Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

The New York Times | Хэрэв Сталин ухаалаг утастай байсан бол


Сталины дурсгалын өдөр Сталины хөрөг барьсан эмэгтэй сельфи авах гэж байна. Младен Антонов/ Agence France-Presse — Getty Images


Ub.life сайт болон "Гэрэг" сэтгүүлийг эрхлэн гаргагч “Анлимитед медиа групп” нь АНУ-ын "The New York Times" сонины Монгол дахь албан ёсны хамтрагч болж буйг уншигчдадаа дуулгахад таатай байна. Хамтын ажиллагааны хүрээнд манай Ub.life сайт дөрөвдүгээр сарын турш өдөр бүр "The New York Times"-ийн асуудал хөндсөн өгүүлэл, авторын булангууд болон чөлөөт нийтлэлүүд зэрэг сонирхолтой, өгөөжтэй мэдээллийг албан ёсны эрхтэйгээр хүргэх юм. 

Мөн бид "Гэрэг" сэтгүүлийн тавдугаар сарын дугаарыг "The New York Times"-тай хамтран гаргахаар ажиллаж байгааг дуулгая. Цаашид бид хамтын ажиллагаагаа өргөжүүлж, уншигч та бүхний оюуны цангааг тайлах сэтгүүл зүйн бүтээлүүдийг хүргэхийн төлөө ажиллах болно. 


Дэвид Брүүкс 

Иосиф Сталинг бодохоор заримдаа өрөвдөх шиг болдог юм. Сталин хүн бүрийн зан төлвийг урьдчилан таамаглаж, бүр удирдан чиглүүлэх боломжтой тоталитар нийгмийг бүтээх мөрөөдөлтэй байсан шүү дээ. Гэвч тэр бүхэл бүтэн нэг зууны өмнө, диктатор болох замналыг нь тун чиг хөнгөвчлөх байсан технологи гээч зүйл буй болохоос өмнө төрчихсөн. 

Нэгдүгээрт, тэр үед технологи байсан бол Сталинд бусдыг хянаж цагдах гайхалтай хэрэгсэл болох байлаа. Бараг бүх харилцаа компьютерээр явах болсон өнөө үед өнгөрсөн цаг хугацааны цахим “баримт” хадгалагдсаар байгаа.

“Internet of things” буюу Юмсын интернэт гэх ойлголтоор хөргөгч, бугуйн цаг, нүдний шил, гар утас, хяналтын камер гээд биднийг хүрээлэн буй юмс алхам бүрийг маань бичиж, хадгалах явцыг тодорхойлдог. 2017 онд “Levi Strauss” компани хүний хуруугаа хөдөлгөх хүртэлх үл мэдэг хөдөлгөөнийг таньж, мэдээллийг дамжуулдаг мэдрэгчтэй интерактив жийнсэн хүрэм бүтээлээ. Тун удахгүй хууль сахиулагчид жолоочгүй машинаас “мэдүүлэг авч”, та биднийг хэзээ, хаашаа зорчсон тухай мэдээллийг санах ойгоос нь асуудаг болно.

Хятадын эрх баригчдын иргэдээ хянах зорилготой нүүр царай таних технологийг энд дурдахгүй өнгөрч болохгүй. Бээжингийн оршин суугчид түрээсэлж буй байраа бусдад дамлан түрээслэхээс сэргийлэх зорилгоор нүүр царай таних төхөөрөмжийг орон сууцанд байрлуулдаг болоод байна. 

“Yitu” гэх Хятадын нэгэн ферм ажилчдынхаа амралтын болон бие засах өрөө рүү орж буй алхам бүрийг бүртгэдэг систем оффистоо суурилуулсан. Уг систем хяналтын самбар дээр тасархайтсан цэнхэр зураасаар бичиж үлдээнэ. Ингэснээр орчин үеийн сонгодог диктатор таныг хянахад бүр л хялбар болно гэсэн үг.

Хоёрдугаарт, хиймэл оюун ухааны тусламжтай Ио ах (Иосиф Сталиныг хочилдог нэр) маань иргэдийг ямар үйлдэл хийх гэж буйг урьдчилан таамаглах тун боловсронгуй хэрэгсэлтэй болох байлаа. Шошана Зубофф “Хяналтын капитализмын эрин үе” бүтээлдээ бичсэнээр та хэрэв Гүүгл хэрэглэж байгаа л бол хэрэглэгч бус харин Гүүглийн түүхий эд юм. Гүүгл үйлдэл бүрийг тань бичиж аваад, түүндээ тулгуурлан таны зан төлвийг урьдчилан таамаглах загвар боловсруулдаг. Ингэж бүтээсэн загваруудаа жинхэнэ хэрэглэгч нь болох зар сурталчилгааны фирмүүдэд худалддаг.

Үүгээр ч зогсохгүй энэ төрлийн загварыг ашиглан дэлхийн зарим суутнууд хувь хүний хэрэглээг урьдчилан таамаглах хэрэгслийг улам боловсронгуй болгон хөгжүүлэхэд хэдэн тэрбум доллар зарцуулсаар байна. Дээр дурдсантай адилаар энэ технологи “орчин үеийн Сталин”-д тун ч хэрэгтэй эд байх болно. 

Бүтэн найман цагийн турш янз бүрийн амьтдын бичлэг, таалагдсан "meme"-үүдээр нь сатааруулж орхиход л тэд танд хувийн мэдээллээ алдаад зогсохгүй тархи оюун руугаа орох эрх чөлөөг өгчихнө гэж мэд.

Гуравдугаарт, “big data” буюу их хэмжээний өгөгдлийн ачаар өнөөдрийн Сталин Хятад улсын одоогийн ашиглаж буй иргэддээ үнэлгээ өгдөгтэй адил асар том Нийгмийн кредит системийг бүтээх байсан биз. Засгийн газар, банкууд, цахим болзооны сайтууд хүн бүрийн дата мэдээллийг цуглуулж байдаг, бүр хүн бүрийн шүү. Та зээлээ хугацаандаа төлдөг үү? Та хэдэн цагийг видео тоглоом тоглоход зарцуулдаг вэ? Та гарцгүй газраар зам гардаг уу? 

Хэрэв бага зэрэг “асуудалтай” нөхөр бол та бага оноотой буюу хар жагсаалтад бичигдэнэ гэсэн үг. Хар жагсаалтынхан музейд орох эрхгүй байж мэднэ. Эсвэл бүр онгоцоор нисэж, зочид буудалд бууж, дэлгүүр хэсэж, дунд сургуулиа ч төгсөж чадахгүй байж мэднэ. Танай охин таны онооноос болоод хүссэн их сургуульдаа орж чадахгүй байх ч магадлалтай.

Сталины үед нийгмийн дэг журам тогтооно гэдэг ямар ярвигтай байсан гэж санана. Хэн нэгэн асуудал гаргасан бол нийтийн өмнөх шийтгэл (үүнийг зохион байгуулахад ямар их зардал гардаг байсан гээч!) гүйцэтгэх, “гулаг” руу илгээх, эсвэл “цэвэрлэгээ” (Зөвлөлтийн үед коммунист нам, зүтгэлтнүүдийг хоморголон устгасан үе буюу 1936-1938 оныг Их Цэвэрлэгээний үе хэмээн нэрлэдэг) зохион байгуулдаг байлаа. Харин одоо бол харгис дарангуйлал цомхон хэр нь час хийсэн, хүмүүсийг алхам тутамд дагах боломжтой болсон. Яг л Дарангуйллын хагарсан цонхны онолтой адил. Жижиг алдаа завхрал бүрт шийтгэл оногдуулснаар том асуудал үүсэхээс сэргийлж буй хэрэг.

Дөрөвдүгээрт, хувьсгал хийхэд шаардагддаг үй түмэн асуудлыг туулж өнгөрүүлэх албагүй. Ердөө хүмүүсийг Фаустын арилжаанд уруу татахад л хангалттай. Бүтэн найман цагийн турш янз бүрийн амьтдын бичлэг, таалагдсан "meme"-үүдээр нь сатааруулж орхиход л тэд танд хувийн мэдээллээ алдаад зогсохгүй тархи оюун руугаа орох эрх чөлөөг өгчихнө гэж мэд.

Цахим орчин дахь амьдрал өргөжин тэлэх тусам хөрш саахалтын амьдрал, нийгмийн итгэлцэл сулардаг. Нийгмийн бүтэц доройтохын хэрээр нийгмийн амьдралаас тусгаарлагдах явдал нэмэгдэж, цахим ертөнц дэх гэмт хэрэг, муу муухай газар авна. Энэ үед итгэлцлийг эргүүлж бий болгохын тулд төр засаг ямар нэг зүйл хийх ёстой гэж та хүмүүст хэлэхэд л хангалттай. Ингээд л та бага багаар тэдний онлайн амьдралыг удирдах эрхийг гартаа авах болно.

Энэ үйл явц яг одоо Хятадад өрнөж байна.

Жорж Орвелл, Олдос Хаксли нарын тодорхойлсноор та сайн тоталитарич болохыг хүсвэл зөвхөн бусдын зан төлвийг хянаад хангалтгүй. Харин бүрэн эрхийг гартаа оруулахын тулд та бусдын оюун санааг удирдах чадвартай байх ёстой. Орчин үеийн мэдээлэл технологийн хүчээр засаг төр бидний эрх дураараа сэлж буй хувийн мэдээллийн цөөрмийг хүссэн хэлбэртээ оруулах чадвартай болно.

XXI зууны Сталинд бүх зүйл амархан гэж би хэлэхгүй. Нэг талаас орчин үеийн технологи хүмүүсийг хянах явцыг илүү амар болгож байгаа бол нөгөө талаас олон нийт хэн нэгнээр хянаж цагдуулахдаа бухимддаг сэтгэлгээг бий болгож байна.

Гартаа ухаалаг утас барьсан цагт хүмүүс заавал дуу хоолойгоо илэрхийлэх ёстой мэтээр, ямар нэг зүйлийг бусдад түгээх ёстой, бие даан шийдвэр гаргах чадвар, үнэт чанартай байх ёстой мэтээр мэдэрдэг. Гэвч өөрсдийг нь аажмаар бүчсэн мэдээллийн торноос гарч чадахгүй болтлоо орооцолдсон гэдгээ ухаарсан даруйдаа хүмүүс эсэргүүцэл үзүүлнэ. Энэ хуурамч мэдээллийн тор хүсэж, хүлээгээд байгаа ойр дотно байдал, хамт олныг нь бий болгож чадахгүйг ойлгосон даруйдаа тэд эсэргүүцэл үзүүлнэ.

Ингээд уур бухимдлаас урган гарсан хөдөлгөөн, олон нийтийн эсэргүүцлүүд аяндаа бий болно. Энэ үед та бид популист үймээнээр хачирлагдсан бүхэл бүтэн элит ноёрхлын системтэй л хоцорч үлдэх болно.

Хүн төрөлхтний түүх бүхэлдээ эрх мэдлийн төлөөх үргэлжилсэн тэмцлүүд билээ. Эрин үе бүрт бурхан бидэнд тоглоомыг орвонгоор нь эргүүлэх арга хэрэгслийг өгдөг. Үүнийг бид эрх мэдлийг ардчилах хэрэглүүр гэж эндүүрэвч, үнэн хэрэгтээ эсрэгээрээ хүч чадлыг нэг дор төвлөрүүлэх зэвсэг болчихсон байдаг. Энэ бол диктаторуудын хувьд урин цаг билээ.

c.2019 New York Times News Service

Орчуулсан Г.Ариунзул 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
2
2023.05.30
"The Little Mermaid" кино болон анимейшнээс харж болох 10 сонирхолтой ялгаа
3
2022.12.22
“Turning Points-2023” сэтгүүлээс заавал унших 10 МОНГОЛ НИЙТЛЭЛ
санал болгох
1
1 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
3 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
7 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.