Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Нелсон Манделагийн амьдралыг хүүрнэх түүхэн 20 баримт


Нелсон Мандела гэх нэрийг сонссон хэн ч бай түүнийг арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг тууштай тэмцэгч лидер байсныг мэдэх биз ээ. Тэрбээр тэмцлийнхээ төлөө 27 жил шоронд ял эдэлсэн бөгөөд дэлхийн ард түмний энх тайвны төлөө насан туршийн амьдралаа зориулсан нэгэн билээ. Өнөөдөр түүний мэндэлсний 101 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбогдуулан бид Нелсон Манделагийн амьдралын талаарх түүхэн 20 баримтыг хүргэж байна. 

1. Тэрбээр Өмнөд Африкийн зүүн хэсгийн Мвезо гэх жижгэвтэр тосгонд 1918 оны долоодугаар сарын 18-нд мэндэлжээ. Эцэг эх нь түүнд Нелсон Холилала Мандела хэмээх нэр хайрласан ч хожим сургуулийн багш нь түүнийг Нелсон хэмээн нэрлэх болжээ. Зарим үед түүнийг Африк омгийн уламжлалт Мадиба гэх нэрээр дууддаг байсан бөгөөд Мандела хэмээх нэртэй нь утга ижил ажээ.

2. Мандела 1939 онд Өмнөд Африкийн хар арьснуудад зориулсан сайн сургуулиудын нэг Форт Хэйрийн их сургуульд элсэн суралцсан юм. Тухайн үед арьс өнгөөр ялгаварлан гадуурхалтын эсрэг хамтран тэмцэгч, дотнын анд нөхөр Оливер Тамботойгоо танилцсан гэдэг. Удалгүй тэд бойкот зохион байгуулсан гэх үндэслэлээр сургуулиасаа хөөгджээ. Тэд 1944 онд арьс өнгөөр ялгаварлан гадуурхалтын эсрэг үйл ажиллагаа явуулдаг Өмнөд Африкийн улс төрийн намд нэгдсэн юм.

3. Тэрбээр 1944 онд Эвелин Нтокотой гэрлэж, 13 жил ханилжээ. Энэ хугацаанд тэд дөрвөн хүүхдийн эцэг эх болсон байна.

4. Тэрбээр эрх чөлөөний төлөө тууштай тэмцэгч байсан бөгөөд 1952 оноос Африкийн үндэсний хөдөлгөөнийг удирдаж эхэлжээ. Олон нийтийг хамарсан эсэргүүцлийн энэ хөдөлгөөнийг хүч хэрэглэлгүй, тайван замаар өрнүүлэх нь түүний гол зорилго байлаа.

5. Түүнийг Энэтхэгийн хувьсгалч Махатма Гандийн энх тайвнаар тэмцэх арга барилыг эрхэмлэдэг байсан гэж судлаачид үздэг. Хэдийгээр тайван замаар тэмцлээ өрнүүлж байсан ч 1956 оны арванхоёрдугаар сарын 5-нд түүнийг 150 гаруй хүний хамт баривчилж эх орноосоо урвасан, төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллажээ. Тэдний гэм бурууг 1956-1961 оныг хүртэл шүүсэн бөгөөд "Treason Trial" хэмээн алдаршсан тус шүүх хурал таван жил үргэлжилсний эцэст Нелсон Манделаг цагаатгасан байна.

6. Цагаатгагдсан даруйдаа тэрбээр "Үндэстний Жад" буюу "Умхонто вэ Сизве" хэмээх зэвсэгт хөдөлгөөнд оролцжээ. Олон жилийн турш энх тайван замаар үр дүнгүй өрнөсөн тэмцэл, арьс өнгөний үзэлд төрийн зүгээс ирж буй хавчлага, дарамт улам бүр нэмэгдсэн зэрэг шалтгаанаар зэвсэгт тэмцэл хийхээс өөр аргагүй болсон гэж тэр хэлсэн байна. Үүнээс болж тэрбээр 2008 оны долоодугаар сар хүртэл Америкийн хилээр нэвтрэх эрхээ хасуулсан түүхтэй.

7. Удаа дараалсан бослого, зэвсэгт дайралтын дараа цагдаагийн газраас түүнийг 17 сар эрэн сурвалжилсны эцэст 1962 оны наймдугаар сарын 5-нд дахин баривчилжээ. Энэ удаад түүнд эвдэн сүйтгэх үйл ажиллагаа явуулсан, ӨАБНУ-ыг гадаадын улсуудад эзлүүлэхийн тулд ажилласан гэх хоёр ял тулгасан байна. Эдгээрээс эвдэн сүйтгэх үйл ажиллагаа явуулсан гэдгээ тэр хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ нь тухайн үед төрийн эсрэг гэмт хэрэгт тооцогдож байжээ.

8. 1964 оны зургаадугаар сарын 12-нд болсон шүүх хурлаар Мандела болон түүний хамтран тэмцэгчдэд дөрвөн удаагийн зэвсэгт бослого үйлдэж, ӨАБНУ-руу довтлох зорилготой гадаадын улсад тусалсан зэрэг ял тулгаж, бүх насаар хорих ял оноосон байна. Тэрбээр шүүх хурлын үеэр "Өөрийн амьдралаа би Африкийн ард түмний тусын тулд зориулсаар ирсэн. Би цагаан арьстнууд хар арьстай хүмүүсийг дарлахын эсрэг тэмцсэн. Би хүн бүхэн нь тэгш эрхтэй, бие биенээ хүндэлсэн, ардчилсан, чөлөөт нийгмийг дээдэлдэг. Шаардлагатай гэж үзвэл би энэ чөлөөт нийгмийн төлөө үхэхэд ч бэлэн байна“ хэмээжээ.

9. Улмаар Мандела 27 жил шоронд хоригдсон ба үүний 19 жилийг Роббен арлын шоронд өнгөрүүлжээ. Тэрбээр хоригдож байх хугацаандаа Лондоны их сургуульд эчнээгээр дүүргэсэн гэдэг. Түүний дараа үеийн хар арьст тэмцэгчдийг ч мөн Роббен арлын шоронд хорихоор болсонтой холбогдуулан хүмүүс тус шоронг Манделагийн их сургууль гэж нэрлэх болжээ. Үүнээс болж түүнийг 1982 онд "Pollsmoor Prison" шоронд шилжүүлсэн байна.

10. Хоригдож байх үед нь түүнийг олон улсын зүгээс суллахыг шаардаж байв. Тухайлбал АНУ,  ЗХУ зэрэг томоохон улсууд ч өөрсдийн байр сууриа илэрхийлсэн бөгөөд 1990 оны хоёрдугаарсард түүнийг шоронгоос суллах зарлиг гаргажээ.

11.Эрх чөлөөтэй болсноосоо хойш тэрбээр эвлэрэл, хэлэлцээг дэмжиж, Өмнөд Африкийн олон арьстны ардчилсан засаглал руу шилжих хөдөлгөөнийг удирдахад хувь нэмрээ оруулжээ. 1993 онд түүний энх тайвны төлөөх цуцашгүй, тууштай тэмцлийг үнэлж Нобелийн энх тайвны шагнал хүртээсэн юм.

12. Тэрбээр 1994-1994 оны хооронд ӨАБНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан бөгөөд тус улсын түүхэн дэх анхны хар арьст ерөнхийлөгч болсон юм. 

13. Тэрбээр 1958 онд эхнэр Эвелин Нтокогоос салсны дараагаар залуу ажилчин бүсгүй Номзамо Уинифред Мадикизелатай гэрлэжээ. Тэд хоёр охинтой болсон юм. Мандела 1995 онд хэвлүүлсэн “Long Walk to Freedom” хэмээх намтар номондоо “Анхны харцаар дурласан эсэхийг би хэлж мэдэхгүй юм. Ямартай ч би анх түүнийг олж хараад эхнэрээ болгохыг хүсэж буйгаа мэдэрсэн” хэмээн бичсэн байдаг аж. Гэвч тэдний хамтын амьдрал удаан үргэлжлээгүй юм. Уиннигээс салснаасаа хойш хоёр жилийн дараа Мандела Грака Мачел хэмээх бүсгүйтэй гэрлэв. Тэрбээр Мозамбикийн ерөнхийлөгч асан Самора Мачелийн бэлэвсэн эхнэр нь байжээ. Удаах жил нь түүний ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусч, Табо Мбекид халаагаа шилжүүлсэн билээ. 

14. Тэр хэдийнээ 85 нас зоогложээ. Гэвч ясны тэмцэгч хүн учир 2003 оны арваннэгдүгээр сард ДОХ-ын эсрэг тэмцэлд оролцсон байна. ДОХ/ХДХВ-ын хор хөнөөлийг урьдчилан таниулах, үхлийн аюултай өвчнөөс сэргийлэхэд уриалах зорилготой хүмүүнлэгийн тоглолтын үеэр Нелсон Мандела Кейптаун хотын “Ногоон цэг” цэнгэлдэхэд илтгэл тавьжээ. Түүний илтгэлийг сонсохоор 40 мянган гаруй хүн цугласан гэдэг. “46664” нэртэй уг хүмүүнлэгийн тоглолт нь бүхэлдээ ДОХ-ын халдвараас сэргийлэх, энэ өвчний аюулыг урьдчилан таниулах зорилготой байжээ. 46664 гэдэг нь Манделагийн шоронгийн хүмүүжигчийн дугаар аж. Тэрбээр 2005 онд хүү Макгатогоо ДОХ-ын улмаас амиа алдсан болохыг олон нийтэд зарлав. Дараа жил нь “46664” оддын тоглолтыг Өмнөд Африкт болон Европт дахин зохион байгуулж, орлогыг ДОХ-той тэмцэх ажилд бүрэн зориулжээ.

15. Түүний дуртай хамтлагуудын нэг нь 1990-ээд оны Английн домогт хамтлаг "Spice Girls" байжээ. Тэрбээр 1992 онд Америкийн алдарт жүжигчин Дензел Вашингтоны гол дүрийг нь бүтээсэн "Малкольм Икс" кинонд дүр бүтээсэн байна. 

16.  Тэрбээр өөрийн хүч хөдөлмөрөөр олон шагнал хүртсэн бөгөөд Нобелийн энх тайвны шагнал хамгийн том нь аж. Мөн тэр "Лениний одон"-г хүртсэн хамгийн сүүлийн хүн юм.

17. 2009 оноос эхлэн түүний төрсөн өдрийг "Манделагийн өдөр" болгон тэмдэглэж байхаар болов. Энэ өдрийн гол зорилго нь нийгмийн нэгдмэл байдлын төлөө дэлхий нийтийг уриалах явдал аж. Тухайн жилийн арваннэгдүгээр сард НҮБ-аас долдугаар сарын 18-ныг Нелсон Манделагийн нэрэмжит олон улсын өдөр болгон тунхаглажээ.

18. 2010 онд Мандела 92 нас хүрч, төрсөн өдрөө ач, зээ нарынхаа хамт Йоханнесбург дэх гэртээ өнгөрүүлэв. Тэрбээр биеийн байдлаас шалтгаалан олон нийтийн өмнө гарахаа больжээ. Үүнээс хойш гурван сарын дараа түүний шоронд өнгөрүүлсэн 27 жилийн амьдралыг хүүрнэх “Conversations with Myself” хэмээх ном худалдаанд гарчээ.

19. 2012 онд Нелсон Манделагийн цахим архив төсөл хэрэгжиж, албан ёсоор нээлтээ хийжээ. Уг ажилд “Google” компани 1,25 сая ам.долларын тусламж үзүүлжээ. Төслийн хүрээнд түүхийн чухал баримт болсон хэдэн арван мянган баримт бичиг, зургийг цахимжуулсан байна.

20. Тэрбээр 2013 оны арванхоёрдугаар сарын 5-нд 95 настайдаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм.

                                                                                                                                         Бэлтгэсэн: Л.Сайнбаяр

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
22 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
23 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
23 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
санал болгох
1
22 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.