Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Манай үеийн филантроп


“Түмний таашаалд нийцэх гэхдээ юунд ч хамаагүй хөрөнгө оруулж, хэнд ч хамаагүй тусалдаг” хэмээн адлагддаг ч сайн үйл бүтээгчид, өглөгийн эзэд өдгөө улаан номд орох дөхтөлөө цөөрлөө. Хэдэн зуун сая хүнийг нэгэн сүлжээнд нэгтгэсэн Марк Зукербергийг энэ цагийн хамгийн залуу өглөгтнөөр шалгаруулав. Филантроп хэмээх грек үгнээс гаралтай энэхүү нэр тусламж хэрэгтэй бүхэнд өглөгийн гараа сунгадаг, урлаг, соёл, сүм хийд зэрэг олны тусын тулд хөрөнгө оруулдаг хүнийг заадаг. Хүнийг хүн гэдэг утгаар нь хайрлагдагтаа тэд ердийн спонсороос ялгарч, мизантроптой эсрэгцэнэ.



Хүн буянтан байх ёстой юу, хэн хүссэн нь өглөгч нинжин байж чадах уу гэдэг ёс суртахуун, эдийн засаг, шашин, гүн ухааны олон ойлголтыг хөндсөн нүсэр асуулт тул үүнийг  хойш тавин, хүн төрөлхтөний одоогийн түүхэнд өчүүхэн ч атугай гэрэлт мөрүүдийг  бичихээр чармайлцаж буй тэдний тухай өгүүлье.
Өглөгч, буянтан байхын утга учрыг хамгийн энгийнээр дэлгүүрийн лангуун дээрх сүүтэй зүйрлэж болох юм. Бид дэлгүүрээс гашилсан сүү аваад, түүнийгээ ууж, бүр таашаал авч буй мэт дүр эсгэж болно. Гэвч ингэснээр гашилсан сүү эргээд шинэхэн болчихгүйг бид эрхбиш мэднэ. Харин бидэнд  хэн ч хэзээ ч шинэхэн сүү худалдах боломжгүй нөхцөл бол өөр.

Нийгэм, цаашлаад хүмүүс ч үүнээс төдийлэн ялгарахгүй. Нийгэм шударга үнэний эцсийн шүүлтүүрийг тогтоож чадахгүй, хүмүүсийн үзэл бодол хэний буруу, хэний зөв гэдгийг ялгах жингийн туухай харамсалтай нь биш. Нийгэмд ч, хүмүүст ч засаж, зохицуулахад хэдийнэ оройтсон ялзрал, туйлшрал бий.
Буяны үйлсийг олонд таалагдах, нэр хүндээ өсгөх гэсэн явцуу арга хэмээн хүлээж авдаг, тийм маягаар ашигладаг үйлдэл магадгүй хэдэн үе өнгөрсний дараа үгүй болж ч мэднэ.
Өлсгөлөнд автсан, хорт хавдар туссан, дайны хөлд нэрвэгдсэн, хүчирхийлэлд өртсөн үй олон хүний амьдралыг өөрчилж чадах, өөрчилж ч буй буянтнуудын жагсаалтыг кино од, тэрбумтан өнгөлж буй нь магадгүй хардлага төрүүлэх сэдэл болдог биз ээ.

Нөгөө талаас, өглөгчдийг “мөнгөний хүүдий” гэж харан,  тусламжийн хөтөлбөрөөс өөртөө багахан ч атугай үлдээчих гэсэн ховдогуудын бай болно.

“Forbes” сэтгүүл “Credit Suisse”-ийн судлаачидтай хамтран “Шинэ үеийн филантроп” нэртэй илтгэлийг олонд танилцууллаа. Өөрийн хөрөнгөө бусдын тусын тулд зарцуулах хүсэл бол хувь хүний үнэт зүйл гэж орчин үеийн буян үйлдэгчдийн 70 хувь нь үзэж байна.  Буяны үйлст ихээхэн цаг зав, хөрөнгө зарцуулдаг Билл Гейтс, Опра Уинфри тэргүүтэй тэрбумтнуудын хувьд алдар нэр хөөцөлдөх, түүнийгээ бүр ийм аргаар худалдан авах шаардлага огт үгүйтэй дийлэнх маань санал нэгдэх биз.

Түүнээс гадна сайн үйлсийн хөтөлбөрүүд хэрхэн хэрэгжиж, ямар үр дүн өгч буйг хянах, чиглүүлэх хүсэлтэйгээ тэд илэрхийлдэг.

Санал асуулгад оролцсон баячууд  хүслээсээ гадна 36 хувь нь шашны, 35 хувь нийгмийн хариуцлагаа ухамсарласны, үлдсэн хэсэг нь гэр бүлийн уламжлалаа даган сайн үйл хийж буй гэсэн шалтгааныг хавсаргаж байна.

Тиймдээ ч гэр бүлийн уламжлалыг бий болгох шалтгаанаар сайн үйл хийдэг хүмүүсийн дийлэнх нь тусгай  сан байгуулан ажилладаг аж.

Харин шинээр төрөн гарч буй өглөгчид өлсгөлөн, өвчин, ядууралтай тэмцэхээс илүү сансар судлал, байгаль орчин зэрэг глобал төсөлд хөрөнгөө хандивлах хандлага тогтсоныг судлаачид онцолсон байна.
Судалгаанд оролцсон хүмүүсийн талаас дээш хувь нь зарцуулсан хөрөнгө, зохион байгуулсан үйл ажиллагааныхаа үр дүнг 10 жилийн хугацаанд харж, мэдрэх хүсэлтэй.

Нийгэмд тогтсон чиг хандлагыг даган олон нийтийн сүлжээг буяны үйлсийн хөдөлгүүр болгон ашигладгаа ч тэд нуусангүй. Секундын дотор 100 сая хүнд мэдээлэл түгээх боломжтой энэхүү сүлжээ сайн цагийг авчрах, зовсонд туслах асар том механизм болж байгаа аж. Сайн үйлсийн тухай мэдээлэл түгээх хамгийн үр дүнтэй платформоор Facebook, Twitter, YouTube-ийг онцолж буй.

Харин бусдад туслах үйлст хамгийн их саад болдог зүйл бол макро эдийн засгийн байдал ажээ. Бизнесээ амжилттай явуулах, олон нийтийн зүгээс дэмжлэг хүлээхийн зэрэгцээ сайн үйлст гар бие оролцоно гэдэг тэнцвэрийн асуудал, заримдаа бизнесменээс ч хамаардаггүй үйл явц. Ирээдүйн төлөө, хүн төрөлхтөнийг цаашид авч явах дараагийн үед хүн чанар, үнэт зүйлсийг өвлүүлэхийн төлөө үлгэр жишээ болох гэж буяны үйлд зүтгэдэг гэдгээ орчин цагийн филантропууд онцолдог. Тиймээс ч  өндөр хөгжилтэй гэхээс буурай, авлигад идэгдсэн Засгийн газартай, дайн дажинтай бүсэд хамгийн түрүүнд тусламжийн гараа сунгахыг тэд эрхэмлэж байна.

Филантропуудыг бүсээр ангилбал, АНУ-ын буянтнууд шашны байгууллага, эрүүл мэндийн судалгаанд илүү хөрөнгө хаядаг бол азиуд нийгмийн сайн сайхан, хүний хөгжлийн төлөө мөнгө хандивлах хандлагатай. Латин Америкийн тэрбумтнууд боловсрол, шинжлэх ухааны салбарт хөрөнгө оруулахыг эрхэмлэж байхад европчууд хүсэл сонирхлынхоо дагуу арга хэмжээ зохион байгуулдаг, оролцдог.

АНУ, Хятад, Япон, Их Британи, Энэтхэгт амьдардаг, үйл ажиллагаа явуулдаг, 10 сая ам.доллараас дээш хөрөнгөтэй, 264 хүнийн дунд явуулсан энэхүү судалгааны дүнд орчин цагийн филантропуудын талаар хүмүүсийн төсөөлдөгөөс тэр өөр дүр гарч ирж байна.

Эцсийн эцэст шүүмжлэлийн бай болсон ч, хувийн нэр хүндээ өсгөх зорилготой ч бай, магадгүй ачдаа, хүүдээ сайнаар дурсагдах гэсэн хүслээс үүдсэн ч бай, сайн үйл бүтээгчдийн хичээл зүтгэл дийлэнх орнуудын эрх баригч, түшмэдийн хүрэхээр тэмүүлж буй үр дүнг өгсөөр байгаа билээ.
Тэдний л ачаар дэлхий дахинд шинэ шинэ нээлтүүд болж, ухаантнууд төрж, хүүхдүүд үхлийн ирмэгээс холдож, мод цэцэглэж, эмэгтэйчүүд хүчирхийллээс ангижирч байна.

Хамгийн чухал нь тэдний  хүчин зүтгэлийн үрээр Билл Гейтс шиг баян биш, Опра шиг нэр алдартай бус, Марк Зукерберг шиг нөлөөгүй ч сайн үйл бүтээх хүсэлтэй мянган мянган хүн өсөж, торниж, насанд хүрч байгаа билээ.

Эцэст нь, сайн үйл бүтээх, зүгээр л бусдад туслах, хэн нэгнийг энэрэх боломж, цаг зав, нөхцөл байдал бидэнд бас буй. Тэгэхийн тулд хамгийн гол нь нинжин сэтгэл, тусч зан байхад л хангалттай.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
8 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
8 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
санал болгох
1
7 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.