Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

'OK, boomer' буюу Z үеийнхний дунд трэнд болж буй хэллэг

Бүүмерүүд ба зэт үеийнхний нөхөрсөг харилцаа дуусгавар болсныг илтгэх 'OK, boomer' хэллэг


Орчин цагт аливаа нийгмийн бүлгүүдийн тухай ярихдаа үе хоорондоор зааглах нь түгээмэл болжээ. Интернет, ухаалаг технологи хүн төрөлхтний өдөр тутмын хэрэглээ болсон нь түүнийг хүлээн авагч, ашиглагчдын хооронд үзэл бодол, үнэт зүйл, хандлага, сэтгэлгээний томоохон ангал үүсэхэд нөлөөлөв. 

АНУ-ын Pew судалгааны хүрээлэн эдүгээ амьд сэрүүн буй хүн төрөлхтний таван үеийг тодорхойлжээ. Залуу үеийнхэн гэх тодорхойлолт дор төрөхөөсөө сошиал медиа, технологийн өндөр хөгжилд хөл тавьж буй зэт үеийнхэн, энэ бүхэн дэлгэрэхээс өмнө хүүхэд насаа өнгөрөөсөн ч шилжилтэд амжилттай дасан зохицож, зарим талаар холбогч "гүүр"-ийн үүргийг гүйцэтгэж буй миллениалууд багтдаг. 

Үе бүхэнд өөрийн гэсэн онцлог, давуу тал, тулгамддаг асуудал бий. Миллениал, зэт үеийнхний эл ялгамж чанар X үеийнхэн болон бүүмерсүүдээс эрс ялгаатай. Тэд эд хөрөнгө хуримтлуулахаас илүү туршлага олж авахыг эрмэлзэж, байшин худалдаж авахад бус дэлхийгээр аялахад зориулан мөнгө хуримтлуулж, ажил ба хувийн амьдралынхаа тэнцвэрийг хадгалахад анхаардаг. Гэвч бодит байдал дээр бүүмерсүүд илүү чинээлэг, нөлөө бүхий байгаа ба 2030 он гэхэд Ази тивийн бүүмерс үеийнхэн хүчирхэгжих хандлагатай байна гэх тооцоо ч гарчээ. 

Нөгөөтэйгүүр, бүүмерүүд залуу үеийнхний сул талыг дөвийлгөж харах нь ч бий. Нью-Йорк Таймсын тоймч Дэвид Брукс "Зэт үеийнхэн дэлхийг аврах уу" нийтлэлдээ "Миний насны хүмүүс залуу үеийнхнийг эрх дарх ихтэйн дээр сэтгэл зүйн хувьд эмзэг мэдрэмтгий гэж гоочилдог. Гэсэн ч чухам энэ л үеийнхэн ёс суртахууны төлөөх асар их тэмүүллээр шатаж, бүүмерүүд, X үеийнхний дунд хэвшмэл болсон ёс суртахууныг гагц хувийн зорилгод ашиглах гэсэн үйлдлийн эсрэг тэмцэж байна. Энэ мэт явдлыг залуу үеийнхэн огтоос тэвчиж чадахгүй" хэмээн бичжээ. 

Харин зэт үеийнхэн бүүмерүүдийн шүүмжлэлд "OK, boomer" гэх ганцхан хэллэгээр хариу барьж байна. Үе хоорондын нөхөрсөг харилцаа "өндөрлөж" буйг илтгэх энэ хэллэг хаанаас эхлэв, яагаад залуу үеийнхэн ийм хариулт хэлэх болов?


Шинэ Зеландын парламентийн гишүүн уур амьсгалын өөрчлөлтийн талаар үг хэлэх үеэр түүний яриаг таслахыг завдсан гишүүдэд хандан "Окей, бүүмер" гэх товч хариултыг хэлжээ

Өнгөрсөн долоо хоногт Шинэ Зеландын парламент 2050 он гэхэд улсынхаа нүүрстөрөгчийн хийн ялгарлыг тэглэх талаар хоёр дахь шатны хэлэлцүүлгийг хийжээ. Энэ үеэр 25 настай парламентийн гишүүн Клоя Суорбрик илтгэл тавьсан юм. Тэрбээр ярианыхаа эхэнд Шинэ Зеланд улс бохирдлын хэмжээгээрээ Номхон далайн орнууд дотор топ 10-т багтдагийг сануулаад үүнийхээ хариуцлагыг хүлээх ёстой гэдгийг цохон тэмдэглэжээ. 

Клоя Суорбрик "Эрхэм парламентийн дарга аа! Энэ олон жилийн турш дэлхийн удирдагчид бидэнд юу нүүрлэх гэж буйг мэдсээр байж хаалттай хаалганы цаана үлдээх нь улс төрийн хувьд ашигтай гэж үзсэн. Миний үе, миний дараагийн үеийнхэнд ийм тансаглал олдохгүй. 2050 он гэхэд би 56 нас хүрсэн байна. Харин яг одоо энэ танхимд сууж буй гишүүдийн дундаж нас 49" гээд уур амьсгалын өөрчлөлт бол таагүй хэдий ч зугтаж боломгүй үнэн, аливаа улс төрийн ашиг сонирхлоос болж энэ асуудлыг хойш тавьж болохгүй гэдгийг онцлон тэмдэглэжээ. Түүний яриаг ахмад парламентийн гишүүн тасалдуулахыг оролдоход Клоя Суорбрик "Окей, бүүмер" гэх товч хариултыг хэлээд, илтгэлээ цааш үргэлжлүүлсэн юм. 

Энэ явдлын дараа,  олон нийт гишүүдийг насаар нь ялгаварласан гэж Клоя Суорбрикийг буруутгасан бол залуу үеийнхэн харин ч эсрэгээрээ "Ok, boomer" хэллэгийг трэнд болгож байна.

“Ok boomer have a terrible day” гэсэн бичигтэй бүтээгдэхүүн хэдхэн цагийн дотор 10,000 долларын захиалга авчээ 

Клоя Суорбрикийн илтгэл онлайнд цацагдсаны дараа "Ok, boomer" хэллэгийг ашигласан Тик Токын бичлэгүүд хүчээ авчээ. Жишээ нь, нэгэн ахимаг насны эрэгтэй "Миллениал, зэт үеийнхэн Питер Пэнийн синдром тусаад байна. Тэд хэзээ ч том болохыг хүсдэггүй" гэж ярьсныг залуус шуудхан үл тоомсорлож,  "Ok, boomer" гэх хариулт өгч байна. 

Түүнчлэн 19 настай коллежийн оюутан Питер Кули "Ok, boomer" нэртэй ремикс зохиосныг 4000 гаруй Тик Токын хэрэглэгч бичлэгтээ ашиглаад байна. Тэрбээр "Энэ дуу түрэмгий, инээдэмтэй сонсогдож байгаа ч зэтүүдийн соёлын талаар ихийг өгүүлэх болно. Залуус интернетийн тусламжтайгаар дуу хоолойгоо илэрхийлж, биднийг ийм нөхцөл байдал руу түлхсэн өмнөх үеийнхнийг шүүмжлэх гарц олсон гэж бодож байна" гэв. 

Мөн 19 настай Шеннон О'Коннор "Ok, boomer" гэсэн бичигтэй малгайтай цамц, футболка, саравчтай малгай худалдаанд гаргаж, хэдхэн цагийн дотор 10,000 долларын захиалга авсан тухайгаа Нью-Йорк Таймст ярьжээ. Тэрбээр "Ахмад үеийнхэн тогтсон нэг сэтгэлгээн дунд төрж өссөн. Харин бид өөр үзэл бодолтой. Тэдний олонх нь уур амьсгалын өөрчлөлт болж байна гэдэгт итгэдэг ч үгүй. Залуучууд үсээ будсанаасаа болж ажилд орж чаддаггүй гэдэгт тэд итгэдэггүй, ихэнх нь үзэл бодолдоо үнэнч, зөрүүд байдаг. Тиймээс л өсвөр үеийнхэн "Окей, бүүмер" гэж хариулж байгаа юм. Тэдний бодол буруу байсныг бид батлах болно. Дэлхий ертөнц өөрчлөгдөж байна" гэжээ. 

"Бүүмерүүдийн хийсээр ирсэн, одоо ч хийж буй сонголтууд зэт үеийнхэнд нөлөөлж байна"

Залуу үеийнхэн ахмадуудыг үл тоомсорлоход олон хүчин зүйл нөлөөлсөн гэж ажиглагчид үзэж байна. Тухайлбал, өсөн нэмэгдэж буй тэгш бус байдал, сургалтын төлбөр, улс төрийн туйлшрал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг нь цөм энэ үйл явцад хувь нэмрээ оруулжээ. 

Шеннонтой адил "Ok, boomer" бичигтэй бүтээгдэхүүн гаргасан 18 настай, коллежийн оюутан Нина Касман "Бүүмерүүдийн хийсээр ирсэн, одоо ч хийж буй сонголтууд зэт үеийнхэнд нөлөөлж байна. Эдгээр сонголт биднийг бас бидний ирээдүйг бусниулж байна. Үүнд л зэтүүд сэтгэл дундуур байгаа юм... жишээ нь, би ганцаараа тэмцээд коллежийн төлбөрийг бууруулж чадахгүй шүү дээ. Тиймээс сургалтын төлбөрөө олохын тулд л иймэрхүү жижиг наймаа хийж байна даа. Цаашлаад өмнөх үеийнхний шуналаас болж сүйдсэн байгаль орчныг хамгаалахад, улс төр дэх авлигыг бууруулахад, Конгрессийг зөв голдиролд нь оруулахад миний чадах зүйл хомс байна" гэсэн юм. 

Харин онлайн дахь бүлгүүдийг судалдаг 32 настай Жошуа Ситарелла "Амьдралын чанарын хувьд зэтүүд бусад үеийнхнээс хамгийн муу байх магадлалтай байна. Тэдэнд гурван асуудал тулгамдаж байна гэж зэт үеийнхэн үздэг. Тухайлбал, амьдралын наад захын хэрэгцээний өртөг өмнөхөөсөө хамаагүй өндөр болсон. Тэд нийт орлогынхоо 50 хувийг түрээсэнд зарцуулж байна, мөн зэт үеийнхэнд эрүүл мэндийн хадгаламж гэх зүйл бараг байхгүй" хэмээн ярьжээ. 

Эх сурвалж: The New York Times, CNN

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.03.22
1984. Хамбан хөшиггүй таашаах эрх чөлөө
2
2024.03.12
Будапештын тэмдэглэл
3
2024.02.19
Хөрөг | Наддаа чи минь нар байлаа
санал болгох
1
6 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
7 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
11 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
4
5
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.11.13 66.181.161.79

Ok boomers

0 Хариулах


Зочин 2019.11.13 202.5.198.51

ok boomer

1 Хариулах


Yo 2019.11.12 202.9.43.9

Ok boomer

0 Хариулах