Хайх зүйлээ бичнэ үү

9 мин

Хүн ертөнц: Алехандро Гонсалес Иньярриту | Tegshee's Movie Corner


Оскарын 87 дахь удаагийн шагнал гардуулах ёслолын ажиллагаанаас Мексикийн найруулагч Алехандро Гонсалес Иньярритугийн “Хүн шувуу” (Birdman, 2014) бүтээл шилдэг кино, шилдэг зураглаач, шилдэг эх зохиол гэсэн гурван төрөлд, найруулагч Иньярриту өөрөө шилдэг найруулагч төрөлд Оскар гардан авсанаар Мексикийн кино урлагийн нэгэн том од Холливудад амжилтаа гайхуулсан гялалзав аа. Энэ жил тэрээр “Үхлээс амилагч” (Revenant) киногоороо ахин шилдэг найруулагч төрөлд Оскар гардан авч хоёр жил дараалан уг шагналыг хүртсэн ховорхон амжилтын эзэн болов.

zurag“Үхлээс амилагч” киног хийж байх явц

Өдгөө 53 настай Алехандро Гонсалес Иньярриту кино карьерынхаа түүхэнд ердөө зургаан бүрэн хэмжээний кино хийсэн бөгөөд түүний бусад уран бүтээлүүд Оскарын шагналын дуулианаар үзэгчдийн анхаарлын төвд ид ороод буй “Хүн шувуу”, “Үхлээс амилагч” кинонуудаас арга барил, хийц, хэллэгийн хувьд эрс өөр.

Дүрүүдийн хурц сэтгэл зүй, зэрэгцэн хөврөх хүүрнэлийг эмхэрдэн хураах нэг зангилаат тайлал, түгшингүй зүрхний цохилт шиг жигтэй, амьд хэмнэл бүхий сэтгэл өвтгөм драм төрлийн өмнөх дөрвөн бүтээлээрээ тэрбээр дэлхийн кино урлагт “Иньярриту” гэх өвөрмөц шошгыг тамгалсан билээ.

Алехандро Гонсалес Иньярриту каннын кино наадмаас шилдэг найруулагчийн шагнал хүртсэн анхны, Оскарын шагналыг Альфонсо Куороны дараа энэ төрөлд хүртсэн хоёр дахь мексик найруулагч болоод байна. Түрүү жилийн Оскарын дөрвөн гол шагналыг хамсан “Хүн шувуу”, энэ жилийн шилдэг найруулагч шагналыг авчирсан “Үхлээс амилагч” кинонууд түүний оргил бүтээл гэхээс илүүтэй уран бүтээлчийн сонирхолтой шилжилт байсан гэж дүгнэвэл урт нэртэй энэхүү Мексик эрийн бүтээхүйн ертөнц руу лавхан шагайгаад үзвэл бид огт өөрийг, тун сониныг нээж мэдэх юм.

Алехандро Гонсалес Иньярриту 1963 онд Мексик улсын Мехико хотод айлын долоон хүүхдийн отгон нь болон мэндэлжээ. Олон хүүхэдтэй, дундаж амжиргаатай айлын жишгээр ах, эгч нартайгаа бужигнан өссөн Иньярритуг 17 нас хүрмэгц аав нь түүнд цуглуулсан 1000 доллараа бэлэглэсэн нь отгон хүүгээ эрхлүүлэх бус эрийн цээнд хүргэсэн гайхалтай явдал байв. Учир нь хүү бэлгийн мөнгөө халааслаад төрсөн гэрээ орхин ачааны усан онгоцны багт нэгдэн Европ, Африк тивээр хоёр жилийн турш аялжээ. Энэхүү аялал түүний уран бүтээлч хараа, ертөнцийг үзэх үзэл төлөвшихөд гүнзгий нөлөөлсөн хэмээн найруулагч хожмоо дурссан байдаг.

Хоёр жилийн аянаасаа бусаж ирээд Иньярриту харилцаа холбооны чиглэлээр их сургуульд суралцан төгсөөд Мексикийн хөгжмийн радиод хөтлөгчөөр ажилд оржээ. Рок одуудтай сонирхолтой ярилцлага өрнүүлэх, амьд тоглолт зохион байгуулах гэхчлэн түүний хүчин чармайлтаар радиогийнх нь нэр хүнд өсөж, тэрээр энгийн хөтлөгчөөс захирал болтлоо дэвшсэн аж. 1987-1989 оны хооронд тэрээр зургаан ч дотоодын киноны хөгжим бичиж байжээ.

Залуу Иньяритту

Залуу Иньяритту

90 оны эхээр Иньярриту “Z” фильм гэх өөрийн продакшныг байгуулж бэсрэг кино, телевизийн зар сурталчилгаа хийх болсноор радио хөтлөгчөөс телевизийн салбарт шилжин кино урлагт нэг алхам дөхсөн юм. Польшийн театрын алдарт найруулагч Людвик Маргулесын удирдлагад, дараа нь Лос Анжельст хэсэг суралцаж байгаад эх нутагтаа ирснээр Иньяритту телевизийн найруулагчаас кино урлагт хөл тавих эцсийн шатаа гүйцээсэн билээ. Гэвч энэ бол уран бүтээлчийн хувьд төлөвших бэлтгэл үе шат төдий байсан бөгөөд хамгийн бэрх даваа түүний өмнө тосож байлаа. Тэр бол энэ хүртэл өөрийн мөрөөдөж, зорьж байснаа бодит үйл хэрэг болгох, кино найруулагчийн хувиар анхны бүтээлээ гаргах, өөрийнхөө чадвар боломжийг тэнсэх яггүй сорилт байв.

Анхны бүрэн хэмжээний бүтээл “Хараал идсэн хайр” (Ameros Perros, 1999) киноныхоо зохиолыг нутаг нэгт үе тэнгийн уран бүтээлч, кино зохиолч, найруулагч Гильермо Арриагатай хамтран бичихдээ нийт 36 удаа өөрчлөн засаж эцсийн хувилбарт хүргэтлээ 3 жилийг зарцуулжээ. Кино зохиол нь Мексикийн Алтависта фильмс-д таашаагдсан тул киноны санхүүжилтийг тэднийхээс бүрэн олгосноор Иньяриттуд киногоо найруулах л үлдэв.


amores-perros-segment-one“Хараал идсэн хайр” кино

Сонирхолой кино зохиол, найруулагчийн оновчтой арга барилын үр дүн болсон “Хараал идсэн хайр” бүтээл Мексикийн хөрснөөс дэлхийн кино урлагт нэгэн авьяаслаг уран бүтээлч төрөн гарч буйн баталгаа болсон юм. Найруулагчийн 36 насандаа хийсэн анхны кино нь гарсан даруйдаа олон улсын кино наадмуудаас шагнал цуглуулж, тухайн оныхоо Оскарын шагналд шилдэг гадаад хэл дээрх кино төрөлд хүртэл нэр дэвшсэн аж.

Эмгэнэлт машины ослоос улбаалан шугаман бусаар өрнөх гурван янзын өөр түүх. Ахынхаа эхнэрт дурласан нохой зодолдуулагч залуу, нууц амрагтайгаа албан ёсоор хамтран амьдраад удаагүй алдартай загвар өмсөгч дунд насны бүсгүй, гэнэ гэнэ захиалгаар хүн алчихдаг, гудамжаас хог түүн амьдрагч хижээл насны эр хэмээх гурван үеийн төлөөлөл болсон дүрийг нэгнийх нь улайран хайгаад ч олоогүй, нөгөөгийнх нь хөсөр хаяад хожмоо насан туршдаа гэмшин буй, өөр нэгний сэтгэлийн тэвчээрийг сорин турших хайр гээч үл үзэгдэгч хоржоонт хүч л амьдралын хатуу үнэн, харуусал, алдаа эндэгдэл, эмгэнэлд хүргэж байх шиг эсвэл ердөө бидэнд үл захирагдах хувь тавилан, эсвэл ердөө гурван хүүрнэл дундуур хөтлөх ноход л дүрүүдийг тийм байдалд түлхээд байх шиг.

Юутай ч “Хараал идсэн хайр” бол найруулагчийн дараагийн хоёр кинонд давтагдах зэрэгцээ өрнөл, шугаман бус өрнөлт бүтэц бүхий арга барилын хамгийн чансаатай бүтээл гэж болно.

Эхний бүтээлээрээ ийм зэргийн өндөрт дүүлсэн найруулагчийн дараагийн кино өмнөх амжилтаа батлах уу, эсвэл үгүйсгэх үү гэдэг кино сонирхогч, үзэгчдийн хувьд ихээхэн сонин байсан нь мэдээж.

Amores Perros1“Хараал идсэн хайр” киноны хэсгээс


Алехандро Гонсалес Иньярриту хоёр дахь бүтээл 21 грамм (21 Grams, 2003) киногоо холливудад хийхдээ зохиолч, зураглаач, эвлүүлэгч зэрэг өмнөх киноны үндсэн багаа хэвээр үлдээж, харин Шон Пенн, Нэоми Уоттс зэрэг холливудын өндөр зэрэглэлийн жүжигчидтэй хамтран ажилласан юм.


Мансууруулах бодис, архинд донтогч байсан Жэк шашинд итгэн сүслэх болсноор хорт зуршлаа гээж эхнэрийн хамт хэвийн амьдрал эхлүүлж байгаа нэгэн. Гэвч нэг л өдөр санамсаргүй осол гаргаж аав, охин хоёрыг дайрч ална. Эндээс л гурван хүний орооцолдсон сэтгэл өвтгөм ээдрээт түүх эхэлнэ. Сайх ослоор охин, нөхрөө алдсан Кристина ганцаардаж, гутрахдаа дөнгөж ангижраад байсан хуучин зуршил болох хар тамхиа ахин хэрэглэх болно. Харин зүрхний хүнд өвчтэй, нэг сараас илүү наслах найдваргүй байсан математикийн профессор Полд Кристинагийн нөхрийн зүрхийг шилжүүлэн суулгаснаар амийг нь авардаг. Хүүхэдтэй болох гэж хамтдаа хичээж байсан эхнэр нь үр хөндүүлж байсныг мэдсэнээр Пол эхнээрээсээ харьцаагаа тасалж ганцаар амьдрах болдог. Тэгэхдээ хэний зүрхийг өөртөө шилжүүлэн суулгаснаа мэдсэнээр нөхрөөр нь дамжуулан эрсээр ганцаардаж, цөхөрсөн Кристинаг олно. Жигтэй хувь тохиолоор холбогдож, золгүй хувь тавиланг туулж буй хоёр алгуурхнаар дотносож эхэлнэ. Гурвал ээдрээ үргэлжилсээр Полийн эмнэлгийн орон дээр үхлээ хүлээн хэвтэхтэй зэрэгцэн “Хүн үхэх агшинд биеийн жингээс нь 21 грамм хасагддаг аж. Энэ 21 граммд юу багтдаг бол?” хэмээх хүүрнэлээр төгсөх уг киноноос үзэгчид үхэл, амьдрал, хүний хувь тавилан, мөн чанарын тухай эргэцүүлсээр хоцрох нь магад.

"21 грам" киноны хэсгээс“21 грам” киноны хэсгээс


2006 онд гарсан “Вавилон” (Babel) нь найруулагчийн өмнөх хоёр кинон дээрх зэрэгцээ өрнөл,шугаман бус хүүрнэлт арга барилын хамгийн далайцтай бүтээл болсон юм. Морокко, Япон, Мексик, Америк гэсэн дөрвөн оронд зураг авч Брэд Питт, Кэйт Бланшет зэрэг дэлхийн хэмжээний одууд гол дүрд нь тоглосноос гадна Ринко Кикучи хэмээх японы шинэ одын авьяасыг нээсэн билээ.

Вавилон киног бүтээхэд хэл нэвтрэлцэхгүй мэргэжлийн бус олон жүжигчдийг удирдан тоглуулах, Японд зураг авах зөвшөөрөл олдоогүйгээс цагдаа, харуул хамгаалалтаас нуугдан зураг авсан зэрэг түмэн бэрхшээл гарч байсныг найруулагч нэгэн ярилцлагадаа дурьдсан байдаг.

Хэлбэрийн хувьд өмнөх “21 грамм” кинотой ижил мэт боловч зэрэгцээ хүүрнэлүүд хоорондоо огтлолцохгүй чигтээ өрнөөд дуусах бөгөөд кино бүтэх явцад ч жүжигчид хоорондоо огт уулзаагүй бөгөөд улс болгонд тусдаа зураг авалтууд явагдаж байжээ.

"Вавилон" киноны хэсгээс“Вавилон” киноны хэсгээс

Арга барил, хийц, сэдвийн ижилслээр нь “Хараал идсэн хайр”, “21 грамм”, “Вавилон”-ныг “Үхлийн гурвал” гэх нь бий. Найруулагчийн кино хэл, хүүрнэлийн сайх өвөрмөц онцлог бүрэлдэхэд тус гурван киноны зохиолыг бичсэн Гильермо Арриагагийн гавьяаг дурдахгүй өнгөрч үл болно. Агуулгын нягтрал гойд сайн, даацтай, сонирхолтой зохиол л өвөрмөц хэлбэрт оруулан найруулах ая данг дааж агуулга, хэлбэрийн тэнцвэрийг хадгалан үлдэж чадах билээ. Зохиол жолдох аваас Иньярритугийн “Үхлийн гурвал”-даа ашигласан арга барил хоосон хэлбэрдэлт болох магадлал өндөр байв. Хамтран ажиллах явцад ч зохиолоо чамбайруулж, эцэслэх хүртэл зохиолч, найруулагч хоёр байнга зөвлөлдөх, дүр сонгохдоо ч зохиолчтой ярилцаж шийдэх зэргээр Иньярриту, Арриага хоёр тун ч гар нийлдэг хослол байлаа. Гэвч “Вавилон” киноныхоо дараачаас “алтан” хамтрагчдын уран бүтээлийн замнал салсан билээ.

Үүний дараа Иньярриту “Бьютифул”(Biutiful, 2010) хэмээх 4 дэх киноныхоо зохиолыг өөрөө бичсэний сацуу нэг шугамаар хөврөх хүүрнэлийн энгийн арга барил ашиглажээ.

"Бьютифул" киноны хэсгээс“Бьютифул” киноны хэсгээс

Гэхдээ кино эхэлсэн цэгтээ эргэн төгсөх тойрог маягийн хэлбэртэй. Энэ тойрогт чээжин цаанаас зүрх түг түгхийн цохилох мэт амьд хэмнэлд үйл явдал өөрийн жам ёсны хурдаар хөвөрсөөр эцэстээ тулан зогсоход камер, хэрэгсэл, жүжигчдийн тусламжтайгаар дэлгэцнээ зориуд дэглэсэн зохиомол үзэгдэл бус хэн нэгний бодит амьдрал дундуур туучин мухардал, шаналал, тэмцэл, цөхрөл, зовлон, гуниг, тэмүүлэл, хүслийг нь өөрийн биеэр мэдэрсэн мэт үзэгчийн сэтгэлийг хөндүүрлэн өвтгөдөг “Иньярриту”-гийн гэх онцгой ур бүрнээ цогцложээ. Зүрх сэтгэлд хамаарах энэ л өвдөлт харин үзэгчийг хүний амьдрал, хувь тавилан, хүсэл хясал, мөн чанарын тухай тунгаан бодоход хүргэдэг нь жигтэй. Түүний бүтээлүүд үзэгчийн зүрхэнд хүрсний дараа алгуурхнаар оюун ухаанд нэвчин тархаж хоосон сэтгэл хөдлөл, хүйтэн ухааны туйлшралаас ангижруулдаг шидтэй билээ. Ийм нандин, онцгой ур нь л дэлхийн кино урлагт Иньярриту гэх уран бүтээлчийн өөртөө хүртээсэн алдрын, амжилтын, авьяасын магадгүй хүн байхуйн хамгийн үнэт шагнал нь буй заа.

“Бьютифул” киноны төгсгөлд “Үзэсгэлэнт аварга царс аавдаа зориулав” гэж бичиг гарахад сэтгэл хөдлөл минь туйлдаа хүрсэн билээ. Үзэгч өөрөө үзвэл гүнзгий мэдрэх нь гарцаагүй.

"Бьютифул" киноны оргил хэсэг“Бьютифул” киноны оргил хэсэг

Алехандро Гонсалес Иньярриту хэмээх хүн-ертөнц, түүний өдгөө хүртэл гаргасан уран бүтээлийн жимээр уншигчийг дагуулан аялах гэсэн оролдлого минь энд хүрээд өндөрлөж байна. Ийм нэг уран, уртай ертөнцийн хаалганы өмнө таныг хөтлөн авчирч чадсан бол миний зорилго биелэх нь тэр. Хаалгыг түлхэн ороход зөвхөн таны л мэдрэх цоо шинэ аялал тосон буйд бүү эргэлзээрэй.♦

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
21 цагийн өмнө
“Oldboy” кино олон ангит цуврал болно
2
Уржигдар
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
Уржигдар
Болзоо нь илрээд удалгүй салсан алдарт хосууд
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.