Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Хүн-хулгана, хүн-гахай, хүн-сармагчин буюу генетик инженерчлэлийн гэрэл, сүүдэр


Дэлхий даяар өдөр бүр сая сая хүмүүс орган донор буюу эрхтний доноруудаас хариу хүлээж, амь нас нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байдаг. Давчуу цаг хугацаанд донор олдож, таарч, амь нь аврагдсан азтай хүмүүс байдаг ч ихэнх тохиолдолд хүлээлгийн жагсаалтанд байсаар нас эцэслэдэг өвчтнүүд олон. АНУ-д гэхэд өдөр бүр 20 хүн хүлээлгийн жагсаалтанд нас барж, жил ирэх бүр энэ тоо өсөн, боломжит доноруудаасаа хол давсан үзүүлэлтийг заах болжээ. Хүний үхэл амьдралын зааг болсон энэ асуудлыг шийдвэрлэх боломж шинжлэх ухаанд гэрэл сүүдрээ тусгасан нь хүний үүдэл эсийг амьтны үр хөврөлтэй эрлийзжүүлэн, генетикийн аргаар эд эрхтэн ургуулж авах явдал юм.  

Долдугаар сард Токиогийн их сургуулийн эрдэмтэд хүний үр хөврөлийг мэрэгч амьтныхтай эрлийзжүүлэхээр бэлтгэж буйгаа эрхтний донорын үйл ажиллагааг хөгжлийг шинэ шатанд хүргэх зорилготой хэмээн тайлбарлаж байлаа. Хүнд ямар ч эсийн орчинд хөгжих чадвартай нэгэн төрлийн үүдэл эс байдаг ба энэ эсийг хулганы үр хөврөлд суулгаснаар тухайн эс өөрөө өөрөөсөө нойр булчирхай ургуулж, нэг ёсондоо хулганы биед хүний нойр булчирхайн эрхтэн хөгжих нь. Хэтийн зорилго нь хүний нойр булчирхайг гахай мэтийн илүү том амьтанд ургуулж, дараа нь хүнд шилжүүлэн суулгах явдал аж. Японы Засгийн Газар эрдэмтдийнхээ сүүлийн арван жил уйгагүй судлаж байгаа энэ ажлыг бодит үйл хэрэг болгохоор албан ёсны зөвшөөрөл олгосон нь энэ юм. 

Хулганын 11 хоногтой үр хөврөл

Хүн-амьтны үр хөврөлийн туршилтын асуудал маш их маргаан дагуулж, эрдэмтэн судлаачид, гүн ухаанчдын дунд олон жил яригдсны эцэст өнөөдөр зарим оронд ийн үүдээ дэлгэж эхлэв. Хүний эс амьтдын организмд нэвтэрч, амьдарч, хөгжиж, цаашид дотор нь эд эрхтэн болон ургаж чадах нь гайхамшиг гэмээр боловч нөгөө талаас байгал дахь зүйлүүд хоорондын нарийн ялгааг үгүй хийснээр нь, байгалийн эсрэг гэмт хэрэг лугаа узэж моралийн хувьд буруушааж байна. Зарим талууд хүний үүдэл эс хулганы тархинд буюу сэтгэхүй, зан үйлд хүрч нөлөөлбөл хулганыг бид амьтны ямар моралийн түвшинд авч хэлэлцэх вэ? хэмээн санаа зовниж байхад амьтдын эрх хамгаалагчид амьтдыг шинжлэх ухааны туршилтанд оруулахын эсрэг тэмцсэн хэвээр. Гэвч жинлүүрийн нөгөө туухайн дээр хүн төрөлхтөн ухаант төрөл зүйлийн хувьд өөрсдийн амь амьдралыг амьтдаас илүү нарийн төвөгтэй байдлаар үнэлж, ухамсарладаг нь хүний амь нас амьтныхаас илүү моралийн үнэ цэнтэй гэх дүгнэлтэд хүргэж, жин дарж эхэлжээ. Гэрэл гэгээтэй талаасаа ирээдүйд олон хүний амь аврах гарц шийдэл болох бол сүүдэрт нь шинжлэх ухааны хүнлэг байдал, хүний эрхэм чанар буюу human dignity ирээдүйд хэрхэн тодорхойлогдох зэрэг асуудлууд орхигдож байна. 

Хятадад шинжлэх ухааны иймэрхүү туршилтууд ямар нэг хориг саадгүй нээлттэй байдаг нь орон орны эрдэмтдийг өөртөө татаж, хууль зүйн асуудалд ороогдохгүйгээр туршилт явуулах боломж олгож байна. Ноднин Хятадууд генийн сайжруулалттай буюу тодорхой төрлийн ашиггүй генийг нь идэвхгүй болгосон ихэр хүүхэд өлгийдөн авснаа зарласан. Тус туршилтын ирээдүйн үр дагаврын талаар маш олон шинжлэх ухааны өгүүллүүд нийтлэгдснээс үзэхэд тэдгээр ихэр хүүхдүүд энгийн хүнээс богино наслах магадлалтай хэмээсэн нь анхаарал татаж байна. Сүүлийн үеийн байдлаар Калифорнийн Салк Институтийн биологич эрдэмтэн Хятадад хүн-сармагчны хосолмол үр хөврөл гаргаж авснаа зарласан. Мөн л сармагчны үр хөврөлд хүний үүдэл эс суулгах замаар. Гэхдээ япончуудын туршилтаас ялгаатай нь тухайн үр хөврөлөө эх сармагчны биед суулгаж, төрөх явц үүсгэхгүй, зөвхөн лабораторийн орчинд ажиглалт судалгаа хийжээ. Тэрээр өмнө нь ийм замаар анхны хүн-гахайн гибрид үүсгэх туршилт хийж байсан байна. Энэ бүх туршилт зөвхөн амьтны бие мах бодийг ашиглан хүний эд эрхтэн ургуулж авах алсын зорилготой. Гэвч жишээ нь сармагчин гэхэд үүдэл эс нь үржлийн эс болон хувирвал яах вэ? гэсэн асуултад Японы эрдэмтэд хариулахдаа “Тийм зүйл тохиолдох магадлал маш бага. Бид хүний эсийг зөвхөн тодорхой эд эрхтний хөгжилд нөлөөлөх талаас нь туршилтаа чиглүүлж явах ба  хулгана гэхэд тархины нь 30 хувиас илүүтэй нь хүнийхтэй төстэй болж ирвэл туршилтыг цуцлах нөхцөлтэй.” хэмээн хариулжээ

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
2
7 цагийн өмнө
Баасан гарагийн 15 цагаас эхлээд хүмүүсийн ааш хоёр дахин сайхан болдог
3
9 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
санал болгох
1
9 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.