Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Назарбаев ерөнхийлөгчөөр ажилласан жилүүдэд Казахстан хурдтай хөгжсөнийг илтгэх 5 баримт


Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев өчигдөр ард түмэндээ хандаж үг хэлэхдээ албан тушаалаасаа огцорч байгаагаа зарлалаа. Казахстан улсыг 30 орчим жил удирдсан Назарбаевыг албанаасаа буух тухай яриа сүүлийн саруудад гарч байсан өчигдрийн мэдэгдэл гэнэтийн байсан гэж томоохон хэвлэл мэдээллийн агентлагууд бичжээ. 

Назарбаев өмнө нь Казахстаны засаг захиргаанд удирдах албан тушаал хашиж байсан ба Зөвлөлт Холбоот Улс задрах үеэр буюу 1989 онд Казахстаны Коммунист намын Нэгдүгээр нарийн бичгийн даргаар томилогдож улмаар 1991 оноос төрийн тэргүүн болжээ. Тэрээр Казахстан улс тусгаар тогтнолоо зарласнаас хойш сонгогдож байсан цорын ганц төрийн тэргүүн бөгөөд 1999, 2005, 2011 болон 2015 оны сонгуульд ялалт байгуулж байжээ. Хуулиараа бол Назарбаевын ерөнхийлөгчийн албыг хаших хугацаа 2020 онд дуусгавар болох учиртай юм. Гэвч өчигдрийн мэдэгдэлд дурдсанаар 2020 он хүртэл ерөнхийлөгчийн албыг парламентын дарга Касым-Жомар Токаев орлон гүйцэтгэх юм байна. 

Тэгвэл одоо 78 настай Нурсултан Назарбаев Казахстаны ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд тус улс хэрхэн хувьсан өөрчлөгдөв? 

1. Эдийн засгийн хөгжлөөрөө Франц, Италийг гүйцэж түрүүлэн Японтой эн зэрэгцэж байна 

2017 онд Вашингтон дахь “Heritage Foundation"-ээс дэлхийн 180 улсын эдийн засгийг үндсэн 12 үзүүлэлтэд тулгуурлан хэмжиж, Эдийн засгийн эрх чөлөөний индексийг гаргажээ. Ингэхдээ өмчийн эрхийг хамгаалалт, худалдаа, хөрөнгө оруулалт, санхүүгийн салбарт төрийн зохицуулалтын түвшин, төрөөс бизнесийн салбарт үзүүлж буй дэмжлэг, хуулийн орчин, татвар зэрэг үзүүлэлтийг харгалзан үзсэн байна. Энэхүү үзүүлэлтээс харахад төв Азийн орнууд дундаас Казахстан эдийн хөгжлөөрөө дээгүүрт бичигдсэн байна. 2016 онд 180 орноос 68-р байранд бичигдэж байсан бол 2017 онд Франц, Итали зэрэг Европын орныг гүйцэж, Японтой зэрэгцэн 40-р байранд бичигджээ. 

Казахстан 2016 онд Эдийн засгийн эрх чөлөөний индексээрээ 180 орноос 68-р байранд бичигдэж байсан бол 2017 онд Франц, Итали зэрэг Европын орныг гүйцэж, Японтой зэрэгцэн 40-р байранд бичигджээ.

2. Нэг хүнд ногдох ДНБ нь 26,252 доллар 

2018 оны байдлаар Казахстаны ДНБ 477.6 тэрбум ам.долларт хүрч, нэг хүнд ногдох ДНБ нь 26,252 ам.доллар болжээ. Харин эдийн засгийн өсөлтийн жилийн дундаж үзүүлэлт нь сүүлийн таван жилд 3.3 хувийн өсөлттэй байна. Түүнчлэн ажилгүйдлийн түвшин 4.9, инфляци 7.4 хувьтай байгаа юм. 

3. Эдийн засгаа төрөлжүүлсэн байдал

Казахстан улс 90 орчим төрлийн ашигт малтмалын нөөцтэй бөгөөд ашигт малтмалын салбар дахь хурдтай хөгжил, өрсөлдөх чадвараараа дэлхийд гайхагдаж байна. Тус улсын экспортын гол бүтээгдэхүүн нь нүүрс, байгалийн хий, газрын тос, уран. Статистик мэдээллээс үзэхэд Казахстан улс 39.6 тэрбум баррель газрын тос, 1.82 их наяд шоо метр байгалийн хий, 1.7 орчим сая тонн ураны нөөцтэй гэсэн тооцоо гарчээ. Казахстаны уул уурхай салбарын үйлдвэрлэл 2017 он гэхэд 29.5 тэрбум ам.долларт хүрээд байна. 

Гэхдээ Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев эдийн засгаа төрөлжүүлж, ашигт малтмалын үнийн хэлбэлзэл, уул уурхайгаас хараат бус байлгахад онцгой анхаарал хандуулсаар иржээ. Одоогийн байдлаар үйлчилгээ, газар тариалангийн салбар ДНБ-ий 5.4 хувийг бүрдүүлж байна.

4. Дэлхийн брэндүүдийн үйлдвэрлэл явуулах цэг 

CIS-ээс Казахстаны улсыг хөрөнгө оруулалт хийхэд хамгийн тохиромжтой 20 орны нэг хэмээн нэрлэжээ. Энд ашигт малтмалын салбар цэцэглэн хөгжихийн зэрэгцээ аялал жуулчлал, технологи, хөнгөн үйлдвэрлэл эрчимжиж байна. Одоогийн байдлаар Казахстанд LG, “Samsung”, “Bosch”, 3M, “Panasonic”, АВТОВАЗ, “Chevrolet” зэрэг дэлхийн брэндүүд үйлдвэрлэлээ явуулж байгаа бол “Microsoft” компани төв Азийн бүсийг хариуцсан төвөө Алматыд байгуулжээ. 

Одоогийн байдлаар Казахстанд LG, “Samsung”, “Bosch”, 3M, “Panasonic”, АВТОВАЗ, “Chevrolet” зэрэг дэлхийн брэндүүд үйлдвэрлэлээ явуулж байна.

5. Эдийн засгийн төлөвлөгөө: “Казахстан-2030" 

Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев 1997 онд “Казахстан-2030: Бүх казахстанчуудын хөгжил цэцэглэлт, аюулгүй байдал” гэсэн илгээлтийг ард түмэндээ хандан тавьж байжээ. Өөрөөр хэлбэл, Казахстан улс түүхэнд анх удаа богино болон урт хугацаанд хөгжлийн стратегиа тодорхойлсон юм. Тэрээр улс орны хувьд хамгийн чухал зүйл нь үндэсний аюулгүй байдал, улс төрийн тогтвортой байдал, мэргэжлийн төр хэмээн үзэж үзэж эдийн засгийн өсөлт, эрүүл мэнд, боловсрол, эрчим хүчний нөөц, дэд бүтцийн хөгжлийн асуудлыг нэн тэргүүнд тавьжээ. 

2017 онд Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев мэдэгдэл хийж, Казахстан улсыг 2025 он хүртэл хөгжүүлэх эдийн засгийн хөгжил гурав дахь шатандаа орж байгааг мэдэгдсэн юм. Шинэ төлөвлөгөөгөөр Казахстанд орчин үеийн технологид анхаарал хандуулж, жижиг, дунд бизнесүүдэд эдийн засгийн эрх чөлөө олгох талд дээр анхаарна гэдгийг онцолжээ. 

Назарбаев Казахстаны төрийн тэргүүнээр ажилласан жилүүдэд тус улс АНУ болон Европ, Азийн орнуудтай найрсаг харилцаа тогтоож, эдийн засгийн хөгжлөөрөө төв Азийн орнуудыг тэргүүлж байна. Нөгөөтэйгүүр Назарбаевын гэр бүл, түүний тойрон хүрээлэгчдийн эрх мэдэл, эзэмшдэг хөрөнгө хувь хэмжээ нэмэгдсээр байгаа юм. Барууны хэвлэлүүдэд Казахстан дахь хээл хахууль, хүний эрхийн зөрчлийг шүүмжлэн бичдэг. Харин Назарбаевыг дэмжигсэд түүнийг 1990-ээд оны шинэчлэлээс хойш үндэстэн хоорондын энх тайван, тогтвортой байдлыг хадгалж шинэ мянганы эхний арван жилд эдийн засгийн гайхалтай өсөлтөд хүргэсэн гэж үнэлдэг байна.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
Өчигдөр
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
4 өдрийн өмнө
Видео: АНУ-д гүүр нурсны улмаас 20 гаруй хүн гол руу унаж сураггүй алга болоод байна
санал болгох
1
6 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.