Хайх зүйлээ бичнэ үү

17 мин

Найрагчийн мөрөөр | Алдагдсан цагийн эрэлд

Зохиолч Д.Нацагдоржийн мөрөөр туулсан 20 000 км зам | Цуврал I


Хол замд гарах, олон хүнтэй газар очих, шийдвэрлэх мөч тулахаар буцаж няцах гэдэг зан минь сул дорой хүүхэд насны “тэмдэг” төдий байсангүй. Сүүлийн хоёр сар айдастайгаа тэмцсээр эцсийн мөчид ирээд буй нь энэ. Хөлийн харалдаа хэвтэх том цүнх, түнтгэр чемодан “Одоо нэгэнт өнгөрсөн, биднийг үүрээд хурдхан гар” гэх шиг бөндийх бол нөгөө талд гэр орон, бичгийн ширээ, цонхоор харагдах эл хуль гудамж “Зүгээр л наана аа суугаад, урдах ажлаа хий” гэж ятгаад байх шиг.
Намайг олонтоо буцааж няцаасан айдсыг би л хамгийн сайн мэдэх учраас хүчлэн тонгойж цүнхээ үүрээд үүд рүүгээ алхлаа. Хаалган дээр эргэж гэрийнхэндээ сайн сууж байхыг хүсээд, охиноо уйлагнаж ч амжаагүй байхад хаалгаа хааж орхилоо. Гүйцээ… Буцаж няцах замдаа бартаа нэмэхийн тулд таарсан бүхэндээ аялалд гарах гэж буйгаа дуулгаж, хөндлөнгөөс харсан хүнд бол сар гаруй л “сагсуурсан”. Хэн ч намайг өөрийнхөө буцаж няцдаг айдсаас зугтаж, түвэгшээдэг зантайгаа дайтаж явааг гадарлаагүй байх. Тэр нь ч болж.
“Одоо галт тэрэг жинхнээсээ хөдөлсөн”. Нэгдүгээр сарын 25-ны тэмдэглэлээ ийн эхлүүлжээ. Энэ үед галт тэрэг уйтгартай шуухинан зүтгэлсээр Улаанбаатарын баруу руу орж байсан, хотын зэврүү саарал өвлийг ажрахгүй давсан хэр нь хавар ирэх сургаар зугтаж яваагаа, зугтаж ч гэждээ өнөөх айдас намайг ялан дийлэхээс өмнө амжиж замдаа гараад хурдхан л хотын бараа тасраасай гэж хүсэж яваагаа нуух гэж цонх руу ширтлээ. 

Уртаашаа гурав, өргөөшөө хоёр метрийн давчуу өрөөнд гурван залуу эр таван өдөр, дөрвөн шөнийн урт замыг туулна. Энэ урт замыг галт тэргээр туулах, зуугаад жилийн өмнө өрнө рүү явсан зохиолч Д.Нацагдоржийн мөрөөр мөшгих, сар гаруйн хугацааг бусдын орон хотоор хэсүүчлэх гээд бүх санааг өөрөө гаргачихсан тул хамт яваа хоёрынхоо өмнө ч үүрэг хүлээх шиг хүнд, дараатай санагдана. Гэлээ гээд яах билээ. Гадуур хувцсаа тайлж өлгөөд, цонхон тал руу шахан сууж шинэхэн тэмдэглэлийн дэвтрээ нээж “2019 оны нэгдүгээр сарын 25” гэсэн он сар тавилаа. Дэвтрийн нүүрэн дээр дурсгал болгон өгсөн хүмүүсийн үг, миний аялалдаа зориулж бэлдсэн зохиолчийн хуучин гэрэл зургууд бий. Зөөврийн компьютерт маань Бодьхүүгийн “Москва” цомгийн “Намар” дуу явж байна.


“Зөрөн өнгөрөх галт тэрэгний цонх гэрэлтэй. Түүний цаана хэн нэгэн, хэн нэгнийг зорьж яваа. Хүлээлт гэдэг ямагт төсөөллөөр дүүрэн байдаг даа”
Тэмдэглэлээс

ШӨНИЙН ГАЛТ ТЭРЭГ 

Галт тэрэг удаан, зүдэргээтэй унаа. Гэхдээ юм бүхэнд давуу тал бий. Энэ зүдэргээт зүтгүүр, удаан болхи хөдөлгөөн юм бодоход яв цав тохирсон газар. Өвлийн өдөр богинохон, залуу насныхаа дэврүүн хүслийг гүйцээхээр цүнх чирэн гэрээсээ гарсан бидэн шиг тэвдүү өвлийн нар баруу руу тонгойж, яах ийхийн завдалгүй харанхуй нөмөрлөө. Газрын баримжаа ч алдагдлаа. Хөшигний завсраар шөнийн галт тэрэг зөрж байна. Цонхны цаана бидний л адил хэн нэгэн, хаа нэг тийш яарч яваа. Уул усны баримжаа мэдэгдэх зүйл ч алга, арсайж сарсайсан модод, дээр түнэр харанхуй, зөрлөгүүд дээрх төмөр замын ажилчдын бүхнийг үл хайхарсан харц. Явж л байдаг, ирж л байдаг шөнийн галт тэргүүд. Хэсэгхэн дуг хийгээд галт тэрэгний зогсох дуунаар сэрвэл өртөөнд зогсчээ. Хөшигний завсраар Оросын алаг туг, “Наушки” гэсэн бичиг гэрэлд тодхон харагдах нь бусдын нутагт хөл тавьсныг илтгэнэ. Удалгүй хилийн шалгалт хийж, цүнх савыг нэгжиж дуусаад өнөөх л зовлонт дуу гарган галт тэрэг хөдөллөө. Өмнө нь биднийх байгаад одоо бусдынх болсон нутгийн гүн рүү хурдлан хурдлан яваа. Нүдээ аниад ямар нэг зүйл бодохыг хичээлээ. Энэ гүн харанхуйд өөр юу ч хийх билээ.

Олон жилийн үймээн, гаднын талхин дор зүдсэн монголчууд эрх чөлөөгөө тунхагласны дараа гадаад дотоодыг гадарладаг хэсэг сэхээтэн санал нэгдэн Хүрээний бага сургуулиас 35 хүүхдийг сонгон Герман улсад сургахаар шийджээ. Тэдний тухай “Үнэн” сонины 1926 оны тавдугаар сарын 21-ний өдрийн дугаарт “...Ардыг Гэгээрүүлэх Яамнаас бага насны өчнөөн хүүхдийг Герман, Франц зэрэг улсад сургуулиар томилон явуулсан нь тэд нар сургуулийн хугацааг дуусгаж эргэж ирэх цагт улс төр, ард түмний хэрэгт туйлын их тустай нөхөд магад гарч ирэх буй за…” хэмээн бичиж, том үүрэг хүлээлгэн хаврын униарт өдөр үдэн мордуулжээ. Бид тэдний мөрөөр транс Сибирийн төмөр замаар мөшгиж яваа нь энэ. Тэд тосож ирэх хувь тавиланг энэ холын замд төсөөлж байсан болов уу эсвэл зүгээр л хүүхдийн гэнэн зангаар бужигналдаж явав уу?
Цаг яг 7.10-ыг зааж байхад сэрлээ. Хөшигний завсраар өнөөх л нарийхан цагаан хуснууд. Цонхны цаана цасанд хучигдсан хязгааргүй хусан ой үргэлжилж, моддын дээш цойлсон үзүүрт цухас сааралтах тэнгэр, моддын чөлөөн дэх суурин гацаа, хаа нэгтээ бөгцийн явах хүн зон, нуурын тэртээ цооног сахин суух загасчин гээд эгэл дүр зургийн дунд юм бодохгүй явна гэдэг гэмтэй юм шиг санагдана. Яг цооногт дэгээ сойж загас орохыг хүлээж суугаа загасчин шиг бид амьдралаас утга учрыг ийн хайдаг биз. Бидэнд дэлхийн хамгийн том гүрний газар нутгийг хөндлөн гэтлэх 6082 км төмөр зам, 5 өдөр, 120 цаг бий.
Зүүд маань утга учиргүй төгссөнд ч тэр үү эсвэл зүгээр л цаг авахын тулд уу, нүдээ аньж хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөөд хэсэг хэвтлээ. Өлссөнөөс болсон уу, унтах ч хүсэл алга. Ганц ширхэг алим ч халаасандаа хийлгүй гарсан гурвын гурван эрд хоол гэдэг том асуудал. Зам дагуух газрууд пирошки, шавирмаа, талх голдуухан бүхэл хоол зардаг ч авах гэсээр байтал галт тэрэг хаалгаа барьчихна. Тиймээс хөлийн хурдаа шалгаж хоолтойгоо золгоод хаалга барихаас өмнө эргэж ирэх ёстой. Яг л “Оньс тайлагч” кинон дээр гардаг шиг. Улаанбаатараас хөдлөхдөө л хоцрох шахсан нь анхны тохиолдол биш байлаа. 

Зүүд: Аав бид хоёр хотод нэг буудал дээр сууж байх юм. Хойно ой хүрээгүй болов уу гэмээр бондгор охин шүдэнз зурах нь тэр. Яаран гүйж очвол өнөөх шүдэнз нь зуруулгүй юм. Ямар сонин явдал вэ?!

Зүүдээ өөртөө тайлж өгөх гэж хичнээн бодоод ч зуруулгүй байсан шалтгааныг олсонгүй. Нааш гарахын өмнөхөн аав залгаад “Биеэ сайн бодож яваарай. Явахаасаа өмнө аян замын ерөөл уншуулаарай” гээд тасалсан сан. Аавыг цагаан сар гаргаад яв гэж үгэн дундаа хавчуулаад байхад нь цагаан сар дамнуулж замд гарсандаа би жаахан гэмшил өвөрлөж яваа. Түүнээс ч болсон байж мэднэ. Эсвэл байсгээд өвдчихдөг охиндоо санаа зовсон ч байж мэднэ. Ердөө тухгүй унтсанаас ч болсон байж мэдэх юм. Ямартай ч учир битүүлэг зүүднээс болоод эрт сэрчихлээ. Босоё доо. Манай хоёр ч сэрэв бололтой өрөөлдөж нөмөрсөн цагаан даавуунууд нь хөдөлж байна. Хөшиг сөхөж харвал моддын чөлөөгөөр цав цагаан хоосон орон зай гараад ирлээ. Газрын багцаа бодвол юу ч зураагүй зотон шиг тэр цагаан зайц Байгаль далай бололтой. Зохиолч 93 жилийн өмнө энэ далайн эрэг дээр галт тэргэнд сэрээд,

“... Шөнө унтаад өглөө эртлэн босож үзвэл
Байгаль нуурын хөвөөнд ирээд байна.
Газар орон үзэсгэлэнтэй сайхан
Өдөр шөнөгүй явсаар авч газрын дунд болоогүй
Урт замын уйтгар хөдлөн ядна…”
гэж бичжээ.

Сурагчид Улаанбаатараас машин, мориор унаа хийн Алтанбулаг хүрч, Сэлэнгэ мөрнөөр бирваазаар Улаан-Үд хүрээд тав хоног галт тэргээр явж байсан нь түүхийн баримт, тэмдэглэлийн дэвтэр хоёрт тодорхой бий. Бага нь 13, том нь 19 настай тэд зам зуурын таван хоногийг сандал, суудал олдоогүйгээс болсон уу хувцас хунараа дороо дэвсэж, Далай багш герман хэлний цагаан толгой зааж явсан тухай хожим дурссан байдаг. Харин Д.Нацагдорж, Д.Пагмадулам нарын зургаан хүн тэдний араас 1926 оны аравдугаар сард мордож морин өртөөгөөр давхин хил хүрээд мөн бирваазаар Улаан-Үд хүрч, галт тэргээр Москваг зорьсон тухайгаа тэмдэглэл болгон үлдээжээ. Хаанаас ч онгоцоор нисч болдог өнөө цагт галт тэргэнд сэгсчүүлж яваа нь тэдний туулсан замыг биеэр үзэх гэсэн дэврүүн бодлынх. 1990 онд хэвлэсэн Д.Нацагдоржийн зохиолын түүвэр ширээн дээр харагдана. Аялалд гарахаасаа өмнө архивт очиж нимгэн цаасан дээр үзэг, харандаагаар бичсэн зохиолчийн гар бичмэлүүдийг үзэх үед л цаг хугацаа хаа нэгтээ тэмдэг дардасаа заавал үлдээдэг юм байна гэсэн бодол толгойд бууж, аялалд гарах итгэлийг олж билээ. 

Дээр харагдаж буй олон хүүхдийн зураг бол Герман, Франц руу явахаар шалгаруулалтад орсон сурагчид. Харин Д.Нацагдорж өрнө рүү явахдаа ийм залуухан байлаа. 

Дандаа газраар явах юм шиг бодож олон ном цүнхэндээ чихсэн туршлагагүй аялагчийн алдаагаа сая л ухаарч дотроо хэсэг шогширлоо. Тэр дундаас Андрей Тарковскийн “Хугацаан доторх хугацаа” тэмдэглэлийг өдөр бүр сөхөж яваа. Гуньсан, шантарсан үед хүч өгдөг номын нэг. Энэ номын 150 дугаар хуудсанд, 1979 оны нэгдүгээр сарын 27-н гэж тавиад (яг энэ өдөр) “Хийж буй бүхэн минь буруу зөрүү санагдана. Сайн зүйл хийж байгаагаа мэдсэн ч сайн хүн болж харагдах гэж байгаа юм шиг санагдана” гэж бичжээ. Дээр ярьсан айдас минь энэ л байж. Хэрэв хэзээ нэг өдөр хийж буй бүхэн минь утгагүй санагдвал зүдэж зүдэж өрсөн элсэн байшингаа ганцхан “өшиглөж” хаяхад ч бэлэн туйлбаргүй эсвэл дураар зан дотроос өндөлзөнө.
Цонхонд хацраа нааж замын үзүүрийг харвал далайг захлан мушгирч далд оржээ. Зам гэдэг ер үг биш. Ирэх, буцахтай холбоотой болоод ч тэр үү, багадаа мэдэрсэн ганцаардал минь замтай холбоотой болохоор ч уу замыг би ер бусын үг гэж л бодох болж. Энэ замаар Д.Нацагдорж 20 насандаа Оросыг зорьсон, Герман руу явсан, тэндээсээ юу ч мэдэлгүй дуудагдаж ирсэн. Энэ замаар Монголын олон хөвгүүд эргэж ирэхгүйгээр Зөвлөлтийг зориод тэндээ эрх мэдэл, хүсэл шуналаас хагацаж үлдсэн. Энэ замаар Нина Чистякова нялх охиноо тэврээд нууцаар нутаг буцсан. Энэ замаар зовлон жаргал урсаж, хөлс урсгасан худалдаачид, шунал ханхлуулсан дээрэмчид, гэр орноо, хайртай хүмүүсээ зорьсон улс Сибирийн талаар хэрж явсан. Энэ замын үзсэн зовлон жаргалын дэргэд Байгаль далай ч нулимсны төдий биз. Далайн эргийн гацаа суурингийн хуучин модон байшингууд юм хэлэх гэсэн мэт цонхоо ёлтойлгон бөртийнө. Бохумел Храбалын “Дөтлөн үзэгдэх галт тэрэг” зохиолд гардаг шиг үг хэлдэг сэн бол энэ байшингууд хэн, хэзээ, хэрхэх гэж энэ урт замыг туулж гарсныг хэлэх байсан биз. Нар салхинд онгож гандаад, зарим нь хаягдаж орхигдсоныг бодвол 100 жил ч болсон баймаар байшин, гацаанууд захгүй бөглүү хязгаарын амьд халуун ганц зүйл нь юм шиг ээ.

“- Энэ их уйтгартай газар яаж амьдардаг байна аа?
Харин ч амьдраад баймаар нам жим газар юм биш үү”

Галт тэргэнд болсон яриа

ЦЭНХЭР НҮД 


Цонхоор үзэгдээд далд орох суурингууд, тэнд бөгцийн алхах орос хүмүүсийн тухай бодол минь нэг л мэдэхэд ээжийн тухай бодол руу шургасан байлаа. Ээжийг ойр дотныхон нь Лаба гэж авгайлах ч уул нь Любо юм. Сунжруулж дуудсаар шинэ нэр зохиочихсон хэрэг. Ээжийн хоёр ахыг Мигмурат, Шура гэнэ. Сонссон хүн бүрийн асуудагчлан ээжийн маань талд ямар ч орос цус байхгүй. Өргөн шанаа, дүрлэгэр хар нүд, баншиндуу хамар гээд харин ч монголжуу төрхтэй улс. Харин бурхан тахилаа бусдаас нууж шүтээд удсан эмээ, өвөө хоёр маань ээжийг төрөх үед гэрт нь ирсэн “шувууны орос”-ыг нэр хайрлаач гэснээр хуучин славон гаралтай христийн шашны итгэл найдвар гэсэн утгатай энэ нэр монголын хөдөө буйдын нэгэн хүнд оноогдсон нь миний ээж байжээ. Монгол хэлэнд хайр гэсэн цор ганц үгээр утгаа бүрэн дүүрэн гүйцээх энэ нэр ээжид минь хачин сайхан зохидог юм шиг санагддаг. Хайр.
Тэр уламжлал аав ээж хоёрт ч өвлөгдсөн. Орос бараа, орос хүн гэхээр хир халдаадаггүй хоёр маань хөдөөх гэртээ нарны үүсгүүрээр ажилладаг жижигхэн зурагтаараа зөвхөн орос цуврал л сонгож үздэгийг нь би мэднэ. Гэтэл Оросоос нүүр буруулж, өөрсдийн замаар замнана гэж зоримог шийдсэн 90-ээд оны хүүхэд надад цэнхэр нүд, хянган хамартай оросууд европ гэсэн нэрийн доорх шар арьстнуудаас нэг их ялгарах зүйлгүй санагддаг. Орос хүнтэй нүүр тулан уулзаж, эргэн тойрон дан оросууд байхад энэ хүмүүс надад яагаад дотно санагдахгүй байгаагаа тэмдэглэлдээ бичиж үлдээлээ. Нэгэн цагт салгахын аргагүй хамааралтай явсан хоёр үндэстэн 29 жилийн хугацаанд ийм л зайд холдож. Нэгдүгээр сарын 27-ны өдөр тэмдэглэлийн дэвтэртээ би “Энэ өглөө анх удаа тэнгэрт бүдэг цэнхэр өнгө харлаа. Европийн бүрхэг тэнгэрт ийм өнгө харна гэдэг ховор бололтой. Хүмүүс нь тэнгэрийнхээ өнгийг нүдэндээ уусгаад авчихсан бололтой. Д.Нацагдоржийн найраглалдаа Улаан Ярск гэж бичсэн хотыг өглөөний 8.30 минутад туулж өнгөрлөө” гэж бичжээ.  
Түүний доор нэлээд зайдуу их л хичээнгүй “Бид маргааш Москвад хүрнэ. Галт тэрэгний хувиараар бол өдрийн хоёр цагт буух ёстой” гэж бичсэн байна. Би ямар нэг зүйлд санаа зовохоороо ийн хичээнгүй, удаан бичиж, дээрээс нь давхарладаг юм.

“Өдрийн од мэт ганц цагаан цахлай
Өдөө энд орхиод, нисчээ
Цаг хугацааг би харлаа...”

Өөрийн шүлгээс

ЦАХЛАЙ 


Алс дорнодын галт тэрэг уухичин зүтгэлсээр Ярославский вокзалд зогслоо. Дөрвөн шөнө, таван өдрийг үдсэн жижигхэн өрөөгөө цэгцэлж цэвэрлээд босов. Зорчигчийн тавцанд хөл хөдөлгөөн их. Хаа нэг тийш яарсан эсвэл хоргодон хургасан улс л бололтой. Ярославский гэж дундаа Киргиз малгайн орой шиг сүрлэг хийцтэй, хоёр талдаа сац шовгор оройтой хуучин зогсоол. Алс дорнодоос зүтгэж ирсэн галт тэрэг энд амьсгаа дараад буцаж газрын нам руугаа уруудан монголыг тойрон, заримдаа дамжин дорныг зүглэнэ. Замдаа интернетээс татсан зурагтайгаа харьцуулж харвал энэ зогсоолд бараг л юу ч өөрчлөгдсөнгүй. 1855 онд байгуулагдсан зогсоолоос юу нь өөрчлөгдөөгүй гэж бодохоор гайхмаар. Яг одоогоос 93 жилийн өмнө энэ зогсоол дээр хэлхгэр даавуун дээл, нар салхинд онгосон царайтай 35 сурагч, 3 багшийн хамт буугаад мөн л орчныг хачирхан харж зогсоо биз. Тэр үед ч хөл хөдөлгөөн ийм л байсныг түүхэн бичлэгээс харж болно. Тэднийг явснаас хойш зургаан сарын дараа социалист Германыг зорьж яваа зургаан хүн бас л үүгээр дамжин өнгөрсний  дунд 20 шүргэж яваа Д.Нацагдорж, эхнэр Д.Пагмадуламтайгаа явжээ.
Тосож авсан монгол охиныг даган такси бариад захиалсан буудал руугаа явлаа. Ихээр бодоход таван километр газрыг төгрөгөөр тооцвол 40 мянгаар явна гэнэ. Тээшээ хадгалуулахаар түүнээс ч үнэтэй тусах учир явахаас яалтай. Таксины жолооч Киргиз эр яриа өдөн, элдвийг ярьж, эндхийн хамаг муу муухайг Киргизууд, бага ястнууд хийдэг тухай гомдлонгуй ярилаа. Том хотод жижиг цөөнх үндэстнүүд тэсэж үлдэхийн тулд юухан хээхэн хийдэг тухай түүний яриа дуусаагүй байтал 40 мянгын газраа хүрээд ирэх нь тэр. 

Большой театраас холгүйхэн хуучны орон сууцыг буудал болгон тохижуулсан байранд буудаллав. Тэнд ч бас буриадаас хэдэн залуу ажил хийхээр иржээ. Агийн буриадаас ирсэн тэднийг шингээх орон зай энэ том хотын хаа нэгтээ бий болов уу даа гэж үдэш нь цонхоор харж зогсохдоо бодов. Москва бол том хот, томынхоо хэрээр жижиг сажиг зүйлсийг үл ажран хөдөлнө. Зохиолч хотыг “Шинэ дэлхийн халуун зүрх Москва” гэж тодорхойлсон нь оносон ч юм уу, цонхон доорх цэнгээний газар шөнөжин л шуугилаа. Бодвол зүрх нь булгилж буй нь тэр биз. Анх удаа л эсгий гэр, сүм дуганаас холдсон сурагчдын нэг Н.Наваан-Юндэн “Соёл эрдэнэ” тууждаа “Европын асар том хотууд нүд алдам гайхамшигтай санагдаж байв. Түмэн хүн бужигнан олон өнгийн тэрэг машин сүлжин өнгө өнгийн гэрэл гялалзах нь үргэлж ширтээд баймаар сонин юм” гэж бичсэн байдаг. Сурагчид ч тэр, Д.Нацагдорж нар ч тэр Москвад гурав хоноод галт тэргээр Ленинградыг зорьжээ. Бид буудалдаа тухлаад уулзах хүмүүстэйгээ цаг товлон, хотыг сонирхохоор гадагш гарлаа. Жуулчид ирж очин хөлхөж байдаг тул том хотод хэн нэгнийг анзаарах сөхөө байхгүй. Москва мөрөн харзлан урсаж, баруунаас Балтын сэрүүн урсгал хавирга нэвтэлнэ. Улаан талбайд хэсэг зураг авч, Большой театраар дайраад эртхэн амрахаар буудалдаа буцаж ирлээ. Өглөө нь Халимагийн найруулагч Элла Манжееватай уулзах ёстой. Өмнө нь ч ялгаагүй өргөн уудам нутагт тархан суусан нүүдэлчид хэзээ, хаанаас нэгнээ олохоо мэддэг байсан биз. Харин орчин үеийн технологи үүнийг улам хөнгөвчилж, урьдын танил Энхбат маань сарын өмнөөс түүнтэй холбоо барин уулзахаар тохирсон нь энэ.
Элла тохирсон ёсоороо 11 цагт ирж биднийг аваад хамт Пушкиний хөшөө рүү хөдөллөө. Тэр бол 400 гаруй жилийн өмнө Монголын баруун хязгаараас Ижил мөрний зүг нүүсэн Торгууд, Дөрвөд аймгийн үр сад. Урт холын нүүдлээс эргэж ирээгүй ч элгээ татан,

“Ижил зэ мөрөн минь ээ хө
Эргээ дагаад урсана аа хө
Ижилхэн заяатай та нартаа
Элгээ татаад золгоно хө”


гэж дуулдаг халимагчуудын үр хойчис. Элла өөрийнхөө угсаа гарвалыг Увс аймаг дахь дөрвөдүүдээс гаралтай гэнэ. Монголоор ярихдаа муу ч хэлж буй аялга нь дөрвөдүүдтэй тун адил. Тэр бас Оросын кино урлагийн залгамж халаа болж яваа уран бүтээлч. 2015 оны Берлиний кино наадамд “Цахлай” бүтээл нь шуугиан тарьж байв. Захгүй далайд одсон нөхрөө хүлээн гансрах ганцаардмал бүсгүй, амьдралаас өөрийгөө хүртэл гаргаж хаясан түүний өмнө гарч ирэх шинэ амьдрал гээд яг л монголоос тасран нүүсэн халимагчуудын хувь тавилан гол дүрийн эмэгтэйн дүрээр дамжин мэдрэгдэх шиг санагдсан. Эллатай уулзах үед киног нь үзээгүй явсандаа харамссан би буцаж ирснийхээ дараахан олж үзсэн билээ. Үзсэний дараа “Шөнийн галт тэрэг”-ийн “Цахлай” дуу л санаанд орсон.

Хөөрхий шувууд салхи сөрөөд
Хөлгүй тэнгисийн дунд гаслаад
Сэтгэл цаанаа нэг л уйтай…


гэж тэр дуунд гардаг. Умард руу нүүсэн монгол угсаатнууд хөлгүй далайн дунд салхи сөрөн хэр удаан гаслаа бол гэсэн бодол ч толгойд зурсхийсэн. Өвлийн богино өдөр харахын зуур өнгөрч, бид ч байрандаа буулаа. Маргааш аялалын гол зорилго болсон Санкт руу хөдөлнө. Нүүдэлчин зангаар юм хумаа баглаад, юу ч болоогүй мэт тэр газрыг орхиход бэлдээд орондоо орлоо. Пушкиний музейгээс гараад буудал руу ирэх замаа хайж явтал Достоевскийн хөшөө гэнэт л өмнө гараад ирсэн. Музейг нь үзэж чадсангүй гэж гонсгор явсан болоод ч тэр үү, гадаа цас малгайлж байснаас уу сайхан санагдсан гэхчлэн өдрийн явдлаа эргэцүүлж хэвтлээ. Маргааш биднийг юу хүлээж буй, ер нь хэдхэн хоромын дараа ч юу хүлээж буйг мэдэх аргагүй ертөнц. Гудамжинд шөнийн цэнгээний газар хаалгаа нээж буй нь тодхон дуулдана.

Хөлгүй тэнгисийн дунд гаслаад …

холбоотой мэдээ
1
2019.07.02
Найрагчийн мөрөөр: Шувуу мэт гэгээн, ангид, хөөрхий улс
2
2019.06.25
Найрагчийн мөрөөр: Энд үлдсэн дурсамжууд
3
2019.06.11
Найрагчийн мөрөөр: Цаг хугацаа мэндлэхээс өмнө
санал болгох
1
8 цагийн өмнө
ДАШТ: Өнөөдөр барилдсан манай бөхчүүдийн гурав нь тэмцээнээ өндөрлүүллээ
2
8 цагийн өмнө
Алисагийн тэмдэглэл: "Үнэг ажиллагаа"-д очиж, монгол үлгэрүүдийг дахин "анх удаа" мэт с...
3
9 цагийн өмнө
Э.Сумьяа ялагдал хүлээлээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
14
0
0
0
1
1