Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Хүмүүст хүргэх ХАЛУУН, ДУЛААН 5 шүлэг


Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашиллаа. Бидэнд өглөө даарах уу, өдөр халууцах уу гэсэн хоёр сонголт тулгарч байна. Гэвч ажил, гэртээ халаалт ирэхийг хүлээн, чичирч сууна гэдэг "хувь тавилан" юм байлгүй дээ. Тэгвэл та бүхэн даарч суухын оронд яруу найрагчдын халуун, дулаан шүлгүүдээс уншиж, сэтгэлээ ч болов дулаацуулаарай   

Л.Өлзийтөгс- Халуун өдрийн шүлэг

Нүүрнээс нь нар урссан хүмүүс урсаад л, урсаад л, яг лаа шиг хайлаад л ...
Нүүх үүлгүй аагим халуунд би дуртай
Дусалж байгаа хөлс бүрийн цаанаас жинхэнэ хүн гарч ирнэ
Дуусч байгаа хүн, дуусах гэж байгаа ертөнц
Элээгч нарны дор энэ биеэрээ зогсоод
Энд тэндээсээ нурж байна би, ховхорч байна
Өглөөнөөс үдшийг хүртэл барьсан бяцхан байшингийнхаа оройгоос
Өндөр тэнгэрт хүрэхгүй гараараа өөдөө нэг, сүүлчийн удаа ...
урсаад л, урсаад л, яг лаа шиг хайлаад л...

А.Эрдэнэ-Очир- Голын тохой дээр

Газрын магнайнаас хөлөрч урссан Сэлэнгийн салаа тохой дээр
Гандсан намрын шаргал өдөр устай мушгиран одохыг харжээ суугаад
Ганц дуу чамд зориулан дуулж түүнийгээ тэнгэрийн цээлд нараар мэтгэн
Ганихан хорвоогийн өнгөн дээр бусдын зүрхэнд шигтгэн гэрэлтүүлэх болов би

Амьдрал мөнхийн зүүд минь тэнгэрийн зурсан зураг минь
Алдааг нь цуглуулахад ч жаргал амтагдмаар хонгор минь
Алсаас над руу урссан цаг хугацааны зэрэглээн дундаас
Амжиж миний олж харсан үл мэдэг инээмсэглэлт минь

Нуруу алаг ангир цоохор дуугаар ганганан ус цахлаад
Нулимс сувдан бороо тэнгэрийн хачанд цайраад болив бололтой
Нутаг алсын чамайгаа эзгүй хойгуур голын чинь тохой дээр санаашран
Нууцхан шаргал гунигийг минь нарны утас хөвөрдөхөд хөндүүр төрнө

Тэр нээг хаврын энгэрийн чинь гэгээ шиг хэсэг үүл
Тэр л цагаас хойш миний цээжинд нүүсээр одов
Тийм сайхан нүдэнд гуниг суусныг олж харсан цагаас хойш
Тэнгэрийн дор хайрын үлгэр эхлүүлэн чамайг бодов

Ирж яваа цаг бид хоёрыг амрагын төгөлд уулзуулан зурж
Ирэх хайрын зовлонгоор жил сар тохуурхан урсах ч билүү
Идэр зүрхний гүнд хаврын нэг өдрийн салхи тоглон эргэж
Ийм нэг намар голын чинь тохой дээр суулгана гэж санаа ч билүү

Гэрлийн мянган долгис мод бургас сүлжин уул ороогоод
Гэнэн хонгор шувуу өвс зууж амраг ижилдээ нисэх нь уярал хөндөнө
Гэгэлгэн ийм нэг агшныг сэтгэлдээ намуухан хонгор салхиар бичиж
Гэгээн хорвоогийн хуудас бүхэнд хувилан чамд илгээх болов

Мартагдсан хуучин дууны нэг бадаг гэнэт санаанд орж аялагдаад
Манантай алсын ууланд зүр хур эрхлэхийг бодолдоо харж сууна
Мандаж жаргах нар сарны урсгалд сэтгэлийн навч ганц нэгээр унаж
Магадгүй энэ голын тохой дээр дахиад л дурсамжийн салхи сэвэлзэх биз ээ

Амьдрал мөнхийн зүүд минь тэнгэрийн зурсан зураг минь
Алдааг нь цуглуулахад ч жаргал амтагдмаар хонгор минь
Алсаас над руу урссан цаг хугацааны зэрэглээн дундаас
Амжиж миний олж харсан үл мэдэг инээмсэглэлт минь

Алчуур нь дэрвэх бүсгүй шиг салхины хаяа цэнхэртээд
Алсын хөхрөгч ууланд манан суугаад босов бололтой
Амрагын санаашралд гунигших нь залуу насны эгшиглэн юм аа
Аниргүйн дунд ганцаардах минь тэнгэрийн мөнгөн зүүд юм аа

Н.Хикмет- Гал

Хэрвээ би шатахгүй юм бол
Хэрвээ чи шатахгүй юм бол
Хэрвээ бид шатахгүй юм бол
Хэн энэ түнэр харанхуйг чинь гэрэлтүүлэх юм бэ?

Б.Эрдэнэсолонго- Зун шиг

Чи яг зун шиг
Үс чинь ой шиг
Нүд чинь шөнө шиг
Чи яг зун шиг...
Чиний хаашаа ч юм нэг л алхвал
Төөрч мэдэх учраас
Би чамайг одоо болтол
Тэвэрсэн хэвээр ...
Чи яг ус шиг
Урагш нэг л алхвал
Хөл алдах учраас
Анх чамайг харсан тэр газраасаа би
Холдож зүрхэлдэггүй.
Чи яг бороо шиг
Чи үүл шиг
Чи нар шиг
Миний үүл, миний бороо
Миний нар учраас би чамд хайртай
Их халуун, их гэрэлтэй учраас чам руу
Эгцэлж харж болдоггүй
Чи яг зун шиг...

П.Нямлхагва- Хайр ажгуу 

Аймах үүлсийн үймэх сүүдэр дор
Аавыгаан санаад жиндэж л явна
Үүлэн цоорхойн ээвэр наранд
Үлбэгэр ч гэсэн дулаацаж л явна

Алтанхан ижий минь байсансан бол
Алгаан хөлөртөл халууцаж л яваа даа
Ханхайтал завилсан аавынхаа өвөр дээр
Халуу дүүгүүлэн инээж л суугаа даа

Ижий л аавын хайлан хайр
Ийм л дулаан халуухан ажгуу
Хөрч жиндэхгүйн жаргал гэдэг чинь
Хөөрхий хоёрын минь хайр л ажгуу...

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
15 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
16 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
санал болгох
1
18 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.