Хайх зүйлээ бичнэ үү

12 мин

Найрагчийн мөрөөр: Сорви мэт түүхүүд

Зохиолч Д.Нацагдоржийн мөрөөр туулсан 20 000 км зам | Цуврал II


Аяллаас буцаж ирснээс сарын дараа Улаанбаатарын гудамжинд утас дуугарлаа. Авбал,
-Сайн байна уу? Бямбаням гэж хүн мөн үү?
-Тийм ээ, би байна.
-Би Гүнзэчойнэй хийдийг барилцсан лам Бадма Намжилын ач хүү байна аа.
-Аан тийм үү, … за уулзаж байгаад тухтай ярилцъя...
Улаанбаатар үүгээрээ л намайг татдаг байх. Энэ хотод хэнтэй ч, юутай ч учирч мэднэ. Гэнэтийн энэ учралуудаараа л гайхшруулахаас өөрөөр энэ хотод алмайрах зүйл ховор. Энэ өдрөөс хойш хагас сарын дараа нэг өдөр түүн рүү залгаж, орой ажил тараад уулзах боломжтой эсэхийг лавлав. Ингээд бид цаг товлон хотын төвийн кофены газар уулзахаар боллоо.

ЦАГ ХУГАЦААГ ХАРСАН ХҮН 

Москвагаас хөдөлсөн галт тэрэг салхи сөрөн шөнөжин давхисаар үүрээр Санк-Петербург хотын Московская зогсоолд зогслоо. Урт замын сэгсчээнд ядарсан уу, хэн хэн маань нам унтаад, өглөө үйлчлэгчийн хаалга цохих дуунаар сэрж, ор дэрээ хураан, нүүр гараа угаагаад буухад бэлдэв. Зорчигчийн тавцан дээр хятад голдуу ази аялагчид шуугилдана. Өчигдөр орой Москвагаас хөдлөхөд зогсоол дүүрэн дуу хадаан байсан хятадууд мөн бололтой. Хэтрүүлсэн хүнд бол нэг жижиг тосгон тэр чигээрээ аялж явна уу гэлтэй. Зогсоол дээр биднийг урьдын зүс таних Лхагважав тосож байлаа. Их сургуулийн зүс мэдэх танил маань энд урлагийн чиглэлээр суралцаж буйг дуулаад, эгчээр нь дамжуулан холбогдсон  юм. Харуй бүрийд хот дөнгөж сэрж байна. Нойрмоглох хотыг сэрээхгүй гэсэн шиг галт тэрэгний зогсоолын жижигхэн кафед нар гартал хоёр цаг хэртэй суулаа. Учир нь, захиалсан байр маань үдээс хойш хоёр цагт суларна гэнэ. Тиймээс цаг нөгцөөх шалтгаан олох хэрэгтэй болов. Унд ууж хэсэг саатсаны эцэст шууд Гүнзэчойнэй хийд явахаар ярилцав. Энэ хийд бол бидний зорьж яваа газруудаас хамгийн чухал нь. Тэгээд ч Д.Нацагдоржийн найраглалдаа бичсэнээр тэд галт тэрэгнээс буумагцаа мөн л бидэн шиг уг хийдийг зорьсон байдаг.

Цүнх, чемоданаа чирж метронд суугаад Старая Древеня дээр буулаа. Петрийн баруун зах, хуучин тосгон, бараг л хөдөө шахуу байсан эл газрыг одоо тосгон гэвэл хэн ч итгэхгүй.  Невагийн их цутгалангийн эрэг тийш, баруун зүг Приморский өргөн чөлөө тийш харвал элгэн хүрэн өнгийн Буддын сүм алсаас шармал орой нь сэрийн үзэгдэнэ. Энэ бол түүхэн эгзэгтэй цаг үеүдийг туулан, хүн амынх нь 71 хувийг эзэлдэг, мормоны шашны зан үйл үйлдсэнийх нь төлөө гаднын иргэнийг шүүхээр шийтгэсэн орчин цагийн орост буй цор ганц буддийн сүм. Сүмийн хаалгаар орохын өмнөхөн таван давхар шар байрыг өнгөрч гарна. Харин энэ бол буриад, монгол оюутнуудын байрлаж байсан газар. Одоо хувьд шилжсэн энэ байрны шатыг Монголын хэдэн сэхээтэн элээж явжээ. Д.Нацагдорж нарын шууд хийдийг зорьсон шалтгаан ч энэ л байртай холбоотой.

ЗурагТайлбар
"1926 оны тавдугаар сард Германыг зорьж явсан монгол сурагчид Гүнзэйчойнэй хийдийн гадна зураг даруулсан нь энэ. Тэд өөрсдөд нь зориулж бэлдсэн европ хувцасаар гангарчээ"

Санкт-Петербург, 1926 он
"Найрагчийн мөрөөр" төслийн багийнхан 2019 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр Старая Древеня дахь Буддист сүмд очлоо"

Санкт-Петербург, 2019 он 
Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид Ленинградад очих үеэр уг зургийг даруулжээ. Тэр үед Орост суралцаж байсан Д.Нацагдорж, Д.Пагмадулам нар энэ зурагт буй.

Санкт-Петербург, 1926 он


Нүдэн баримжаагаар хааш хаашаа 200 метр болов уу гэмээр жижиг хашаан дотор буддын сүм байрлана. 1926 онд сурагчид дайран өнгөрөхөд, Нацагдорж нар өмнө нь зогсож зургаа авахуулахад ямар байсан яг тэр чигээрээ байтлаа өнгө үзэмжийг сүүлд шинэчлэн зассан бололтой. Сүмийн дотроос хурал номын дуу хадах ч бидний мэддэгээс арай л өөр сонсогдоод байв. Түүхэн зургаас л харсан сүмээ буй биеэр нь үзнэ гэдэг энэхэнийг л зорин хэдэн мянган километр зам туулсан бидэнд сонирхолтой санагдана. Зуугаад жилийн өмнө энэ хашаанд бидний мөшгиж яваа зохиолч маань алхаж, энэ л багана, сүмийн үүдэнд залбирч, 35 сурагч энэ хашаагаар гүйлдэж байсан гэж бодохоор сонин. Сүмийн түүхэн зургийг одоо байгаа зурагтай нь харьцуулж хэсэг зураг аваад, хэдэн цүнх чемоданаа Лхагваад захиж үлдээгээд дотогш орлоо. Харвал буриад голцуу лам нар хурал хурж байна. Биднийг очдог өдөр хамгийн том хуралтай үе таарчээ. Хар алчуур, хар голцуу өнгийн хувцастай оросууд буддын сүмд мөргөж суугаа нь нэг л эвлэхгүй харагдана. Бас буддын сүмд орос, төвдөөр зэрэг ном унших нь нэг хачирхалтай найрлыг бий болгоно. Сүмийн доторх нь манайхны хийдүүдээс ялгарах юмгүй атал цэнхэр нүд, шар арьстай сүсэгтнүүд нь огт өөр уур амьсгалыг бүрдүүлжээ. 1925-1926 онд буриад, монголчуудын сүсгийн газар байсан энэ хийдэд өдгөө оросуудын хөл татрахгүй болсон нь илт.

Цаг хугацааг ухрааж, төсөөллөө 1926 он руу аваачъя. Монголоос ирсэн Засгийн газрын төлөөлөгчид хийдийн хойд талын таван давхар шар байрнаас гарч хийдийн хашаа руу орлоо. Бүгд европжуу хувцаслаж, зарим нь европ хийцийн хослол, зарим нь урт пальто өмссөн харагдана. Тэдний дунд Ленинградад суралцаж буй монгол оюутнууд ч харагдана.  Тэд хийдийн шатан дээр зогсож зураг даруулах болов. Цэрэг хослол өмсөж, халимаг үсээ нямбай самнасан намхавтар шар залуу хоёрдугаар эгнээний гол хавиар зогсоо нь Толмачёвын нэрэмжит Цэрэг-улс төрийн академийн сонсогч Д.Нацагдорж, харин нүүрний эгнээний баруун гар талаас хоёрт урт пальто өмссөн тайрмал үстэй залуу эмэгтэй зогсох нь Ленинград хотын Амьд хэлний сургуулийн сурагч Д.Пагмадулам. Хожим энэ зургийг Монголын төлөөлөгчид Гүнзэчойнэй хийдийн урд, 1926 он гэсэн тайлбартай нийтлэх болно. Тэр жилийн таван сард Германд сурахаар явж буй 35 сурагч, багшийн хамт өнөөх таван давхар шар байранд саатаж, хийдийн өмнө дурсгалын зураг татуулна. Хөвгүүд өөрсдөд нь зориулж Ленинградад бэлтгэсэн европ маягийн бүрх малгай, урт пионер цамц, аралтай тэлээ, өргөн өмдөн дээр урт оймс сойж өмсөөд, шагалбар гутал жийсэн харагдана. Охид харин гэрээсээ авч гарсан цэвэр дээл хувцас өмсөж авахуулав. Хүүхдүүд хийдийн шатан дээр баруун тийш, Нева мөрний нэгэн салаа их урсгалын зүг харж, шатан дээгүүр эгнэн зогслоо. Германд явах сурагчдыг хүргэж өгөхөөр Ардыг Гэгээрүүлэх Яамны сайд Эрдэнэбатхан явсан учир Ленинград дахь монгол сурагчдыг цуглуулж, бөөнд нь зургийг авч буй нь энэ. Хожим тэдний мөрөөр Монголын гурван залуу холын замыг туулан энд ирнэ, бас түүхийн хамгийн чухал мөчид улс эх орноо төлөөлнө гэдгээ тэд төсөөлөх ч үгүй хүүхдийн зангаар хөгжин хөөрөлдөн явна. Арга ч үгүй дээ тэд дөнгөж 13-17 насандаа яваа шүү дээ.

Бид ч тэдний зогсож байсан шатан дээр, зогсож байсан газар зургаа татуулж дурсгал болголоо. Хүн харахад дэмий мэт боловч энэ бол түүхийн ой дурсамжийг сэргээх гэсэн бидний гэгээн мөрөөдлийн маань нэгэн хэсэг. Даарч, өлсөж байсан тул хийдийн доод давхар дахь цайны газар орос маягийн бууз, сүүтэй цайтай уугаад, удтал хүлээсэн хамба ламаас яриагаа аваад гарлаа.  

Хийдээс гарахад нар баруу руу бууж, Нева мөрний урсгал дагасан жихүүн салхи умраас үлээж байлаа. Дахиад цүнх, чемодан, зургийн хэрэгслээ “агссан” дөрвөн хүн Старая Древеня дахь хүнсний дэлгүүрээс гурав хоногийн хүнс базаагаад байр луугаа хөдөллөө. Такси дуудсанд Москвад таарсан шиг энд ч бас дахиад л гүрж залуу таарав. Цаг хэртэй давхисны эцэст Эрмитажаас холгүйхэн хуучны байрнуудын дунд ирж буулаа.


ЕВРОП РУУ ХАРСАН ЦОНХОН ДЭЭР 


Эрмитажийн музейгээс зүүн тийш 100 метр хүрэхгүй газарт байх байрандаа ирлээ. Хуучин байрны чийг даасан үнэр, өндөр тааз, хүнд модон хаалга, гадаах нуман хаалга зэрэг нь манайхны хотын төвийн хуучин барилгуудыг санагдуулам. Цэлийсэн хоёр өрөө байрандаа ормогцоо бид “коридор нь явж гүйцэгдэхгүй залхуутай биш үү” хэмээн дуу алдсан юм. Байрны эзэн биерхүү орос эмэгтэй гэрээ хийж, 100 доллар халааслаад талархангуй гарч одлоо. Гурван өдөр амьдрах газар минь. Лхагвааг унаанд суулгаж өгөөд, эртхэн унтахаар хэвтлээ. “Би яг одоо энэ хотын тухай бодож байна” гэж тэмдэглэлийн дэвтэртээ нэгдүгээр сарын 31-нд тэмдэглэжээ. Өглөө нь бид Петртэй танилцахаар гарлаа. Неваг том гүүрээр даваад, хот үүссэн Петропавловын Үнэн алдартны сүмээр очив. Урд орой нь хажуугаар нь гарахдаа Лхагваа бидэнд “Энэ бол хот үүссэн газар” гэж хэлсэн учраас хамгийн түрүүнд тийшээ явлаа. Их Петр хаан Швед, Италийн архитектурт зарлиг буулган 1712-1713 оны хооронд бариулсан дэлхийн хамгийн өндөр цамхаг бүхий Үнэн алдартны шашны сүм. Их Нева цасан хучлага дор нойрсож, далайн сэрүүн салхи хавирга нэвтэлнэ. Тэндээс холгүйхэн байх исламын сүмээр бас орлоо. Гаднаасаа цэнхэр өнгөөр гялтганан нүд булаасан энэ сүм дотроо хүйтэн, зөвхөн мөргөлийн дуу л сүмийг дүүргэж байх шиг санагдана. Үүдэн дээр нь гуйлга нэхсэн улс бужигнана.  Энэ хотод ирээд хоёр хоногийн дотор гурван ч сүмээр ороод амжих нь тэр. Санктыг бага сагахан таних аялал маань гэртээ ирж, орос үхрийн махаар будаатай хуурга хийснээр өндөрлөв. 

 
Петр хот, Ленинград, Санкт-Петербург аль ч нэр нь энэ хот юу туулж ирсний гэрч. Лхагваагийн бидэнд хэлснээр хот тэр чигтээ түүхэн үзмэр гэмээр. Бидний байрласан байранд Набоков амьдарч байсан, холгүйхэн Пушкиний амьдралынхаа сүүлийн жилүүдийг үдсэн байшин бий. Есенин хэдхэн гудамжны цаадах байранд амиа хорлосон сурагтай. Өнөөдөр бидний дайраад гарсан Дворцовая талбай гэхэд хэдэн зуунаар тоолох түүх хүүрнэнэ. Энэ бол наад захын хэрэг. Эргэн тойрны байшин барилга маань 1600-1800 оны хооронд, түүнээс ч цааш түүхийг хадгалж буй гэхээр хот суурингийн түүхээр маруухан нүүдэлчин бидэнд сүрдэм биширмээр санагдана. Чи Петрт төөрөх нь юу бол. Урт шулуун гудамж чамайг хөтлөөд хаа нэгтээ хүргэж л таараа. Мухардана, будилна гэдэг зөвхөн чиний л хэрэг.

Хүн бүхний түгээмэл мэддэг нэгэн түүх ингэж эхэлдэг. Петр хаан шведүүдээс дайтаж авсан Балтын тэнгисийн эрэг дээрх намгархаг газрыг харж зогссоноо Туулайн арлаас авсан хоёр ширхэг өвсийг тэмдэг болгон тавиад “Энд их хот босох болно” хэмээн зарлигдсан гэнэ. Энэ үед толгой дээр нь бүргэд нисэж үзэгдсэн нь түүний хэлсэн санааг бататгасан билиг байлаа. Энэ домогтой домоггүй Петрийн хот эмх цэгцийн урлагийг хэн бугайд ч бахтай мэдрүүлнэ. Европоор аялж явахдаа Амстердамд хэсэг саатсан хаантан өөрийнхөө улсад Венецийг байгуулна хэмээн төлөвлөж, намгархаг хөрсийг бэхжүүлэн, хэдэн мянган хүний амиар дэнчин тавин эмх цэгцтэй хотыг бий болгожээ. Ямар ч өө сэвгүй, илүү гарсан зүйлгүй тэгш гудмууд, чулуун дардан зам, дугуй талбай, түүнээс нарны цацраг мэт тал тал тийш гарах гудмууд, хаа бол хаа таарах сувгууд гээд цөм Петрийн мөрөөдлөөс эрслэн боссон хот. Энэ хотыг оюун санаанаасаа цогцлоон босгосон тэр хаан одоо бидний байрнаас холгүйхэн хүрэл хөшөөнд л мөнхөрч үлджээ. Маргааш бид тэнд очно. Төв хэсэг нь ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгдсэн энэ хот өвсөн дундаас зүү эрэх мэт яваа биднээс түүхийн ул мөрийг нуух уу эсвэл алган дээр минь тавьж өгөх үү гэдэг л сонин. Маргааш бид Санкт-Петербургийн их сургуулийн багш Мариа Петроватай уулзана. Магад тэр Д.Нацагдоржийн сурч байсан сургууль, Д.Пагмадуламын сургууль, тэдний зургаа авахуулсан цэцэрлэгт хүрээлэн рүү биднийг хөтлөх биз. Одоо Улаанбаатарт шөнийн 05 цаг болж байгаа.


СОРВИ МЭТ ТҮҮХҮҮД


Би сорви бүрийнхээ түүхийг санадаг гэхгүй. Гэхдээ сэтгэлд тод үлдсэн сорви байдаг. Тэдгээр сорвиуд надад өвдөлтийг бус хүүхэд насыг минь, мод, хашаа дамнан гүйсэн цаг үеийг, чулуугаар байлдсан өдрүүдийг сануулдаг. Зарим сорви нүдэнд харагдахгүй хэр нь сэтгэлд тодоос тод дурайж үлддэг. Түүх ч гэсэн өөрийн сорвитой. Бүдгэрч балардаг хэр нь хэзээ ч  арилшгүй сорвитой. Тэр сорви, ул мөрийг би мөшгиж яваа.

ЗурагТайлбар
 1926 онд Гүнзэйчойнэй хийдийн харагдах байдал.

2019 оны өвөл Гүнзэчойнэй хийдийн харагдах байдал.

Гэрэл зургийг М.Төгөлдөр



Улаанбаатарт утас дуугарснаас хэд хоносны дараа өнөөх хүнтэй уулзахаар хотын нэгэн худалдааны төвийн кафед суулаа. Утасны цаанаас товч дурдсаны дагуу тэр өөрийгөө Бадма Намжил Очировын ач хүү гэж танилцуулав. Утсаа тасалсны дараа би утсан дээрээсээ хийдийн хойд талд байх таван давхар шар байшингийн ханан дээр чулуун дээр сийлж суулгасан нэрсийг татаж харвал дээрх нэр дурайж байсан учраас уулзах цаг товлосон нь энэ.  Түүний надад дурсгасан номын 28 дугаар хуудсанд “ Мартаж болохгүй гунигт түүх гэж байдаг. Мартаж болохгүй, сорвижиж арилаагүй чин сэтгэлийн угаас үүнийг бичиж сууна. Учир нь хэлмэгдэн хороогдсон өвөөгийн минь цус миний зүрхэнд лугшиж буй” гэж бичжээ. Энэ бол бидний нүдэнд үл харагдах ч сэтгэлд зуран үлдсэн сорви мэт түүхийн нэгэн жишээ. Тиймээс л би энэ түүхийн талаар дэлгэрүүлэн бичихээр баримтуудыг нягталж эхэллээ. Бадма Намжил Очиров гэж хэн байв аа. Тэр энэ хүүхдүүд, их зохиолчтой ямар холбоотой байв…?

Цувралын өмнөх нийтлэлийн уншихыг хүсвэл ЭНД дарна уу! 

холбоотой мэдээ
1
2019.07.02
Найрагчийн мөрөөр: Шувуу мэт гэгээн, ангид, хөөрхий улс
2
2019.06.25
Найрагчийн мөрөөр: Энд үлдсэн дурсамжууд
3
2019.06.11
Найрагчийн мөрөөр: Цаг хугацаа мэндлэхээс өмнө
санал болгох
1
14 цагийн өмнө
Эмх цэгцгүй хүмүүс маш бүтээлч байдгийг батлах 6 баримт
2
16 цагийн өмнө
Ажлын байрны дарамтыг зөвхөн бэлгийн дарамтаар хязгаарлахгүй
3
17 цагийн өмнө
Японы өвөл цагийг мэдрүүлэх "кино шиг" 23 гэрэл зураг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
6
0
1
0
1
0

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.05.08 202.21.114.26

Питер лүү яг одоо гараад гүйчихмээр л санагдаж байна шүү, ийм сайхан төслийг эхлүүлсэнд нь маш их баярлалаа.

0 Хариулах


Зочин 2019.05.08 202.21.114.26

Красуйся, град Петров, и стой Неколебимо как Россия!

0 Хариулах


Мөөгий 2019.05.05 202.126.89.219

Сайхан тэмдэглэл байна аа. Та бүхэнд баярлалаа

0 Хариулах