Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Хөгжил зөвхөн мөнгөөр бий болохгүй, залуу үеийн мэдлэг, оролцооноос хамааралтай


Жил бүр залуусын хүсэн хүлээдэг “Playtime” хөгжмийн наадам долоодугаар сарын 5-7-нд боллоо. Өдгөө 18 дахь жилдээ зохион байгуулагдсан наадам жилээс жилд өргөжсөөр энэ жил “La Vie En Rose” асарт залуус хөгжмөөс гадна үзэл бодлоо хуваалцаж, хот, улсынхаа хөгжлийн төсөөллөө ярилцах Подкасчдын уулзалт, “Нээлттэй нийгэм хүрээлэн”-гийн “Монголын хөгжлийн зураглал”, “Зориг сан”-гийн “Ногоон амьдралын хэв маяг” гэхчлэн олон сонирхолтой арга хэмжээтэй байлаа.

Энэ үеэр манай Ub.life сайт ч бас “Үзэл бодлоо хуваалцах” цаг хэлэлцүүлгийг зохион байгуулж хотын хөгжлийн асуудлаар "CAP Concepts"-ийг үүсгэн байгуулагч Б.Дөлгөөн, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн институтийн захирал Л.Ану-Үжин, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Р.Дагва, Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч Ц.Байгалмаа нар залуучуудын хот төлөвлөлтөд оролцох боломж, нөхцөлийн талаар санал бодлоо солилцсоныг товчлон хүргэж байна.

Хэлэлцүүлгийн эхэнд "CAP Concepts"-ийг үүсгэн байгуулагч Б.Дөлгөөн:

Манай улсын залуусын дийлэнх нь Улаанбаатар хотод сурч, ажиллаж байна. Тиймээс хот төлөвлөлт залуус бидний санаа зовох асуудлуудын нэг яах аргагүй мөн. Энэ ч үүднээс бид өнгөрсөн аравдугаар сараас эхэлж "Рlanners group" арга хэмжээг сар болгон зохион байгуулж байна. Ингэснээр залуусын оролцоог нэмэгдүүлэх, мэргэжлийн хүмүүс мэдлэг чадвараа дайчлан оролцож чадаж байгаа эсэх талаар ойлголт авахаар ижил төстэй мэргэжлийн буюу инженер, архитектор, нийгмийн ухааны чиглэлийн залуусыг цуглуулж тулгамдаж буй нэг асуудлыг сонгон авч, тухайн чиглэлийн мэргэжлийн хүнийг урьж мэдлэг, мэдээлэл олж авч байгаа. Шүүмжлэхээсээ өмнө мэдлэг хуримтлуулж, дараа нь түүн дээр урт, богино хугацаанд юу хийж чадах вэ гэдгээ сайтар ярилцдаг. Сэдвүүдээс дурдвал газрын үнэлгээ, хог хаягдлын менежмент, хот суурин газарт стартап бизнесүүд бидэнд хэрхэн эерэгээр нөлөөлөх, хотын түүх соёл, хаягжилтын асуудлуудын талаар санал бодлоо солилцдог. Залуус маань тодорхой хэмжээний мэдлэгтэй болчихвол, хот төлөвлөлтөд оролцоод явах бүрэн боломж үүснэ. Хүмүүс хот төлөвлөлтийн мэргэжилтэн гэхээр зөвхөн газарзүй төлөвлөлт хийдэг гэж эндүүрдэг. Хамгийн гол нь бодлогоо боловсруулж, түүнд тохирсон орон зайг бий болгож, зангидаж чадах хүнийг л тэгж хэлэх байх. Залуу хүний хувьд хот төлөвлөлтөд оролцох орон зайгаа өөрөө бий болгох гээд явж байна.

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн институтийн захирал Л.Ану-Үжин:

Залуус бид асуудлуудыг нэг бол ерөнхий байдлаар хардаг, эсвэл огт олж хардаггүй юм шиг санагддаг. Жижиг зүйлүүд дээр л бидний оролцоо үүсч байдаг. Жишээ нь, манай автобусны буудал гэрээс хэтэрхий хол байгаа учир ойртуулах хэрэгтэй байна. Тиймээс ойртуулж өгөхийг хороо, дүүргийнхээ тээврийн бодлого хариуцсан хүнд уламжилж болно. Яг энэ үед л бидний оролцоо бий болдог. Хамгийн чухал нь шийдлийг зөв тодорхойлох нь чухал. Мөн залуус ажлын байраа өөрсдөө бий болгох хэрэгтэй. Ер нь ажлын байрны төлөвлөлт уламжлалт аргаар л явагддаг. Чөлөөтэй ажиллах боломжийг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй юм шиг санагддаг. Залуусдаа боломж олдвол л сураад бай гэж хэлмээр байна. Сурсан зүйл чинь хэзээ нэгэн цагт хэрэг болно. Мэдлэг хуримтлуулах тусмаа нийгмийн асуудлуудад оролцох хүсэл төрдөг байх.

Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч Ц.Байгалмаа:

Миний хувьд иргэдтэйгээ сард нэгээс хоёр удаа уулздаг бөгөөд ихэвчлэн ахмадууд ирж, залуусын оролцоо ирц, тааруу байгаа нь ажиглагддаг. Гэвч залуус маань ирээдүйд оршин суух, ажиллаж амьдрах орчин нөхцөлийнхөө хөгжилд өөрсдөө л оролцохгүй бол хот өөрөө хөгжчихгүй шүү дээ. Бас нэг зүйл нь иргэдтэй уулзахад дэд бүтцээ л тавиад өгчих гэдэг. Харин энэ нь асар өндөр өртөгтэй, санхүүгийн хувьд нэг дор, түргэхэн шийдэх боломжгүй зүйл байдаг. Нөгөөтэйгүүр иргэдээ ажилтай, орлоготой болгоно гэхээр мөн л урт хугацааны үйл явц байдаг. Тэгэхээр хөгжил гэдэг урт хугацааны, тогтвортой ажлын дүнд бий болох бөгөөд үүнийг хэн нэгэнд даатгаад орхих биш, залуус оролцдог, хамтардаг үйл явц байгаасай гэж бодож байна.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Р.Дагва:


Энэ цагийн байдал тийм ч сайн биш байна. Энэ Playtime наадам дээр залуус маань гурван өдөр сэтгэлээ цэнгүүлж байна. Цэнгэх эрхтэй байлгүя яахав. Харин залуусыг бүх өдөр үүний адил хэрхэн цэнгүүлэх вэ гэдгийг бид нар бодох ёстой. Улаанбаатар хотын хөгжлийн бодлого төлөвлөлт гэвэл хэдэн боть ном болно. Тэр олон боть номуудыг хотын захиргаа, УИХ, Засгийн газар баталдаг, тэнд маш олон зорилт бий. Харин зорилт болгоны ард мөнгө байхгүй бол тэр зүгээр л цаас болж хувирна. Улсын төсөв, нийслэлийн төсөв гэх хоёрхон санхүүгийн эх үүсвэр байгаа. Тэгэхээр Улаанбаатар хотод мөнгө бий юү гэвэл бараг үгүй. Хоёрхон эх үүсвэрээс энэ хотын асуудлуудыг шийднэ гэж 27 жил зүтгэсээр яваад өдийг хүрсэн. Харамсалтай нь, тийм сайн үр дүнд хүрээгүй гэдгийг бид бүгд мэднэ.
Улаанбаатар хотыг хөгжүүлэхийн тулд хувийн хэвшлийн оролцоогүйгээр бид ямар ч амжилтад хүрэхгүй. Саяхан болсон хотын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн дээр ч би үүнийг хэлсэн. 20, 30 жилийн дараа энэ хотыг та нар удирдана. Харин та нарт бахь байдгаар нь хүлээлгэж өгвөл дэндүү гунигтай биз дээ залуус аа. Хамгийн гол нь хэдэн боть ном болох хэмжээний зүйлээр хотыг хөгжүүлэх биш, орчин үеийн техник технологид суурилсан хүний амьдрах арга ухаанаар энэ хотыг хөгжүүлмээр байна. Үүнийг хийхгүй бол дэндүү гунигтай. Ер нь бол халаасандаа мөнгөтэй хүнээс аз жаргалын даавар ялгардаг нь энэ хорвоогийн нүцгэн үнэн. Энэ үнэнээс зугтах гээд ч яах юм билээ. Тиймээс залуус маань орлоготой, хувийн бизнестэй байж хот хөгжинө.

ЗурагТайлбар



Монгол Улсын хүн амын 45 хувь нь 35-аас доош насны залуучууд байдаг гэсэн судалгаа бий. Тэдний дийлэнх нь Улаанбаатар хотод амьдардаг байна. Тэр чинээгээр хотын хөгжилд залуусын оролцоо үгүйлэгдсээр байгаа. Тэдгээрийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд мэдээлэл хүлээн авдаг гол сувгуудаар нь аливаа асуудлыг шийдвэрлэхэд хэрхэн санал хүсэлтээ илэрхийлэх, хүргүүлэх талаар дэлгэрэнгүй, нээлттэй байдлаар мэдээлэх хэрэгтэй гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байлаа.
Мөн төрөөс залуусын хувийн бизнес эрхлэлтийг дэмжих нь хот, цаашлаад улсын хөгжилд оруулах томоохон хувь нэмэр юм. Хэдийгээр олон жилийн өмнө хот өөрөөр төлөвлөгдсөн ч одооноос эхэлж залуус нийгмийн бүх сувгуудаар идэвх санаачилгатай оролцох юм бол хойч үеийн хүүхэд, залуус 10-20 жилийн дараа хөгжилтэй хотод аж төрнө.
Дотоодын нийт бүтээгдэхүүний дийлэнхийг бий болгодог хэрнээ үүнтэй харьцуулахад маш бага хэмжээний төсөв авдаг Улаанбаатар хотын хувьд хөрөнгө, мөнгөнд найдаад бүхнийг орхиж болохгүй. Хөгжил гэдэг зөвхөн мөнгөөр шийдэгдэх асуудал биш, харин залуу үеийнхний мэдлэг боловсрол, оролцооноос хамааралтай гэдэгтэй тэд санал нэгтэйгээр дуугарсан юм.

                                                                                                                                            Бэлтгэсэн:Л.Сайнбаяр 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
11 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
2

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.07.10 202.131.236.122

Za ene ystoi avah ymgui bolson heleltsuuleg shuu. Panelist uud n sedvee oilgoogui, uuriiguu magtah, uls tur het yrih, gol heleh geed baigaa sanaa todorhoigui. Suusandaa haramstal tsag ursen. Podcast chid bol uneheer mundag baisan.

0 Хариулах