Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Олон улсад түгжрэлийг ингэж бууруулж байна


Дэлхийн эдийн засгийн форумын албан ёсны сайтад мэдээлснээр дэлхий нийт жил бүр 80 сая машин (2017 оны байдлаар) шинээр худалдан авч байна гэжээ. Үүнийг дагаж замын ачаалал, түгжрэл, автомашинаас ялгарах бохирдлын хэмжээ нэмэгдэж байгаа нь өнөө үеийн хотжилт дагасан томоохон асуудлуудын нэг. Зарим хотод шинэ зам барих, хуучин замыг өргөтгөх арга хэмжээ авч байгаа бол зарим нь дугуй унах, алхах, нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах зэргээр тогтвортой, хариуцлагатай хэрэглээг дэмжих замаар түгжрэлийг шийдвэрлэж байна. 

Шинээр зам барих нь шийдэл мөн үү? 

Тээврийн хэрэгсэл тасралтгүй нэмэгдэж байгаа тохиолдолд шинэ зам нэмж барих, өргөтгөх нь хамгийн энгийн шийдэл мэт санагддаг. Гэвч урт хугацаандаа энэ нь оновчтой шийдэл биш болохыг том хотуудын бодит туршлагаас харж болно. Тухайлбал, АНУ-ын Хьюстон хотын Katy Freeway нь Хойд Америкийн хамгийн өргөн буюу 26 эгнээтэй зам билээ. Тус замын өргөтгөлийн ажлыг 2011 онд 2.8 тэрбум доллараар хийжээ. Гэвч хэсэг хугацааны дараа нөхцөл байдал улам дордсон байна. 2011 болон 2014 оны үзүүлэлтийг харьцуулж үзэхэд өглөө уг замаар зорчих хугацаа 30 хувиар, өдөр зорчих хугацаа 55 хувиар нэмэгдсэн байжээ. 

Global Traffic Scorecard-аас Европ, Америкийн 38 орон, 200 хотыг хамарсан судалгаа явуулж 2018 онд замын түгжрэлд хамгийн их цаг зарцуулсан хотуудыг нэрлэсэн. Жагсаалтын эхний 10-т багтсан хотуудын найм нь Европын хот юм. Парис, Лондон, Ром, Милан, Барселона зэрэг Европын хотуудад нийтлэг ажиглагддаг асуудал нь замын насжилт гэжээ. Орчин үед дэд бүтэц нь автомашины болон нийтийн тээврийн, явган хүний, дугуйн гэх мэт олон төрлийн замын нарийн зохион байгуулалт, уялдаа холбооноос бүтэж байгаа бол хуучны замууд нь зөвхөн автомашины замд төвлөрдөг. Үүнээс үүдэн түгжрэл, замын ачаалал нэмэгдэж байна гэжээ. 

Лондон хот түгжрэлийг "төлбөртэй" болгов

Лондон хотод бусад тээврийн хэрэгслийн ашиглалтыг нэмэгдүүлэх зорилгоор 2003 оноос түгжрэлийг "төлбөртэй" болгожээ. Тодруулбал, Лондон хотын төв хэсэг буюу түгжрэл ихтэй бүс рүү ажлын өдрүүдэд 07:00 - 18:00 цагийн хооронд нэвтэрсэн тээврийн хэрэгсэл 13 еврогийн төлбөр төлөхөөр болжээ. Энэ зохицуулалтыг өөр хэд хэдэн бодлоготой хавсран хэрэгжүүлсний үр дүнд дараах эерэг үр дүнгүүд гарав. 

2017 онд хийсэн судалгаагаар Лондоны төв хэсэг дэх замын түгжрэл 10 жилийн өмнөхөөс 22 хувиар буурсан, мөн автобус, метро, галт тэрэг, трамвай зэрэг нийтийн тээврийн хэрэгслийн ашиглалт 10.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ. Түүнчлэн хотын төв рүү хувийн машинтайгаа орох нь 2002-2014 оны хооронд 39 хувиар буурч, 2015-2016 онд дугуй унадаг хүний тоо 9 хувиар нэмэгджээ. 

 Хотын төв рүү нэвтэрч буй тээврийн хэрэгслийн утаа ялгаруулалт тогтоосон стандартад нийцээгүй тохиолдолд нэмж 14.1 евро төлөхөөр хуульчилжээ.

Гэвч 2018 оны судалгаагаар Лондон түгжрэлд хамгийн их цаг зарцуулсан хотуудын 6-рт жагсжээ. Лондоны оршин суугчид жилд 227 цагийг зам дээр өнгөрөөдөг аж. Үүний шалтгаан нь хэд хэдэн хүчин зүйлээс улбаатай гэж мэргэжилтнүүд үзэж байна. Жишээ нь, өсөн нэмэгдэж буй интернет худалдаа, Uber зэрэг такси дуудлагын үйлчилгээ нь түгжрэлийн нэг эх үүсвэр гэжээ. Ганцхан баримт дурдахад, 2013-2017 оны хооронд Uber үйлчилгээнд бүртгэлтэй автомашины тоо 75 хувиар нэмэгдсэн байна. 

Одоогийн байдлаар түгжрэлийг бууруулахын тулд Лондонд хоёр арга хэмжээг хослуулж байгаа аж. Өмнө нь Лондоны түгжрэл ихтэй бүс рүү такси хөлсөлж орвол нэмэлт төлбөр төлдөггүй байсныг цуцалсан байна. Мөн хотын агаарын чанарыг сайжруулах зорилгоор өөр нэг алхмыг хэрэгжүүлж байгаа аж. Хотын төв рүү нэвтэрч буй тээврийн хэрэгслийн утаа ялгаруулалт тогтоосон стандартад нийцээгүй тохиолдолд нэмж 14.1 евро төлөхөөр хуульчилжээ. 

Сингапурчууд “ашигласныхаа хэрээр төлөх” зарчим руу шилжжээ

Сингапурт нэг метр квадратад оршин сууж буй хүмүүсийн тоо 8000-д хүрч, 1990-ээд онтой харьцуулахад 75 хувиар өссөн ч зам ашиглалт, автомашин эзэмшилтэд хяналт тавих инновацилаг алхмуудыг хэрэгжүүлж байна. Сингапурын эрх баригчид 1990-ээд онд нэвтрүүлсэн квотын системээр дамжуулан иргэдийн автомашин эзэмшлийг зохицуулдаг. Автомашин худалдаж авах хүсэлтэй иргэд автомашин эзэмших эрх болон зам ашиглалтын гэрчилгээ авах шаардлагатай байдаг гэнэ. Уг гэрчилгээний өртөг машины ашиглалтаас шалтгаалах бөгөөд хэрэглээ өндөртэй тохиолдолд гэрчилгээний төлбөр машинаасаа ч үнэтэй байх боломжтой гэжээ. 

Сингапурт автомашин худалдаж авах хүсэлтэй иргэд автомашин эзэмших эрх болон зам ашиглалтын гэрчилгээ авах шаардлагатай байдаг.

Үүнээс гадна Сингапур 1998 оноос Замын үнэ тогтоох цахим системийг (ERP) ашиглаж эхэлсэн нь түгжрэлийг шийдвэрлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн байна. Өөрөөр хэлбэл, Сингапурчууд “ашигласныхаа хэрээр төлөх” зарчим руу шилжжээ. Хотын тодорхой бүсүүд рүү нэвтрэх цэгт ERP-ийн мэдрэгч систем, хяналтын камер байрладаг. Автомашинтай иргэд цэг тус бүрээр нэвтрэхдээ өдрийн аль цагт, түгжрэлийн хэмжээ ямар байгаагаас шалтгаалан харилцан адилгүй төлбөр төлдөг. Ингэснээр хүмүүс автомашинаар зорчих цагаа нарийн тооцоолж, шаардлагатай нөхцөлд метро, автобус зэрэг нийтийн тээврийн хэрэгсэл ашиглах сонголт хийдэг байна. Сингапур 190 км үргэлжилдэг метроны замтай бөгөөд цэвэрхэн, тав тухтай, хямд метроны систем нэвтрүүлсэн нь түгжрэлийг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэжээ. 

Нью-Йорк хот тусгай бүс рүү нэвтэрсэн тээврийн хэрэгсэлд төлбөр ногдуулдаг АНУ-ын анхны хот болно 

Нью-Йорк хот Лондоны жишгийг дагаж 2021 оноос эхлэн Манхэттены зарим бүс рүү нэвтэрсэн тээврийн хэрэгсэлд төлбөр ногдуулахаар болжээ. Хууль тогтоогчид энэ талаар сүүлийн 10 жил ярьж байгаа ч шийдвэр гаргах түвшинд нэлээд маргаантай байсан тул хойшлогдсоор байсан аж. Гэвч Нью-Йорк хотын замын нөхцөл байдал дордож байгаа нь шинэ журмыг мөрдөхөд хүргэсэн байна. 2018 оны байдлаар Нью-Йорк дахь автомашины дундаж хурд 7.5 км цаг болж буурчээ. Өөрөөр хэлбэл, алхаж буй хүнээс бага зэрэг л хурдан явж байна гэсэн үг юм. 

Шинэ төлбөрийн системийн тусламжтайгаар ирэх 5 жилд Нью-Йорк хотын метроны системийг сайжруулахад зайлшгүй шаардлагатай байгаа 15 тэрбум долларын санхүүжилтийг бүрдүүлнэ гэж тус хотын захирагч Эндрю Куомо мэдэгджээ. 

Эх сурвалж: We Forum 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Таны датагаа хамгийн их зарцуулдаг 7 зүйл
2
2024.03.15
Эцэг эхчүүд ч бас дэлгэцийн хамааралтай болсныг өсвөр үеийнхэн анхааруулж байна
3
2024.03.12
Инстаграмын чат доторх нууц тоглоомыг тоглож үзсэн үү?
санал болгох
1
10 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
11 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
15 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.