мэдэрдэггүй байсан гэлээ.  Яг хэзээнээс хөгжимд илүү дурлаж, ойлгож эхэлсэн бэ?

-6-р ангиасаа тэгж ойлгосон гэж болно. Бага байхад ойлгохгүйгээс гадна шантраад бүр эсрэгээрээ дургүй болох үе ч байсан. Гэхдээ сурах тусам хөгжим гэдэг зүйл надаас салшгүй холбоотой, миний бие сэтгэлийн нэг хэсэг болсон анд нөхөр минь гэдгийг ойлгосон. Нэг ёсондоо би хөгжимд зориулсан цаг хугацаандаа дурласан. Хэрвээ би хөгжмөө тоглодоггүй, цаг хугацаа зориулаагүй бол юу гэж дурлах вэ дээ. Аливаа зүйлд дуртай болохын тулд эхлээд оролдох хэрэгтэй юм шиг санагдсан. Гэхдээ ганц үзээд л дуртай, дургүй гэж ангилж болохгүй. Би дөнгөж хорвоотой танилцаж эхэлдэг насан дээрээ төгөлдөр хууртай учирсан. Хүүхдүүдийн тоглодог, эрхэлдэг насан дээр зөвхөн хөгжмөө, давтаж хичээлээ хийхэд ихэнх цагаа зарцуулсан. Хүмүүсийн төсөөлж  ч чадахгүй тийм их цаг хугацааг хөгжмөө сурахад зарцуулсан. Хөдөлмөрлөснийхөө хэрээр би хөгжимд улам бүр дурлаж, ойлгож байсан. Одоо ч гэсэн би бүрэн ойлгоогүй байгаа. Хөгжмийн ертөнцөд бүрэн гүйцэд нэвтэрнэ гэдэг хол байна. Би бас л хүүхэд хэвээрээ байгаа. Энэ мэргэжил бол олон жилийн хөлс хөдөлмөр, чармайлт дээр өгөгддөг цол гэж ойлгодог. 

-Чи хөгжмөө орхихгүй гэдэгтээ итгэлтэй байдаг уу?

-Тэгэлгүй яахав. Жаахан байхад нэг бол эмч эсвэл гэнэт зураач болмоор санагдах үе байсан (инээв). Одоо бол мэргэжлийн төгөлдөр хуурч болохын төлөө явна гээд бат шийдсэн. Би энэ мэргэжлийг тэтгэвэртээ гардаггүй мэргэжил гэж ойлгодог. Хэчнээн хөгширсөн ч байлаа тоглож байхдаа хүн таашаал авсан хэвээрээ л байдаг. Олон жил тоглох тусам илүү их аз жаргал бэлэглэдэг юм шиг санагддаг. 

-2017 онд төгөлдөр хуур анхлан суралцаж байгаа бага насны хүүхдүүдэд зориулж ном гаргасан гэсэн. Номынхоо нээлтийг тохиолдуулж бие даасан тайлан тоглолтоо хийсэн шүү дээ. Энэ тухай уншигчдад ярьж өгнө үү? 

-Г.Ганчимэг багшийнхаа удирдлага дор “Чайковский детский альбом”-ийн 24 пьес дууг тоглож, бие даасан тайлан тоглолтоо хийсэн. Түүнчлэн энэхүү 24 дуугаар цомирлог зохиол ном гаргасан. Дуу тус бүрийн утга агуулгад нийцүүлж зураг зурж, 4 мөрт шүлэг зохиосон. Дээр нь миний тоглосон хувилбараар сонсох боломжтой CD дагалдана. Мэдээж би өөрөө 6-р ангийн ангийн хүүхэд байж том ангийн хүүхдүүдэд зааж сургах гээд ном гаргах чинь сонин хэрэг шүү дээ. Тиймээс дөнгөж суралцаж эхэлж байгаа бага насны хүүхдүүдэд зориулсан ном юм. 1, 2-р анги байхад тоглож байгаа зохиолуудаа ойлгохгүй үе их байсан. Эрээжилсэн хар нотнууд л харагддаг байлаа. Хэрвээ бэлэн зурагтай байвал тоглоход нь илүү ойлгомжтой, сонирхолтой байна. Ямар утга агуулгатай ая тоглох гээд байгаагаа зургаар, шүлгээр дамжуулж хурдан ойлгох боломжтой. 

-Чиний насны хүүхэд төгөлдөр хуураар бие даасан тоглолтоо хийж, ном гаргасан тохиолдол байдаггүй гэж багш нар чинь хэлсэн. Тоглолтоо хийж байхад ямар сэтгэгдэл төрж байсан бэ. Сандрал их байсан уу?

-Анхны гэдэг чинь хамгийн хариуцлагатай зүйл шүү дээ. Хэрвээ би тоглолтоо муухай, сонирхолгүй хийвэл 11 настай хүүхэд төгөлдөр хуураар бие даасан тоглолтоо хийсэн гэсэн. Тэр нь тааруухан болсон юм даа гэж яригдвал дараа дараагийн концертоо хийхийг хүсэж байгаа хүүхдүүдэд хэцүү. Багадаа тоглолтоо хийгээд хэрэггүй юм байна гэсэн бодолтой болчихвол муухай. Тийм учраас надад маш их хариуцлага ирсэн. Багш нар, найз нөхөд, мэргэжлийн төгөлдөр хуур тоглоочид тоглолтыг маань үзээд үнэхээр сэтгэл хангалуун байсан. Мэдээж сандрал байна. Гэхдээ сайн бэлтгэлийн үр дүнд сандрал догдлол болж хувирдаг. Мундаг хөгжимчид хурдан тайзан дээр гарах юм сан гээд догдолдог. Сандрал хэдий байсан ч гэсэн цаагуураа догдлол байх хэрэгтэй. 

-Чи сандралаа догдлол болтол өөрчилж чадсан гэж боддог уу?  

-Би бүрэн догдолдог хүн арай болоогүй гэж хардаг. Одоо ч гэсэн айдастай байдаг. Бидний насны хүүхдүүдэд айдас, сандрал байхаас ч аргагүй байх. Сандарч байна гэдэг чинь сайн тоглох байтал муу тогловол яана гэсэн бодол шүү дээ. Нэг ёсондоо сайн байхыг хичээж байгаа гэсэн үг. Сандрал ч байхгүй, догдлол ч байхгүй байна гэдэг л асуудал байх. 

-Тэгвэл сонгодог урлагийг ойлгох үзэгчдийн хандлага ямар түвшинд байгаа гэж боддог вэ?

-Би өөрөө энэ хөгжмийг тоглоод  5, 6 жил болж байж үнэ цэнийг нь бага зэрэг ойлгож байна гэсэн. Тоглож байгаа хүн ийм хугацаанд ойлгож байхад сонсож байгаа хүн ойлгоход маш их хугацаа шаардана. Миний бодлоор Монгол Улсын иргэдийн дийлэнх нь сонгодог урлагийн талаар ойлголтгүй байгаа. Ойлгоход дахиад ч хугацаа шаардлагатай. Хүмүүс “Олимп”, “Дэлхийн мисс” гээд л олон тэмцээн уралдаанд эх орноо төлөөлж оролцож байгаа хүмүүст анхаарал их хандуулдаг. Гэхдээ сонгодог урлагаар улсаа төлөөлж томоохон тэмцээн, уралдаанд оролцож байгаа хүүхдүүд хийгээд хөгжимчдөд төдийлөн анхаарал хандуулдаггүй. Энэ урлагийг хайрладаг хүмүүсийн тоо олон болоосой гэж хүсэж байна. Үнэхээр сонгодог урлагийг ойлгохгүй байж болно. Өөрөө тоглодоггүй, сонирхдоггүй ч байж болно. Гэхдээ хичээгээд хөдөлмөрлөөд явж байгаа сурагчдыг, багш нарыг дэмжих хэрэгтэй гэж боддог.

-Төгөлдөр хуурын тэмцээнийг хараад байхад сонирхогчийн болон мэргэжлийн гэсэн хоёр тусдаа төрөлд явагддаг. Тэгэхээр энэ хоёрын хооронд асар их ялгаа байна гэсэн үг үү? 

-Маш том ялгаатай. Гэхдээ мэргэжлийн биш хүн сонсоод сонирхогч, мэргэжлийн төгөлдөр хуурч хоёрыг ялгаж чадахгүй. Яг л адилхан хуруугаараа товчлуур дараад  ая гаргаад байгаа мэт санагдах нь их. “1900” гээд төгөлдөр хуурчийн тухай кино байдаг шүү дээ. Тэр кинон дээр хөлсөө гаргаад л, дээшээ доошоо хөдлөөд л, сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, жүжиглэлттэй тоглодог. Хүмүүс сайн төгөлдөр хуурч яг л ийм байна гэсэн ойлголтоор ханддаг юм шиг. Гэтэл тэр чинь кино шүү дээ. Хэтрүүлэл оруулж байж хүмүүст хүрнэ. Харин мэргэжлийн төгөлдөр хуурчид, багш нар хэт сүржин тоглохыг сайшаадаггүй. Ядартлаа тоглох биш, ядарсан ч ядраагүй мэт тоглох хэрэгтэй гэдэг. Мэдээж карьер, энтертаймент байх талыг сонгосон бол хүмүүсийг хөгжөөх үүднээс жүжиглэлт оруулдаг. Хүмүүс тийм зүйлд илүү дуртай шүү дээ. Ер нь байнга давтаад ирэхээр хэцүү аяыг ч ядрахгүй тоглодог болчихдог. Тоглож байгаа зохиол, ур чадвар, хэмнэл гээд бүх зүйл дээр сонирхогч, мэргэжлийн төгөлдөр хуурчдын ялгаа гарна. Дээр нь мэргэжлийн биш хүүхдүүд энгийн дуу, сонгодог аялгуу хоёрыг яг ижил хэв маягаар тоглодог. Энэ маш буруу. Сонгодог урлагийн түүхийг классизм болон романтизм гэж хоёр том үед хуваадаг. Тоглож байгаа зохиол аль үед зохиогдсон гэдгээс хамаарч яаж тоглох нь хамаарна. Классизмын үеийн зохиолыг романтизмын үеийн зохиол шиг тоглож болохгүй. Яаж тоглох нь хөгжмийнхөө түүхтэй хүртэл холбогддог. Мэргэжлийн биш хүмүүс төдийлөн сайн мэдэхгүй шүү дээ. Мэдээж хэрэг бид сонгодог урлагийг бүрэн ойлгох хэмжээнд төлөвшөөгүй байгаа.  

-Би гурван талын дэмжлэгтэйгээр өдий зэрэгтэй яваа гэсэн. Гэр бүлийнхээ тухай ярьж өгөөч?

-Ээж, аав хоёр маань намайг үргэлж дэмждэг. Тэд бол хамгийн үнэнч шүтэн бишрэгчид. Миний төлөө бүхнийг хийдэг. Би тэдэндээ маш их хайртай. Гэхдээ хааяа гомдоох, муудалцах ч үе гарна. Бид чинь зүгээр л хүмүүс шүү дээ. Ямар ч үл ойлголцолгүй зүйл гэж байхгүй. Надад байгаа бүхнээ зориулаад тэр өндөр өртөгтэй орон руу тэмцээнд явуулсан.  Чех руу явахад Монголдоо түрүүлээд зардлаа даалгуулсан. Харин Итали руу тэмцээнд явахад эцэг эх маань бүх зардлыг гаргасан. Аав минь зураач, дархан хүн. Аавынхаа хөдөлмөрлөж олсон мөнгийг нь дэмий үрэхгүй гэсэндээ чадлаараа хичээсэн. Би олон хүүхдүүдийн ээж, аав хүүхдүүдээ хайхрахгүй орхидог гэдгийг мэднэ. Эцэг эхийн хуралд байнга ирж, нэг ч удаа school police хийхээс төвөгшөөж байгаагүй ээж, аавдаа хэлдэггүй л болохоос баярладаг. Бусад хүмүүс шиг төвөгшөөгөөд очихгүй, хийхгүй байж болно шүү дээ. Адилхан л ажилтай хүмүүс. Миний төлөө л ийм байдаг байх. Телевизийн нэвтрүүлэгт оролцох гээд цахилгаан төгөлдөр хуураа чирээд студи руу явахад аав, ээж хоёр минь ээлжлээд өвлийн хүйтэн, зуны халуунд намайг дэмжээд, дагаад л явдаг. Намайг зурагтаар гарахад гэрийнхэн минь бүгд чимээгүй болоод зурагтныхаа урд бөөгнөрчихдөг. Ийм сайхан намайг дэмждэг хүмүүс дэргэд минь байдаг болохоор би өдий зэрэгтэй яваа. Би бол хамгийн азтай хүн. Ер нь бол өнөөдөр амжилтад хүрэх бол аз жаргалтай байх шалтгаан биш. Ийм сайхан ээж, аавтай тэднийгээ хайрлаад амьдарч байгаа нь намайг хамгийн азтай хүн болгодог. 

-Том болоод ямар хүн болно гэж боддог вэ. Төгөлдөр хуурч гэхээсээ хүн байх талаасаа ямар хүн байхыг хүсдэг вэ?

-Таныг ингэж асуусан чинь бага ангидаа бичиж байсан зохион бичлэг санаанд орлоо. Би 3 билүү 4-р анги байсан байх. Багш маань биднийг өөрсдийнхөө мөрөөдлийг бичээрэй гэсэн гэрийн даалгавар өгсөн юм. Эмч, төгөлдөр хуурч, том байшин гээд л хүүхэд бүр өөр өөрийнхөөрөө илэрхийлж бичсэн байсан. Харин би таны асуусанчлан хүн байх талаас бичсэн. Зохион бичлэгийнхээ төгсгөлд “Би зүгээр л хүн байхыг хүсэж байна аа” гэж бичсэн. Яг яагаад тэгж бичсэнээ мэдэхгүй байна. Тэгэхэд багш Хүслэнгийн зохион бичлэг хамгийн сайн болжээ гэж хэлсэн. Би одоо ч яагаад зүгээр бусад хүүхдүүд шиг төгөлдөр хуурч эсвэл баян хүн болно гэж бичээгүйгээ гайхдаг. 

-Тэгвэл одоо “Зүгээр л хүн байна” гэдгийг чи юу гэж ойлгож байна вэ?

-Хүн дотроо сайн хүн байхыг хэлж байгаа. Хэн нэгэнд атаархдаггүй, бусдыг доромжилдоггүй. Зовлонтой, хэцүү ямар ч үед шантардаггүй. Зорилгынхоо төлөө тэмүүлж чаддаг. Бас тийм ч төгс биш хүн. Нэг талаасаа алдаа гаргадаг. Уйлахыг хүссэн үедээ уйлдаг. Бүх үг хэллэг нь төгс хүн байхыг би хүсдэггүй. Инээх гэсэн үедээ инээдэг, уйлах гэсэн үедээ уйлдаг байх нь хамгийн жаргалтай зүйл гэж бодож байна. 

Түүний шинээр нээсэн фэйсбүүк хуудсанд нэгдэхийг хүсвэл ЭНД дарна уу.





Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
0
14
0
0
0
3
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.01.19 78.92.116.162

ХБК - н сурагч болоод л мэргэжилээ сонгочихдог . Үеийхэнтэйгээ үргэлж тоголоод байдаггүй . Хөгжимдөөн дурлаж , багшаа хүндлэж хайрлаж , эцэг эхийн сургаалийг шигтгэж байж үргэлжлүүлэн урлагт дурлана даа . Маш зөв бодолтой хүү байна. Анх охиноо ХБК - н утсан хөгжмийн анги хийл хөгжмийн ангид шалгуулж оруулж байсан үеийг мин санагдуулж байна. Зургаахан настай охин Энхцэцэг гэж мэргэжилдээн дэндүү хайртай багшийн шавь болгосондоон одоо хүртэл баяроаж явдаг . Багш мэргэжилдээн хайртай байж гэмээн тийм л шавь төрнө. Жич: Сэтгүүлчээ сонгодог урлаг манай улсад дөнгөж хорин жил хөгжиж байгаа юм биш шүү хө

0 Хариулах


Зочин 2019.01.19 66.181.161.66

Хөдөлмөрийн үнэ цэнийг хөгжмийн урлагаар дамжуулан хүнийг хайрлах, хүн байх, гэдэг даруу хэрнээ хэрсүү үгээр маш сайхан тодорхойлж. Ээж аав мэргэжлийн багшид нь томоос том баяр хүргэе баярлалаа .Миний дүү юу хүсч байна амьдралаас түүнийгээ л хураана. Амжилт хүсэе !

0 Хариулах