Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Миллениалын нүдээр №1: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгагдсан 12 ЧУХАЛ ЗААЛТ


Сүүлийн саруудад нийгмийн анхаарлыг хамгийн их татсан, чухал сэдвүүдийн нэг нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийгээд Ард нийтийн санал асуулга (АНСА) явуулах тухай асуудал байв. Хэрэв та өрнөж буй үйл явдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хараахан аваагүй, Үндсэн хуульд ямар нэмэлт, өөрчлөлтүүд тусгагдсан талаар мэдээгүй, АНСА-ын талаар дуулаагүй бол наашаа суугаад, энэ мэдээллийг уншина уу. 

Бид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгагдсан гүйцэтгэх эрх мэдэл (Засгийн газар), хууль тогтоох эрх мэдэл (УИХ, Ерөнхийлөгч), Шүүх эрх мэдэлтэй холбоотой 12 ГОЛ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ-ийг уншигчдадаа энгийн, ойлгомжтойгоор тайлбарлан хүргэхийг зорилоо. Үүнээс урьтаж УИХ-ын гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөл, АНСА, хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх нөхцөлтэй холбоотой мэдээллийг хүргэж байна. 

Өнгөрсөн зургаадугаар сарын 6-нд УИХ-ын нэр бүхий 62 гишүүн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан билээ. Уг хуулийн төсөлд Үндсэн хуулийн 24 зүйлийн 53 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгажээ. Харин хоёрдугаар хэлэлцүүлгийн дараа нийт 19 зүйлийн 34 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулахаар болоод байна. (одоогийн Үндсэн хуулийн нийт 6 бүлэг, 70 зүйлтэй)

АНСА ямар ач холбогдолтой вэ: УИХ зөвхөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн эхийг бэлдэж, боловсруулсан. Үүнийг баталж, хүчин төгөлдөр болох эсэхийг иргэд шийднэ. Өөрөөр хэлбэл, сонгуулийн эрх бүхий нийт иргэдийн олонх нь оролцож дэмжвэл батлагдана гэсэн үг. 

АНСА-д хэн оролцох эрхтэй вэ: Санал асуулгад Монгол Улсын 18 насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай иргэн бүр оролцох эрхтэй

АНСА хэзээ болох вэ: УИХ АНСА явуулах шийдвэр гаргасан ч хугацаа, төсөв нь одоогоор тодорхойгүй байна.

Нэмэлт, өөрчлөлт хэзээнээс хүчин төгөлдөр болох вэ: Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг сонгуулийн эрх бүхий нийт иргэдийн олонх нь оролцож дэмжвэл 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 12 цагаас эхлэн дагаж мөрдөнө. 

Олонх дэмжихгүй бол яах вэ: Хуульд зааснаар дараагийн 8 жилд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах боломжгүй болно. 

Иймээс иргэд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой мэдээллийг сайтар судалж, нухацтай шийдвэр гаргах хариуцлагатай үе ирээд байна. 

Үндсэн хуульд орж буй 12 гол нэмэлт, өөрчлөлт хийгээд тэдгээрийн ач холбогдлыг багцлан хүргэе. 

ЗАСГИЙН ГАЗАРТАЙ ХОЛБООТОЙ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ

1. Үндсэн хуульд Засгийн газрыг огцруулах дөрвөн янзын нөхцөл байсныг нэг болгож цөөлжээ. Одоогийн Үндсэн хуулиар Засгийн газрыг ТУХАЙН ХУРАЛДААНД СУУЖ БУЙ гишүүдийн олонх огцруулдаг. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын НИЙТ ГИШҮҮДИЙН ОЛОНХ буюу 39-оос доошгүй нь дэмжсэн тохиолдолд Ерөнхий сайдыг огцруулна.  

(Ач холбогдол: Засгийн газар тогтвортой байх нөхцөлийг бүрдүүлжээ)

2. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг 19-өөс доошгүй гишүүн гаргаж тавьбал 3-10 хоногийн дотор шийдэх ёстой. Ерөнхий сайдыг огцруулсан бол дараагийн Ерөнхий сайдыг 30 ХОНОГИЙН ДОТОР томилно. Томилж чадахгүй бол УИХ ТАРНА

(Ач холбогдол: УИХ тарах хоёр, тараах хоёр нөхцөлийг тус тус тодорхой болгож, хариуцлагыг нь нэмэгдүүлжээ. Дээрх заалт бол УИХ хугацаанаасаа өмнө тарах нэг нөхцөл юм)

3. Одоогийн Үндсэн хуулиар Ерөнхий сайд сайдаа томилохын тулд Ерөнхийлөгчтэй зөвшилцөж дараа нь УИХ руу оруулдаг. Нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчтэй зөвшилцдөгийг нь болиулж, ЗӨВХӨН УИХ руу томилж, огцруулахын тулд оруулдаг болгожээ. 

(Ач холбогдол: Ерөнхий сайд бие даан сайд нарын нэрээ УИХ руу оруулж, шийдүүлэх боломжтой)

4. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн (НИЙТ ТАВ) "давхар дээлтэй" буюу УИХ-ын гишүүн байж болно. 

(Ач холбогдол: Одоогийн байдлаар Засгийн газрын гишүүд бүгд УИХ-ын гишүүний үүргийг хавсран гүйцэтгэж байна. Дээрх хязгаарыг тогтоож өгснөөр УИХ-ын 76 гишүүний 6 хувь нь л Засгийн газрын гишүүнээр хавсран ажиллах боломжтой болж байна)

УИХ-ТАЙ ХОЛБООТОЙ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ 

5. УИХ-ын ээлжит чуулган хагас жил тутам 50-иас доошгүй ажлын өдөр хуралддаг байсан бол 75-аас доошгүй болгож СУНГАСАН. 

6. Хуулийг 20-иос доошгүй гишүүд баталж болдог байсан бол нэмэлт, өөрчлөлтөөр 39-өөс ДООШГҮЙ ГИШҮҮН БАТЛАХ боломжтой болгожээ. 

(Ач холбогдол: Парламент байнгын ажиллагаатай болж, батлан гарах хуулийн чанар сайжирна, гишүүдийн хариуцлага нэмэгдэнэ)

7. УИХ-ын сонгууль болохоос НЭГ ЖИЛИЙН ӨМНӨ сонгуулийн хуулийг шинээр батлах, нэмэлт, өөрчлөлт оруулахыг ХОРИГЛОНО.

(Ач холбогдол: УИХ-ын сонгууль шударга явагдах нөхцөлийг сайжруулсан)

ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХОЛБООТОЙ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ

8. Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн иргэнийг ЗУРГААН жилийн хугацаагаар ЗӨВХӨН НЭГ УДАА сонгоно.

ШҮҮХТЭЙ ХОЛБООТОЙ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ  

9. Ерөнхийлөгчид хамаарах бүрэн эрхийг ЗӨВХӨН Үндсэн хуульд заасан хүрээнд олгохоор болжээ. 

ТОДРУУЛГА: Үндсэн хуулиар Ерөнхийлөгч шүүх эрх мэдэлд хамаатай гурван бүрэн эрхтэй. 

  1. УИХ-тай зөвшилцөж, Ерөнхий прокурор, түүний орлогчийг томилох 
  2. ШЕЗ (Шүүхийн ерөнхий зөвлөл)-ийн санал болгосноор нийт шүүгчдийг томилох 
  3. Дээд шүүхийн шүүгчдийн санал болгосноор Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг томилох гэсэн гурван бүрэн эрх бий. ГЭТЭЛ:  
  • 1993 оноос хойш Ерөнхийлөгчид бүх шүүхийн ерөнхий шүүгчийг томилох эрх мэдлийг өгсөн. 
  • 2002 оноос хойш Ерөнхийлөгч шүүгчид хариуцлага хүлээлгэдэг, Шүүгчийн ёс зүй, сахилгын хорооны дарга, гишүүдийг томилдог болсон. 
  • 2012 оноос хойш ШЕЗ-ийн дарга, гишүүдийг томилдог болсон. 
  • 2019 оноос хойш Ерөнхийлөгчийн тэргүүлдэг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс ямар ч үндэслэл дурдахгүйгээр зөвлөмж гаргавал шүүгчийг хугацаагүй түдгэлзүүлэх, ерөнхий шүүгчийг огцруулах, УЕП (Улсын ерөнхий прокурор), түүний орлогч болон АТГ-ын дарга, дэд даргын бүрэн эрхийг дуусгавар болгох боломжтой болсон.

(Ач холбогдол: Энэ нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн үндсэн бүрэн эрхээс хасаагүй. Харин Үндсэн хуулиар олгоогүй бүрэн эрхийг Ерөнхийлөгчид бусад хуулиар нэмж олгодгийг зогсоожээ. Ингэснээр хуулийн байгууллагад нөлөөлдөг Ерөнхийлөгчийн нөлөөллийг бууруулах аж)

10. ШЕЗ (Шүүхийн ерөнхий зөвлөл) нь 10 ГИШҮҮНТЭЙ байна. Тус зөвлөлийн гишүүдийн ТАВЫГ шүүгчид ДОТРООСОО сонгож, бусад таван гишүүнийг НЭЭЛТТЭЙГЭЭР нэр дэвшүүлж хуульд заасан журмаар томилно; гишүүд нь ДӨРВӨН ЖИЛЭЭР зөвхөн НЭГ УДАА ажиллах бөгөөд даргаа дотроосоо сонгоно.

(Ач холбогдол: Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг тодорхой зааж өгснөөр ШЕЗ ойр ойрхон өөрчлөгддөг байдлыг таслан зогсоож, улс төрийн зүй бус нөлөөлөл орох эрсдэлийг бууруулах аж)

11. ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООГ шинээр байгуулахаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгажээ. 

(Ач холбогдол: Өмнө нь шүүгчийг огцруулах, чөлөөлөх, түдгэлзүүлэх эрх мэдлээс гадна шүүгчийг сонгон шалгаруулах эрх мэдэл бүгд ШЕЗ-д төвлөрч байсан. Харин Шүүхийн сахилгын хороог тусдаа байгуулж, шүүгчийг огцруулах, чөлөөлөх, түдгэлзүүлэх эрхийг олгосноор шүүгчийн хараат бус байдлыг хамгаалж, хариуцлагыг нь нэмэгдүүлэх аж)

НАМТАЙ ХОЛБООТОЙ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ


12. Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий нийт иргэдийн НЭГ ХУВИАС ДООШГҮЙ тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна. 

(Одоогийн хуулиар улс төрийн намыг байгуулах босгыг 801 хүнээр тогтоосон байдаг)

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
13 цагийн өмнө
Энэ жилийн наадмыг Ц.Батнайрамдал 2.9 тэрбумаар найруулна
3
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
0
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Оюутан 2019.10.02 218.225.239.126

Засвар 12-т өмнө нь тодорхой тоо байгаагүй гэсэн байна. 801 байсныг 1% болгохоор зэхэж байна.

0 Хариулах