Хайх зүйлээ бичнэ үү

26 мин

Холдох тусмаа гэрэлтэнэ

Хөдөөлүүлэх ёслолын төгсгөлд хоёр гар нь гинжээр хүлээтэй Спартакийн дүр бүхий зургийг зэхсэн байв. ​


Шарилыг тайзны голд, бүдэг гэрлүүдийн огтлолцол дунд байрлуулсан байх бөгөөд цав цагаан инээд цацруулсан цэл залуухан хөрөг зураг нулимс бүрхсэн нүд бүрийн өмнө мөнөөх л гуниг үгүй, гутамшиг үгүй амьдарсан тэр янзаараа эрхэмсэг дагшин оршино. Энэ хөрөг, энэ тавилан цаг бусаар энд ирсэн юм. Омог бардам гоо, дураар дэврүүн авьяасаараа тайзны эзэн, балетын урлаг тийш үзэгчид үнэнчээр татагдах соронзон нь явсан юм. Тэр бол балетчин Осорын Батсайхан. 

1989 оны дөрөвдүгээр сарын сүүлчийн өдөр. Уртаас урт уйт өвлийн турш хөр цаснаа дагжсан моддын үзүүрт нялх навч цухуйх төдий үзэгдэх нь Улаанбаатарт урь орж, анхны бороо аль хэдийн орсных билээ. Хаврын найраг сүлэлдэн, хотын амьсгаа сая л яруусах яг ийм цагт юмсанж. Гэвч тэр нэгэн өглөөний дүр зураг эгэл биш байлаа. Хот хараахан сэрж амжаагүй өглөөний 06 цагт эмнэлгээс театрт хүрэх замд шарил тээсэн тэрэгнээс өөр машин үл хөдлөх боловч харин зам даган эгнэсэн хүмүүс эл хулийг эвдэх атлаа бодолд автсан нам гүмийг амилуулжээ. Хэний ч санаанд оромгүй хар дарсан зүүд шиг нууцлаг төгсгөлт энэ хүмүүний учир шалтгаан хожим Улаанбаатарт домог болон түгэх болно. 

Салах ёс гүйцэтгэх товыг гэр бүлийнхэн нь төрөл төрөгсөд, хамт олон, найз нөхдөөс нь бусдад дуулгаагүй байтал Дуурь, бүжгийн театрын танхимд эмгэнэн гашуудсан олон тал талаас бүчин цуглав. Балетын урлагт зүтгэсэн жаргал зовлон нэгт найзуудтай нь мөр зэрэгцэн түүнтэй огт үерхэж нөхөрлөж байгаагүй ч уран бүтээлийг нь шимтэгчид, урлаг, спортын алдартнууд, үл таних хүмүүс, оюутнууд бололтой хүүхдүүд, гадаадын мэргэжилтнүүд, тэр өглөө шөнийн ээлжнээс буусан дулааны цахилгаан станцын цехийн ажилчид, түүнийг эр хүнийх нь хувьд хүндэтгэдэг хотын төвийн атаманууд хүртэл зогсож харагдана. Нэгэн бүлийн хайртай хүү төдийгүй урилгатай, урилгагүйдээ үл тээглэн тэмүүлэх түг түмэн зүрхэнд хүндлэгдсэн хүн байсныг нь илтгэх авай. 

Түүнийг хөдөөлүүлэх ёслолын төгсгөлд талийгаачийн буяны ажилд оролцсон хүмүүст хоёр гар нь гинжээр хүлээтэй Спартакийн дүр бүхий зургийг зэд болгон зэхсэн байв.

Эцсийн замд үдэх ёслолыг театрт зохион байгуулах эрхийг ардын жүжигчин, төрийн шагналт, үгүйдээ л гавьяат зүтгэлтэн эрхмүүд эдэлж хорвоогоос буцдаг бичигдээгүй хууль Монголын урлагийнханд үйлчилдэг. Энэ удаа соёлын тэргүүний ажилтны тэмдэг ч үгүй, бүр театраас халагдаад нэг их удаагүй нэгэнд ийм хүндэтгэл оногдсон нь театрын түүхэнд анхны тохиолдол болов. Харин түүнд зөвшөөрөхөөс өөр аргагүйтсэн учир байв. Балетын гол дүрүүдийг дараа нь хэн нэгэн дахин давтах боломжгүй тийм халуун эрчмээр амилаасныг нь чанх дэргэдээс цээжин дотроо бишрэх атлаа цол тэмдэг энгэрт нь гялалзах вий гэхээс хэнхдэгээ хонхойтол харамладаг нэгэн эрхэм сүүлчийн удаа ядаж үүнийг зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүрсэн хэрэг. Гялалзсан бүжигчдийнхээ алдар суугаас хувь хүртэн сайшаагдаж сурсан тэр эрхэм бусдын харууслыг хуваалцаж зүрхлээгүй тул энэ ёслолд үзэгдээгүй буй за. Энэ ёслол эцсийн зам гэхээсээ эзгүйрсэн мэт хов хоосон мэдрэмж үлдээх авьяастан байсныг нь үзэгчид түүнээс хойш улам бүр мэдрэх эхний цэг болсон билээ. Тэр эрхэм үүний гэрч болж зогсохоос татгалзсан юм болов уу, бүү мэд. 

Цугласан олон шарилыг тойрон салах ёс гүйцэтгэхэд тэр цуваа тасрахгүй шахам урт дараалал үүсгэв. Уйлах, гүнзгий санаа алдахаас өөр чимээ аниргүй мөчүүдийн хэлхээсийг хэн нэгний эвлүүлж ядан хэлсэн эв хавгүй ч гэлээ бахардаж харууссан нэгэн өгүүлбэр гэнэт эвдэв. “Түүнийг ална аа” хэмээгээд мэгшин зогссон нь 1988 онд Сөүлийн олимпоос хүрэл медаль хүртэж, хожим гавьяат тамирчин цол хүртсэн боксчин залуу байсан юм. Мэдээж тэр хэнийг ч хөнөөгөөгүй. Тэвчихийн аргагүй тийм их шаналанд эзэмдүүлсэн л хэрэг.

Тэмүүлэн яарч, аз жаргалтайгаар дүүлэн нисэж ирдэг асан театр... Тэр энэ удаа арайхийн хүрэв. Танил шат, танил хаалга, танил үнэр, гэхдээ өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй ойлгомжгүй байдал.

О.Батсайхан дөнгөж 35 настай байсан юм шүү дээ. Балетын бүжигчдийн хувьд орь залуу нас биш хэдий ч эрч хүч, ур чадвар жагссан түүний хувьд тайзнаас буух болоогүй байсан үе. 1988 оны арванхоёрдугаар сард балетынхан театр дээрээ хамт олноороо шинэ жилийн баяраа тэмдэглэж байлаа. О.Батсайхан үдэшлэг өндөрлөх хараахан болоогүй байхад харихаар гарч явтал “Тантай цуг гаръя. Би ч бас харьмаар байна, замдаа дөхүүлээд өгөхгүй юү” гэсээр хамт ажилладаг залуу бүсгүй хэлжээ. “Төмөрболд үдэшлэг дээр харагдсангүй, яагаад ирээгүй юм бэ” гэхчлэн аар саарыг асууж ярилцан тэд театраас гарч явав. 

Төмөрболд, бүсгүй хоёр эхнэр, нөхөр юмсан. Тэд О.Батсайханаас арав гаруй насаар дүү, нэг сургуульд суралцаж байхдаа дотносож гэрлэсэн залуухан балетчид байв. Төмөрболдыг анх төгсөж ирэхэд нь театрын удирдлагаас О.Батсайханд даатган хуваарилж, “халамжлан хүмүүжүүлэгчээр” томилсон учраас тэд бусдаас илүү дотно хүмүүс. Бие биеийнхээ гэрээр орж гарна, зун болж театр амрахад О.Батсайхан Төмөрболдыгоо аваад загасчлахаар явна. О.Батсайхан хэзээний л загасчлах хорхойтой, зуны саруудад найзуудтайгаа явган бол явган, унаа таарвал унаатай гол ус бараадан аялдаг заншилтай байв. Нэгэн зуныхаа аяллаар О.Батсайханаа даган чингэж явсаар бүр Хөвсгөл далай орсноо балетын харчуул өнөө ч дурсан сайрхана. Тэр үед балетын нэгэн бригад Хөвсгөлд тоглолтоор очоод байхад тэд яг таарч л дээ. Гэнэт О.Батсайхан үүд сэвхийтэл нээгээд л, нэг их дүүхэлзэж ирээд л босгоор алхан орохыг нь хартал наранд түлэгдэж борлосон томоо биетэй, нүд шүд нь гялалзаж, сахал үс нь ургачихсан яг л аварга биет амьтан шиг сүртэй харагдсанд давхийн цочсоноо бүсгүйчүүд нь дурсдаг. “Батсайхан маань хотын шүтээн болсон гял цал, дэндүү хээнцэр залуу хэрнээ хөдөө хээр гарахаараа хэзээний л борогшуу, адуу малаас авахуулаад ахуй амьдралын юм юманд дүйтэй. Мөнгөгүй болсон ч айлд ороод оёдлын машиныг нь хэд тачигнуулаад л хөдөөгийн залуусын шохоорхлыг татахгүй байхын аргагүй өмд, цамц оёод өмсүүлчихнэ. Цаадуул нь баярлаад л хоол унд хийж, бид найзынхаа буянд бишгүй л гэдэс гарч явлаа” хэмээн найзууд нь ярьсан. 

Томоо үүргэвчинд майхан сав, хөнжил пүүгээ, тогоо шанагаа хийж аваад, дүүдээ аль хөнгөн загасны хэрэгсэл сэлтээ үүрүүлээд “Амьдрал үзнэ ээ хө” гээд л Төмөрболдоо дагуулаад Улаанбаатараас хараа тавьсан зүгтээ алхацгаасан нь нэг удаа биш. Батсайхан театраас оноосон “халамжлан хүмүүжүүлэгчийн” дүрдээ итгэсэндээ ч биш, ер нь хүнтэй сайхан нөхөрлөж чаддаг, бусдаар өөрийгөө хүрээлүүлж сурсан эр хүний ёсоор Төмөрболдод үргэлж шударга хандсаар ирсэн билээ. Гэртээ халуунтай хэвтэж байснаа Төмөрболдыг анхны хүүхдээ тэвэрсэн баярт мэдээг сонсмогц өөрөө бага насны хүүтэй ах хүний сэтгэлээр гэргийд нь шинэ шөл уулгая гэж Төв аймгийн малчин айлаас хонь авчирч байлаа. Төмөрболд бол хэнээс ч дутахааргүй авьяаслаг, ирээдүйтэй залуу бүжигчин гэдгийг хамт ажиллах таван жилийн хугацаанд О.Батсайхан үнэлдэг байв. Бас таэквондогоор шаргуу хичээллэдэг, балетын хажуугаар спортод өгсөн дур сонирхлыг нь дэмжин хуваалцана. Гэвч эр хүний хувьд өөртөө итгэлгүй, эхнэрээ учир шалтгаангүй хардаж зовоодог тухай хамт ажилладаг балетчин охидын яриа сэтгэлийг нь хааяахан сэмэлнэ. “Яах вэ дээ, залуу хүн учраас...”. Тэр ойлгохыг хичээнэ. 

Үдэшлэгээс гарсан хоёрын ахимаг нь бүсгүйгээ халтирчих вий гэхдээ сугадан тухайн үеийн Засгийн газрын ордон, одоогийн Төрийн ордны арын цэцэрлэгээр зам товчлон алхаж явлаа. Гэтэл бүсгүй гэнэт “Би таныг үнсмээр байна” гэчихэв. Энэ үгийн утга учрыг шүүн тунгаах ямар ч санаа төрсөнгүй. “Яасан юм бол доо, ахыгаа үнсмээр болсон юм байх даа” гэж бодогдсоноос биш бүсгүйн гэнэтийн үгэнд сэтгэл нь догдлох, эсвэл шунан тачаах ямар ч шалтгаан түүнд байсангүй. Тэврэхэд нь зүгээр л инээгээд тонгойв. Энэ мөчид О.Батсайханы толгой руу хэн нэгэн маш хүчтэй цохиж, тэр нэг л мэдэхэд газар уначихсан байлаа. Нүүр нүд, элэг бөөргүй өшигчих залуус дөрвүүл байгааг, нэг нь цэргийн дүрэмт хувцастайг шинелийнх нь хормойноос л харж амжсан юм. Залуустай үг солих ч завдал гарсангүй, тэд даруй бүсгүйг дагуулаад зугтав. Толгой нь даахын аргагүй хүнд оргино. 

Үл таних танхай этгээдүүдийн гарт хамт явсан бүсгүй нь орсныг яаралтай цагдаад мэдэгдэх...Хамгийн ойрхон утсаар ярьж болох газар бол театр... 

Тэмүүлэн яарч, аз жаргалтайгаар дүүлэн нисэж ирдэг асан театр... Тэр энэ удаа арайхийн хүрэв. Танил шат, танил хаалга, танил үнэр, гэхдээ өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй ойлгомжгүй байдал. 

Театрын жижүүр О.Батсайханы гуйснаар эхлээд цагдаа руу, дараа нь Төмөрболдын гэр рүү, хамгийн сүүлд өөрийнх нь эхнэр рүү утасдаж мэдэгджээ. Жижүүрийн хажуугийн сандал дээр толгой гудайн суух хүний царайг хамгийн дотно гэр бүлийнхэн нь хүртэл танихад бэрх болтол зэрэмдэглэжээ. 

Орос школтнуудын дэргэд О.Батсайхан зан төлвийн хувьд дэг жаягт хэт баригдаагүй өөртөө итгэлтэй байдал, бардам сэхүүн төрхөөрөө тэс өөр хүүхэд байлаа.

Эмнэлэгт очиход хүлээн авсан жижүүрийн залуухан эмч бүсгүй өвчтөний түүхийг нээхдээ алдарт балетчин О.Батсайхан гэдгийг сонсоод өөрийн эрхгүй үзгээ алдан балмагдав. Тэр эмч өдгөө гоо сайхны шилдэг мэс засалч болсон Н.Оюун байсан билээ. Түүний нүүр рүү яаж цохиж балбасан гэхээр ийм болгов гэж гайхмаар гэмтлүүдийг илрүүллээ. Эрүүндээ хоёр хэсэг газарт хугарсан, хамар, шүднүүд хугарсан, хацрын яс цөмөрсөн, чих сэтэрсэн... О.Батсайханы нүүр тэр чигээрээ үйрчихэв үү гэмээр гэмтсэн атал, хавирга, нуруу, гар, хөлийн яс хугараагүй байв. Элэг дэлүү ч юм уу, лав л дотор нь ямар нэг зүйл дэлбэрсэн мэт өвдөж байгаагаа харин өөрөө тэр үед мэдэрч байсан ч дуугүй өнгөрч. “Ах нь балет бүжиглэдэг. Тайзан дээр ийм нүүртэй гарч болохгүй” гэж эмчдээ ойлгуулахыг тэр хичээж байвч амаа нээхэд ч түвэгтэй, гэхдээ арайхийн энэ хэдэн үгийг хэлсэн. Одоогоос 30 жилийн өмнөх эмнэлгийн оношилгоонд эхо, томографын аппарат нэвтрээгүй байсан тул юуны өмнө нэн даруй эрүүг нь хадах, хамар, хацрын цөмөрхийг янзлах хагалгаа хийхээр болжээ.

Хүнд хагалгааны дараах эдгэрлийн явц тийм ч түргэн биш, үрэвслийн эсрэг хүчтэй антибиотикууд хийлгэх шаардлагатай О.Батсайхан эмнэлэгт хэсэг хугацаанд хэвтэв. Энэ үед цагдаагийн газраас түүнд хэн гар хүрснийг тогтоосон нь “Төмөрболд”. Энэ нэрийг сонсоод О.Батсайхан “Худлаа” хэмээн эрсхэн дуугарч, бүр эгдүүцэн уурлах нь тэр. “Тэр таныг эхнэртэйгээ хардсан гэдгээ өөрөө хүлээж. Бас тэр үед ганцаараа байсан гэх юм” гэхэд хариу юу ч хэлсэнгүй. Ерөөс эцсийн мөч хүртлээ итгэхийг хүсээгүй байж ч магадгүй. “Дөрвүүлээ байхыг нь би харж амжсан юм шүү дээ” гэж бүүр хожим, нас барахынхаа өмнө нэг удаа л хэлсэн. 

Аньсагаа арчиж амжсан ч хацар цөмөрснөөс үүссэн хонхорхойд нулимс нь туначихсан байхад тэр унтаж байгаа дүр эсгэсэн.

Нэг сар, хоёр сар өнгөрөхөд түүний бие харьцангуй дээрдэв. Эмнэлгээс гарлаа. Тэнхрэхэд хугацаа хэрэгтэй байлаа. Гуурсаар хооллодог, турж эцсэн, цонхигор ядруу царайтай түүнийг эргээд тайзнаа гарна, бүжиглэнэ гэхэд бүр их хугацаа шаардагдах нь ил харагдана. Гэвч түүнийг театраас халах шийдвэр энэ хугацаанд гаргачихсан байлаа. Тэр мэдсэн ч мэдээгүй юм шиг, энэ тухай боддог ч бодоогүй мэт царайлна. Олоон жилийн өмнө түүнд хачин санал ирж байсныг нэхэн санав. “Чи миний мэдээлэгч болооч. Хэн, юу ярьсныг надад хэлж бай” гэж. “Би тэгж чадахгүй” гэж хариулахад нөгөөх “Тэгвэл чи театраас зайл” гэж бархиран хаалганы цаана хоцорсонсон... 

Амьдралын баяр баясгалангаа гээхийг хүссэнгүй. Бүх зүйлийг балетаар хэмжих боломжгүйг тэр одоо ойлгох гэж хичээж байгаа. Тэднийхээр гар хөл, нүүр амаа боосон, таягтай, таяггүй улс суучихсан кино үзэж байх. Тэр үед кассет тоглуулан кино гаргадаг приставка гэдэг зүйл Монголд дөнгөж орж ирчихсэн байсан бөгөөд тийм ч элбэг эд биш байлаа. Эмнэлэгт удаан хэвтэж уйдсан хүмүүсийн хувьд айлд зочлон амттай хоолоор дайлуулангаа Холливудын кино үзэх нь тун таашаалтай хэрэг байж таарна. О.Батсайхан эмнэлэгт танилцсан, орон гэрээс нь эргэлт ирдэггүй, үүрд өрөөл татуу болсон найзуудаа гэртээ авчран кино үзүүлж, гарынхаа хоолоор дайлах гэнэ. Ерөөс О.Батсайхан хүчтэй, нөлөөтэй, чадалтай хүмүүсээс илүү эгэл жирийн хүмүүст татагддаг, тийм хүмүүстэй л нөхөрлөх дуртай байлаа. Театрт гэхэд л жижүүр, өлгүүр, үйлчлэгч, мужаан, гэрэлтүүлэгч, оёдолчид гээд балетчдын тэр бүр дотносдоггүй хүмүүстэй О.Батсайхан аанай л ах, дүү болчихсон явах. 

Биеийн байдал нь нэг л биш байгааг ээж нь хүүгийнхээ царай төрхөөс андахгүй мэдэрнэ. “Тааруухан үр болж төрөхгүй яав даа. Тэгсэн бол хэн ч чамайг минь ингэж зовоохгүйсэн” хэмээн шимширнэ. 

Шинжилгээ өгтөл цусны шинжилгээгээр элэг нь маш муу гарав. Огт шарлаж байгаагүй, архи хэтрүүлэн хэрэглэх муу зуршилгүй, вирусын идэвхжил өмнө нь илрээгүй байтал ийм хурдан... Элэгний хатуурал гэх онош шинээр тавигдаж, дахин эмнэлэгт хэвтэв. Арванхоёрдугаар сард болсон явдлын үеэр элэг битүү гэмтсэн, сэтгэлзүйн хувьд дөрвөн сарын турш асар хүчтэй уналтад орсон хэдий ч түүнийгээ ил гаргалгүй дотроо шархалсан, хагалгааны дараах хүчтэй эм тариа удаан хугацаагаар хийлгэсэн нь нэг зовиурыг илааршуулсан ч элгэнд нь сөргөөр нөлөөлсний ул мөр. Дахиад л эмнэлгийн ор, эм тариа... Цаг хугацаа өнгөрч өгөхгүй. Дээш харан хэвтэж байхдаа “Аавын хүүгийн хөөрхөнийг дээ. Аав нь чамдаа бушуу харихсан” гэж бодно. Тэр эхнэр хүүхэд, ээж, эгч дүү нарынхаа сэтгэлийг ихэд зовоож байгаадаа гуних боловч өөрийг нь ийм байдалд хүргэсэн хэн нэгэнд энэ бүх хугацаанд өсөрхөн шатаж байсангүй. Харин нэг удаа тэр уйлснаа нуух гээд чадаагүй юм. Аньсагаа арчиж амжсан ч хацар цөмөрснөөс үүссэн хонхорхойд нулимс нь туначихсан байхад тэр унтаж байгаа дүр эсгэсэн. 

О.Батсайхан балетыг, балет түүний амьдралыг гэрэлтүүлж байв. 1970-1990 онд уран бүтээлээ туурвиж байсан бүжигчдийн ур чадвар өнөөг хүртэлх Монголын балетын урлагийн түүхэн дэх оргил хэмжүүрийг зааж өгсөн гэдэгтэй төдийгөөс өнөөдрийг хүртэл театрт тухалсан үнэнч үзэгчдийн хэн нь ч маргахгүй. Монголын балетын оргил энэ үест тэд 80-улаа байсан бөгөөд Зөвлөлтийн Ленинград хотноо дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн балетын дэг сургуулийг эзэмшсэн мэргэжлийн балетчид эх орныхоо тайзан дээр ид хаваа гайхуулж байв. Яг энэ алтан үед буюу 1973 онд О.Батсайхан Хөгжим бүжгийн дунд сургууль төгсөж, алдарт Ж.Жав багшаараа овоглосон 19 настай “монгол бүтээгдэхүүн” театрт ирлээ. “Монголдоо л сурсан гэхэд сонгодог арга барил, ур чадвараар биднээс огт дутахгүй юм гээч” гэсэн сонжсон, шинжсэн харцууд түүнийг угтав. Орос школтнуудын дэргэд О.Батсайхан зан төлвийн хувьд дэг жаягт хэт баригдаагүй өөртөө итгэлтэй байдал, бардам сэхүүн төрхөөрөө тэс өөр хүүхэд байлаа. Ерөнхий балетмейстэр Б.Жамъяндагва 180 см өндөр нуруу, хэдий балетчин бүрээс шаарддаг боловч тэдэн дундаа онцгой өв тэгш гуалиг бие бялдар, авьяастай болгонд заяадаггүй гоо сайхан зүс царайтай түүнийг хармагцаа “Энэ хүү балетын төлөө төржээ” гэж өөрийн эрхгүй бодсоноо хожим нуулгүй хэлсэн. 

Түүний нүдэнд, сэтгэлд О.Батсайхан үргэлж амьдарч буй нийгмийн тогтолцоог эсэргүүцэгч юм шиг, боолуудын тэмцлийг санаачлан удирдагч Спартактай тун адил үзэгдэх тул “Спартак”-ыг О.Батсайхан амьдруулаг гэж зориулав.

О.Батсайхан бүжиглэх чадвараараа даруй танигдахын зэрэгцээ бүтээж буй дүрдээ уусан тухайн балетыг бүхэлд нь амилаах дотоод ертөнцийн шавхагдашгүй баялагаараа театрт дурлагсдын, балетад шимтэгчдийн хүрээг зөвхөн түүнийг л гэж зорин ирэх шүтэн бишрэгчдээр нэмж чадсан. Тэр хослон бүжиглэгчийнхээ ур чадварыг тодотгон харуулахдаа гарамгай жүжигчин. 1972 онд А.Я.Вагановагийн нэрэмжит балетын сургуулийг онц дүнтэй төгсөж ирсэн Ю.Оюун олны дунд хүн биш хун гэдгээ хүлээн зөвшөөрүүлэхдээ, ардын жүжигчин цол хүртэх хүртлээ О.Батсайхантай хослон бүжиглэж байхдаа л хамгийн гоо жигүүртэн болон хувирдаг байв. Эрэгтэй балетчдын гол үзүүлэлт болдог хослон бүжиглэгчээ өргөх техникийг О.Батсайхан гойд эзэмшжээ. Мөн л Вагановагийн шилдэг төгсөгч, гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг Зөвлөлтөөс ирээд нэг их удалгүй мөн л О.Батсайханы партнёр болов. Х.Гэрэлчимэгийн хөдөлгөөн бүр төгс. Харин О.Батсайхан түүнд балетыг дан техникээр, хоосон хөдөлгөөнөөр илэрхийлдэггүйг насан туршид баримтлах зарчим болгон үлдээжээ. “Гэрэл ээ, хөгжмөө сонс. Уяс, уус. Одоо зүрхээрээ илэрхийлье”. 

О.Батсайхан “Хунт нуур”-ын ханхүү Зигфрид, “Шарилжин дундах цэцэг”-ийн Галт, “Жизель”-ийн Альбертын дүрээр утга уянгыг бүжгээр урлан бүтээхүйн ноён оргилд өөрийнхөө чансааг тогтоов. 1980 он гэхэд түүнээс өөр балетчин Галт шиг, Альберт шиг харагдахгүй, үзэгчид О.Батсайханаас өөр хүн эдгээр дүрийг бүтээлээ гэхэд хүлээж авахааргүй болтол бүжиглэж байлаа. Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, ардын жүжигчин Б.Жамъяндагва “Спартак”-ыг Монголын тайзнаа тавихаар зориглосон нь 1984 он юм. Түүний нүдэнд, сэтгэлд О.Батсайхан үргэлж амьдарч буй нийгмийн тогтолцоог эсэргүүцэгч юм шиг, боолуудын тэмцлийг санаачлан удирдагч Спартактай тун адил үзэгдэх тул “Спартак”-ыг О.Батсайхан амьдруулаг гэж зориулав. Энэ шийдэл эзнээ олжээ. Боолын зүдгүүрт тавилангийн тарчлаан, эрх чөлөөг хүсэмжлэх тэмүүлэл, баатар эрийн тэнгэрлэг зориг, хүч тэнцвэргүй тэмцлийн ялалт, хайр дурлалын гал дөл, уйтгар гунигийн гашуун нулимсыг илэрхийлэх дотоод сэтгэлийн эрчим нь балетчин О.Батсайханыг Спартакийн дүрээр супер од гэдгийг нь нотолсон билээ. “Найруулагчийн санаанд хүртэл жүжиглэх балетчин ховор. О.Батсайхан чадсан. Тэр зөвхөн бүжиглээгүй, тэр жүжиглэсэн юм” хэмээн Б.Жамъяндагва гуай ярьсан. “Спартак” тоглох үеэр ДБЭТ-ын тайз өмнөхөөсөө арай жижигхэн болчихсон мэт санагддаг гэж тэр үеийн үзэгчдээс гадна балетчид өгүүлдэг. Балетын, балетчдын гайхамшиг нь тайзыг биеэрээ биш, эрчмээрээ дүүргэдэгт оршдог ажээ.

Түүний бүжиглэж байгааг, түүний инээмсэглэж байгааг, тэр бүү хэл түүний үсээ намируулан гудамжаар хэрхэн эрхэмсэг алхадгийг, түүний юу өмссөнийг харах гэж Улаанбаатар хот догдлон хүлээдэг бүхэл бүтэн үеийг бүтээсэн балетчин залуу ийнхүү амьдарч байв. “Түүний алхаж явааг харахад сүрлэг буга л ийм үзэсгэлэнтэй байдаг даа гэж өөрийн эрхгүй санагддагсан” хэмээн тэднийхтэй нэг байранд амьдарч байсан бүсгүй хуучилна. 

Охид эмэгтэйчүүд түүнд ухаангүй дурлана. Монголын балетчдыг гадаадад тоглолтоор явахад балетчин бүсгүйчүүдийн нүд О.Батсайхан дээр л унадаг байж. Манай театрт урилгаар ажиллаж байсан Зөвлөлтийн мэргэжилтэн бүсгүй түүнд үнэн сэтгэлээсээ хайртай болж, Ленинград руугаа буцсан хойноо хүртэл араас нь ирэхийг, хамт амьдрахыг гуйсан захидал бичдэг байв. Улаанбаатарт зохиогдсон Польшийн соёлын өдрүүдийн концертод О.Батсайхантай хоршин бүжиглэсэн Варшавын театрын гоцлооч Ева Чеховка тоглолтын төгсгөлд халуун алга ташсан үзэгчдэд мэхийхээр тайз руу эргэхдээ өөрийг нь хоёр гар дээрээ өргөөд гарахыг хүсэж л дээ. Бүсгүйн саналаар тэврээд гарч. Харин энэ тухайд тэднийг хайр сэтгэлийн холбоотой болсон тухай цуу яриа Улаанбаатарт дэгдэж байлаа. 

О.Батсайхан 28 настайдаа өөрөөсөө долоон насаар дүү, уран сайхны гимнастикийн олон улсын мастер бүсгүйтэй гэрлэж, тэд жилийн дараа Б.Хансүндэр хүүгээ өлгийдсөн билээ. Тэр дэндүү халамжтай хань, сайн аав байв. Эхнэрээ нялх биетэй байхад нь хүүгийнхээ даавууг угаалгаж, гэр орноо цэвэрлүүлж, хоол унд хийлгэж нэг удаа ч үзээгүй. Бүхий л сиймхийд хүүтэйгээ хамт тоглож, томоо хүн аятай л гангар гунгар ярилцахыг хичээнэ. Залуу насандаа эр нөхрөөсөө хагацаж үлдсэн бүсгүй хожим гэрлэсэн ч анхны ханийнхаа ээжид бэрийн ёсоор хүндэтгэлтэй ханддаг хэвээр. 

О.Батсайхан БНМАУ-ын гавьяат жүжигчин аав, ардын боловсролын тэргүүний ажилтан багш ээжээс мэндэлсэн 10 хүүхдийн дунд хүү. Аав нь Монголын кино урлагийн түүхэнд тодоор бичигдэж, бүтээсэн дүрээрээ үзэгч олондоо мөнхөрсний гадна орчуулгын кинонд дуу оруулах шанг Монголд тавилцсан алдарт жүжигчин Улаанхүүгийн Осор билээ. Эцэг, эх нь хүүхдүүдээ үнэнч шударга, цэвэрч нямбай, ажилч хичээнгүй болгон хүмүүжүүлсний гадна урлаг, уран зохиолд шимтэн дурладаг сайхан заншлыг тогтоож өгсөн нь эдний гэр бүлээс балетчин,төгөлдөр хуурчид, жүжигчид төрөх суурь төлөвшил болсон аж. Ээж нь дунд сургуулийн үйлчлэх хөдөлмөрийн багш байсан тул төгөлдөр хуурч охиноосоо бусдад нь охин, хүү гэлтгүй эсгэх, оёх, бүр нэхэхэд сургажээ. О.Батсайхан цалингаа буухаар ёс мэт номын дэлгүүр орж тэвэр дүүрэн ном, сэтгүүл, пянз худалдаж авах бөгөөд орос хэлээр бичигдсэн уран зохиолын ном, сонгодог урлагийн мэдээлэл бүхий сэтгүүл, хувцас загварын болон загасчдад зориулсан гарын авлага, олон үндэстний гал тогоо, хоол, бялуу, амттаны жор ч цөөнгүй. Тэр бас Монголын нууц товчооноос эхлээд түүхээр “өвчилж” явав. Зөвлөлтийн үед Буриадын бүгд найрамдах улсын Зохиолчдын хорооны даргаар ажиллаж байсан Баяр Дугаров түүнтэй танилцаж ярилцсандаа олзуурхан “Балетчин хүн эх түүхийнхээ талаар ийм өргөн мэдлэгтэй байгаа нь ямар сайхан хэрэг вэ” хэмээн бахархан өгүүлж байжээ. 

Социалист системийн хязгаарлагдмал орчинд ч гэлээ тэр уран бүтээлч хүний хувьд оюун санаагаа хайрцгаас чөлөөлөх, хөгжүүлэхийн тулд өөрийн гэсэн эрх чөлөөт хэв маягтаа үнэнч амьдарч байв.

О.Батсайхан хамба хилэн материал худалдан авч өөртөө ажил хэрэгч загвартай хослол эсгэж оёчихоод нэгэн арга хэмжээний үеэр өмсөөд очтол БНМАУ-д сууж байсан гадаадын ЭСЯ-ны ажилтан ихэд сонирхож, “Та балетчин хүн болохоор хувцас сайхан зохих нь мэдээж. Гэхдээ таны хослол барууны загварын ордноос цөөн тоогоор гаргадаг чамин эд байх, тийм үү” хэмээн шивэгнэн асуусан гэдэг. О.Батсайхан ч инээгээд л өнгөрч. Улаанбаатарын залуус үндэсний хувцас гэдгийг хөдөөгийнхөн л өмсдөг хэмээн ойлгох дэгс үзлээр амьсгалж байх 80-ад онд О.Батсайхан өөрөө монгол цамц оёж, түүнийгээ жийнсэн өмдтэй өмсдөг нь тун донжтой хосолдог байв. Товч шилбийг нь уламжлалын дагуу хаддаг хэрнээ огт товчлохгүйгээр задгай тавьдаг байсан нь зөвхөн түүн шиг гоёмсог хүнд л зохих зоригтой шийдэл мэт өвөрмөц сэтгэгдэл төрүүлдгийг хотын гудамжинд олонтаа таарсан тэр үеийн залуус анддаггүй. О.Батсайхан бас нүүр гарын цагаан өнгөтэй алчуур олныг худалдан авч, түүгээрээ дээл хийж өмссөн удаатай. Зөрж өнгөрсөн хүн эргэж харахгүй байхын аргагүй тийм сүрлэг харагддаг байж. Дүрэмт хувцас мэт олноор нь үйлдвэрлэсэн эд зүйлд түүний сэтгэл огт татагдахгүй тул тэр өөрөө загварыг нь гарган өөрийнхөө гараар оёсон арьсан шуба, трапец өмд, нэхмэл цамцаараа гоёх дуртай. 

Социалист системийн хязгаарлагдмал орчинд ч гэлээ тэр уран бүтээлч хүний хувьд оюун санаагаа хайрцгаас чөлөөлөх, хөгжүүлэхийн тулд өөрийн гэсэн эрх чөлөөт хэв маягтаа үнэнч амьдарч байв. Ахмад настай, алдар нэр, гавьяа хүндтэй хүн атлаа дарангуйллаа олон жил амь бөх үргэлжлүүлэхийн тулд театрт бүрдүүлсэн мэдээлэгчдийн сүлжээндээ О.Батсайханыг татан оруулах гэхэд нь “Үгүй” гэснийхээ төлөө, хамт бүжиглэдэг охидод зүй бус санал тавьж, эрхшээлдээ оруулах үйлдэл гаргадагт нь эр хүний ёсоор бүсгүйчүүдээ өмөөрчихсөний төлөө, шударга бус хорон явдалтайд нь эсэргүүцэж, өөрийг нь үл тоомсорлох болсны төлөө БНМАУ-ын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгт ч нэрийг нь тодорхойлохоос цааргалсаар ирсэн хүн түүний толгойг мэддэг байв. О.Батсайханыг сэтгэлзүйн дарамтад оруулах гэж үг хэлээр гутаах явдал байсаар ирсэн ч хазгай гишгэхийг нь анаж байгаад театраас зайлуулах гэж хүлээж гэмээр тохиолдол 1982 онд “Щелкунчик” балет анх Монголд тавигдах үеэр ил болсон юм. Нэг орой НАХЯ-ны ажилтан залуу үг хэлээр зориуд өдөж байснаа үснээс нь зулгаахаар нь мань эр тэсэлгүй нэг өшиглөтөл хоёр хавиргыг нь хугалж орхив. Ингээд маргааш нь Ганцхудаг руу ачигдлаа. Харгалзагч нар “цагаан гартныг”  дэглэх дарамт 21 хоног үргэлжлэв. “Щелкунчик”-ын бэлтгэл хэр байгаатай танилцсан Ю.Цэдэнбалын гэргий Анастасия Ивановна Филатова “Батсайхан харагдсангүй?” гэхэд “Тэр танхайрч яваад хүн зодсон, энэ явдлаас болж Новосибирскт зар тавигдсан тоглолтоо ч цуцалсан. Тиймээс бид сахилга бат муутай энэ нөхрийг хөөх саналтай байгаа” гээд халгаасангүй. “Тэр одоо хаана байна” гэж Анастасия Ивановнаг асуухад л Ганцхудагт 21 хонож байгааг нь дуулгажээ. Театрынхны авгайлдгаар “авгай” тэр даруй түүнийг суллуулах, “Щелкунчик”-ийн гол дүрд заавал тоглох ёстойг даалгаснаар О.Батсайхан маргааш нь бэлтгэлдээ халзан толгойтой буцаж ирэв. Ийнхүү түүнд нэг хоногийн дотор яг өөрийнх нь үс шиг парик оёж өгч байсан түүхтэй. Балетчины хувьд үүнээс өөрөөр “авгайн” тусыг хүртэж байгаагүй ч Монголд сонгодог урлагийг хөгжүүлэхийн төлөө чин сэтгэлээр бүхий л бололцоог ашиглан зүтгэж байсныг нь тэр мэдэх билээ. Хожим Ю.Цэдэнбал БНМАУ-ын нам, төрийн удирдлагаас бууж, биеийг нь Москвад эмчлэх нэрийдлээр гэрийн хорионд оруулаад байх үед тэнд Монголын соёлын өдрүүд зохиогдож, О.Батсайхан балетчдын бүрэлдэхүүнд багтан очжээ. Тоглолт болсон театрын үүдэнд Анастасия Ивановнатай тааралдаж, мэндийг нь хүндлэн эрээд өнгөрөв. Үдэш зочид буудалдаа ирээд “Би өнөөдөр Анастасиятай тааралдсан!” хэмээн хөөрөн өгүүлэхэд “авгайд” нэр олохын төлөө хэзээ ч долигонон саймширч яваагүй юм шиг “Тэрэнтэй тааралдлаа гэж юундаа баярладаг юм” хэмээн нөгөөх эрхэм дургүйцэх нь тэр. Түүний өөдгүй эр гэдгийг мэдэх хэдий ч Монголын балетын урлагийн төлөө сэтгэл тавин зүтгэж явсан орос эмэгтэйн ард ийн ёозгүй авирлахыг харах жигшүүртэй байв. 

О.Батсайхан хавчлага, дарамтаас ангид, өөрийн мөн чанар, бүтээл туурвилдаа л үнэнч үлдэхийг хичээнэ. Гэвч бүхий л сод авьяастнуудад байгалиас заяадаг эмзэг тунгалаг чанар хийгээд эцэг эхээс авсан хүмүүжил нь шударга бус явдлыг юу ч болоогүй мэтээр тайван амгалан хүлцэн өнгөрүүлэхэд тээг болсоор... “Соёлын тэргүүний ажилтан цолгүй” гэх шалтгаанаар театрын сор болсон түүнийг гадаадад зохиогдох уралдаануудад ч явуулахаа болив. О.Батсайхан хамгийн сүүлд театрынхаа 1989 оныг угтсан шинэ жилийн баярт очихдоо хүртэл тэр тэмдгийг горьдож байсан юм. Гэтэл тэр хэн билээ? 1974 оноос гоцлол бүжигчнээр ажиллаж, Дуурь, бүжгийн театрын тайзнаа тавигдсан бүхий л балетын гол дүрийг ялгуун сайхнаар бүтээсэн, ардын жүжигчний түвшинд аль эрт хүрчихсэн, өөрийнх нь нэр дээр олон улсын наадмын урилга ирдэг болчихсон хүн шүү дээ. 

Халдвартын эмнэлэгт хэвтэж байхад нь түүний шүтэн бишрэгчид аль цонхны цаана байгааг нь мэдчихсэн, сахиураас биеийн байдлыг асууж, түргэн эдгэхийг ерөөж, маш их хүндэлж хайрлаж явдгаа өөрт нь дуулгахыг хүсэж буйгаа л мэдэгдэхээр ирсэн нь цөөнгүй ээ. Нэг удаа балетчид эргэж ирэхээр болсныг түүнд дуулгахад О.Батсайханы сэтгэл хөөрөн догдловч эрүүл мэндийн хувьд хэтэрхий ядруу болчихоод байгаадаа тэднээсээ зовох мэдрэмж бас төрнө. Цонхон тушаа хамт олон нь ирэхэд эгч нь дүүгийнхээ үс, зүсийг ялимгүй янзалж амжлаа. Хүүхэд шиг инээгээд л, байдаг тэнхээгээ шавхан гараараа даллаад л... Харин тэднийг явсны дараа хоёр нүд нь маш муу хардаг болсныг ойлгосон юм. Огт ирээгүй хоёр, гурван хүнийг ирсэн мэтээр ярихад нь л... О.Батсайхан багадаа найзуудтайгаа чавхаар тоглож байгаад нүдээ харвуулж цөцгий нь хатаж эдгэснээс нэг нүд нь харааны бэрхшээлтэй болсон юм. Энэ талаар гэрийнхэн, дотны найзууд, цөөн хэдэн балетчинаас бусад хүн огт гадарладаггүй, тэр энэ тухай ихэд нуудаг байлаа. Хамтрагч нь түүний гар дээр сэтгэл хангалуун бүжихийг л тэр хүссэн. 

Амь нас хохирсон тухайд үл тоосон шүүх хурлын үйл явц олон хүнийг тэр хачирхалтай уур амьсгалыг орхин гарахад хүргэсэн билээ.

Амьсгал хурааснаас нь гурван сарын дараа ДБЭТ-ын танхимд шүүх хурал болов. Зар албан ёсоор түгээгүй ч дахиад л театрын суудал пиг дүүрэн байлаа. Тэгэхэд ээж О.Ариунгэрэл “Миний хүү ард түмний хүү байжээ” гэж хэлсэн юм. Уг шүүх хурлыг радиогоор шууд дамжуулсан билээ. 

Төмөрболд уг хэргийг эхнэрээ түүнтэй хардсаны улмаас ганцаараа үйлдсэн гэж шүүхээс үзээд түүнд хоёр жил шоронд хоригдох ял оноов. Амь нас хохирсон тухайд үл тоосон шүүх хурлын үйл явц олон хүнийг тэр хачирхалтай уур амьсгалыг орхин гарахад хүргэсэн билээ. 

О.Батсайхан бурханаас заяасан гал цогт авьяас билэг, гоо сайхан төрх байдал, жинхэнэ эр хүний ёс жудаг, шударга үг, алдаа оноотой ч шулуухан мөн чанараараа дахин давтагдашгүй тунгалаг эрчимт долгионыг бий болгосон мэт. Бодит цадиг түүх нь амнаас ам дамжин яригдаж, зүрхнээс зүрхэнд хайр, харуусал төрүүлсэн гэрэлт домог болон үлдсэн юм. Тэр холдох тусмаа гэрэлтэх од.

Түүнийг хөдөөлүүлэх ёслолын төгсгөлд талийгаачийн буяны ажилд оролцсон хүмүүст хоёр гар нь гинжээр хүлээтэй Спартакийн дүр бүхий зургийг зэд болгон зэхсэн байв. 

Хамгийн их уншилттай
1
2024.02.23
Шибатаяма ояката: Хакүхог дэвжээ удирдах чадваргүй гэж үзсэн
2
2024.02.25
Бүсгүйчүүдэд үзэн ядагддаг 9 төрлийн залуу
3
Уржигдар
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
холбоотой мэдээ
1
2024.03.12
Будапештын тэмдэглэл
2
2024.02.19
Хөрөг | Наддаа чи минь нар байлаа
3
2024.02.02
Б.Тэмүүлэн: Харилцагч юу хүсэж байна вэ гэдгийг хамгийн түрүүнд бодох нь бидний гол зор...
санал болгох
1
1 цагийн өмнө
Орд болгоны хэзээ ч тэвчиж үл чадах сэтгэл өвтгөм үйлдлүүд
2
3 цагийн өмнө
Нохойтой харьцах нь хүнийг тайвшруулж, төвлөрөхөд тусалдаг болохыг тогтоожээ
3
3 цагийн өмнө
Playlist: Оройн цагаар сонсоход тэс ондоо мэдрэмж төрүүлэх 12 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
0
33
0
72
1
0
1

Сэтгэгдэл бичих (34)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2023.02.09 66.181.161.197

Жамъяндагва ямар шар сэмжилсэн шаар вэ балетын охидыг чангаадаг. Алуурчин Т гэгч

0 Хариулах


Bata 2021.02.17 172.69.45.135

Фантастик н Тамир н авга ах гэсэн үг юм байна шд

0 Хариулах


Буяа 2021.01.03 172.69.45.135

Энэ нийтлэлийг маш сайн бичсэн бна.Аргагүй сайхан залуу байжээ ямар залуугаараа өнгөрөө вэ.Хүнийг үхэлд хүргэсэн бүлгээрээ нийлж зодож бэртээсэн хүнд 2хон жилийн ял өгдөг арай дэндэнэ.

0 Хариулах


Зочин 2020.03.26 172.69.252.137

Урлагийн салбарт түүх домог энэ хүний богинохон ч галтай амьдралыг нүдэнд харагдтал бичжээ. Ямар харамсалтай юм бэ? Байгалиас заяасан авьяаслаг хүнээ яагаад хяхан хавчиж байсан юм бэ? Одоо ямар ч үнэгүй болсон тэр цол тэмдгийг юунд нь харамласан юм бэ? Хайран сайхан хүнийг амьдад нь хайрлаж чадаагүйд одоо ч харамсан, гуниглаж байна. Атаа жөтөө гэж яасан муухай зүйл байдаг юм бэ дээ.

0 Хариулах


Зочин 2020.03.23 172.69.45.135

Амьдралын үнэ цэнэ, гавъяа шагналын өрөвдөм хоосныг үзүүлж амиараа нотлоод буцсан БУРХАНЫ элч гэмээр хүн байжээ. Тэрний үхэл, шагнал үнэлэмжгүй амьдрал уран бүтээл нь одоогийн алдартнуудад ял шийтгэл болж ЖИНХЭНЭ ОД бол ямар байдгийг нотлон харуулсан ДОМОГ байлаа.

0 Хариулах


Зочин 2019.11.11 66.181.161.122

Үнэхээр сэтгэлд бууж,нүдэнд харагдтал бичжээ. Ийм сайхан хүнийг хавчиж шахаж ,эцэст нь алж байдаг өөдгүй хүмүүсийг бурхан эрт орой хэзээ нэгэн цагт цээрлүүлэх л болно, Энэ хүнийг нэхэн шагнаж болно биз дээ. тэр Төмөрболд ,тэр хүүхэн 2 хаана байгаа бол өөдгүй муусайн гөлөгүүд Угаасаа урлагынхан гэдэг чинь бөөн атаа чөтөө хачин хүмүүс байдаг гэж ярих юм билээ.

0 Хариулах


Unshigch 2019.10.10 202.9.45.240

Baga baihad baletchin Batsaihan geed shuugidag baisaniig sanaj bna mun balet garahaar Batsaihan bujiglej baidag baisan uneheer tsarailag goyo hun baisan da, genet nas baraad tuhain ued yu bolsoniig hun bur gaihaad yaridag baisan harin odoo l medej avch bna da. hairan saihan zaluu uneheer gunigtai yum.

0 Хариулах


Уншигч 2019.10.03 203.91.115.49

Гайхалтай. Үнэхээр кино үзэж байгаа юм шиг нүдэнд харагдтал дүрсэлжээ. Үргэлжлэл байгаасай гэж их хүслээ

0 Хариулах


Сэтгүүлч 2019.09.26 202.55.188.87

Үгээр урлаж, амьдруулж бичжээ. Үнэхээр сайхан бичсэн хөрөг байна. Сэтгүүлчид амжилт хүсье

0 Хариулах


Зочин 2019.08.28 202.55.188.91

Рэнцэндоржийн Өнөрцэцэг гэдэг хүүхэн, нөхөртэйгөө л хуйвалдаж хийсэн байх хэмээн хүмүүс ярихыг олонтоо сонсож байсан. Атаа хорсол ийм л муухай.Хайран сайхан залуу гэж харамсаж явдаг одоо ч гэсэн. Ёстой л үзэгдэл байж дээ

0 Хариулах


Зочин 2020.03.23 172.69.252.149

Мэргэжилтэий 20-ын тэнд гэр нь бсан Өнөрцэцэг үү

0 Хариулах


Зочин 2020.01.20 64.119.26.105

Р.Өнөрцэцэг, С.Төмөрболд гэдэг нүгэлтнүүд аж. Одоо лав сайн явдаггүй нь мэдээж байх. Харин тэр "Эрхэм" гээд байгаа хавчин гадуурхахч, хов зөөлгөгч нь хэн юм болоо л гэж гайхаж байна.

0 Хариулах


зочин 2019.08.28 64.119.21.41

Сайхан бичсэн бна, хартай хүн бол хүн биш араатан адгуус л гэсэн үг

0 Хариулах


харамсалтай 2019.08.27 202.70.46.20

Гавьят жүжигчин О.Бат-Өлзий (Нандин-Эрдэнэ, Гарын 5 хурууд тоглодог)-гийн төрсөн ах. Гавьят авахдаа нулимас цийлэлзүүлэн,миний ах энэ шагналыг авах ёстой хүн байсан юм гээд ярьу байсан санагдаж байна http://unuudur.mn/обат-өлзий-үзэгч-жүжигчин-хоёрын-амьд-харилцаанаас-үүссэн-торгон-мэдрэмж-л-хамгийн-том-шагнал-юм/

0 Хариулах


А.АРИУНАА 2019.08.23 182.160.37.90

О.БАТСАЙХАН НЬ ЁСТОЙ Л ГЭРЭЛТЭЭД ОДСОН ЖИНХЭНЭ ОД БАЙСАН.МИНИЙ АХ ДАВААДОРЖ МАШ ИХ ШҮТДЭГ БАЙСАН ТЭР ХОЁР 2 ОВЧАРКАА НИЙЛҮҮЛЖ ГӨЛӨГ ГАРГАДАГ БАЙСАН,ЛОРДЫН ЭЗЭНД 3-Г НЬ ӨГНӨ ГЭЭД Л БАРИАД ЯВАЖ БАЙСАН. МИНИЙ АХ БАС ГОЁ ОЁДОГ ,ТЭГЭЭД Л ТАНСАР ХИЛЭН БАТСАЙХАНТАЙ ХУВААЖ АВЛАА НТР ГЭЖ ИХ ЯРЬДАГ БАЙЖ БИЛЭЭ....АХ МИНЬ ТЭНГЭРТ БАТСАЙХАНТАЙГАА УУЛЗСАН БАЙХАА. АГУУ БАЛЕТЧИН ,ГОО ҮЗЭСГЭЛЭНТЭЙ САЙХАН ЗАЛУУ БАЙСАН.....МАНАЙ ХҮМҮҮСИЙН МУУХАЙ АТААРХУУ ЗАН АГУУ БАЛЕТЧИНГ МИНЬ ҮГҮЙ ХИЙСЭН ДЭЭ.....

0 Хариулах


Зочин 2019.08.23 66.181.171.34

Банзалтаж яваад үхсэн юм биш үү

51 Хариулах


Зочин 2023.01.08 103.10.21.230

Өөрөө банзал болохоороо хүнийг адил бодож байна аа чи

0 Хариулах


Зочин 2022.04.17 64.119.29.29

Өөрөө оюун ухааны хэт доройтолттой юу ? Юмыг ойлгож уншчихаад дараа нь элдвээр хэлвэл зохих байх.Хөлдүү тархиндаа сайн ойлгогдтол дахиад унш!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

0 Хариулах


Зочин 2020.01.20 64.119.26.105

Юм ойлгодоггүй тэнэг хөлдүү чамайг бүүүүр үзэн ядаж байна. Яммммммммммммар тэнэг гахай вэ, ичээч. Юм ойлгож ухаан чамд алгаа

0 Хариулах


Зочин 2019.10.04 202.131.243.186

ЭРГҮҮ ДАГЗ. САЙХАН ТАЛЫГ НЬ ХАРЖ ЧАДАХГҮЙ БОЛ ДУУГАЙ Л БАЙ...

0 Хариулах


Зочин 2019.08.31 103.57.95.146

үгүй гэсээн би ч бас сонссон атаа хорсол тэр хүүхэн хуйвалдсан бсан гэсэн

0 Хариулах


Зочин 2019.08.25 122.201.31.254

Чи энэ хүний хөлийн чигчий хуруунд ч хүрэхгүй ээ

0 Хариулах


Зочин 2019.08.23 66.181.184.247

Чи лав тэр муу Темерболд нь байхаа эсвэл негеех нь юмуу хэн ч чамайг сонсохгуй муу дуракаа! Муу алуурчин!

1 Хариулах


Зочин 2019.08.23 1.221.43.106

Үнэхээр гайхалтай балетчин байсан гэдэг юм билээ. Ээж аав 2 маань байнга очиж үздэг, гудамжинд явахад нь хүн бүр эргэж хардаг тийм л сайхан хүн байсан гэдэг. Заяагдсан агуу авъяастай ховор залуу байж дээ. Тэр хорлосон залуу бас тэр ангалзуур эхнэр одоо хаана юу хийж амьдран суудаг бол???????!!!!!!!!

0 Хариулах


Г.Тунгалаг 2019.08.22 103.229.120.68

Баярлалаа!

0 Хариулах


balletchin 2019.08.22 61.118.89.234

yaagaad Tumbuush ternideshlegt yawaaguin bol ??? yaagaad zasgiin gazriin saadruu orsiin bol geed zunduu yum bna! mundag balletchin bsan bh zugeer zoduulna gj bhgui bhaa !!!

0 Хариулах


Зочин 2020.01.20 64.119.26.105

Түмбүүш гээд энхрийлчихжээ тэр алуурчинг. Би л лав тийм нэртэй алдартай балетчинг мэдэхгүй юм байна. Сод авьяастан байгаад өөрт нь саад болоогүй нь тодорхой байна тэр хов зөөж бай гэсэн "эрхэм"дээ л пялдагадсан адгийн шаар байж тэр Төмөрболд чинь. Үхнээ тэр өөрөө бас. Жам шд, үхэхийн хооронд.....

0 Хариулах


Зочин 2019.08.22 202.21.124.20

Мэргэжил нэгтнээрээ бахархаж байна. Ёстой чиг бичжээ, бичиж. Тэр энэ нийтлэлийг бичихдээ уйлсан гэдгийг би мэднэ. Баяр хүргэе. гайхалтай хүний түүхийн чин зүрхээр үг болон сэтгэлийн ураар сийлжээ.

0 Хариулах


Зочин 2019.08.22 66.181.166.134

Төмөрболдын эхнэр гээч тэр хүүхэн одоо байдаг болов уу? Энэ хүнийг олны өмнө жигшээх хэрэгтэй

1 Хариулах


Зочин 2019.09.27 166.137.10.126

Сайхан бичсэн нийтлэлийн доор ч арчаагүй манайхны коммэнт явж л бн.. Яахаараа хүн зодоод алцан Төмөрболд нь биш, эхнэрийг нь жигших хэрэгтэй гэж?!! Бараг л энэ коммэнтийг эмэнтэй хүн л бичсэн бгаа бхдаа чааваас..

0 Хариулах


Зочин 2020.01.20 64.119.26.105

Хорон санаатай эхнэр нь оролцохгүй байж болно шд,, тэгэхээр сайн хүн байж таарахууууу, аль алийг нь л жигшээх хэрэгтэй:.Тэртэй тэргүй өөрсдийг нь хувь заяа нь, түмэн олон нь жигшээчихсэээээн

0


Зочин 2019.08.22 202.21.96.74

Ийм хүн байсан тухай анх удаа л уншиж байна, харамсалтай юм аа...их гоё бичжээ.

0 Хариулах


Зочин 2019.08.22 202.21.113.82

Хартай нөхөртэй эмс гэмгүй залуугаас хол явцгаа эрчүүд ч гэсэн амь амиа бодож яв сургамжтай юм.

2 Хариулах


Зочин 2019.08.22 103.26.195.59

Жамъяндагва гэдэг хүнийг Анастасия Филатовад долигнодог байсан гэж сонсож байсан.Бараг л бөгс долоогч байсан гэсэн байсан.

1 Хариулах


Зочин 2019.08.22 202.170.80.25

Сэтгүүлч ямар гоё бичээ вэ харамсалтай ч уншихад таатай байлаа

0 Хариулах


ni 2019.08.22 59.153.114.100

yamar muuhai er em 2 bsn um b.huivaldaj cug yavj zoduulj berteegeed ooroo bujigleh hort sanaatai bjee tr aluurchin.mdeelel og gdg n hen bsiin boloo

1 Хариулах


зочин 2019.08.22 202.179.26.73

үнэхээр агуу авьяастан, шударга, даруу тусч нэг л өвөрмөц сайхан хүн байсан гэсэн, би мэдэх хүнээс нь сонсож байлаа. Харин нэг удаа гудамжинд явж байхыг нь хараад арай л ухаан алдаж унаагүй шүү, дэндүү сайхан залуу, дүүхэлзээд л үс зүс, явдал алхалт гээд хэлэх юм биш, гудамны бүх хүн эрчүүд хүртэл эргэж хараад л. Би тийм сайхан залууг өнөөг хүртэл дахиж олж хараагүй шүү, одоо ч нүдэнд харагдаж байна, тэхдээ дурласан биш зүгээр л сайхныг биширсэн. дараа нь бүр зорьж балетыг нь үзсэн, хэдэн удаа. Балетын тухай яриа хөөрөө болоход тэр хүн л санагддаг, үнэндээ нүүр царай нь болж байсан байх. Тэр муу санаат эрхэм гэгч 100 эрхэм нэвтрүүлэгт ороод л өөрийгөө шударгын туйл авгайд хавчигдсан, хүүхэн эргүүлдэггүй би архи уудаг л байсан гэж хуцаад байсан муу новш, үйлээ эдлэх байлгүй төгцөг

3 Хариулах


Зочин 2019.11.14 77.119.131.15

Hen um ve ter hun ner n

0 Хариулах


Зочин 2019.11.14 77.119.131.15

Hen um ve ter hun ner n

0 Хариулах


Зочин 2019.08.22 59.153.114.126

Тэр хүн хэн бэ

0 Хариулах


Зочин 2019.08.31 103.57.95.146

жамъяандавга аа.гэхдээ одоо байгаа юу зайлуул

0


Зочин 2019.08.22 202.9.43.152

Жамьяндагва

0


Зочин 2019.08.22 103.26.195.59

Тэр муу санаатан нь хэн бэ.Нэр нь үл дурдагдах нэг хүн хэн бэ.

0 Хариулах


Соёл 2019.08.22 202.126.88.40

Сэтгэл шимшрэм

0 Хариулах


aa 2019.08.22 24.14.243.178

Hachin goyo saihan zaluu baisan daa. Em n baitugai er hun ataarhmaar uneheer saihan hun baisan. Tuuniig harah geed talbai deer ohiduud huleegeed zogsdog bailaa. Ter erhem gedeg n Jamiyandavga guai mun sh dee. Humuus medne. Spartakiig Batsaihand zoriulaad gechihchee bas ter ued zaaval tavih estoi bolood uur bujigleh tohiroh hun baihgui gantshan Batsaihan l baisan um. Um ma ni bad mi hum.

1 Хариулах


Зочин 2019.08.22 151.228.159.218

Хайран сайхан хүн. Амьдаднь зөндөө л тааралдаж, мэнд устай явдаг байж билээ. Ер нь энэ гайтай хүүхнүүдэд бас учи их бий. Өөрийн нөхөртэй байж, үнээр хүргүүлэх хоорондоо ийм балай санал тавьдаг. Нөхөр нь байнга хардаж байдаг болохороо, тэр үэшлэгийн үед араас нь хараад байж дээ. Эсвэл нөгөө театрын удирдлага нь , өөрийн үгээр, энэ залууг мэдээлэгчээр тавьчихаад, эргээд, эхнэр, энэ 2-ыг гараад явахаар нь, тэр хар хүнд нь хэлээд дагуучихсан юм болов уу? . Жамьяадавгы их муу хүн гэж яриа дээр үеээсээ байсаар байдаг байсан. Тэгээд, яаж, харин гол роль, өгөөд байсан ём болоо?

0 Хариулах


Зочин 2019.08.22 66.181.177.236

Тухайн үед үлгэр домог шиг л янз бүрийн юм яригдаж билээ. Ийм учиртай байжээ. Гэхдээ л тэр хүүхнээс болсон гэхээр хайран юм. Харын өвчтэй нөхөр сор болсон хүний нүүр амыг өөрөөсөө муухай болгох гэж яасан их хүсээв, тэр амьтан одоо бдаг болов уу? Харах юмсан. Хүүхнүүд ч гэсэн хартай нөхөртэй бол бусдаас хол явж бай, тэр нөхөртэй нь хамт зодсон 3 нөхөр хэлчих боловуу? гээд олон жил хавчигнаж явсан бхдаа муу амьсгаанууд. Дуурийн эрхэм хөөрхий дөө өрөвдмөөр ч амьтан болдоо. Шударга бусын хонгилууд одоо ч гэсэн амь бөхтэй байгааг хэлэх юун. Жүжигчин дүү нь ахынхаа араас сайн явж тэр 3 нөхрийг олохгүй дэ. Өдий хүртэл чимээгүй явсан гэхээр ....

0 Хариулах


Зочин 2019.08.22 82.173.196.207

Hovorhon saihan hun baijdee.

0 Хариулах


Tuya 2019.08.21 103.57.95.17

Hairan sauhan zaluu.Haramsaltai ami nasaa aldjee.

0 Хариулах


Зочин 2019.08.21 122.201.22.235

Гайхалтай сайхан бичжээ.Сэтгүүлч Б.Энхцэцэгт баярлалаа.Тэр үнэхээрийн балетийн од байсан шүү

0 Хариулах


Зочин 2019.08.21 64.119.20.139

Тэр нэг эрхэм чинь Жамъяндагва мөн. Тэр үеийн балет сонирхогчид бүгд мэддэг байсан даа.

0 Хариулах


Зочин 2019.08.21 66.181.188.182

Жамъяандагва багш нь түүнд зориулж Спартак тавьсан гэж байна шдээ.

3 Хариулах


Зочин 2019.08.24 202.126.89.173

Jav bagshiin shavi bsan gene

0


Unshigch 2019.08.21 43.228.129.86

Ter neg erhem gedeg ni hen yum be?

0 Хариулах


Зочин 2019.08.21 64.119.19.74

Жамъяндагва гуай л биз

0 Хариулах


Зочин 2019.08.22 122.201.21.244

Jamiyandavga mun. Ter Tumurbold ni odoo baidiin boluu muuhai hun be

0


Зочин 2019.08.21 202.9.42.231

бишээ

1