Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Монгол хүн олимпоос анх удаа алтан медаль хүртсэн баярт өдөр тохиож байна


Одоогоос 11 жилийн өмнө буюу наймдугаар сарын 14-ний энэ өдөр "Бээжин 2008" олимпийн наадмын жүдо бөхийн -100 кг-ын жинд Н.Түвшинбаяр түрүүлж, Монголчууд олимпийн анхны аваргаа өлгийдөн авч байжээ. Эл өдөр Монголын ард түмний эв найрамдал, баяр бахдалын өдөр байсан нь гарцаагүй. Тэрбээр 2012 оны Лондонгийн олимпод хүч үзэж, бэртлийн улмаас амжилтаа хараахан бататгаж чадалгүй мөнгөн медаль хүртсэн билээ. Мөн 2008 оны тус олимпоос Монгол Улс хоёр алтан медальтантай болсны нэг нь боксын -54 кг-ын жинд аваргалсан Э.Бадар-Ууган юм.

Монголын тамирчид 1964 оноос олимпийн наадамд оролцож эхэлсэн бөгөөд өнөөг хүртэлх хугацаанд жүдочид зуны олимпийн наадмаас найман медаль хүртээд байна. Анх 1980 оны Москвагийн олимпийн наадмаас Ц.Дамдин мөнгө, Р.Даваадалай хүрэл медаль хүртэж, түүнээс хойш 1996 оны Атлантагийн олимпоос Д.Нармандах хүрэл, 2004 оны Афины олимпоос Х.Цагаанбаатар хүрэл, 2008 оны Бээжингийн олимпоос Н.Түвшинбаяр алт, 2012 оны Лондонгийн олимпоос С.Ням-Очир хүрэл, Н.Түвшинбаяр мөнгө, 2016 оны Рио-де-Жанейрогийн олимпоос Д.Сумьяа мөнгөн медалийг тус тус хүртсэн байна. 

Мөн Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар 2004 оны Афины олимпиос энэ өдөр 20-хон насандаа хүрэл медаль хүртэж байжээ.

Сонирхуулахад, жүдо бөх нь 1882 онд Каноо Жигороогийн анхлан зохиосон Японы цэрэг, байлдааны урлагийн нэг юм. Бие хамгаалах урлаг байсан бол өдгөө дэлхийн бөхийн спортын өнгө төрхийг тодорхойлж буй. Хоёр тамирчин хоорондоо золгон, мэх хийлцэн өрсөлдөгчөө ар нуруугаар нь унагаах эсвэл хэвтээ барилдаанд тодорхой хугацаанд цэвэр дарж чадвал ялдаг бөхийн спортын төрөл юм. Уг спорт нь "Өрсөлдөгчийнхөө хүчийг ашиглан ялалтанд хүрэх" дотоод сэтгэлгээний шинж чанараараа бусад бөхийн спортуудаас ялгаатай. 

Жүдо нь 1964 оны Токиогийн зуны олимпийн наадамд албан ёсны тэмцээний төрлөөр бүртгэгдсэн. Эмэгтэйчүүдийн төрөл нь 1988 оны Сөүлийн зуны олимпод нээлттэй төрөл, 1992 оны Барселоны Зуны олимпийн наадамд албан ёсны төрөл болсон байна. Дэлхийн жүдогийн холбоонд нийт 187 орон багтдаг ба төв байр нь БНСУ-ын Сөүл хотод байрладаг ажээ.

Жүдод "шидэлт", "даралт", "атемиваза" гэсэн гурван үндсэн мэх байдаг. Мөн дотроо "Ката" болон "Рандори" гэх мэт задардаг байна. Эдгээр мэхүүдийг монголоор өмсөх, үүрэх, хутгах, мушгих, хавирах, тонгорох гэх мэтчилэн нэрлэж болно. Тиймээс ч жүдо нь аюул багатай спортын төрөл гэдгээрээ дэлхий нийтэд өргөн тархжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Кисэносатогийн дэвжээг хураах уу?
2
2 цагийн өмнө
Д.Цолмон Азийн АШТ-ий хүрэл медаль хүртлээ
3
8 цагийн өмнө
Чөлөөт бөх: Чамизогийн барилдааныг шүүсэн шүүгчдийг шийтгэлээ
санал болгох
1
6 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.