Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Хуан Пабло Бохославски: Монголын Засгийн газар инноваци, технологийн салбарт хөрөнгө оруулж, бодитой алхам хийх хэрэгтэй


НҮБ-ын Хүний Эрхийн Комиссоос Гадаад өр, хүний эрхийн асуудал хариуцсан хараат бус шинжээч Хуан Пабло Бохославски өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Тэрбээр энэ сарын 2-ноос 10 хоногийн хугацаатайгаар манай улсад ажилласан юм. Хуан Пабло Бохославски судалгаагаа Монгол Улсын гадаад өр, эдийн засгийн бодлого, дэд бүтэц, уул уурхайн төслүүдэд олгосон зээл болон гадаадын шууд хөрөнгө оруулалт дээр түшиглэн хүний эрхийн үүднээс авч үзжээ.

Тэрбээр “Монголын эдийн засаг уул уурхайгаас хамааралтай хэвээрээ байгаа ч байгаль орчноо хамгаалахад гаргах хөрөнгө хумигдсан байна. Тиймээс уул уурхайн тусгай зөшөөрөл олгохдоо байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн үнэлгээг хийх шаардлагатай байна. Энд дахин хуваарилалтын зохистой бодлого үгүйлэгдэж байна. Монголын өнөөгийн эдийн засгийн загвар нь ашигт малтмалын олборлолт дээр суурилсан бөгөөд ашигт малтмалын ашиглалт, удирдлага зохицуулалт, олсон орлогын хуваарилалт нь хүний эрхийн хэрэгжилтийг баталгаажуулахад тус дэм болох ёстой. Уул уурхайн үйл ажиллагаа нь хүний эрүүл амьдрах, орон байр, цэвэр ус, эрүүл ахуй, ариун цэврийн байгууламжаар хангагдах хүний эрхийг хэрэгжүүлэхэд сөргөөр нөлөөлж байна. Уул уурхайн компанийн гэрээлсэн хувийн зөвлөх компани ийм нөлөөллийн үнэлгээ хийдэг. Энэ тогтолцооны ашиг сонирхлын зөрчлийг шийдвэрлэх шаардлагатай. Мөн уул уурхайн салбартай холбоотой байгаль орчны асуудлыг авч хэлэлцдэг олон талын оролцоо бүхий платформ бий болгохыг Монгол Улсын Засгийн газарт зөвлөмж болгож байна.  

Монголд хүн амын орлогын татвар жигд 10 хувь байгааг учир дутагдалтай тогтолцоо гэж үзэж байна. Дахин хуваарилалтыг зохистой болгох, орлогын хэмжээтэй уялдан өсөн нэмэгдэх татварын дэглэм тогтоох замаар дотоодын нөөцийг бүрэн дүүрэн дайчлах явдал маш чухал” гэсэн юм.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт гадаад өр ДНБ-ний 220 хувьтай, Засгийн газрын гадаад өр ДНБ-ний 58.9 хувьтай тэнцэж байна. Мөн хувийн салбарын өр дотоодын нийт өрийн тал хувийг эзэлж байгаа бол бусад 50 хувь нь ихэвчлэн уул уурхайн корпорациудын гадаад өр эзэлж байна.

Мөн тэрбээр ашигт малтмалын дэлхийн зах зээлийн үнийн өөрчлөлт эдийн засагт, улмаар хүний эрхэнд нөлөөлж болно гэдгийг онцолсон. Монгол Улсын 2015-2016 оны эдийн засгийн уналт түүхий эдийн үнэ огцом унаснаас үүдэлтэй байсан бөгөөд энэ нь ядуурал, тэгш бус байдал өсөн нэмэгдэхэд нөлөөлжээ. Өнөөдрийн байдлаар Монголын нийт хүн амын гуравны нэг нь ядуу амьдарч байгааг дурдав.

Хуан Пабло Бохославски үргэлжлүүлэн “Монголын эдийн засгийг төрөлжүүлэх асуудал хоцрогдож байна. Монгол Улсын Засгийн газар энэ чиглэлд илүү бодитой алхам хийж, шинжилгээ судалгаа, инноваци, технологийн салбарт хөрөнгө оруулалт хийх нь зүйтэй. 

Монголын төрийн гадаад өр ДНБ-ий 58.9%-тай тэнцэж буй нь түгшүүртэй асуудал биш. Гэсэн хэдий ч санхүүгийн эрх бүхий байгууллагууд өрийн тогтвортой байдлын судалгаандаа хүний эрхийн хэмжигдэхүүнийг авч үзэх хэрэгтэй” гэлээ.

Хараат бус шинжээч Хуан Пабло Бохославски Монгол Улсад хийсэн ажлын айлчлалынхаа урьдчилсан тайланг хэвлэлийнхэнд өнөөдөр танилцуулсан бөгөөд ирэх арваннэгдүгээр сард эцсийн байдлаар дүгнэн гаргаж, Монгол Улсын Засгийн газарт тайлагнах аж. Мөн айлчлалынхаа тухай иж бүрэн тайланг Хүний эрхийн комисст 2020 оны гуравдугаар сард хүлээлгэн өгнө гэдгээ мэдэгдсэн юм.

НҮБ-ын Хүний Эрхийн Комиссоос Гадаад өр, хүний эрхийн асуудал хариуцсан хараат бус шинжээ Хуан Пабло Бохославски Монгол Улсын төрийн байгууллагууд түүний гаргасан зөвлөмжид нээлттэй хандаж буйд талархснаа илэрхийлэв. Эдийн засаг нь уул уурхайн салбараас хамааралтай байдаг улс орнууд хүртээмжтэй, тогтвортой, нээлттэй, тэгш нийгмийг бий болгохын тулд татвар, байгаль орчин, төсвийн бодлогоо оновчтой гаргах ёстойг онцолж хэллээ.

Сонирхуулахад, Хараат бус шинжээчид нь Хүний Эрхийн Комиссын Тусгай горим журмын нэг хэсэг юм. Тусгай горим журам гэдэг нь Комиссын зүгээс тухайлсан улс орны нөхцөл байдал, эсвэл дэлхий нийтийг хамарсан сэдэвчилсэн асуудлаар хараат бус байдлаар мэдээлэл цуглуулах, хяналт шинжилгээ хийх үүрэг хүлээсэн НҮБ-ын Хүний эрхийн комиссын хараат бус шинжээчдийн томоохон байгууллага юм. Тусгай горим журамд хамрагддаг шинжээчид нь сайн дурын үндсэн дээр ажилладаг бөгөөд НҮБ-ын ажилтан бус, мөн хийсэн ажлынхаа төлөө цалин хөлс авдаггүй. Тэд аливаа Засгийн газар, байгууллагаас хараат бусаар хувь хүнийхээ хувьд үйлчилгээ үзүүлдэг байна.
 

холбоотой мэдээ
1
2019.09.05
Гэр хорооллыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх "Миний гэр-Миний хот" хөтөлбөр үргэлжилж байна
2
2019.08.22
Фельетон: Ардын намын 13 000 диплом бол дөнгөж эхлэл
3
2019.08.22
Дэлхий рүү харсан цонх
санал болгох
1
Уржигдар
Сонсголонгийн хос гүүрийг ашиглалтад оруулж, замын хөдөлгөөнийг нээлээ
2
Уржигдар
Өнө мөнхөд бэлэн үү?
3
Уржигдар
Монголд зүйр цэцэн үг ашигласан "meme" трэнд болж буйг илтгэх 22 зураг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0