Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

НАМАР "гунигийн" улирал гэдгийг батлах 10 ШҮЛЭГ


Саяхан л улс даяараа баяр наадмын уур амьсгалд умбаж байсан санагдах. Гэвч намрын үнэр хэдийнээ айлчлан ирж, хүйтэн бороонд алхах олны гуниг өлмийд уналдана. Гэхдээ намрын сайхан нь юу болохыг хүмүүс төдийлөн хэлж чадахгүй л болов уу. Зарим нь намрыг үдэлтийн улирал гэдэг. Тийм болохоор л гунигтай санагддаг байх. Тэгвэл намрыг гунигийн улирал гэдгийг батлах 10 шүлгийг та бүхэнд хүргэж байна. 

1. Яруу найрагч Л.Ганзул 
Эгшиглэнгийн цэнхэр ертөнцөд надаас холдох гэхдээ

Эхлээд чи гараараа алгадсан

Үүлэн нүүхийн хоромд эргээд ирэхэд минь

Үгээрээ алгадсан

Сарны гэгээ залгин халамцаж хоноход 

Салхиараа алгадсан

Сул аялгуу шүлгэндээ бөмбөрүүлж алс суухад минь 

Сургаараа алгадсан

Хачин их саначихаад хавраар зочлоход минь

Харцаараа алгадсан

Намрын дунд сарын билэгт өдөр харин 

Намайг чи сүүлчийн удаа тоосоороо алгадсан

Чандага цагаан орчлонд хүнийх болохоосоо өмнө

Час улаахан гэрэлтэй зовлон байсан чи

Шар дурдан гуниг энгэрт нэвчүүлээд одохдоо

Шаналан туучин ирдэг жаргал болсон чи

Дэндүү ариун хайрыг минь чи

Дэлхийгээр нэг цацаагүйсэн бол

Эвийлэх ганцхан ижийгээ мартан чамайг хайрлаж

Энэ орчлонд би нүгэл үүрэх байж дээ

Чамд би гомдох эрхгүй...

2. Яруу найрагч Д.Урианхай

Ганцаараа үлдсэн навч мөчрөөсөө зүүгдээд уйлж байна

Гадаа намар ирчихсэн

Газар түүнд ойрхон байна

Ургаж өөдлөөд, унаж газарладаг

Учир тавилантай шаргал навчис аа

Өлмийдөө элбэг зай олоод, гишгэлгүй өнгөрөөе дөө би

Өнгөт хорвоогийн эргэлтээ ёсоороо дуусга даа

Тормойх оддоос шүүдэр тосон

Тоонон дээр шуугихыг чинь олон сонссоон би!

Цагийн шүүдрийг сүү шиг шимж

Цангасан шувуу шиг газраа тэврээч дээ, навчис минь

Өнөө уналаа ч маргааш ургадаг

Өөдийн заяатай шаргал навчис аа

Салхины ая даахгүй хийсэхийг чинь харахад

Санааны үзүүрт хөндүүр л байна даа

Хөр цас, хүйтэн сэрүүнд нөмөр бараадах навчсыг

Хөөрхийлж дотроо өрөвдөх л юм даа би

Өөртөө элбэгхэн зай олоод шороо үргээлгүй өнгөрье дөө

Өнгөт хорвоогийн найранд бид ижилхэн л дугараа шүү дээ...

3. Яруу найрагч Л.Өлзийтөгс 

Моддын дээр цас орно

Өнгө нь хувирсан сүүлчийн навчис

Өвдөж байгаа болов уу, гуниглаж байгаа болов уу

Агуу их нам гүм, цас

Агуу их амьдрал, нулимс

Агуу их үхэл, намар

Аль алинаас нь би харцаа салгаж чадахгүй нь

Моддын дээр цас орно

Зүрхнээс минь нэг нэгээрээ одож буй хүмүүсийн төлөө

Навч шиг тасран одож буй тэдний төлөө

Зүйрлэшгүй их шаналсан минь өчигдөрийнх, зуных

Моддын дээр цас орно

Харин одоо цээжинд минь аль хэдийнээ гэрэл

Хачин нам гүм цас моддын дээр...

4. Яруу найрагч Т.Очирхүү 

Салхинд дохилзох өвсний толгой

Салая даа, цаашаа гэх шиг ээ

Цаад голын бургас шар шар толботой

Салбарч ноорсон дээлийн хуулга шиг ээ

Үүл өтгөрч харлаад тэнгэр нэг л бүүдгэр

Үг цөөрч гансраад сэтгэл бас л бүүдгэр

Хангай дайдын намар сэр сэр салхитай

Хариюу, байюу, яая сэм сэм гунигтай

5. Яруу найрагч Ж.Лхагва 

Намрын сүүлчийн навч

Дэгээнд орсон загас шиг

Эцсийн удаа цовхчино...

6. Яруу найрагч Д.Эрдэнэзулай

Өөртэй чинь зөрсөн агшинг

Өнгөөр зүйрлэвэл улаан

Нэг тийм дулаахан мэдрэмж төрөөд

Нэлэнхүйдээ бие минь чичрэн даардаг

Цүнх шүргэлцэхэд зүрх хүчтэй цохилж

Цээжнээсээ гарах гэж адган тэмүүлдэг

Үггүй зөрөхөд чинь галзуурах мэт

Үймэрсэн бодолдоо тарчлан зовдог

Чамтай зөрөх агшин

Час улаан болохоор л

Чи намайг харалгүй

Цагаан учрал руу л тэмүүлдэг байх...

7. Яруу найрагч Б.Лхагвасүрэн

Навч минь би чиний

Гараас чинь хөтлөөд цуг хийсье тэгэх үү

Намрын бороонд хамтдаа даарч хонох

Ганцхан хоногийн зөвшөөрөл өгөөч

Чиний л дэргэд бүтэн шөнө бээрч хоноод

Чимээгүйхэн үүрээр хамтдаа цуг нисье

Шимширсэн гунигийн хатуу цээж өмөлж

Шархадсан шувуу шиг цоорхойг чинь энхрийлье, зөвшөөрөөч...

8. Яруу найрагч С.Начин

Зүрхнийхээ хуанлыг дэлгэж суугаад

Томруулдаг шилээр

Чамтай танилцсан цаг хугацаагаа

Нягтлан бодож хэсэг тээнэгэлзлээ

Голдуу бороо үл мэдэг хаялсан

Навчсын судлаар дуслууд нь

Бөнжигнөн жирвэлзсэн

Он цагийн алдаа заалаа

Бодохнээ хавар байсан болов уу гэж

Өөртөө тунгааваас

Үсэнд чинь сондорлогдсон хярууг

Үлээж өгснөө санахад өвөл ч юм шиг

Гэтэл намайг санагалзан дурсаж

Шаргал гунигийг сэтгэлдээ хослуулан

Нисэж явааг чинь тагтан дээрээсээ харахад

Намар л байж дээ чи... 

9. Яруу найрагч Б.Эрдэнэсолонго

Цэцэгс, эрвээхэй болон нисэх нь намар цаг

Галзуурсан үнээнүүд хашааны оройд суугаад

Саяхан татсан өвсний үнэрт мансууран

Галуудын тухай ярилцаж чанга чанга хөхрөлдөнө.

Чийртэй хүйтэн бороо эцэс төгсгөлгүй цутгаад

Чилж хүндэрсэн зовхио буулгахад ч тээртэй 

Цус сорогчдоос хамгийн хорлонтой нь шумуулнууд

Тэд хүртэл хэн нэгэнд дайсагнахаа болиод

Хошуугаа тэврэн уйлалдах нь намар цаг

Навчис өндрөөс унаж амиа хорложээ

Нар өндрөөс унаж амиа хорлохыг завджээ

Үхэх нь үхэж, үлдэгсэд зөвхөн хахир өвлийг

Хэрхэн угтах талаар нухацтай ярилцана

Цэцэгс эрвээхэй болон нисэх нь намар цаг...

10. Яруу найрагч Г.Аюурзана

Бяцхан суурингуудыг би сайн ойлгодог

Бяцхан суурингийн нохдын дуу золбоотой

Xүмүүсийн инээвхийлэл гунигтай байдаг

Ингэж хүлцэнгүй инээвхийлдэг хүмүүс л

Эртний бүрэнхий дууг мартаагүй явдаг

Тэдний хүүхдүүд л шүлэгч болдог

Зурагтын ганцхан суваг гардаг

Бяцхан суурингуудыг би сайн ойлгодог

Зун нь энд диваажин шиг

Өвөл нь зүүд шиг, хавар нь там шиг

Намар гэж ер байдаг юм уу

Шарлах ганц ч навчгүй

Саргар моддыг нь би дэндүү сайн ойлгодог...

Бэлтгэсэн:Л.Сайнаа

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
2
20 цагийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
Өчигдөр
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
10
1
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.