Хайх зүйлээ бичнэ үү

Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, орчуулагч, дипломатч Жамсрангийн Гэндэндарам | Гэрэл зургийг: Одгэрэлийн Жаргалт

Яг тогорууд ирэх цагаар би түүний утсыг хэн нэгнээс аваад утсан дээрээ хадгалсан юм. Тогорууд ирэх цаг. Энэ үг миний амьдралд гүн гүнзгий дурсамж үлдээжээ. Өвөө эмээ тогорууд нутагтаа их зовж ирдэг юм гэнэлээ хэмээн шогширч, аав ээж өндгөнд нь сүүдрээ тусаачихвий гэж болгоомжилно. Талд шигтгээд орхисон номин шиг хөх тогорууд намар болохоор хаа нэг тийш буцаж, тал шигтгээгээ гээсэн ээмэг шиг мэлтийж үлдэнэ. Өвөлжин цав цагаан талыг харсаар арай чүү хавартай золгоход униар татсан нэг өдөр л хаа нэгтээгээс явгалан буугаад гуугарч яваа нь харагддаг сан. 

Хүйтэн гэлээ ч нутгаа мартдаггүй, халуун гэлээ ч нуураа орхиод монгол руу нисдэг энэ шувууд Энэтхэгт очиж өвөлжөөд Хималайн уулсын баруун сугыг салхины хүчийг ашиглан халин нисэж давсаар нутагтаа ирээд, үр төлөө төрүүлж өсгөөд намар цаст уулсыг даван дулаан орныг зорьдог болохыг сүүлд сургуульд орсон хойноо номноос уншиж билээ.  

Би утсаа авч жилийн өмнө тэмдэглэж авсан дугаар луугаа залгалаа. Одоо бас л тогорууд ирж байгаа. Зөөлөн, настай хүний хойлоо утасны цаанаас сонсдож, “Хэн бэ” гэж аядуу асуулаа. Тэр бол далаад жилийн өмнө Энэтхэгийг зорин ниссэн “тогоруу”. Ярилцлага хийх хүсэлтэйгээ дуулгаад, дахиад хоёр ч долоо хоног ойр зуурын ажилтайгаа зууралдсаар саяхны Ням гарагийн үдээс хойш Хандгайтын богинын аманд хашааных нь урд зогсож байлаа. Хотоос гарахаасаа өмнө гэрэл зурагт сонирхолтой нэг танил найздаа дуулгаж, хамт явахыг санал болгосон юм. Бидэнд тэр холыг “нисэж” туулсан энэ хүнээс асуух зүйл их, мэдэх зүйл их.



“Гурван хэлний толь дамжуулж хайж байж сая үгээ олно шүү дээ”

- Таныг сургуульд орж байх үед сургуульд орох хүнд даваа байсан биз. Анх яагаад сургуульд орохоор болсон бэ? 

-Манай аав хуучин хүрээнд сууж байсан хуучин төвд, монгол бичигтэй, тэр үедээ л эрдэм номтой хүн байж дээ. Хуучин судар ном их уншдаг. Манай аав чинь долоон үеийн дархан. Хүүхдүүдээсээ хамгийн ухаантайд нь дархны өвөө уламжлуулах гээд манай нэг дүүг авч үлдээд намайг болохоор тэнэг юм чинь сургуульд яваг гээд явуулчихгүй юу. Аав маань өвөл өвөлжөөнд буугаад жаахан цаг зав гарахаар л хотны айлуудыг цуглуулаад хуучин судар “Мялын намтар”, “Үлгэрийн далай”, “Чойжид дагинын тууж” гээд бүгдийг уншина. Тэгээд л миний толгойг илээд “Миний хүү том болохоор ийм сайхан ном судрыг хөрвүүлж олон түмэндээ барьж байгаарай” гэж хэлдэг байсан. Одоо бодоход тэр нь миний алс замыг заасан байна л даа.

Би сургуульд орно гэж хөгийн хөгийн. Аав, ээж хоёр л хүүгээ сургуульд оруулна гээд л байлаа. Би ч сургууль гоё л юм байлгүй гээд хөөрөөд. Нэг өглөө унтаж байсан чинь “Босоорой босоорой, ээж чинь өнөөдөр чамайг сургуульд хүргэж өгнө” гэж байна. Би ч учиргүй гоё юм байлгүй гэж хөөрөөд л ээжтэйгээ сундалдаад Улаагчны бага сургууль гэдэгт очлоо. Нэг том хашаан дотор нийлүүлээд барьчихсан зургаан гэр байна. Орсон чинь сургуулийн захирал нь идээ засаад, хоол унд хийчихсэн, жигтэйхэн. Тэгээд л хоол унд идээд л, би ч яахав хөдөөний хүүхэд махнаас сайхан зумалж идчихээд л “За ээжээ явах уу даа” гэсэн чинь ээж “Хүүе, миний хүү үлдээд сургуульдаа сурдаг юм байхгүй юу” гэж байна. Би ч “Үгүй би энд үлдэхгүй, гэртээ харина” гэлээ. Гэтэл захирал намайг саатуулах гээд “За би чамд гоё юм үзүүлье” гээд л нэг чихэр, дэвтэр харандаа л гаргах гээд байна аа. Тэрийг нь хараад зогсож байтал ээж гараад явчихаж. Эргээд харсан чинь ээж байхгүй. “Ээж хаачсан” гэсэн чинь “Ээж чинь явчихсан, чи одоо сургуульд сурна” л гэж байна даа. 

Гараад л харсан чинь ээжийн морь байж байна аа. Мориных нь дэргэд очоод зогсчихлоо. Тэр үед манай ээжийн нэг хамаатан сумын хоршооны галч байсан юм. Чүлтэм гээд. Тэгээд намайг Чүлтэм гуай барьж аваад ээж мордоод явчихгүй юу. Тэр шөнөжингөө уйлаад. Маргааш нь Чүлтэм гуай манайд  очиж загнасан байгаа юм. “Та нар ямар охин нохойн гөлөг төөрүүлж байгаа биш, тэр муу амьтныг төөрүүлж хаяхдаа яадаг юм та нар. Хүний хувь заяа болдгоороо л болдог юм байгаа биз” гээд загнаж. Тэгсэн аав шуудайнд нэг хавх, нэг царил хийчихсэн хүрч ирлээ. “Чи сургуульд орохгүй гэнэ ээ” л гэж байна. Би ч “Тийм, би сургуульд орохгүй, харина” л гэлээ. Тэгсэн “Сургуульд орохгүй хүүхдийг гэртээ аваачихгүй. Элстийн өвөрт аваачиж хаяна. Чи энэ царилаар газар ухаад, хавхаар тарвага бариад амьдар. Чамайг гэртээ очуулахгүй” гээд намайг чирсэн байгаа юм. Тэгэхээр нь би “Тэр сургуульд чинь оръё оо” гээд уйлж л дээ. 

Муу аав минь ингэж л миний замыг зааж дээ. Харамсалтай нь 1947 онд намайг долдугаар анги төгсдөг жилийн өвөл аав, тэр дүү хоёр маань зэрэг шахуу нас барчихсан юм. 

-Энэтхэг яагаад явахаар болчихов? Тэр үед гадаадад сургуульд явуулж байсан хэрэг үү? 

- 1957 онд их сургуулийн англи хэлний ангид оюутан болоод 10 сар хүртэл хөдөө ажлаар явж байгаад ирээд 12 дугаар сарын үед, нэг өдөр декан дуудаж байна гэнэ. Декан дуудна гэдэг оюутан хүнд аймаар ш дээ. Орсон чинь хоёр албаны хүн сууж байна. Декан “Чи энэ хоёр хүнийг таних уу” гэж байна. Би юугаа таних вэ. Тэгсэн Намын Төв Хорооны боловсон хүчний дарга Гүржав, байцаагч Жадамба гэдэг хүмүүс гэнэ. Тантай уулзахаар ирлээ гэж байна. “Бид нар 20-30-аад онд гуравдагч оронд оюутан явуулж байсан юм. Одоо дахиад гуравдагч оронд оюутан явуулах шаардлага гарлаа. Ингээд таныг болох хүн гэж бодоод саналыг чинь асууж байна” гэлээ. “Тэгээд хаана, ямар сургуульд явуулах юм” гэсэн чинь Энэтхэгт хэлний сургуульд явуулна гэнэ.  

Багад аав маань хуучин Энэтхэг, Төвд хэлний ном судар уншиж байсан учраас надад дотно санагдаад “Нэгэнт нам төр надад итгэж байгаа бол би явалгүй яахав. Дургүйцэх юм алга. Гэхдээ би хөгшин ээж, гэр бүлтэй хүн. Би тэдэндээ хэлэлгүй болохгүй” гэсэн чинь асуулгүй яахав, хичээлээсээ чөлөө аваад яв, тэдэндээ хэлчихээд хоёр цагт Төв хороон дээр хүрээд ир гэдэг юм байна. 

Тэр үед манай гэр Тавын халуун ус гээд бүүр тэр урагшаа байлаа. Тэгсэн чинь ээж минь “Тэгэлгүй яахав, ээж чинь чамайг ирэхэд байж байлгүй яахав. Нэгэнт төр засаг миний хүүг сонгосон бол яавалгүй яахав” гэж байна. Авгай маань Ганданд хүүхдийн больницад хүүхэдтэйгээ хэвтэж байлаа. Тэр лүү л эргээд алхлаа даа. Хоёр цагаас өмнө очих ёстой, бараг л гүйж яваа юм даа. Авгай дээрээ очоод хэлсэн чинь “Бололгүй яах вэ, би цалингаараа болж байна. Явалгүй яахав” гээд л хоёр цагт Төв хороон дээр яваад орсон чинь манай ангийн Нямсүрэн гээд нөхөр байдаг юм. Тэр бас намайг ингээд дуудсан ш дээ гээд сууж байна. Тэгээд л тэр дариу Төв хорооны Нарийн бичгийн дарга нарын хурлаар оруулаад “Нөгөөдөр Энэтхэгт суугаа Элчин сайд Шагдарсүрэн буцна. Та нар тэрэнтэй цуг явна” гэдэг юм байна. Юу гэсэн үг вэ дээ, жигтэйхэн давчуу юм болчихлоо. 

“За энэ хоёрыг маргааш хаалттай дэлгүүрүүдээр оруулаад хувцас хунарыг нь авахуул, тэгээд нөгөөдөр галт тэрэгний тасалбарыг авч өгөөд явуул” гэдэг юм байна. Гэртээ ирсэн чинь ээж “Юу гэж байгаа юм бэ? Ямар хажуу айлд орох гэж байгаа биш” гээд л бужигнаж гарлаа.

Тэр үед Дондогийн Цэвэгмид гуай их сургуулийн захирал байлаа. Тэгсэн Цэвэгмид багш “За энэ хоёрыг маргааш хаалттай дэлгүүрүүдээр оруулаад хувцас хунарыг нь авахуул, тэгээд нөгөөдөр галт тэрэгний тасалбарыг авч өгөөд явуул” гэдэг юм байна. Гэртээ ирсэн чинь ээж “Юу гэж байгаа юм бэ? Ямар хажуу айлд орох гэж байгаа биш” гээд л бужигнаж гарлаа. Тэгээд нэг хоночихоод маргааш явна гээд өглөө босоод байтал манай ангийн оюутан гүйгээд ирлээ. Цэвэгмид багш дуудууллаа гэнэ. Тэгсэн “Та хоёрын явах хэд хоног хойшлох юм шиг байна” гэж байна. Ашгүйдээ л гэж бодож байгаа. “Яагаад вэ гэвэл та хоёрыг явуулах асуудлыг зохиолч Ринчен Энэтхэгт ярьж яваа юм. Ринченгээс утас ирлээ. Наашаа явах хоёр оюутныг намайг очтол хүлээлгэж бай. Хэлж захих юм байна” гэнэ. Ринчен зохиолчийг иртэл жаахан хүлээж бай гэлээ. Бид хоёр хичээлээсээ чөлөө авчихсан. Нэг сар гарлаа, хоёр сар гарлаа, гурван сарын дундуур ирсэн дуулдаж байна. Тэр үед “Үнэн” сонинд ажилладаг байсан юм. “Үнэн” сонин тэр үед ордонд байлаа. Сонины үүдэн дээр очоод Ринчен зохиолчтой уулзъя гэсэн чинь нэг хүн гарч ирээд “Өө би тэр Ринчен биш, нөгөө Ринчен юм байлгүй. Ирсэн дуулдсан, гэртээ байгаа байлгүй” гэж байна. Тэгээд их сургуулийн хажуу дахь багш нарын хуучин байранд очлоо. Байж байж нэг авгай хаалгаа онгойлголоо. Орсон чинь Ринчен гуай нээх том ширээн дээр суучихсан, учир явдлаа хэлтэл жаахан харж байснаа “Би өөрийн шавийг явуулна гэсэн болохоос оросын монголыг явуулна гэж яриагүй” гэдэг юм байна. (инээв) Бид хоёр ч “За за, таны шавь битгий хэл, таны царайг ч хараагүй юм чинь одоо яахав. Та шавиа л явуулах юм байгаа биз. Бид хоёр харин хичээл ном завсардаад, шалгалт шүүлгээ өгөхгүй хохирчихлоо” гэлээ. Тэгээд шууд Цэвэгмид багш дээр “Ингэлээ. Өөрийн нутагт ингэж байгаа юм чинь хүний нутагт яах юм. Явахгүй” гээд хэллээ. Тэгсэн чинь Цэвэгмид багш “Цаад чинь дэмийрч байгаа юм. Маргаашийн галт тэргээр гар” гэдэг юм байна. 

Ингээд маргаашийнх нь галт тэргээр Бээжин очлоо. Онгоцны тасалбар хүлээгээд хоёр хонож байсан чинь Элчин сайд дуудаж байна гэнэ. Бид хоёр Элчин сайдын яамны хажууд байрлаж байсан юм. “Та хоёрыг дахиад ганц хоёр хоног хүлээж бай гэнэ. Араас чинь хүн ирэх юм шиг байна” гэж байна. Тэгээд ганц хоёр хоноод байж байсан чинь нэг шагжийсан нөхөр ороод ирдэг юм байна. “За Энэтхэг явж байгаа хоёр оюутан гэдэг нь та хоёр уу” гэж байна. “Тийм ээ, чи хэн бэ?” гэсэн чинь “Би буурлын шавь Ж.Бадраа байна” гэж байна. “Буурал гэж хэн билээ” гэсэн чинь “Та хоёр буурлаа мэддэггүй юм уу, Ринчен доктор шүү дээ” гэнэ. “Өө за мэдлээ мэдлээ. Аргагүй л Ринчен гуай шавиа явуулсан юм байна даа” л гэлээ. 

Тэгсэн Бадраа маань “За нөхөд минь, тэнд чинь бид нар монгол сэхээтэн байна шүү дээ”  гэж байна. Яадаг юм гэсэн чинь. “Тэнд чинь бид нар монгол дээл хувцастай явна. Монгол гутал, монгол малгай, хэт хутга, хөөрөг мөөрөг байна уу та хоёрт”  гэдэг юм байна. “Тийм юм ч байхгүй дээ” гэсэн чинь “Юу ярьж байгаа юм. Одоо гэр орон руугаа тэрийгээ захь, хөөрөг мөөргийг би эндээс аргалъя. Маргааш Элчин сайдын яам мөнгө өгөх байлгүй, хэт хутгыг нь эндээс авчихъя” гэж байна.

Бадраа бол бид нараас өмнө багшийн сургууль төгсөөд, анхны багш, их хурлын депутат гээд нэлээд сүрхий хүн гэж бид нар мэдэж байсан байхгүй юу. Тиймээс Бадраагаа хүндэтгэнэ ээ. Тэгсэн Бадраа маань “За нөхөд минь, тэнд чинь бид нар монгол сэхээтэн байна шүү дээ”  гэж байна. Яадаг юм гэсэн чинь. “Тэнд чинь бид нар монгол дээл хувцастай явна. Монгол гутал, монгол малгай, хэт хутга, хөөрөг мөөрөг байна уу та хоёрт”  гэдэг юм байна. “Тийм юм ч байхгүй дээ” гэсэн чинь “Юу ярьж байгаа юм. Одоо гэр орон руугаа тэрийгээ захь, хөөрөг мөөргийг би эндээс аргалъя. Маргааш Элчин сайдын яам мөнгө өгөх байлгүй, хэт хутгыг нь эндээс авчихъя” гэж байна. Нээрээ маргааш нь Элчин сайдын яам мөнгө өгдөг юм байна. Ямар учиртайг нь бид хоёр мэдэхгүй. Тэгсэн Бадраа “Зо одоо гарнаа” л гэж байна. Бид хоёрт нэг нэг хутга, өөрөө нэг хэт авлаа. Тэгсэн маргааш нь Элчин сайдын яамны жолооч ирээд онгоцны билетээ авахаа явъя гэж байна. Очоод билетээ авахаар болсон чинь нөгөө мөнгө нь байдаггүй, өчигдөр юм авчихсан. (инээв) Жолооч биднийг загнаад л, Элчин сайдын яамны Нарийн бичгийн дарга Оросоо гээд хүн буулгаж өглөө. “Та нарыг буцаана, яасан задарсан улс вэ” гээд л. Тэгсэн нэг хөгшин ороод ирлээ. “Хүүхдүүд яахав анх удаа гадаад явж байгаа юм байна. Анх удаа явахад ч алдах, онох юм байдаг юм даа, миний хүүхдүүд. Та нар чинь зардлынхаа мөнгөөр юм авчихсан байна ш дээ. Одоо яахав, бид нар нөхөж өгөөд их сургуулиас нэхэмжлээд дараа нь авчихъя” гээд тэгээд нэхэмжлээд авч байлаа. 

- Тэнд очоод яаж, хаана амьдарч байсан бэ? 

- Энэтхэгт очлоо. Уг нь эндээс хэлний академид явууллаа гэсэн юм. Тэгсэн нэг айлд очдог юм байна. Академи нэртэй, бүгдээрээ доктор цолтой нэг тийм айл. Дороо хоёр эрдэм шинжилгээний ажилтантай. Хичээлийн хөтөлбөр, багш гэж юу ч байхгүй. Хоёр давхар том байшинтай, тэндээ нэг нэг өрөө өглөөдөө. Хичээл гэж юм байхгүй. Нэг хүн гаргаж өглөө, түүнтэй нь хэл нэвтрэхгүй, мэдэх юм байхгүй. Тэгээд гурвуулаа ярилаа, одоо яах вэ гээд. Нэгэнт л бүгд багш байсан юм чинь өөрөө өөрсдөдөө л заая. Сурах хөтөлбөрөө гаргая, тэгээд тэрүүгээрээ бие дааж хичээллэе гэж  ярилцлаа. Тэгээд нэг нэг ном бариад л хэдэн толь дамжуулаад орчуулж гарлаа. Би “Панчтантра” гээд нэг ном барилаа. Эхлээд үгээ хиндү хэлнээс англи толь руу, англи толиос орос толь руу, орос тольноос монгол руу харна. Дамжиж дамжиж нөгөө үгээ олж авна. Ийм маягаар өдөрт хоёр өгүүлбэр олж авбал дээдийн юм. Ийм байдлаар хоёр сар болж байтал Делид Оросын соёлын төв гэж байлаа. Тэнд хиндү хэлний мэргэжилтэн ирсэн байж. Тэрийг олоод 250 рупийний тэтгэлгээсээ 100, 100-г өгч, хоёр сар дүрмээ заалгаж авлаа.  Дүрмээ заалгаад авахаар сайхан болж байгаа юм л даа. Тэрнээс хойш сайхан болсон доо. 

Өнөөх айл маань хатуу хиндү шашинтай, мах оруулахгүй. Тэгээд бас хотын төвөөс холоо, бүр хөдөө шахуу тийм айл. Эхний хэдэн сар тэтгэлгийн мөнгө буухаар хотын төв орж махтай хоол иднэ дээ. Уг нь эхний хоёр, гурван сар дандаа өөрсөдтэйгөө хамт хооллодог байлаа. Тэгсэн сүүлдээ бид гуравт тусгай хоол хийж өгдөг болоод өнөөх хоол юу ч байхгүй боллоо. Нэг муу хуурай гамбир, хоёр шарсан төмс өгдөг юм байна. Ингээд нэг өдөр өнөөх эзэн дээрээ орлоо. “Бид нар монгол хүмүүс. Ямар хоол иддэгийг та мэднэ” гэсэн чинь өнөөх хүн “Яахав би ойлгож байна. Та нар ойр хавьцаа нэг байр олоод тэндээ хоолоо идчихээд эндээ амьдраад байхгүй юу” гэж байна. Тэгээд хайсан чинь километр хэртэй газар нэг айл бүтэн нэг давхар, тав зургаан өрөө байраа түрээслэнэ, өрөөгөөр нь салгаж түрээслэхгүй гэдэг юм байна. Хоорондоо ярилаа. Өглөө хоол идэхээр энд ирнэ, өдөр хоол идэхээр ирнэ, орой хоол идэхээр ирнэ. Хамаг сурах цагаа нааш цаашаа явсаар үрчих юм байна. Ер нь эндээ амьдарвал яадаг юм, айлдаа өдөртөө нэг очиж хичээлээ хийж байя гэж яриад эзэндээ хэлтэл зөвшөөрдөггүй. “Би та нарын аюулгүй байдлыг хариуцаж авчирсан. Танай Элчин сайдын яам л мэдэх ёстой” гэдэг юм байна. Үдээс хойш Элчингээс хоёр хүн ирлээ. Учраа хэлсэн чинь гаргахгүй, дэмий юм ярь л гэж байна. Гэтэл Бадраа “Та нар хөрөнгөтний хөгшин чонотой нийлээд намайг дарлах гэлээ. Би ингэж чадахгүй. Та нар хүн учир явдлаа хэлээд байхад яагаад чаддаггүй юм. Намайг буцаагаад аль, би байж чадахгүй” гээд шуугиж гарлаа. Бид хоёроос асууж байна. “Бид хоёр яахав дээ. Асуудлыг шийдэж өгвөл зүгээр л байна” л гэлээ. Хоёр хоногийн дараа дуудаад “Бадрааг нааш нь тат гэж байна. Та хоёрыг тэвчээртэй байж сур гэж байна” гэдэг юм байна. Ингээд Бадраа маань таван сар болоод буцсан юм. 

- Халуун нь хэцүү биз?

- Тэгэлгүй яахав. 40 градус халуун. Өвөл нь бага хугацаанд хорин хэд рүү орно. Тэр үед Энэтхэг одоог бодвол харанхуй бүдүүлэг байлаа. Хөлсөө цувуулаад л, өрөөндөө нүцгэн сууж л хэдэн жил болсондоо. 

- Англи хэл бас үзэх үү? 

- Энэтхэгт бүх юм англи. Тэгээд гурван сар болоод Элчин сайд дээр орлоо. Хэрэв биднийг Энэтхэгт ажиллуулах гэж бэлтгэж байгаа бол англи хэл үзмээр байна. Хинди хэлийг юунд ч ашиглахгүй байна шүү дээ гэтэл Элчин сайд “Та нарыг хинди хэл сур гэж явуулсан. Манайд англи хэлний мэргэжилтэй хүн далай шиг бий. Англи хэл сураад цаг үрсэн байвал хатуу ярина шүү” гэхгүй юу. Тэгээд бид нар тэтгэлгийнхээ хэдэн мөнгөнөөс англи хэлний багш авч нууцаар заалгасан. Өөрөөр хэлбэл, хинди хэл илээр, англи хэл нууцаар заалгасан байхгүй юу. 

Тэгсэн өнөөх айл чинь машинаар бичсэн нэг бичиг өгч байгаа юм. Энэ хүн манайд хоёр жил англи, хиндү хэл үзсэн нь үнэн. Англи, хиндү хэлээр ном уншиж, бичиж, ярьж чадна гэсэн бичиг өглөө.

- Тэнд хэр удсан бэ? 

- Хоёр жил болоод ирлээ дээ. Тэгсэн өнөөх айл чинь машинаар бичсэн нэг бичиг өгч байгаа юм. Энэ хүн манайд хоёр жил англи, хиндү хэл үзсэн нь үнэн. Англи, хиндү хэлээр ном уншиж, бичиж, ярьж чадна гэсэн бичиг өглөө. Нямсүрэн маань шал дэмий хоёр жил явлаа, хайран хоёр жил гээд ирсэн дариугаа их сургуулийн сэтгүүлзүйн ангид орчихдог юм байна. 

Би эргэлзээд, аргаа ядаад Монгол хэлний Пагва багш дээрээ очлоо доо. Тэгсэн нэг хэл сурна гэдэг нэг их сургууль төгссөнтэй адилхан байдаг юм. Тэр марксизм, ленинзмийг чинь хүртэл уншаад өгнө. Дахиад явуулдаг юм бол дахиад яв гээд. Тэгэхээр нь Төв хороонд өргөдлөө гаргаад дахиад хоёр жил явсан.

- Өнөөх айлдаа очих уу? 

- Үгүй, Элчин сайдын яаман дээр байрлаад англи хэлээ нууцаар явж багш дээрээ очиж заалгадаг, хиндү хэлний багш ирж заадаг ийм байлаа. 

- Та Цэдэнбал даргатай сонин тохиолоор уулзсан гэдэг. Ямар дүрээр сэтгэлд тань үлдсэн бэ?

- Бид хоёрыг буцахаас өмнө, жил есөн сар болоод байхад Цэдэнбал дарга айлчилсан юм. Нэг өдөр Элчин сайдын яаман дээр дуудаж байна гэнэ. Очсон чинь “Энд бүх юм англи хэл дээр явж байна. Олон нийтийн цуглаан дээр нутгийн хэлээр нь хэлчихмээр байна. Орчуулдаг хүн байна уу” гэж л дээ. Тэгээд бид хоёрыг авчирсан байж. Тэр үед Энэтхэгийн эртний Моголын үеийн том хэрэмний өмнө гаднын төрийн удирдагчид үг хэлдэг байлаа. “Цэдэнбал дарга маргааш шууд олон нийтийн цуглаан дээр үг хэлнэ. Энийг та хоёр орчуулаад хэл, орчуул” гэдэг байгаа. Намын даалгавар юм чинь хийхээс өөр яахав. Өдөржин, шөнөжин суугаад орчууллаа. Тэр үед чинь Неру Ерөнхий сайд байлаа. 

Өнөөх хоёрыг дагуулаад л гарлаа даа. Дарга “Би өгүүлбэр өгүүлбэрээр нь хэлээд байна, чи орчуулаад байгаарай” гэж байна. Хүмүүс тэгсэн алга таших газар нь алга ташаад, уриа хашхирах газар уриа хашхираад л байна шүү. Ойлгоод л байх шиг байна. Тэгээд нэг юм дууссан чинь Цэдэнбал дарга “Чи чинь их сайн орчууллаа ш дээ. Миний тэгэх байх гэсэн газар энэ улс инээгээд, хөөрөөд л, алга ташаад, баяр хүргээд байлаа. Чи чинь юун хүн энд байж байдаг юм” гэнэ. Хоёр оюутан энд сурдаг юм аа гэсэн чинь “Аль сургууль” гэж байна шүү. Бид хоёр айлд байдаг юм аа гэсэн чинь “Айлд аа, ямар сонин юм бэ. Би явахаасаа өмнө та хоёртой уулзанаа” гээд л яваад өглөө. Түүнээс хойш дөрөв тав хонож байтал Элчингийн ажилтан өнөөдөр дарга хүлээн авалттай, та хоёр ирж хоол ид гэдэг юм байна. Бид хоёр ч уухайн тас очоод, энэ тэрүүгээр явж хоол идээд л, даргын нүднээс дөлөх шинжтэй. Тэгтэл дарга явах гэж байгаа бололтой, машин руугаа гарав шүү. Ашгүй явлаа, энэ том хүнтэй уулзаад юугаа ярина гэж бодоод байж байтал гаднаас “Хоёр оюутан байдаг гэсэн би уулзъя гэсэн юм сан. Ойрхон байна уу, уулзъя л гэж байна шүү”. Тэгээд эргэж ороод бид хоёрыг суулгаад асуулаа даа. 

“Сайн сурч байна уу?”

“Сайн, сайн” 

“Та хоёр айлд байдаг гэсэн. Юу идэж ууж байна”

“Хэрчсэн талх, аяга хар цайтай л иддэг. Өөр юм иддэггүй юм даа” 

“Өдөр юу иддэг юм”

“Шарсан төмс, хуурай гамбир л иддэг дээ” гэсэн чинь дарга яамны ажилчид руу “Сонсож байна уу” гээд л хашхирч байна. Тэгээд “Хэлэх юм байна уу” гэж байна шүү. Тэгэхээр нь англи хэл л сурах чухалтай байгаагаа хэллээ дээ. Англи хэл сурахыг зөвшөөрч, англи хэлний багшийн цалин олгож өгөөч гээд л. “За мэдлээ, төвөөс хариу өгнө” гээд л яваад өглөө. Сар гаруйн дараа Элчин сайдын яам дуудаж байна гэнэ шүү. Яваад очлоо. Тэгсэн Дүгэрсүрэн сайд жигтэйхэн ууртай байна аа. Өрөөнд нь орлоо. “Та хоёр хэнтэй, юу ярьснаа мэдэж байна уу. Ер нь нэг жаахан зарчимтай байвал таарна” гээд загнаж байна аа. Жаахан байж байснаа “Та хоёрыг англи хэл үзэхийг зөвшөөрсөн. Багшийн цалинг Элчингээс олгоно. Сайн багш олоорой” гэлээ дээ. Ингэж нэг гялайх гэж бодож байтал “Та хоёрын цалинг нэмсэн. 1000 болгосон” гэдэг байгаа. Тэгэхэд л Цэдэнбал дарга гэдэг чинь ямар сайн хүн бэ гэж бодогдож билээ. 

Ингээд эргэж очоод хоёр жил, хоёр багшаараа хэл заалгаж, 1000 рупийний цалинтай мундаг оюутан болоод, төгсөж ирээд Гадаад харилцааны яаманд ажилд орсон доо. 



“Цагийн багш хийж цуглуулсан мөнгөөрөө орчуулагчдыг шагначихдаг юм даа” 


“Энэ ертөнц гэрэл гэгээгүй харанхуй бүрэнхий цагт өвсөөр бүтсэн Сваямбхү гэгч усанд үр хийж тавьснаас алтан туяа  цацарсан өндөг гарчээ. Тэр өндөг хагараад энэ харанхуй ертөнцийн гэрэл гэгээ Брахма гарав. Брахмагаас ертөнцийн бүх юм үүсэн бүрэлджээ…”. Энэтхэгийн эртний их туульс Махабхарата ийн эхэлдэг. Өдгөөгөөс 4000 жилийг туулсан дорнын соёлын их туульсыг монгол хэлээр уншиж, ид шид, тэнгэр нэр, хаад ноёд, ураг хуримын гайхалтай өгүүлэмжид автах боломж надад хожуу тохиож билээ. Хэн, хэзээ орчуулсныг ч үл анзаарч явсаар хэзээ хойно хавтасных нь дотор талд Ж.Гэндэндарам гэсэн нэр байхыг харсан юм. Мөн хуучин тэмдэглэлийн дэвтэртээ “Бхагавата-Гийта” зохиолоос, 

Бүхий л амьтныг өөртэйгөө адил бодож

Бүхний амсдаг зовлон жаргалыг

Өөрийн зовол жаргал гэж үздэг

Өгөөмөр сэтгэлт бүхний дээд буюу гэсэн мөрийг тэмдэглэж авснаа олсон юм. Эх хиндү хэлнээс нь эртний Энэтхэгийн сонгодог туульсыг унших эрдмийг энэ л хөдөөх малчны хүү олж ирэхээр цаст Хималайг давж одсон нь 70 жилийн тэртээ. Тэр цагаас хойш эртний сонгодог уран зохиолын 10 гаруй, англи, хиндү хэлнээс нийт 20 гаруй ном орчуулсан байна. Эдгээр бүтээлд эртний дорно дахины сургаалын зохиолын 71 мянган мөр шүлэг багтсан гэвэл түүнийг хэчнээн шөнө ширээн дээр бөгцийж хоносныг таахад ч бэрх. Хиндү хэлийг бүрэн сурсан анхны гэхээр энэ эгэл орчуулагч хүн төрөлтний бахархан шүтсэн 4000-5000 жилийн өмнөх түүхийг өгүүлэх туульсыг “зуун” эх орондоо тэмцэж ниссээр иржээ.


- Таны анхны орчуулга ямар ном байсан бэ? 

- Оюутан байхдаа нэг жижигхэн роман орчуулсан, “Апа” гэж. Анхны номоо орчуулаад 1961 онд нааш нь явуулчихлаа. 1962 онд ирээд Хэвлэлийн үйлдвэр дээр очсон чинь мэдэх хүн алга. Хэвлэл хариуцсан хүн дээр орлоо. Тэгсэн чинь үсгийг нь ороод агуулахад аваачаад хураачихаж. Ингээд анхны ном маань 1963 онд гарч байлаа. Хоёр дахь ном нь “Панчтантра”. Нэлээд цаг авсан. Учир нь, Энэтхэг шүлгийн маягаар үеийн шүлэг хийх гэж их удсан. Үеүд нь дотроо таарсан. Дөрвөн мөр шүлэг байхад эхний хоёр, эсвэл сөөлжөөд хоёр хоёроороо үеүд нь таарч байх ёстой. Үгээ хайгаад л, юм уншаад л явчихна. Энэ орчуулга дээр л монгол хэл маань үнэхээр баян гэдгийг ойлгосон. Дөрөв, таван жил орчуулсан шүү. Бусад нь яах вэ, нэг жил, тав зургаан сар л явчихдаг юм. 

Ажилтай үед бол цаг муу байж дээ. Ажиллаж байхдаа дөрөвхөн ном орчуулсан. 1989 онд тэтгэвэртээ гараад л орчуулгаа идэвхтэй хийсэндээ. Хүн тэтгэвэрт гарахаараа их боддог юм билээ. Би нэгэн насаараа төрийн хэргийг залгууллаа, одоо чадалгүй болжээ. Жам ёсоороо тэтгэвэрт гарлаа. Гэхдээ би чинь энэ насандаа хоёр хэлийг өөрийн болгосон юм. Миний хоёр хэл надтай цуг тэтгэвэрт гарчих юм уу гэж бодсон. Тэгээд хиндү хэлээр Энэтхэгийн хэдэн сонгодог зохиолыг орчуулаад монгол түмэндээ барьчихъя гэж бодлоо. Англи хэлийг бол яахав, орчуулахын хажуугаар их, дээд сургуульд багш хийе. Сүүлд эчнээгээр таван жил сураад диплом авчихсан учраас багш хийх эрхтэй. Ингээд 1989 оноос 2013 он хүртэл багшилсан. 

Би чинь гучаад жил гадаад яаманд ажилласан хүн. Гэтэл над шиг Энэтхэг, Афганистанд ажилласан хүн юугаараа авчрах вэ агаарын замаар л явдаг юм чинь, дээр нь гадаадад ажиллахад өртөг ихтэй.

Тэр үед манайхан гадаад яаманд ажилладаг улсыг их баян гэж ойлгодог байлаа. Төмөр замтай газар ажилладаг хүмүүс ядаж нэг мебельтэй болдог байсан байлгүй. Би чинь гучаад жил гадаад яаманд ажилласан хүн. Гэтэл над шиг Энэтхэг, Афганистанд ажилласан хүн юугаараа авчрах вэ агаарын замаар л явдаг юм чинь, дээр нь гадаадад ажиллахад өртөг ихтэй. Сүүлд Энэтхэгт ажиллаж байхдаа хурааж хурааж 4000 доллартай ирж, “Москвич” авч унасан. Тэрийгээ дипломатын академид Орос руу сурахаар явахдаа зараад, нааш цаашаа зардал хийгээд л үрчихсэн. Дараа нь Афганистанд байхдаа бас жаахан мөнгө цуглуулаад оросоос “24 машин” оруулж ирлээ. Оруулаад ирсэн чинь зөвшөөрдөггүй. Улс төрийн товчооны унадаг тэргийг хувь хүн унахгүй гээд. 1970-аад оны сүүл шүү дээ. Ингээд хайрцагтайгаа Долоон буудлын нэг хашаанд хэвтэж байдаг. Тэгээд 1984 онд Энэтхэг рүү явахдаа Замын цагдаагаас “Явахаасаа өмнө  машинаа уначихаад явъя” гэж гуйж байгаад түр үнэмлэх гаргуулж, машинаа сар уначихаад явсан даа. 

- Тэтгэвэрт гараад юу болов? 

Тэгээд би ч бодлоо. Тэтгэвэрт гарлаа, мөнгө байхгүй. Ингээд цагийн багш хийж эхэлсэн. Цагийн багшийн үнэлгээ ч гайгүй байлаа л даа. Тэрийгээ хураагаад л байлаа. Орчуулгын эрдэм гэдэг сайхан эрдэм, гэтэл орчуулагчдыг үздэг хардаг, үнэлдэг хүн алга. Орчуулгын эрдэмд дэм өгчих юм сан, урам хайрлачих юм сан гэж эртнээс бодсон. Тэгээд 2013 он болоход 50-60 сая төгрөг болчихжээ. Ингээд л "Билиг гүүш" шагналыг гардуулж эхэлсэн юм. Тэр мөнгөний нэг жилийн хүү хүрэхгүй, тэр чинь зөвхөн шагнал нь 5 сая, тэгээд хэвлэл мэдээлэл, өргөмжлөл, тэмдэг гээд дор хаяж нэг удаад нь 8-9 сая төгрөг орно. Тэгэхээр чинь хоёр жилийн хүү нь арай гэж хүрч байгаа байхгүй юу. Уг нь чадал байдаг сан бол жил болгон өгөхгүй юу. 

“Рамаяана”, “Махабхарата”, “Бхагавата-Гийта” гээд эртний Энэтхэгийн энэ туульсыг монголчууд яагаад унших ёстой талаар тодруулж хэлэхгүй юу? 

Энэ бол эртний Энэтхэгийн 5000-3000 жилийн өмнөх түүхийг өгүүлсэн зохиолууд. Дорно дахины соёлыг төлөөлөх судрууд юм даа. Гэтэл өрнө дахинд гэхэд л Хомер 2000 жилийн өмнөөс эхэлнэ. Бид нар дорно дахины соёлын бүтээлүүдтэй танилцъя гэвэл энэ хэдэн судруудтай л танилцах хэрэгтэй юм байгаа юм даа. Бид нэгэнт дорнын улс учраас танилцчихвал зүгээр юм. Нийтдээ арваад сонгодог зохиолууд бий. Наад тал нь 1000 жилийн өмнө зохиогдсон, цаад тал нь 4000 жилийн өмнөх бүтээлүүд бий. 

- Орчуулж байх үеийн ажиллах хуваарь тань ямар байв? 

- Би ер нь дандаа гараар бичиж орчуулдаг хүн. Гараараа хийхдээ цаасан дээр балын харандаагаар хийдэг. Хэд ч зассан болно шүү. Орчуулгаас болж хэдэн ч удаа өвчин тусаж, ухаан алдаж унаж байсан үе бий. Анх Энэтхэгээс ирээд  “Ядуугийн зовлон” романыг Хэвлэлийн хороон дээр бүртгэлд өгчихлөө. Тэгсэн 1976 оны нэг өглөө утсаар ярьж байна. Одоо нөгөө ном чинь хэвлэгдэх гэж байгаа, таны орчуулга бэлэн биз дээ гэж байна. Би нөгөөхөө орхичихсон. Ингээд л орой ажлаасаа ирээд л орчуулдаг ажилтай. Тэгэхэд Ногоон нуурын тийшээ ээжтэйгээ хамт амьдарч байлаа. Орой ирээд л гэрийнхээ нэг муу ширээн дээр нэг сараас таван сар хүртэл орчуулаад, таван сараас долоон сар хүртэл машинаар цохиод дуусгаж байсан. Тэгээд миний суудлын мэдрэл өвдөөд олон жил зовоолоо. “Шри Рам Чандра” гээд лут номыг орчуулаад бүр ухаан алдаж унасан байгаа юм ш дээ. Өөрөө мэдэхгүй. 

Би өөрөө нэг юм эхлэхээр улайрчихдаг. Яах вэ гэхдээ, үүний хүчинд монгол улсад нэртэй явж байна даа. Одоо би өөрийнхөө тухай ном бичиж байгаа. Би хоёр зуун, хоёр нийгмийн амьд гэрч. Тиймээс надад энэ туулсан замын дотор хойч үедээ хэлж үлдээх юм байна. Уржнан эхэлсэн, энэ жил дуусгалаа. Шүлгээр өгүүлээд, үргэлжилсэн үгийн тайлбартай, англи орчуулгатай.

Би хиндү хэлний зарим зохиолыг англи хэл рүү орчуулсныг үзсэн л дээ. Тэрийг бас зарим нь монгол хэлд орчуулсан байдаг юм. Надад их л сонин санагддаг юм даа. Их сайхан шулуун замаар давхиад хүрчихийн оронд замдаа айлд буугаад суугаад байгаатай адил санагддаг.

- Дам хэлний орчуулгыг хэрхэн хүлээж авдаг вэ?

- Би хиндү хэлний зарим зохиолыг англи хэл рүү орчуулсныг үзсэн л дээ. Тэрийг бас зарим нь монгол хэлд орчуулсан байдаг юм. Надад их л сонин санагддаг юм даа. Их сайхан шулуун замаар давхиад хүрчихийн оронд замдаа айлд буугаад суугаад байгаатай адил санагддаг. Зарим нь хасна, зарим нь нэмнэ. Манай хуучны Ганжуур, Данжуур дотор байгаа номнуудын орчуулгыг аваад үзэхэд ч биш байдаг юм шүү. 

- Орчуулгыг эх хэлний үгийн сан, сайн найруулгад тулгуурладаг гэж боддог. Та өөрийн эх хэлний найруулгыг хаанаас олж авсан бэ? 

- Би арваад жил монгол хэл, түүхийн багш байлаа. Сүүлд нь ганц хоёр хэл сурч, 40, 50 ном орчууллаа. Тэгэхээр надад хэлний суурь байна аа даа. Англи хэл, англи хэл л гэнэ. Жишээ нь, англи хэлэнд хязаалан, байдас гэсэн үг бий юу. Байхгүй шүү дээ. Нэг настай адуу, хоёр настай адуу л гэж явна. Монгол хэлэнд бичих гэдэг үгийг янз бүрээр хэлнэ. Сараачна, татална, бичнэ гээд гэтэл англи хэлэнд ганцхан write шүү дээ. Тэгэхээр монгол хэл шиг баялаг сайхан хэл байна уу. Байдаг байх л даа, би л ингэж мунхаглаж байгаа юм.  

Өөрийн түүхтэй, өөрийн хэлтэй, өөрийн улс гүрнийг байгуулсан улс дэлхийд цөөхөн. Европ чинь ердөө словян соёл шүү дээ. 

- Танд хиндү хэлний орчуулгаар бэлтгэсэн шавь бий юу? 

- Байхгүй. Англи хэлээр бол олон шавь байна. 

- Одоо ямар нэг орчуулга хийж байна уу? Голцуу зуслан дээр байдаг бололтой. 

- Өөрийнхөө тухай ном бичиж байна. “Би”, “Багш” гэхчлэн 16 бүлэгтэй. Дандаа шүлэглэсэн хэлбэрээр бичээд үргэлжилсэн үгээр тайлбарласан. Тухайлбал, ийм нэг шүлэг байна “Хүн болсон юм” гэж. Би дандаа зургаан мөрөөр шүлгээ бичдэг. 

Эрдэмтэй ертөнцөд гэгээрч 

Эрэмбэтэй ертөнцөд хүмүүжиж

Ажилтай ертөнцөд хөдөлмөрлөж

Андтай ертөнцөд нөхөрлөж

Найргийн хорвоод уярч

Наадамтай ертөнцөд цэнгэж хүн болсон юм аа би гэж. 

Ингээд хажууд нь англиар шууд орчуулаад явчихна. Энэ номондоо монгол зохиолчдын шилдэг бүтээлийг оруулчих юм сан гээд Ринчен гуайн “Бэр цэцэг”-ийг англи хэл рүү орчуулчихаад байж байна. Мөн “Жордан Брүнод хайртай” гээд бас нэг гоё шүлэг байна. Тэрийг бас оруулахаар бэлдэж байна. 

- Орчуулагчийн ажил хүнд гэдэг. Биеэ эрүүл байлгах тал дээр хэрхэн анхаардаг вэ? 

- Би бол биеэ их орой барьж авсан хүн. Түүнээс эрт барьсан бол илүү л байх байлаа. Тэр үед нэг их үнэн зүйл “Үнэн” сонин дээр гарсан юм. “Эмийг орлох хөдөлгөөн бий. Хөдөлгөөнийг орлох эм” байхгүй гэж. Тэр үед Гадаад яам дотроо гуанзтай. Бид нар үдийн завсарлагаанаар гялс хоолоо идчихээд манай өрөөнд орж ирж шатар тавина. Намар, хавар цонх онгорхой болохоор мэдэгдэхгүй, өвөл арванхоёрдугаар сар болсон чинь цонхоо хаачихсан нөгөө тамхины утаатай бүгчим агаарт суух болдог. Нэг мэдсэн гэнэт миний даралт ихдээд нойр ч хүрэхээ болилоо. Тэр үед сонин дээрээс тэрийг уншихгүй юу. Тэгээд ер нь больё гэж бодоод нэг өдөр тоглохоо болиод Замын цагдаа дамжаад төмөр зам хүртэл алхаад буцаж ирэх гэхчлэнгээр долоо хоног явсан чинь зүгээр болдог байгаа. Тэрнээс хойш л хөдөлгөөний ач тусыг олж авсан даа. Өглөө босоод нэг цагийн турш бүхий л эрхтэнгээ хөдөлгөнө. Бүр нүд, хамар, буйл муйл, хөлнийхөө эрхий хурууг хүртэл. Өдөр болгон энийг давтана. Өнөөдөр журам алдчихаж байгаа юм даа. Уг нь хөгшин бид хоёр чинь өдөр 2.30 цагийн үед хоолоо идээд дөрвөн цагт яг 10 минут унтана. Тэгээд алхана даа, дор хаяж 2-3 километр алхана. Хотод байхдаа ч их алхдаг байлаа. Зайсангийн эцэст буугаад цаашаа алхана. Хичээлтэй байсан, шөнө байсан ч алхахаа өнжихгүй. Ийм л журамтай хүн дээ. Амьтан хүртэл дасгал хийдэг юм байна ш дээ. Манай арын хашаанд Арслан гээд нохой байдаг байлаа. Сүүлдээ хөгшрөөд, алхана. Манай хашаагаар дамжаад яг нэг замаараа алхана. (Инээв)



“Мөндөр шиг суман дунд толгойгоо бариад л 

гүйдэг юм билээ” 


Гучаад жил гадаад явдлын яаманд ажиллаж, хилийн чанадад дөрвөн удаа томилогдож ажилласан дипломатч хүний дүрийг өдгөө бид хэрхэн төсөөлөх вэ? Өндөр албан тушаал, бэл бэнчин, эрх мэдлийн аль альнаас дутаагаагүй өег цатгалан хүний дүр л бууж мэднэ. Бүгд тийм биш ч нийгмийн төсөөлөл ийм болчихсон нь маргаангүй. Харин тэр энэ төсөөлөлд нийцэхгүй. Эгэл борог хувцастай, жирийн модон байшинд сууж, гэрийнхээ хойморт бярууны элдсэн арьс дэвсгэр болгон тавьж, шөлтэй хоолоор биднийг дайлж, урагдаж навсарсан хүлэмжээ харан шогширно. Хоёрхон удаа машинтай болохдоо өөрөө ч унаж чадаагүй гэдгээ яриад чин сэтгэлээсээ инээнэ. “Тунгалаг сэтгэл зүрхтэй хүнтэй учирна гэдэг сайхан” гэж аав хэлдэг. Тэр бол миний учирч явсан цөөн тунгалаг сэтгэлтний нэг. Хашаанд тарьсан чацарганы зулзган модыг хүүхдээ харж буй мэт хөхин харах түүний нүднээс би өвөөгөө олж харах шиг болж билээ.


- Та гадаадад олон жил элчингээр суусан. Аль аль улсад ажиллаж байв?

- Энэтхэгт Элчин сайдын яаманд гурван удаа томилогдож, Афганистанд нэг удаа явсан. Афганистанд би анх Элчин сайдын яам байгуулж очсон хүн дээ. 1978 онд Афганистанд хувьсгал гараад тэр ондоо социалист орнууд Кабулд Элчин сайдын яамаа нээнэ гээд би очиж байшин хашааг нь худалдаж аваад, Элчин сайдын яамыг анхлан байгуулсан нь тэр. Одоо хүртэл миний худалдаж авсан гурван байшин байж л байна гэнэ лээ.  Яам нь Монголын нэр дээр хадгалчихсан байна гэсэн шүү.

Би тэнд гурван жил болсон. Энэ гурван жил бол байлдааны фронт дээр л байгаа юм шиг байлаа ш дээ. Гурван жил болчихоод нутаг буцаад онгоцонд суусан хойноо эхнэртээ “За чи бид хоёр амьд нутаг буцах хувь тавилантай байж дээ” гэсэн чинь “Байз байз, хил гарсан хойноо л амьд гарлаа гэж бод” гэж байсан шүү дээ. 

Үүдэнд уг нь хоёр цэрэг манадаг байсан чинь нөгөө хоёр чинь буугаа хаячихаад алга болж, тэгээд жолоочтойгоо нэг юм хаалгаа түгжих гээд л гарсан чинь гэнэт сум тасхийгээд явчихлаа.

- Оросын цэрэг Афганистан руу нэвтрэхэд тэнд байсан байх нь ээ? 

- Тэр үе л хамгийн аймшигтай нь. Манай охин тэр үед сургуульд, тэгээд улирлын дүнгээ онц гарвал би шагналд нь бууз хийж өгдөг байлаа. Тэр орой “Би онц гарсан, бууз хийж өг” гээд утасдаж байна. Орой ажлаасаа ирээд буузаа хийгээд л байж байтал жигтэйхэн том юм тэсэрлээ. Юу билээ гээд л утсаа авсан чинь утас, цахилгаан тасарчихаж. Элчин сайд руу л гүйлээ. Би тэр үед зөвлөх байсан юм. Тэгсэн Элчин сайд үүдэн дээрээ гараад зогсчихсон “Одоо яанаа” гээд байж байна. “Яахав үхсэн ч нэг дороо л үхье” л гэлээ. 

Манай Элчингийн байр Ерөнхийлөгчийн ордон, Афганистаны радио телевиз хорооны тэг голд байсан юм. Тэр шөнө энэ хоёрыг л авах гэсэн дайн болсон байхгүй юу. Их сонин, шөнө буудалцаж байхад сум нь цөмөөрөө гэрэлтэй харагддаг юм ш дээ. Тэгээд л бид нэг дороо хүнээ цуглуулж аваад, подвалд ороод л хэвтчихсэн. Үүдэнд уг нь хоёр цэрэг манадаг байсан чинь нөгөө хоёр чинь буугаа хаячихаад алга болж, тэгээд жолоочтойгоо нэг юм хаалгаа түгжих гээд л гарсан чинь гэнэт сум тасхийгээд явчихлаа. Хаалгыг зад цохиод, духыг нь шалбалчихаж билээ. Ийм л айхтар юм болж байсан даа. 

Хүн чинь их сонин, суман дундуур толгойгоо бариад л гүйдэг юм билээ. Хамгаалж байгаа ухаантай юм байлгүй. Гудамжаар шуурга шиг л машин, бууны дуу гараад л, Элчин сайдын яамны ард радио телевизийг хамгаалдаг арван хэдэн танк бүгд шатчихсан. Тэр өглөө долоон цагаас 12 цаг хүртэл тулаан болоод үдээс хойш Ерөнхийлөгчийн ордон руу явчихав уу, холдчихлоо. Тэр үед Ерөнхийлөгч хотоос гадна байсан юм. Шөнийн гурван цаг хүртэл жаахан намжаад дахиад л хотод ороод ирсэн. Өглөө жолоочтойгоо юу болсныг харах гээд нэг юм гарсан чинь гудамжаар дүүрэн орос цэрэг зогсчихсон байсан даа. Гудамжинд явж байхад хажууд хүн үхэж л байна. Эхлээд их айдаг юм билээ, сүүлдээ тоохгүй болно. 

1978 оны дөрөвдүгээр сард хаант засгийг унагах хувьсгал болоод социалист маягийн төрөөр солигдоод социалист орнуудыг дагасан. Тэгсэн чинь дотроо хоёр задраад, социалист үзэлтэй хэсгээ Элчин сайд нэрээр гаргаад, үлдсэнийг барьж аваад хорьчихсон юм. Тэр явсан улс нь оросуудтай цуг орж ирсэн нь тэр байхгүй юу. 

- Та дэлхийн хэдэн оронд явж үзэв ээ? 

- Азийн бүх оронд явсан байх, европын ардчилсан орнуудаар явсан, Америк, Канадаар бас явсан. 40-50 орноор л явсан юм уу даа.

- Түрүүн Орост сурсан тухай ярьсан, хэдэн жил сурсан бэ? 

- Дипломатын академид гурван жил сурсан. Оросын Москвад.



“Өрөөл бусдыг өөр шигээ бодож байвал тэр хайр” 

Доорх асуултуудыг эрт бэлдэж очсон ч нэг л бэргээд байв. Өвөө шигээ хүнтэй хайрын тухай ярих нь эвгүй санагдсан уу, эсвэл хариулахгүй гэж айсан уу, бүү мэд. Тиймээс ярилцлага дууссанаас таван өдрийн дараа дахин холбогдож, утсаар асуултаа тавьсан юм. Цэл залуухан гэр бүл зохиож, амьдралын хатуу хөтүүтэй хүч үзэн өдийг хүрсэн хүнд бидэнд дайх үг мундахгүй гэж бодсон нь буруутсангүй. 

Миний өмнө суугаа буурал үстэй, хэдий 90 хүрч яваа ч далан хэдтэй болов уу гэж харагдах энэ хүн амьдралын замдаа юу үзэж туулаа бол. Бидний мэдэхгүй, бидний таниагүй юуг дайраад гараа бол гэхээс асуултууд ар араасаа өндөлзөнө. Хүний амьдрал гэдэг шавхаж баршгүй олон жижиг түүхээс бүрддэг, тэр түүхийг эвлүүлж, цуглуулсаар бид өөрийгөө бүтээдэг юм байна. Жаргал, зовлонг тэнцүүлэх гэж, өөрийн хүч чадлаа хүрэх зүйлд чин сэтгэлээсээ зүтгэж, бардам омголон өөрийн бодолдоо үнэнч явсны гэрч нь миний өмнө сууж байна. Тэр яриагаа эхлэхдээ алсыг ширтэх мэт нүдээ гийнайлган, хэсэг бодол болоод ярина. Ярианд нь сул үг, бүр найруулгын алдаа ч үзэгдээгүй нь буулгах явцад бүр ч тодорхой болж билээ.


- Бэгзийн Явуухулан гуай та хоёр нэг нутгийнх, нас чацуу улс гэдэг байх аа? 

- Жавхлантын долоон жилийн сургуульд цуг сурч байсан, нэг сургуулийн улс. Явуухулан зургадугаар анги, би тавдугаар ангид сурч байсан. Дараа нь мань хүн Санхүүгийн техникум төгсөөд Архангайд нягтлангаар, би багшаар очиж, нэг дорынх гэж хоорондоо их дотносно. Тэр үед надад нэг дөрвөн мөрт зохиож өгсөн юм. Яасан гэхээр, би багш нартайгаа айлд очих гээд явж байгаад Явуухулантай таараад “Сайн, сайн уу?” гээд яаруу зөрлөө. Тэгсэн тэрэнд гомдоод хичээл эхэлсэн чинь хүүхдээр нэг зурвас явуулжээ. Тэрэн дээр,

Алтан нутгийн сүнсээ хаяад

Алийг мэдэхгүй харийн сүнсийг дагасан

Хугархай хайчны гуя шиг

Холхиж явааг чинь харахад гомдолтой… гэж бичиж. Дараа нь уучлал гуйж, гомдлыг тайлж билээ. Их даруухан урд ажлаа хийгээд суудаг залуу байсан даа. 

- Өнгөрүүлсэн энэ 90 жилийн амьдралаа эргэцүүлэхэд танд ямар санагддаг вэ? Амьдрал гэж ер нь юу юм бэ? 

- Хүн 90 нас насална гэдэг маш их юм туулсан байдаг юм байна л даа. Тиймээс энэ бүхнээ л хүмүүст хэлье гэж нэг ном бичиж сууна. Энд зөвхөн өөрийнхөө тухай биш энэ ертөнцийн түүхийг товч өгүүлсэн юм даа. Хорвоо гэдэг чинь тэр чигээрээ үнэн худал, зовлон жаргалын хослол. Хүн дандаа жаргаж юм уу, дандаа зовж амьдарна гэж байхгүй. Тэр чигтээ хослол шүү дээ. Зовлон, жаргалыг адилхан амсаж, өнгөрүүлж явбал амт нь тэр л юм даа. Сайн муугийн амтыг мэднэ гэдэг л амьдралын жаргал. Гэхдээ жаргасан ч зөв жаргаж, зовсон ч зөв зовох хэрэгтэй. Одоо заримыг харахад жаргал, зовлонгоо буруу эдэлж буй хүн байна даа. 

- Гэр бүл, хайр сэтгэлийн талаар юу гэж хэлэх вэ? 

- Гэр бүл жаргалтай сайхан байх нь гэр бүл зохиож буй хоёр хүний цул болох тухай асуудал. Нэг нь үнэн яваад нөгөө нь худал явахаар болдоггүй л юм байна л даа. Юун түрүүнд гэр бүлийн чанарыг ойлгох хэрэгтэй, ойлгосон чанараараа нэг нь нөгөөгөө хүлээж тэсэх хэрэгтэй. Амьдралд янз бүрийн юм тохиолдоно, тэсвэртэй л байх хэрэгтэй. Миний нэг хэлэх гэсэн зүйл нь гэрээсээ хол, бие биенээсээ хол явах хэрэггүй л байгаа юм даа. Амьдралын эрхээр явчихдаг л юм байна. Сурах барих гээд. Ухаандаа би Энэтхэгт дөрвөн жил сураад ирэхэд манай эхнэр өөр хүнтэй нийлээд явчихсан байсан л даа. Гэр бүлийн амьдрал бол бие биенээ тэвчиж хүлээдэг, ойлгодог л байх хэрэгтэй. 

Миний анхны орчуулсан “Апа” роман бол хүн алдаж болох ч алдсан алдаагаа засаж болно гэдэг тухай зохиол. 

Харин хайр бол үнсэлцэж шохоорхохдоо биш нэгнээ бусдаас харамлах сэтгэл төрөх, нэгнээ өөртэйгөө адилхан боддог байх л хайр. Өлсөж ундаассан ч нэгнээ бодох, яг л өөр шигээ бодох. Ажил, амьдралынхаа хэв маягаар нэгнээ өөр  шигээ бодож л явахыг л хайр гэх юм даа. Өөр хүнийг өөр шигээ бодох л хайр. 

- Энэ цаг үеийн талаар ямар бодолтой явдаг вэ? 

- Энэ цаг үеийг ярихаас дургүй хүрэх юм. Арай ч монгол ийм байх ёсгүй юм даа. Бид чинь эртний ёс сургаалтай, ард түмэн нь тэгш сайхан амьдарч явах ёстой улс, гэтэл одоо баян хүний таваг хоолны мөнгөөр ядуу хүн сар амьдарч байна. Адгалж өөрийн нохой идсэн бол, хүний нохой идээд дууслаа ш дээ. Бүх юм буруудчихсан. 

Ер нь зөвхөн социализмд ардчилал байх ёстой юм. Тэрнээс капитализмд ардчилал байх ёсгүй. Үгийнхээ утгаар ч тэр шүү дээ. Ард түмэн цөөнх баян цатгалан хэсгээ шийтгэдэг тэр үзэгдлийг ардчилал гэж байгаа юм. Ард түмэн эрхээ авч байсан үе чинь л ардчилал байхгүй юу. Гэтэл капитализмд ард түмэнд эрх алга, баячуудын л нийгэм байна шүү дээ. Энэ чинь ардчилал биш, худлаа нэр. Гаднын номлолоор явчихсан, ямар ч мэдлэг байхгүй л улс боллоо доо. 

Зөвхөн социализмд ардчилал байх ёстой юм. Тэрнээс капитализмд ардчилал байх ёсгүй. Үгийнхээ утгаар ч тэр шүү дээ. Ард түмэн цөөнх баян цатгалан хэсгээ шийтгэдэг тэр үзэгдлийг ардчилал гэж байгаа юм

Ямар сайндаа Америкийн Россаби гээд эрдэмтний “Орчин үеийн Монгол” гээд номыг орчуулсан даа. Чулуунбаатар гэж хүн “Социологийн хүрээлэн”-гийн захирал байхдаа надаар орчуулуулсан. Одоо тэр ном олдохгүй болсон. Хамаг булхай нь илэрчих гээд тэр номыг хэвлүүлээгүй л дээ. 

Бид тэр социализмыг байгуулах гэж яаж зовж байсныг мэдэх үү. Багшийн сургууль 400 гаруй сурагчтай. Гэтэл өдөрт ганцхан адууны гуя ирнэ. Нэг өдөр шөлөнд байцаа, нэг өдөр хивэгтэй гурил буцалгаж иднэ. Өдөртөө аяганд ганц мах ороод ирвэл азтайд тооцно. Хааяа нутгийн айлд очоод мах иднэ. Ходоод хүлээж авахгүй, ходоодонд өмхийрчихнө. Зун гэртээ очоод тараг, цагаан идээг гэдэс хүлээж авахгүй. Зургаан сарын дундаас эхлээд найман сарын эхэн хүртэл арай гэж нэг юм дасаж байтал буцаад сургууль орчихно. Ийм байдалтай л бид социализмыг даван туулсан. Тэгж байж л үйлдвэр, аж ахуйг бий болгосон юм ш дээ. Гэтэл ардчилал гараад бүхнийг үгүй хийсэн. Манай энэ аманд хүртэл хар тарлан үнээ бэлчиж байлаа ш дээ, энгээрээ. 

- Залуус улс төрөөс холдоод эхэллээ. Аль гайгүй мэдлэг боловсролтой хэсэг нь зугтаад байна. Энэ талаар та юу гэж бодож байна? 

- Чингист ямар боловсрол байсан бэ? Байгаагүй. Хар ухаанаараа л дэлхийн талыг эзэлж дээ. Эрдэмгүй ч ухаанаар юм хийж болно, ухаангүй бол эрдмээр юм хийхгүй. Гадагш дотогшоо яваад сайхан боловсорсон залуус байгаа ч ухаан дутаад байна. Уг нь ухаан, эрдэм хоёр нийлбэл дээдийн дээд юм даа. Төр улсыг удирдана гэдэг эрдэм, ухаан хосолж байж удирддаг. Үүн дээр туршлага бас хэрэг болно. 

Бид ийн ярилцаад өндөрлөсөн. Дараа нь номыг нь гарахаар уншиж дахин ярилцахаар тохирсон. 90 жилийн амьдралын түүхийг энэ хэдхэн асуултад багтаана гэдэг хэт чамлалтай санагдсан тул хэзээ мөдгүй нэг өдөр энэ ярилцлага үргэлжилнэ гэсэн бодол тээн тэднийхээс гарсан юм. 


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
0
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Я.Баяраа 2019.04.26 203.91.116.185

Ойрд ийм сайхан яриа уншсангүй. Яруу яруу.

0 Хариулах