Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

ОГТЛОЛЦОЛ кино ревью | Tegshee's Movie Corner


Найруулагч, жүжигчин Г.Анхбаярын зохиолыг нь бичиж найруулсан “Огтлолцол” хэмээх дөрвөн өөр төрөл жанрыг огтлолцуулсан түүвэр кино нээлтээ хийгээд удаагүй байна. Гэмт хэрэг, аймшиг, мистик, инээдэм гэсэн дөрвөн өөр төрлийн богино кинонуудаас “Огтлолцол” бүрдэнэ.

Нисдэг хэрэг

Эхний богино кино “Нисдэг хэрэг”. Анх сонсоход нэр нь жаахан жигтэй мэт боловч киног үзсэний дараа харин тун оновчтой нэрлэснийг ойлгоно. Бага ангийн сурагч гурван найз “хуйвалдаж” нэгнийхээ аавын дроныг нисгэж тоглож байгаад нэгэн аллагын гэрч болж цаашлаад дроноор “мөс” зөөж буй хэрэгт хутгалдаж орхино. Киноны гол дүр болох гурван жаал хэдийн “Breaking Bad” үзчихсэн, хэрсүү, яг л энэ цагийн бүтээгдэхүүнүүд байсан нь монгол кинонд хүүхдийг дэндүү “гэнэн, цайлган, цагаан” харуулдаг үнэмшил муутай уламжлалыг эвдсэн нь сонирхолтой байлаа. Киноны өөр нэг дүр болох Рокит Бэй эгээ л “Эвдэрхий хүн” дууныхаа клипнээс үсэрч гарч ирээд “Нисдэг хэрэг” дотор шилжчихсэн мэт л байв. 

Гэрийн эзэн

Дараагийн кино “Гэрийн эзэн”. Гэрийн эзэн авилгалын хэрэгт холбогдон эзгүйрч, гэр бүл нь доройтсоноор гэрийн эзэгтэй хоёр охиноо дагуулан өмнөх чинээлэг амьдралаасаа унаж арай даржин өөр байранд нүүж ирнэ. Харин тэрхүү гэрт нь далдын өөр нэгэн “эзэн” байх нь тэр. Аймшгийн төрөл жанраар хийгдсэн эл бэсрэг киноны түгшүүрт уур амьсгал киноны жанртаа сайн зохицсон, тусгай эффектийг тун дориун түвшинд гүйцэтгэсэн учир маш үнэмшилтэй байсныг зориуд онцлууштай. Харин киноны төгсгөл санаанд оромгүй байдлаар эргэдэг. Түүнийг үзэгчид өөрсдөө үзвэл илүү сонирхолтой биз.

Бугийг дарагч 

1936 он. Чекистүүд лам, бөө, зайран зэрэг шашны мяндагтан, зүтгэлтнүүдийг ид авлаж байсан их хэлмэгдүүлэлтийн үе. Үзэл суртал гээч зүйл хүн ёсноос хэтийдэхээр хэрхэх бол? Намнуулж буй увидаст жатгач лам, бөө нар “Буг” уу? Эсвэл үзэл суртал, намын даалгавар биелүүлэхийн төлөө нүд цавчихгүй хүн алж орхих Чекистууд жинхэнэ “Буг” уу? Ер нь жинхэнэ“Буг” гээч нь хүний хар муу сэтгэл л юм биш биз? гэх мэт олон асуулт “Бугийг дарагч”-ийг үзэх явцад толгойд эргэлдэнэ. 

“Бугийг дарагч” биш “Буг намнаач” гээд нэрлэчихмээр сайх кино “Огтлолцол”-ийг бүрдүүлж буй дөрвөн киноноос хамгийн хүчтэй илэрхийлэмжтэй, үйл явдлын өрнөл сайтай нь байв.

Харих зам

Дөрвөн жанрын огтлолцооны сүүлч нь инээдэм төрлийн “Харих зам” бэсрэг кино. Гэмт хэрэг, аймшиг, мистик маягийн драмт гурван киноны дараа үзэгчдийг тайвшруулах гэсэн мэт хөнгөн уур амьсгал, шоудаж буй хотын залуусын дүр зураг дэлгэцнээ тодорно. “Харих зам” киноноос үйл явдлын ерөнхий суурь дэвсгэр түгшүүртэй мөртлөө зугаатай, “Esse татахгүй ээ” гэх мэт хатгаа хошигнолууд нь дориун, хүн ер нь айдсаа өөрөө л “кодолж” бий болгож, түүндээ хэрхэн хутгалдан хөглөдгийг мэдэрч болно.

“Огтлолцол” хэмээх түүвэр киноны тухай цухас дурьдахад ийм байлаа. Бичвэрээ дуусгахаас урьтаад тус киноны найруулагч, зохиолч Г.Анхбаярын талаар цөөн хэдэн үг нэммээр байна. 

Мэдээлэл хүртэх хурд дээд цэгтээ хүрсэн, мэдээлэлд нэвтрэх боломж ихээр хялбарчлагдсан, интернэт, сошиалын хийсвэр орчин олон хүний амьдралын хэв маягт голлох байр зуур эзлэхүйц чухлаар тавигдах болсон, олон талаар өмнөх ямар ч үед байгаагүй их боломжид техник технологийн шийдлээр хүрсэн энэ цаг үед кино урлагт “инээдэм” гэх төрөл жанр хувьсан өөрчлөгдөхөөс нааш үзэгчдийнхээ хэрэгцээг гүйцэж чадахгүй хэмжээнд хүрч буй нь нууц биш. Угаас энэ орон зайг Стэнд ап комеди, хошин шог зэрэг өөр төрлүүд хангалттай нөхөж буй. Харин ййм олон ургальч, баялаг, зарим талаар хийсвэр, “хэрсүү” өнөө үеийнхэнд манай кино урлагийнханы гарамгай дэглэдэг гэнэн уянга, цайлган хошигнол төдийлөн үнэлэгдэхэд бэрх болж буй. Энэ байдлыг найруулагч олж харсан эсэхийг мэдэхгүй, юутай ч 24 насандаа “Луйврын хот” анхны бүрэн хэмжээний киногоо хийж байсан, цаашлаад “Франц үнсэлт”, “Давхар цохилт”, “Хожлын нүүдэл”, “Гацуурхан” зэрэг киноны зохиолч, найруулагчаар ажиллаж, өмнө нь голдуу инээдэм, драм төрлийн кино хийдэг байсан Г.Анхбаяр энэ удаад огт өөр төрөл жанр луу “орсон” нь сонирхолтой шилжилт байлаа.

Аливаа урлагийн бүтээлийг өөрийнх нь зүй тогтол, хуулийн дагуу, тухайн уран бүтээлч ямар зорилго өөртөө тавьсны дагуу шүүн тунгаах нь хамгийн чигч, голтой үнэлгээ болдог хэмээн итгэдэг. Тиймээс ч арилжааны киног арт кинотой (сүүл үед дэлхийн кино урлагт ийм илт зааг ялгааг үгүй хийсэн бүтээлүүд олширсон ч), жанр төрлийн кинонуудыг өөр жанртай жишин дүгнэх төдийлөн ач холбогдолтой биш. Эл утгаар бол “Огтлолцол” түүвэр киногоороо Г.Анхбаяр манайхны ихэд төөрөлдөөд байдаг (драмын жүжиг мэт сүржин, хиймэл диалог голлодог) кино диалогийг сайн ойлгосон, жанр төрөл, ялангуяа аймшиг, триллер төрлийн хүчтэй уур амьсгал бүрдүүлэлтийг мэдэрсэн, зураглаачийн ажил ч дориун, мөн тусгай эффектийн гүйцэтгэлийг чадмаг хийсэн зэргээс нь үзвэл цаашид жанр төрлийн бүрэн хэмжээний чансаатай кино хийх бүрэн нөөц бололцоо харагдаж буйд кино урлагт хайртай үзэгчийн хувиар ихэд олзуурхаж байна. Гол нь жанр кинонд чухлаар тавигддаг киноны үндсэн агуулга, эргэлт, зохиолоо л чамбай боловсруулчихвал техник технологийн чадвар, гүйцэтгэлийн хувьд бид ерөөс хол хоцроогүй нь Г.Анхбаярын “Огтлолцол”-оос харагдаж байна. 




холбоотой мэдээ
1
2019.09.04
"Univision" видео сангаас санал болгох сонирхолтой кинонууд I Tegshee's Movie Corner
2
2019.08.14
Шимэгч (Parasite) кино хийгээд найруулагч Бун Жун У | Tegshee's Movie Corner
3
2019.08.07
Auteur ингэж төрсөн: ХОУ СЯОСЯНЬ | Tegshee's Movie Corner
санал болгох
1
3 өдрийн өмнө
Миллениалуудын 63 хувь нь аялахын тулд ажил хийдэг
2
3 өдрийн өмнө
Судалгаа: Хүүхэд төрсөн эхний жилд хосууд 2500-аас дээш удаа маргалддаг
3
3 өдрийн өмнө
Кино үзээд 1000 долларын цалин авах боломжтой ажлын байр зарлагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
5
0
0
0
0
2