Хайх зүйлээ бичнэ үү

Домогт Фредди Меркьюригийн амьдралаас сэдэвлэсэн "Bohemian Rhapsody" кино дэлхий нийтийг байлдан дагуулж, одоогоор 700 гаруй сая ам.долларын орлого олж, бүх цаг үеийн хамгийн их орлого олсон мюзикль кино болов. Фредди Меркьюри хэвлэл мэдээлэлд тийм ч ойр хүн байгаагүй. Түүний бодол санааг уудалсан цөөн ярилцлагын нэг 1981 онд "Melody Maker" сэтгүүлд нийтлэгдэж байсныг орчуулан хүргэж байна.

-Та хамтлагийнхаа ахлагч нь уу? 

-Үгүй ээ. 

-Гоцлол дуучин нь ахлагч байх нь элбэг болохоор л... 

-Бид ч бас тийм байгаад, одоо энэ үеэ өнгөрөөсөн. Өнөө цагт хамтлагийн ахлагч биш зүгээр гоцлол дуучин л гэсэн дээр, хонгор минь. Хамтлагийн дөрвөн гишүүн өөр өөрсдийн 25 хувийн үүргээ гүйцэтгэж байгаа. Би бол 25 хувийн үүргээ гүйцэтгээд урд зогсож байгаа л хүн. 

-Найзууд чинь таныг ичимхий хүн гэж байсан. Гэтэл тайзан дээр бол та чинь алж өгдөг, өд сөдөө дэлгэн бүжих тогос шиг л байдаг. Таны дотор хоёр хүн байна уу даа? 

-Мэдэхгүй юм, гэхдээ үнэн байх. Яаж тайлбарламаар юм бэ дээ. Тайзан дээр би зугаацахыг хүсдэг. Рок хөгжмөөр дамжуулж дотоодоо гаргах нь сайхан. Гэхдээ нөгөө талаас энэ миний ажил, миний хийх ёстой зүйл гэдгийг нухацтай авч үздэг болохоор тайзнаа гарсан л бол бүхнээ зориулахыг, гаргахыг хичээдэг. 

-Хамтлаг болоод эхэлж байх үед эргэлзээ ер нь байв уу? 

-Эхний хоёр, гурван жил амар байгаагүй ээ. Бид бараг л хамтлагаа тараах тухай яриа хөөрөө болж байлаа. Нэг л болж өгөхгүй, гэтэл хөгжмийн зах зээлд маш олон супер хамтлагууд гараад ирсэн, өрсөлдөөн хэцүү санагдсан. Гэхдээ л бидний дотор урагш хөдөлгөх ямар нэг зүйл байж, сайн муугаасаа суралцсаар тогтож үлдэж чадсан. Манай дөрөв дэх цомог болох “A Night at the Opera” худалдаанд гарах хүртэл бид ямар ч мөнгө олоогүй. Олсон хэдийгээ шүүх, өмгөөлөгчийн мөнгөнд зарж, гэрээгээ цуцлахаар улайрч байсан. Энэ ч зөв болсон доо. Үүний дараа бидний шинэ амьдрал эхэлсэн. 

-Хамтлаг амьдрал дээр ч гэсэн нэгэн цул байж чаддаг уу?

-Үгүй ээ, арван жил болохоор сүүлдээ уйдна шүү дээ, хонгор минь. 

Гэвч маргааш хамтлаг маань тарлаа гэхэд надад харамсах зүйл үгүй. Амьдрал тааварлашгүй бүхнээр дүүрэн, гэхдээ би одоо байгаадаа жаргалтай байна.

-Маргаан зөрөлдөөн хэр их болох уу?

-Тийм юм бараг үгүй дээ. Хэдэн биенийхээ юу хэлэх гэснийг, юу хүсч байгааг хар зөнгөөрөө мэддэг болчихдог. Өөр өөрсдийн хувь чанаараа байхыг илүүд үздэг. Бүхий л шоуны дараа гадаа дөрвөн лимузин хүлээж байна. Тус тусдаа суугаад хүссэн зүг рүүгээ явцгаана. Хамтлагтаа бид яг л ажил шиг хандацгаадаг. 

-Гэхдээ та бүх насаараа “Queen” хамтлагийн “ажлыг” хийж чадах уу? 

-Аа, чи надаас эцсийн өдрийн хугацааг баталгаажуулах гээ юу! Мэдэхгүй ээ. Таван жилийн өмнө энэ асуултын асуусан бол амар байлаа, одоо бол би хэлж мэдэхгүй. Гэвч маргааш хамтлаг маань тарлаа гэхэд надад харамсах зүйл үгүй. Амьдрал тааварлашгүй бүхнээр дүүрэн, гэхдээ би одоо байгаадаа жаргалтай байна. Банкинд байгаа мөнгөтэй л адилхан юм даа. Би бүх мөнгөө өнөөдөр үрээд маргааш сохор зоос ч үгүй сууж байж болно. Тэглээ гээд надад хамаагүй, юу ч өөрчлөгдөхгүй. 

-Хэрвээ “Queen” тарвал та шинэ хамтлаг байгуулах, эсвэл өөр хамтлагт ороод бүхнийг эхлэх үү? 

-Өглөө бүр сэрээд хэрэв “Queen” тарахаар болвол яах вэ гэж боддоггүй болохоор мэдэхгүй байна. Бид оргилдоо хүрэх болоогүй. Хамт хийх олон зүйл бидэнд бий. Саяхан л гэхэд бид Өмнөд Америкийг өөрсдөдөө нээлээ. Жилийн өмнө л гэхэд бид ингэж чадна гэж төсөөлөхгүй байсан. Шинэ газар тоглох, шинэ фэнүүд нээхэд би үргэлж дуртай байдаг. 

-Та толины өмнө зогсоод тайзан дээр хэрхэн аяглахаа бэлддэг үү? 

-Ёстой үгүй. Магад тэгж үзэх хэрэгтэй юм болов уу? Хуучин бичлэгүүдээ бол үздэг, тэндээс дараа нь хэрхэн, яавал зүгээрээ бодож байсан удаа бий. Гэхдээ ер нь би өөрийгөө тэгж их шүүгээд, засаад явдаг хүн биш. Болох юм болдгоороо л болог, хонгор минь. 

-Тайзан дээр үйл хөдлөлийг чинь шүүмжилдэг хүн бий юу? 

-Өө, олон хүн байна. Найзууд маань лав байнга л үглэдэг. 

-Шүүмжлэл хүлээж авдаг төрлийн хүн үү, та? 

-Тийм ээ. 

-Тийм санагдаагүй дээ. 

-Тийм биш ээ. Эцсийн эцэст би л өөрийнхөө босс. Хүмүүс энэ буруу, тэр зөв гэж надад хэлж болох ч эцсийн “шүүгч” би өөрөө. Тухайн нөхцөлдөө тааруулаад юу хүссэнээ л хийхийг би хичээдэг. 

-Хүмүүс таныг юу гэж бодоосой гэж та хүсдэг вэ? 

-Дуугаа хамаг чадахаараа дуулж, үзүүлбэрээ дээдээрээ үзүүлэхийг хичээдэг хүн л гэдгийг ойлгоосой. “Queen”-ий тоглолтыг үзээд буцахдаа цэнгэлийн манлайд хүрсэн, цагийг үнэхээр зугаатай, аз жаргалтай өнгөрөөлөө гэж бодох нь надад эрхэм чухал. Яг л сайхан кино үзсэний дараа төрдөг мэдрэмж шиг. 

Би өөрсдийн хөгжмөөрөө дамжуулж дэлхийг өөрчилнө гэж боддоггүй. Брианы зарим дууг эс тооцвол бидний дуунуудад ямар ч далд агуулга үгүй. Би хувьдаа зугаацах л гэж дуу бичдэг. Түүнийг хүн сонсоод, таашаагаад, дараа нь хэрэглэсэн цаас шиг хаяж орхиод, дараачийнх руугаа орвол болоо. Нэг удаагийн цаасан аяга гэдэг шиг, нэг удаагийн поп гэвэл зохих юм уу. 

-Хөгжмийг бизнес/ажил гэдэг утгаар нь харахдаа та хэр вэ? 

-Ер нь бол ажилдаа бүхнээ зориулж, тасралтгүй суралцахыг хичээдэг. “The Police” хамтлагаар жишээлэхэд арван жилийн өмнөхөөсөө эрс өөрчлөгдөж, бизнес утгаар нь бүхнийг цогц харж чадаж байна. Тэд студид очиж дуугаа бичүүлээд хит болоосой гэж залбираад суудаг хүмүүс биш. Яавал амжилттай болгох вэ гэдэг дээрээ хүртэл маш нухацтай ажиллаж байгаа нь анзаарагддаг. Нэг хит дуу гаргаад л цааш сураггүй болсон олон хамтлаг, дуучин бий. Авъяас гэдэг бол зөвхөн сайн дуу бичээд, энд тэнд тоглоод явахын нэр биш. Бизнесийн тархитай байж бүрэн цул болно. Өөрсдөдөө итгэж байгаа бол болохоос болохгүй хүртэл бүх аргыг туршиж байж хөгжмөөсөө мөнгө олно, хүссэнээ хийх баталгаатай болно. “Queen” ингэж л ажилладаг. 

-Та тэгвэл анхнаасаа л хэн нэгэн миний авьяасыг олж нээгээсэй хэмээн залбирч суугаагүй байх нь ээ?

-“Би ямар аугаа хөгжимчин бэ, ямар гээчийн гайхалтай дуу өчигдөр зохиочихов оо” гээд суугаад байвал хэн ч чам дээр ирэхгүй. Авьяас бол бүхний юмны ердөө хагас нь. Авьяастай уран бүтээлч хорвоогоор дүүрэн бий. Чи тэднээс юугаараа ялгарах вэ? Өөрийгөө үргэлж дайчилж, зах зээлийн дүрмээр тоглох хэрэгтэй. Юу ч үгүй байхдаа хүртэл төлөвлө, бүхнийг хяналтдаа ав. Бизнесийн тархигүй цул авьяас бол юу ч биш л гэж хэлэх гээд байна, би.

-Бүх юм таны хяналтанд байдаг болохоор тайзан дээр гараад үзүүлээд өгдөг байх гэж таамаглаж байна, тийм үү? 

-Тийм ээ, нэг талаар тийм байх. 

-Бүх юм хяналтанд байх заримдаа аймар санагддаг уу? 

-Үгүй ээ, харин ч би өөрийгөө шоглох дуртай. Тайзнаа гараад тийм их юм бодож, сүржин хүлээж авдаггүй. Хэрэв тэгдэгсэн бол би ийм хувцаснууд өмсөхгүй шүү дээ. Өөрийгөө дараа нь хараад шоолж суух би дуртай. Заримдаа тайзнаас үзэгчдээ жоохон явуулж, та нар бол тэнэгүүд гэхчлэн хэлдэг ч энэ бол зүгээр л наргиан. Хэрэв бид өөр хамтлаг байгаад, улс төрийн агуулгатай дуунууд хийдэг байсан бол бүх юм шал өөр. Бид тийм биш болохоор хүссэн салбагараа нөмрөөд тайзан дээр гарч чаддаг. 

-Тань шиг нөлөөтэй, супер од хүн ая дуугаараа дамжуулж дэлхийг өөрчлөх боломжтой гэдэгт та итгэдэг үү?

-Дэлхийг өөрчлөхөө улстөрчдөд орхи. Хөгжмөөр дамжуулж ямар нэг зүйл тунхаглах, дэлхийг өөрчлөх гэдэг маш цөөхөн хүний чадах хэцүү зүйл. Жон Леннон тэдний нэг. Түүн шиг байхын тулд маш их мэдлэг, мэдрэмж, бас ид шид хэрэгтэй. Над шиг хүний чадах юм лав биш. 

-Хөгжимчид “өлсгөлөн” байхдаа сайн уран бүтээл хийдэг гэж ярьдаг. Хамтлагууд хэзээ ч эхэн үеийн уран бүтээлээ гүйцдэггүй гэх яриа ч бий. Санхүүгийн баталгаа, мөнгөнд санаа үл зовох байдал уран бүтээлд нөлөөтэй юу? 

-Хэцүү үедээ сайн тоглоно, хэцүүгээ давсны дараа сайн тоглоно... Ялгаагүй дээ. Миний хувьд баян байна уу, зутарч явна уу тайзан дээр гарсан л бол бүхнээ зориулахыг хичээдэг. Хөлөө хугласан байна уу, сая доллар дансандаа хийсний дараа юу, өр зээлэндээ баригдсан уу гэхээс үл шалтгаалан бүхий л чадлаараа тоглох. Ханиад хүрээд үхэх гэж байсан ч дуулах ёстой бол дуулж, хэн гэдгээ харуулах ёстой. 

-Жаахан онцгүй тоглочихлоо доо гэж гундуухан тайзнаас буусан тохиол байв уу? 

-Тийм ээ, заримдаа. Тийм үзүүлбэрийн дараа бид бие бие рүүгээ үсчиж, орилж, хувцас солих өрөөг нураах шахам энергиэ гаргацгаадаг. Бид өөрсдөдөө маш өндөр стандарт тавьж, нийт үзэгчдийн 99 хувь нь сэтгэл хангалуун гаргах ёстой гэж үздэг. Сан Францискод тоглож байх даа маш их өнгө алдаж, контролоо алдчихсан. Тааруухан юм боллоо гэж мэдэж байсан ч чадлаараа хичээгээд дуусгасан. Үүний дараа аялан тоглотод өөрчлөлт оруулж, гурав дөрвөн тоглолтоо цуцласан. 






-Гэхдээ таны хоолой үргэлж хүчирхэг сонсогддог шүү дээ. 

-Анх эхлэхдээ одоогийнхоос ч илүү цараатай байсан. Гэхдээ би сайн дуучин болсоон. Хоолойгоо хэрхэн ашиглахаа мэддэг болсноос хойш урьд хожидоос илүү дуулж байгаа. Миний хоолой олон гайхалтай зүйлийг “бүтээж” чадна гэдгээ мэднэ. 

-Дуу бичих арга барилынхаа тухай яриач. Төлөвлөгөөнд оруулаад, “За өнөөдөр 02.00 цагт шинэ дуу бичихээр сууна...” гэхчлэн юм байх уу? 

-Дуу бичихэд ямар нэг дүрэм, журам барьдаггүй. Гэхдээ төлөвлөж, дэс дараатай ажиллаж бол чадна. Студи руу очих дөхлөө гэхэд гялс дуусгачихаж ч дөнгөнө. “Bohemian Rhapsody”-г зохиох гэж галзуу юм шиг л ажилласан. Яг ийм дуу бүтээхийг маш их хүссэн болохоор тэр. Харин “Crazy Little Thing Called Love”-ийг бол тав, арван минутанд л бичсэн байх. 

-Одоог хүртэлх хамгийн шилдэг дуу тань юу вэ? 

-Мэдэхгүй юм даа, дуугаа бичиж дуусаад л орхидог. Хэрэв чи намайг хуучны зарим дуугаа яг одоо төгөлдөр хуурнаа суугаад тогло гэвэл би чадахгүй, мартчихсан. Санахын тулд бэлдэх хэрэг гарна. Тоглолтын өмнөх өглөө эртлэн босоод дуунуудаа давтаж, эргэн санадаг. Яагаад гэвэл би маш амархан мартчихдаг. Жишээ нь, “Love of my life”-ийг төгөлдөр хууран дээр бичсэн хэрнээ тайзнаа бол гитартай тоглодог болгож өөрчилсөн. Эх бичигдсэнийг нь би одоо мартсан бөгөөд яг одоо төгөлдөр хууран дээр тогло гэвэл чадахгүй. 


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
0
37
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

N 2019.01.07 27.123.214.2

site shinechlegdeed goy boljee, setgegdel bichih heseg taalagdlaa :)

0 Хариулах


Eeeeeeeeeeeeeeeyoo 2019.01.07 182.160.2.23

Ruki

0 Хариулах