Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Миний хотын сайхан №6: ТАЙЗ, ПАРК бас ГЭР


Намрын налгар өдрүүд ирж, зулай дээрээс төөнөх наран, алаглан шаргалтах навчис их хотын нүргээнт амьдралыг чимнэ. Хүн бүхэн амралт, аялалаа өндөрлөж, шинэ зорилго, тэмүүллээ гүйцэлдүүлэхээр ханцуй шамлан ажил, хичээлдээ оржээ. Түм холхисон энэ хотод сайжруулмаар, шүүмжилмээр зүйлсийг хэн ч дурдаж чадна. Гэвч “сайхан” гэсэн тодотголтой тоочих зүйлс 380 жилийн түүхтэй Улаанбаатар хотод цөөнгүй. Бидний анзаарч хараагүй, үл ойшоосон зүйлс өөр хэн нэгэнд гайхалтай сайхныг мэдрүүлсэн байх нь бий.

Улаанбаатарын үндэс суурь болсон Өргөө хотын түүхийг 1639 оноос эхлэн тооцвол 1778 онд Туулын хөндийд төвхнөтлөө хориод удаа нүүдэллэжээ. Өдгөө 380 жилийнхээ ойтой золгож буй нийслэлийн иргэд өөрт хамгийн таатай, тухтай, сайхан сэтгэгдэл төрүүлдэг газруудаа нэрлэлээ. Ub.Life-ийн “Миний хотын сайхан” булангаа эргэн сэргээж, уншигчдадаа хүргэж байгааг хүлээн авна уу.

“Парк дээр тоглох сайхан”

12 дугаар сургуулийн 4б ангийн сурагч А.Солонгод Үндэсний Соёл амралтын хүрээлэнд тоглох сайхан гэнэ лээ. Гэр бүлээрээ парк явдаг түүнд дельфин, далайн дээрэмчний онгоцон дээр суух хамгийн гоё гэнэ. А.Солонго “Би бас Зайсан гарах дуртай. Улаанбаатар гоё харагддаг” гэсэн юм. Түүний өвөө Н.Болдбаатар “Хүүхдээ аваад гадаа тоглоомын талбай орох сайхан даа. Би хараад л сууж байдаг юм. Өнөөдөр талбай дээр цэргийн өдөрлөг болно гэхээр нь сургуулиа тарж гэрээрээ орчихоод ирлээ. Нийслэлд маань хамгийн хэцүү зүйл нь хэлэхэд эвгүй ч гэсэн бие засах газрын асуудал байна. Бусад нь яах вэ, нэг үеэ бодвол овоо болж байна шүү дээ” хэмээлээ.

“Бүжгийн бэлтгэлээ хийх сайхан”

2015 онд бэртэл авч, суугаа болсон ч тэр бууж өгөлгүй өдийг хүрчээ. Түүнийг Х.Соёлдэлгэр гэдэг. “Интермед” эмнэлгийн Тооцоо бүртгэлийн ажилтан. Энэ баасан гарагт Улаанбаатар чуулгад болох “Аялал” орчин үеийн бүжгийн тоглолтдоо бэлдэж байгаа нь энэ.

Х.Соёлдэлгэр “Би бэртэл авахаасаа өмнө бүжиглэх дуртай байсан. “Аялал” тоглолтод оролцох саналыг анх сонсоод боломжгүй юм шиг хэр нь эерэг сэтгэгдэл төрсөн болохоор баяртайгаар хүлээж авсан. Энд бүх бүжигчинтэйгээ нийлж, бэлтгэл хийгээд нэг гишүүн нь болоход сайхан байна. Эрх чөлөөг мэдэрч, биед ч эерэг өөрчлөлтүүд мэдрэгдэж байгаа. Хөдөлгөөн хүний амьдралд маш чухал байдгийг ойлгосон. Ажлаасаа албан ёсоор чөлөө аваад бэлтгэлээ хийж байгаа. Хамт олон, удирдлагууд маань маш сайхан хүлээн авч, дэмжсэнд нь баяртай байна. Бүжгийн бэлтгэл хийж, тоглолтод оролцох болсноор өөрийнхөөрөө чөлөөтэй хөдөлж, баяр баясгалантай, эерэг зүйлсийг мэдэрч, халуун дулаан хүрээлэлд байгаа нь сайхан. Энд хамгийн таатай, тайван сэтгэгдэл төрж байгаа” гэв.

Түүний ярьснаар Монголд хөдөлгөөн заслын газар тун цөөхөн аж. Цаашдаа Улаанбаатарт хөдөлгөөн заслын цогц байгууламж баригдаж, гэр бүл, найз нөхдөөрөө цагийг өнгөрүүлдэг газар олон болж, бүгд стандартын налуу замтай байвал хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэлтгүй, тэрэг түрсэн ээж, өндөр настан гээд бүгдэд ээлтэй болохыг дурдсан юм.  

“Олон хүүхэдтэй болохоор Цэцэрлэгт хүрээлэн орох сайхан”

Зэвсэгт Хүчний 013 дугаар холбооны ангид R-142 команд штабын Машины станцын дарга, жолооч Л.Энхзул ой таван сартайгаас 15 насны гурван хүү, нэг охинтой алдарт эх. Түүний хувьд Улаанбаатарын хамгийн сайхан газар нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэн аж.

Л.Энхзул  “Цэцэрлэгт хүрээлэнд очиход том, чөлөөтэй. Манайх олон хүүхэдтэй болохоор хүрээлэн ороход таатай санагддаг. Хүүхдүүд дугуй унаж, чөлөөтэй явах боломжтой, усан оргилуураас эхлээд үзэж харах зүйл их учраас Улаанбаатарын хамгийн сайхан нь гэж нэрлэнэ. Нийслэлийн маань агаарын хуурайшилт, тоос шороо, утаа арилаасай л гэж хүсэж явдаг даа. Ханиад томуу, хатгаанаас сэргийлэхийн тулд цэвэр агаар хэрэгтэй байна” гэсэн.

“Match Box-д найзуудтайгаа ярьж, тоглох хамгийн сайхан”

М.Төгөлдөр бол ХУИС-ийн Олон улсын худалдааны ангийн хоёрдугаар курсийн оюутан. Тэр найз нөхөдтэйгээ ярилцаж, цагийг зугаатай өнгөрүүлэх дуртай гэсэн. Бага тойрогт өссөн түүний хувьд оршин суугаа дүүрэг, хороо нь тав тухтай санагддагийг хэллээ. М.Төгөлдөр “Манай гэр Бага тойрогт байдаг. Гэртэй ойрхон, найзуудаараа цугларахад тохиромжтой санагддаг болохоор Улаанбаатарын сайхан газраар “Match Box”-ыг л хэлнэ. Тэнд хөзөр, плэйстэйшн, даалуу гээд л бүх тоглоом бий. Шар айраг шимэнгээ найзуудтайгаа ярьж хөөрөх газар Улаанбаатарт цөөхөн. Ер нь "Хүүхдийн 100" руу л явдаг. “Match Box”-ын тоглоомууд үнэгүй, шар айраг нь хямд байдгаас гадна хүссэн дуугаа сонсож, эсвэл утсаа холбоод дуртай дуугаа тавьж болдог. Би Бага тойрогт өсөж торнисон. Эртнээс л нэртэй газар, “Бага тойргийн бандгар бацаан” гэж хүмүүс ярих нь бий. Нийслэлд маань зуны цагт явах газар элбэг ч өвөл болохоор оюутан залууст цагийг зугаатай өнгөрүүлэх газар бараг олддоггүй. Лоунж, кафе орохоос өөр сонголт байдаггүй болохоор нэг мөсөн комплексоор нь шийдсэн барилга байгууламжаа нэмэгдүүлвэл сайхан санагддаг” гэлээ.

“Гэртээ байх хамгийн сайхан”

Тэд гэртээ байхыг хамгаас илүүд үздэг. Учир нь, гэртээ хамгийн тухтай, өөрийнхөөрөө байж чаддаг газар нь гэсэн. Тэднийг Д.Батбилэг, Д.Амаржаргал гэдэг.  

“Бид гэртээ байх дуртай. Гэр бол хамгийн тав тухтай, өөрийнхөөрөө байж болдог газар. Хамтдаа кино үзэж, хоол хийж, гэртээ байх нь сайхан. Би ХААИС-ийн Цахилгааны инженерийн гуравдугаар курсийн оюутан, найз охин маань МУИС-ийн Олон улсын харилцааны гуравдугаар курсийн оюутан. Түгжрэлгүй болчихвол их сайхан байна. Бас чөлөөт цагаа өнгөрүүлж, тоглож суух газрууд нэмэгдээсэй гэж боддог” хэмээн сэтгэгдлээсээ хуваалцлаа.


Өмнөх нийтлэлүүдийг унших бол:

Миний хотын сайхан №1
Миний хотын сайхан №2
Миний хотын сайхан №3
Миний хотын сайхан №4
Миний хотын сайхан №5

холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Миллениалуудын 63 хувь нь аялахын тулд ажил хийдэг
2
3 өдрийн өмнө
Сайжруулсан түлштэй холбоотой ХӨГЖИЛТЭЙ 16 пост
3
3 өдрийн өмнө
Хайртай хүнээ олж харахын өмнө ба дараа гэсэн сэтгэл хөдөлгөм 9 зураг (+бичлэг)
санал болгох
1
3 өдрийн өмнө
Миллениалуудын 63 хувь нь аялахын тулд ажил хийдэг
2
3 өдрийн өмнө
Судалгаа: Хүүхэд төрсөн эхний жилд хосууд 2500-аас дээш удаа маргалддаг
3
3 өдрийн өмнө
Кино үзээд 1000 долларын цалин авах боломжтой ажлын байр зарлагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
8
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.